Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/02742

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 03

182/ШШ2023/02742

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С, өөрийн байранд байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* тайж овогт *******гийн ******* /РД:Ч*******/

Хариуцагч: Ч 7 тоотод оршин суух, Т-ийн овогт *******ийн ******* /РД:/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 98,615,178 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******, Э.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №22/12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 69,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн дүнг хариуцагчийн зээл хүссэн өргөдөлд дурдсан Э.*******гийн ХААН банк дахь дахь дансанд шилжүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2022 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 03-ны өдөр зээлийн төлөлт хийх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт ямар ч төлбөр төлөөгүй байна.

Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,000,000 төгрөг, үндсэн хүүнд 25,089,534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,525,644 төгрөг нийт 98,615,178 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, 1317 тоот хаягт байрлах Ү-2202029484 дугаартай үл хөдлөх хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 1501204646 дугаар бүхий зуслангийн газрыг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан.

Хариуцагч нь №22/12 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн байна.

Түүнчлэн Д.******* нь №22/12 тоот зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг ******* ******* ББСБ ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, 81-20 УАС улсын дугаартай, S210P2043029 арлын дугаартай тээврийн хэрэгслийг ******* ******* ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. ******* ******* ББСБ ХХК нь тус тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байх тул тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Тээврийн хэрэгслийг Д.******* өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 98,615,178 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болон тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.*******, Э.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Д.******* нь ******* ******* ББСБ ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээл авсан. Уг зээлд Э.******* хамтран зээлдэгчээр орсон. Зээл авснаас хойш хүүгээ төлж явсан. Гэтэл ковид-19 цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал намайг ч бас дайрч зээлийн хүүгээ хугацаа хэтрүүлэн төлж байсан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 9,000,000 төгрөгт хүрсэн байна. Таны зээлийн хугацаа дуусаагүй байгаа ч бид таны энэ зээлийг хааж өгөөд танид 69,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгий гэсэн. Энэ үед миний бие 60,000,000 төгрөгөө төлж чадахгүй байж 69,000,000 төгрөг төлнө гэж юу байсын гээд зөвшөөрөхгүй байсан. Гэтэл бид тань руу яриж байх дарамт шахалтаа хийхгүй 3 сар болно гээд өдөр бүр ярьж байсан учир энэ гэрээг хийсэн.

Би урьд нь авсан 60,000,000 төгрөгийг төлж чадахгүй байхад дахин 9,000,000 төгрөг нэмж 69,000,000 төгрөг болгосон учир би төлөөгүй юм. Ингэж 1 ёсондоо нийлмэл хүүтэй зээл олгосон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А/203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг.

Иймд Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын энэ заалтыг зөрчин дээрх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22/12 дугаар зээлийн гэрээг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-4-5/

3.2 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ /хх-7-10, 62-66/

3.3 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Барьцааны гэрээ /хх12-13, 67-71/

3.4 Газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14-15, /

3.5 Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-16/

3.6 Зээл эргэн төлөлтийн карт, зээл хүссэн өргөдөл /хх-17-18, 42/

3.7 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-72-73/

3.8 Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-74/

3.9 Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, зээл хүссэн өргөдөл /хх75-78/

3.10 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ /хх-79-81/

3.11 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Барьцааны гэрээ /хх-82-85/

3.12 Депозит дансны дэлгэрэнгүй хуулга

 

4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Монголбанкны хариу хүргүүлэх албан бичиг

4.2 Санхүүгийн зохицуулах хорооны хариу хүргүүлэх албан бичиг

4.3 Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80,417,326 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шүүхэд анх гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 98,615,178 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нийлмэл хүү тооцоогүй, талуудын хооронд өмнө үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь зээлийг хааж 69,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийвэл дарамт шахалтаа хийхгүй 3 сар болно гэж өдөр бүр ярьж байсан учир энэ гэрээг хийсэн. 60,000,000 төгрөгийн зээлийг төлж чадахгүй байхад дахин 9,000,000 төгрөг нэмж 69,000,000 төгрөг болгосон учир төлөөгүй. Өөрөөр хэлбэл нийлмэл хүүтэй зээл олгосон учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ББСБ ХХК, Д.*******, Э.******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №22/12 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 69,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй цалингийн зээл олгох, зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээж харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт 69,000,000 төгрөгийг зээл хүссэн өргөдөлд дурдсан зээл олголт хийгдэх данс болох ХААН банк ХХК дахь 5926002783 тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нар нь үндсэн зээлд 69,000,000 төгрөг, зээлийн хүүнд 14,370,904 төгрөг нийт 83,370,904 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчжээ. /хх18/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 1.2-т зааснаар 69,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Д.*******, Э.******* нар нь мөн хуулийн заалт болон зээлийн гэрээний 1.3, 1.9-д зааснаар ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлтийг хийгээгүй, зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна.

 

6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Зээлийн гэрээний 1.5, 1.7-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Хариуцагч нар нь хууль буюу гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

7. Хариуцагч нараас зээлдэгч нь нийлмэл хүүтэй зээл олгосон учир уг зээлийн гэрээ хүчингүй гэх үндэслэлээр татгалзан маргажээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.6-д нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээ, 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээл хүссэн өргөдөл, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зохигчид өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгон дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан байх тул үндсэн зээл, өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс нийлмэл хүү тооцсон гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй.

 

8. Иймд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 1.2, 1.7, 1.9-д заасны дагуу үндсэн зээлд 69,000,000 төгрөг, хүүнд 25,089,534 төгрөг, гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү 4,525,644 төгрөг, нийт 98,615,178 төгрөгийг хариуцагч Д.*******, Э.******* нараас шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Д.*******, Э.******* нар нь төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан зээлийн гэрээний зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

******* ******* ББСБ ХХК нь Д.*******, Э.******* нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №22/12 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна.

Уг гэрээгээр барьцааны зүйлд хариуцагч Д.*******ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202029484 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, 1317 тоот хаягт байрлах, 120 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 1501204646 дугаартай, 690 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байх ба гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох хариуцагч Д.*******ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202029484 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, 1317 тоот хаягт байрлах, 120 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.*******ын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, нэгж талбарын 1501204646 дугаарт бүртгэлтэй, 690 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нар нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

10. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талууд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлдэгч нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 81-20 УАС улсын дугаартай, DAIHATSU Hijet Truck маркийн, S210P2043029 арлын дугаартай тээврийн хэрэгслийг ******* ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс фидуцийн гэрээний зүйл болох 81-20 УАС улсын дугаартай, DAIHATSU Hijet Truck маркийн, S210P2043029 арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

11. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэг нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

12.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,092,150 /700,440+194,000+197,710/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Э.******* нараас 1,092,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, Э.******* нараас 98,615,178 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Э.******* нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Д.*******ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202029484 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, 1317 тоот хаягт байрлах, 120 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.*******ын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой 13 гудамж, нэгж талбарын 1501204646 дугаарт бүртгэлтэй, 690 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Э.******* нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох 81-20 УАС улсын дугаартай, DAIHATSU Hijet Truck маркийн, S210P2043029 арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,092,150 /700,440+194,000+197,710/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Э.******* нараас 1,092,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ