| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/2213/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2748 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2748
2025 12 02 2025/ШЦТ/2748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллаглагч Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д , түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 2403 00974 0131 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Т , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д шүүхийн хэлэлцүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гомдолтой байна. Бүтэн жил болоход надаас ганц удаа уучлалт гуйгаагүй. 19 цаг гэж байгаа болов ч 17 цаг буюу явган хүн харагдахаар байсан. Хурд хэтрүүлэн явж байгаад миний ээжийг ийм болгосон. Хохирол төлбөр төлүүлж өгнө үү. Баримтаар гаргаж өгсөн төлбөр болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн өглөө нь би гэрээсээ 09 цаг өнгрөөгөөд ажилдаа явахаар гарсан, талийгаач ээж маань намайг ажилдаа явахаар манайд ирж хүүхдүүдийг минь хардаг байсан юм, тухайн өдөр ч гэсэн манайд ирж хүүхдүүдтэй гэрт үлдсэн. Би өдөр нь ярихад хүүхдүүдээ усанд оруулаад байж байна гээд надтай утсаар ярьсан. Тэгээд би орой нь 17 цаг өнгөрч байхад ээжийнхээ утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь гайхаад дүү рүүгээ залгаад "ээж утсаа авахгүй байна" гэж хэлэхэд "би яриагүй" гэсэн, тэгээд хэсэг байж байгаад дүү над руу залгаад "эмээгийн утсыг танихгүй хүн авч байна, машинд мөргүүлчихсэн байна гэнээ" гэж надад хэлсэн. Ингээд би ослын талаар мэдээд осол болсон гэх газар руу таксидаад яваад очиход цагдаа болон эмнэлгийн машин ирчихсэн, талийгаач ээж маань зам дээр хэвтэж байсан тэр үед нь би ээжийгээ өнгөрчихсөн байна гэдгийг мэдсэн. Манай хүүхэд надад хэлэхдээ "эмээ Нарантуул зах орно гээд гарсан" гэж хэлсэн тэгээд л харих гэж яваад автомашинд мөргүүлсэн байсан. Осол болсон газраас гэр нь ойрхон байдаг... маш их гомдолтой байна, талийгаач ээж маань намайг ажилтай үед хүүхдүүдийг минь харж би ажил хийдэг байсан, ээжид минь ямар нэгэн архаг хууч өвчин байдаггүй, хөнгөн шингэн хүн байсан, жолооч маш болгоомжгүй явсан гэж бодож байна. Буяны ажил зардалтай холбоотой гарч байгаа зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон ослын талаар сүүлд хүү С-аас сонссон. Би Lexus RX 450 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 онд хувь хүнээс 54,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр У ББСБ -д 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж У ББСБ -н нэр дээр түр хугацаагаар шилжүүлсэн. Тухайн зээл нь автомашинаа унаж явдаг зээл бөгөөд тээврийн хэрэгслийг өөрийнхөө уналганд хэрэглэж байгаад хүү С-т 2024 оны 09 сараас хойш өгчихсөн юм. Осол болсоны дараагаас 3 хоногийн дараа манай хүү С нь надад хэлэхдээ хамт ажилладаг Т-д машинаа засуулах гээд өгч явуулсан чинь хүн мөргөсөн, осол гаргасан байна гэж хэлснээр би мэдэж авсан... Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл хохиролын үнэлгээгээр нийт 3,425,000 төгрөгийн хохирол учирсан...буруутай этгээдээс нэхэмжилнэ...жолоодож явсан Т хариуцна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243, 246 дугаар хуудас),
Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй осол болсны дараа мэдсэн. Би 2019 онд У ББСБ -с ээж болон С.Г-ийн нэр дээр Lexus RX 450 маркийн улаан өнгийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай ээж ерөнхий унаж хэрэглэдэг бөгөөд 2022 оноос эхлэн голдуу би өөрөө унаж ашиглаж байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би ажилтай байсан болохоор надтай хамт ажилладаг хуурай дүү болох Т-ээр Lexus RX 450 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн сап янзлуулахаар өгч явуулсан. Тэр өдрийнхөө орой 18 цагийн орчим намайг хотын төвд ажилтай явж байхад Т над руу утсаар залгаад хүн мөргөсөн талаараа хэлснээр би мэдэж авсан... Т-тэй 2 жилийн өмнө танилцаж байсан бөгөөд Т нь Эксаваторын опператорын ажлыг над дээр ирж хийдэг хуурай дүүгийн харилцаатай...Lexus RX 450 маркийн улаан өнгийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т бид хоёр ажлын шаардлагаар унаж хэрэглэдэг асуудал байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаар: “...1. Амь хохирогчийн цогцост зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, доод ирмэг суурийн их далавч, турк эмээл хүрсэн, дээд ирмэг суман заадлыг дайрч баруун чамархай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн бүх хэсгийн хуйх, 2 талын чамархайн булчинд тархмал цус хуралт, нүүр, хуйх, мөчдөд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдах, цохигдох үед үүсэх боломжтой, хэрэг учрал болох тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. 4. Амь хохирогч нь авто ослын улмаас учирсан гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. 5. Амь хохирогч нь 2024.11.23-ны 22.24 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байжээ. 6. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижил, элэгний өөхлөлт, судас хатуурал архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. 7. Амь хохирогч нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. 8. Амь хохирогчийн цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 74-81 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 320 дугаар: “...1. Шинжилгээнд Lexus RX-450 маркийн улаан өнгийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослоос өмнө "76-86 км/ц" хурдтай явсан байна. 2. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь ослын өмнөх 0.6 секундэд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авч эхэлсэн байна. 3. Тоормосны систем ажилласан байна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 109 дугаар: “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “А.Т” гэж хаягласан “СО7824037, СО7823897” гэсэн хуруу шилний дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй. Жич: Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд 10 мл-ээс дээш хэмжээтэй шингэн цусны дээж, эсвэл 40 мл-ээс дээш хэмжээтэй шээсний дээж ирүүлэх шаардлагатай. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас),
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1141079097 дугаар: “-Уг автотээврийн хэрэгсэл нь ...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 8100 сd, хол дээрээ 6800cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ Ocd, хол дээрээ 0 cd (стандарт 10000-225000cd) байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна... Уг тээврийн хэрэгсэл нь зүүн гар талын гэрлийн тусгалын хүч стандартад заасан хэмжээнд хүрэхгүй, баруун гар талын гэрлийн ламп асахгүй байгаа зэрэг нь тулайн осолд нөлөөлж болох хэдий ч тухайн замын хэсэгт гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байсан эсэх байгаль цаг агаарын нөхцөл зэргээс цас бороо орж байсан гах мэт/ хамаарч жолоочид үзэгдэлт муу харагдах байдлаар нөлөөлж болох юм. Жич: Баруун их гэрлийн ламп ослоос өмнө асахгүй байсан эсвэл асаж байгаад ослын үед доргиж асахаа больсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр үзэх үед баруун их гэрлийн ламп асахгүй байсан... Lexus RX450H маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2023-10-24-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. 2024 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй байна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-159 дүгээр хуудас),
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 9-18 дугаар хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 28-29, 31-32 дугаар хуудас),
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас),
Lexus RX-450 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
Lexus RX-450 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыш нийт 3.440.000 төгрөгөөр үнэлсэн “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д гаас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 189-218 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайханы 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хохирлын тооцоог гаргасан “Мөрдөгчийн магадлагаа” (2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 176, 177 дугаар хуудас),
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Мөрдөн байцаалтын 2 дугаар хугацааг сунгах тухай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 189-218 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
Жолоодох эрхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч А.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 49 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул захаас Чулуун-Овоо явах замд, Lexus RX-450 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн,байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,” 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөнийй улмаас явган зорчигч болох 65 настай, эмэгтэй, Д.Ө-ыг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 49 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул захаас Чулуун-Овоо явах замд, Lexus RX-450 маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, явган зорчигч болох Д.Ө-ыг мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаар дүгнэлтээр амь хохирогчид “зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, доод ирмэг суурийн их далавч, турк эмээл хүрсэн, дээд ирмэг суман заадлыг дайрч баруун чамархай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн бүх хэсгийн хуйх, 2 талын чамархайн булчинд тархмал цус хуралт, нүүр, хуйх, мөчдөд цус хуралт, зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх ба “авто ослын улмаас учирсан гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокод орж нас” барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Шүүгдэгч А.Т нь үйл баримт болон гэм буруу дэээр маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч А.Т нь Замын өдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,” 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Т нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3, 12.2, 12.4-т заасныг тус тус зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Д.Өлзийжаргалын амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Т гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй оролцсоноос болж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,
мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,
мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардлыг нэхэмжилсэн, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад огноо, тамга, тэмдэг, гарын үсэггүй 1 дүгээр хавтаст хэргийн 192, 193, 194, 201, 203, 211, 216 дугаар хуудаст авагдсан баримтуудыг үнэлэх боломжгүй байна.
Иймд дээрх баримтуудыг хасаж тооцоход нийт 11,096,106 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д д Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээч нарын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2601 дугаар дүгнэлтээр түүний сэтгэцэд учирсан хор уршгийг “Гуравдугаар” зэрэглэлд хамаарна гэжээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон.
Хэрэг нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарсан байх тул улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх буюу 660.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Гуравдугаар зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэсэн байна.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг түүнд учирсан хохирол, хор уршиг, хэргийн үйл баримт зэргээс 11.880.000 /660.000*18/ төгрөгөөр тогтоов.
Ингээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс нийт 22,976,106 /11,096,106+11.880.000/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирлын нөхөн төлөх ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг дурьдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн саналыг сонслоо. Тухайн гэмт хэрэг маань тохиолдлын шинжтэй гэмт хэрэг байгаа. Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогчийн буруутай үйлдэл байгаа. Гарцгүй газраар зам гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид гарсан хохирлыг төлж барагдуулна. Хохирол төлбөрийн тухайд эцэг эхтэйгээ зөвлөлдөөд завсарлага авсан. Сая хүртэл ээж нь захирал руугаа ярьчихаад орж ирж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялын санкцитай байгаа. Нэг жилээс 5 жил хүртэлх хорих ялтай байдаг. Хамгийн багаар 1 жил хорих ялаар шийтгэх эсвэл зорчих эрхийг хязгаалах ялын санкцаас сонгон оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдэгдээд 1 жил болсон байна. Өөрийн биеэр уучлалт гуйсан зүйл байдаггүй. Гэм буруугийн хурлын дараа 5 хоногийн завсарлага авсан хэдий ч төлбөр төлөгдөөгүй. Боломжгүй нөхцөл байдлын талаар хэлж ярилцаад ойлголцож болох байсан. Энэ нөхцөл байдлаа хэлдэггүй. Хохирол төлбөр барагдуулах санаачилга гаргаагүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил эрх хасах мөн хорих ялын тухайд улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Бүтэн жил болоход хохирол төлбөр төлөөгүй. Надад гомдолтой байна. Хорих ялаар шийтгэж өгнө үү” гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч А.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн хэлбэр болгоомжгүй болон холимог хэлбэрээр үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол, төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолтой гэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч А.Т д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Т д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т гээс нийт 22,976,106 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ