| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2017/0118/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2017-03-13 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн
улсын яллагч Б.Бямбадагва
шүүгдэгч З.Адъяа, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл
нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022542 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамж, 20 тоотод оршин суух,
ял: 1998 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 398 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж түдгэлзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
ЧБ82042279 дугаарын регистртэй, Бичээч овогт Зоригтбаатарын Адъяа
Шүүгдэгч З.Адъяа 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд” дэлгүүрийн автобусны буудал дээр хохирогч Д.Дуулимийн эзэмшлийн Самсунг Галакси Эс-5 гоулд загварын гар утсыг хулгайлж 700.000 төгрөгийн,
давтан үйлдээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Номин” их дэлгүүрийн автобусны буудал дээр хохирогч Б.Цэгмидийн эзэмшлийн Самсунг Галакси Гранд Эс-2 загварын гар утсыг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч З.Адъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би эхлээд хохирогч Дуулимийн, дараа нь Цэгмидийн гар утсыг хулгайлж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч З.Адъяагийн хувийн байдалтай холбоотой; түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 29, 52/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25, 53/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24/,
гэрч Оюунцэцэгийн Ганзоригийн “... бид багын найзууд ба Адъяа нь эхээс долуулаа, айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Адъяа СХД-ийн 9 дүгээр сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Тэрээр зуны цагт уул уурхайгаар хөдөө ажилладаг, өвөл нь эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа жижиг тэргээр таксинд явдаг. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт Нарангийн голд амьдардаг. Зан байдлын хувьд бусдад их тусархуу, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Миний мэдэхээр урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” /хх-н 65/ гэсэн мэдүүлэг,
гэрч Аюушийн Рагчаасүрэнгийн “... би Адъяатай 1996 оноос хойш найзалж нөхөрлөж байна. Бид хоёр зах зээлийн нийгмийн үед Вокзал дээрээс бакал, хромон гутал бөөндөж авч зардаг байсан юм. Адъяа нь даруу төлөв зантай дуу цөөнтэй, бүрэг талдаа хүн. Адъяа архи, тамхи хэрэглээд байдаггүй. Одоогоор хувиараа жижиг тэрэг жолоодоод таксинд яваад байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй. Эхнэр, хүүхдүүдийн хамт Нарангийн голд амьдардаг” /хх-н 66/ гэсэн мэдүүлэг,
З.Адъяад холбогдох эрүүгийн хэргийн 1998 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 398 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 91/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Адъяа 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд” дэлгүүрийн автобусны буудал дээр хохирогч Д.Дуулимийн эзэмшлийн Самсунг Галакси Эс-5 гоулд загварын гар утсыг хулгайлж 700.000 төгрөгийн,
давтан үйлдээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Номин” их дэлгүүрийн автобусны буудал дээр хохирогч Б.Цэгмидийн эзэмшлийн Самсунг Галакси Гранд Эс-2 загварын гар утсыг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан
хохирогч Дэлгэрбаярын Дуулимийн “... би 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн орчим ТБД андуудын автобусны буудлын явган хүний гарцаар гарах гээд зогсож байхдаа куртикны зүүн халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Тэр үед сонин хөнгөн оргиод эргээд харсан чинь сэжигтэй эрэгтэй хүн зогсож байхаар нь би гар утсаа алдчихлаа утсаа өгч байгаач, би утас руугаа залгая гэхэд тэр хүн надад утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд ногоон гэрэл асаад нөгөө ах хурдан зам гарахаар нь араас нь очоод та утас аваагүй юм бол нэгжүүлчихээч гэхэд ах нь тийм хүн биш л дээ, за тэгэхээс дээ гээд нэгжүүлсэн сэжигтэй юм байгаагүй. Би тэгээд ах руугаа утсаа алдчихлаа камер шүүлгэж болох уу гэж асуусан чинь маргааш ажилладаг юм уу асууж өгье гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газарт хандсан. Миний утас Самсунг галакси эс 5 гоулд загварын гар утас байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Уг гар утсыг манай ээж 2014 онд Тэди төвөөс 1.200.000 төгрөгөөр авч өгч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. Миний гар утсыг үнэлгээний комисс 700.000 төгрөгөөр үнэлсэн байсан, би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би өөр эд зүйл алдаагүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” /хх-н 44/ гэсэн,
хохирогч Батмөнхийн Цэгмидийн “... 11 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн орчимд Номин их дэлгүүрийн автобусны буудал дээрээс “Офицер-Таван шар” чиглэлийн автобусанд ороод халаасандаа хийсэн гар утсаа үзэхэд алга болсон байсан. Тэгээд ажил дээрээ ирээд байж байхад найз Энхтөр манай ажил дээр ирээд цагдаагийн байгууллагаас залгаж байна, чиний гар утсыг хулгайлсан хүнийг барьчихсан байна гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллага дээр очсон. Гар утсаа хулгайд алдахаасаа өмнө куртикнийхаа баруун талын халаасанд хийсэн байсан. Миний хулгайд алдсан гар утас Самсунг Галакси Гранд Эс-2 загварын, хар хөх өнгийн, дэлгэцний наалт нь цуурсан түүнийг нь хуулаад хаясан байна. Утас дотроо Мобикомын сим карттай байсан. Миний хулгайд алдсан гар утас IMEI 357952050741561 кодтой. Би гар утсаа эргүүлэн авсан. Миний хулгайд алдсан гар утас мөн байсан. Би утсаа код болон дотор нь байсан зураг, хадгалсан байсан хүний утасны дугаар зэргээр нь таньж байна. Миний гар утсыг хулгайлсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” /хх-н 12/ гэсэн,
гэрч Батболдын Энхтөрийн “... би Адъяа гэх хүнийг танихгүй, Цэгмидтэй найзууд. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагийн орчимд гэртээ байж байхад миний эзэмшлийн 80930115 гэсэн дугаарын гар утас руу цагдаагийн байгууллагаас залгаад Цэгмидийг гар утсаа хулгайд алдсан байна, чи Цэгмидтэй холбогдоод цагдаагийн байгууллага дээр ирээрэй гэхээр нь би Цэгмидийн ажил дээр очоод түүнийг дагуулаад цагдаа руу явсан. Цэгмид Самсунг Галакси Гранд Эс2 загварын хар хөх өнгийн гар утастай, дэлгэцний наалт нь цуурсан, дэлгэц нь дээр нь Цэгмид бид хоёрын зураг байдаг, миний утасны дугаар Цэгмидийн утсанд хадгалаатай байдаг” /хх-н 13/ гэсэн,
гэрч Ганбаатарын Ганзоригийн “... би Цэгмид гэж хүнийг танихгүй. Адъяаг зүс танина. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7 цаг өнгөрч байх үед Эрдэнэбаттай Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр уулзсан. Тэгээд Зүүнсалаа чиглэлийн автобусанд суугаад Хархорин захын автобусны буудал дээр буухад Адъяатай таарсан. Бид нар хамт яваад Номин их дэлгүүрийн автобусны буудал дээр буусан. Би тамхи авах гээд ТҮЦ рүү орчихоод гараад ирэхэд Эрдэнэбат, Адъяа хоёр суугаарай гээд нэг автобусанд суухаар нь би араас нь дагаад суусан. Тэгээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан. Тэнд би тамхи татах гээд ТҮЦ-ний араар орж тамхи татчихаад гараад ирэхэд Эрдэнэбат алга болсон, Адъяа халаасны төлөөлөгчтэй хамт зогсож байсан. Тэгээд намайг дуудаад бид нар цагдаагийн хэлтэс рүү очсон. Удалгүй Эрдэнэбат халаасны төлөөлөгчид баригдчихсан орж ирсэн. Адъяаг гар утас хулгайлсан талаар мэдээгүй. Дараа нь цагдаагийн газар очиход ширээн дээр 4 ширхэг гар утас гаргаж тавьсаны 2 ширхэг нь миний өөрийн эзэмшлийн гар утас, 1 ширхэг нь Адъяагийн эзэмшлийн гар утас, үлдсэн 1 ширхэг нь Адъяагийн хулгайлсан гар утас байсан.
Би гар утасны загвар мэдэхгүй. Адъяагийн хулгайлсан гар утас хар хөх өнгийн гар утас байсан” /хх-н 14/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3, 34/, хохирогч Б.Цэгмид, Д.Дуулим нарын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 4, 35/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 8, 40/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 9, 41/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Бичээч овогт Зоригтбаатарын Адъяаг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах энэ гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон /хх-н 10, 42/ бөгөөд шүүгдэгч З.Адъяа бусдад төлөх төлбөргүй буюу хулгайн эд зүйлс буцаан олгогдсон, нэр бүхий хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч З.Адъяа урьд өмнө буюу 1998 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 398 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж түдгэлзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ.
Гэвч түүний ялтай байдал хуульд зааснаар дуусгавар болсон байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч З.Адъяад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тухайлбал үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.Адъяа саатуулагдсан болон цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бичээч овогт Зоригтбаатарын Адъяаг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар З.Адъяаг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. З.Адъяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. З.Адъяа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
5. З.Адъяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан,
мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүнд хяналт тавихыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Адъяагийн “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ