| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2023/03114/и |
| Дугаар | 182/шш2023/02762 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 182/шш2023/02762
2023 10 03 182/ШШ2023/02762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, О.Т -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, тоотод оршин суух, Д.П -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Т, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Би авто машин худалдан авах зорилгоор Хаан банкнаас машины зээлийг Д.Пгээр авахуулахаар 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д.Пгийн дугаарын Хаан банкны дансруу 4,480,000 төгрөг, 08 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг шилжүүлж, нийт 5,680,000 төгрөгийг машины урьдчилгаанд өгсөн. Уг мөнгийг бүрдүүлэхийн тулд хадам ээжээр 3,000,000 төгрөгийн цалингийн зээл авахуулж, эмээгээс 1,200,000 төгрөг авч, өөрөөсөө үлдэгдэл мөнгийг нэмж 5,680,000 төгрөг бүрдүүлсэн. Мөнгө хүрэхгүй байсан учраас үлдэгдэл мөнгийг би аавын төрсөн ах болох Д.Птэй ярилцаад Хаан банкнаас зээл авах талаар хэлэхэд зөвшөөрсөн байдаг. Тэгээд би өөрийн 5,680,000 төгрөгийг Д.П рүү шилжүүлсэн.
1.2. Зээл гарах болтол зээлийг чинь авч өгөхөө болилоо гээд надаас авсан 5,680,000 төгрөгөөс 3,000,000 гаруй төгрөгийг өөртөө үлдээж, над руу 2,625,000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь юуны мөнгө надаас буцаан авч байгаа юм бэ? гэж асуухад “танай аав нас барахаас өмнө надаас 3,000,000 төгрөг авсан. Үүнийг суутгаж авч байна” гэж надад хэлсэн. Би аавтайгаа өвдсөнөөс нь хойш өөд болох хүртэл нь тасралтгүй 4 жил хамт байсан. Тухайн үед өөрийн ах Д.Пгээс мөнгө огт авч байгаагүй. Би өгсөн 5,680,000 төгрөгөө буцаан авъя гэж хэлтэл Д.П нь аавд чинь өгсөн 3,000,000 төгрөг болон тогны мөнгө 50,000 төгрөг буцаан авч, 2,625,000 төгрөг шилжүүлсэн.
Иймд Д.Пгээс 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. О.Тгийн аав нь миний төрсөн дүү юм. Аав нь хамаг зүйлээ алдчихаад орох гэр оронгүй байхад нь би хашаандаа авчирч, тусалсан. Аавынх нь бие муудлаа гээд над дээр О.Т 3 удаа ирээд миний картыг авч яваад нийт 3,000,000 төгрөг авсан байдаг. Энэ талаар О.Т бүгдийг мэдэж байгаа. Одоо мэдэхгүй юм шиг яриад байна. Ах дүү бүгд энэ талаар мэднэ. Аав нь нас барсан хэдий ч хүүхэд нь зээлийг төлөх ёстой.
2.2. О.Тд ааваас нь үлдсэн нэг машин байдаг. Би О.Тд машины зээл авч өгөхөөр болтол хамаатан садан болон ээж надад “чамаас зээлсэн 3,000,000 төгрөг өгөөгүй 3, 4 жил болж байхад 20 гаруй сая төгрөг эргэн төлж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээлээ болиод надаас авсан 3,000,000 төгрөгийг эргүүлж авсан. О.Т өмнөх өрөө өгч чадахгүй юм чинь энэ зээлийг төлж чадахгүй юм байна гэж бодоод Хаан банкнаас зээл авахаа больсон байдаг. Өчүүхэн зүйл дээр аавынхаа ясыг өндөлзүүлж болохгүй шүү дээ. О.Т нь 3,000,000 төгрөг 3, 4 жил өгнө гэж явсаар байтал өгөөгүй өдийг хүрсэн.
2.3. Мөн эмээгийнхээ тэтгэврийн зээл 1,200,000 төгрөг авсан. Нэхэмжлэгч нь яагаад зээлийн талаар мэдэхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Одоо ичихгүй 3,000,000 төгрөг нэхэж байна. О.Т 2021 онд 1,000,000 төгрөгөөр 3 удаа аавынх нь бие өвдлөө гэж хэлээд миний картаас авсан гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/
3.2.Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх4-5/
4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хаан банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх21-61/
4.2. Шилжүүлгийн мэдээлэл /хх64-66/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.О.Т нь “Машин авах зорилгоор Д.Пгээр банкнаас зээл авахуулахаар ярилцаж, түүний дансруу машины урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч 3,000,000 төгрөгийг дутуу өгсөн тул гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.Хариуцагч Д.П нь “Тэр аавыгаа өвдсөн байхад миний картыг авч яваад 3 удаа 1,000,000 төгрөгөөр нийт 3,000,000 төгрөгийг авчихаад буцааж өгөөгүй тул би 3,000,000 төгрөгөө авч үлдээд үлдсэнийг буцааж шилжүүлж өгсөн” гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч Д.Пгийн Хаан банк дахь тоот дансанд 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,480,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, нийт 5,680,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байх ба уг төлбөрийг хүлээж авсан болон дээрх данс өөрийнх нь данс мөн гэж хариуцагч маргаангүй тайлбарласан. /хх4-5/
Дээрх мөнгийг нэхэмжлэгч О.Т нь өөртөө машин авах зорилгоор урьдчилгаа төлбөр гэж Д.Пгийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг Д.Пгээр авто машины зээл авахуулахаар харилцан тохиролцсон талаар тайлбарласан.
Гэтэл хариуцагч түүнд зээл авч өгөхөө больж, мөнгийг буцаан шилжүүлэхдээ 3,000,000 төгрөгийг шилжүүлэлгүй үлдээсэн болохоо шүүх хуралдааны явцад тайлбарласан.
Буцааж өгөөгүй үндэслэлээ О.Тг өмнө өөрийн картнаас 3 удаагийн үйлдлээр авсан 3,000,000 төгрөгийг өгөөгүй тул түүнд шилжүүлээгүй, зээлдүүлсэн мөнгөө авсан гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хэдийгээр Хаан банкны депозит дансны хуулга, Шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтуудаар О.Т 3,000,000 төгрөгийг Д.Пгээс авсан гэх тайлбар нотлогдохгүй байна. /хх21-66/
4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.
Иймд О.Т нь Д.Пгээс 3,000,000 төгрөгийг зээлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба зохигчийн хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хариуцагч Д.Пгээс гаргуулж, О.Тд олгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Д.Пгээс 3,000,000 төгрөгийг гаргуулж, О.Тд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Пгээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ