Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 182/шш2023/02844

 

 

 

 

 

 

 

 

  2023       10       10                                            182/ШШ2023/02844

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, О.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, Ж.Б / д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч О.Г нь Ж.Бид холбогдуулан 6,330,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. О.Г би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны замын уулзварт авто осолд өртөж, уг ослын улмаас унаж явсан 67-97 УАР улсын дугаартай "Тоёота Ландкрузер-200” авто машинд их хэмжээний эвдрэл үүсч хохирсон юм. Ослын хэрэг зөрчлийг шалгаж дууссаны дараа би машинаа засуулах шаардлагатай болж, Цамбагаравын автобусны буудлын урд байрлах “Мастер үнэлгээ” ХХК-иар оношлогоо хийлгэж байх үедээ өөрийгөө Вьетнам засварын газрын эзэн Дорж гэж танилцуулсан хүнтэй холбогдож, миний машиныг засварын газар луугаа аваад явчих, би сэлбэгээ авч өгөөд танайхаар засуулах уу, эсвэл танайх сэлбэг олж засвараа хийх үү гэдгээ тохиролцоё гэж хэлсний дагуу тэр хүн миний машиныг авч явсан.

1.2. Засварыг хэрхэн хийх талаар ярьж тохиролцоогүй байхдаа эхний ээлжинд машины чинь жаазыг авах хэрэгтэй, тэгж байж засвараа эхэлнэ гэж шаардаж байгаад 1,330,000 төгрөг, будаг замаск авна гэж 150.000 төгрөг аваад манай вьетнамууд урьдчилгаа авч байж засвараа эхэлнэ гэж байна гэсээр байж 5,000,000 төгрөг нийт 6,330,000 төгрөгийг худал хэлж авсан юм. Дорж гэж өөрийгөө танилцуулсан уг хүн нь Батдорж гэдэг хүн байсан, 100 айл орчмоор явж, засвар хийх машин хайж байгаад засварын газарт аваачиж өгч дундаас нь мөнгө унагаадаг хүн болохыг би сүүлд мэдсэн, учир нь надаас авсан мөнгөө миний машиныг засах засварын газарт өгөөгүй, өөрийгөө уг вьетнам засварын газрын эзэн гэж байсан нь ор үндэсгүй худал байсан. Цагдаагийн байгууллага Ж.Бийг олж тогтоон, өөрийгөө вьетнам засварын эзэн гэж удаа дараа худал хэлж намайг хуурсан хэмээн прокурор яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, Ж.Бид холбогдох хэргийг "Гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр цагаатгасан.

Иймд Ж.Боос 6,330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

2.1.2022 оны 01 сарын 10-ны өдөр О.Гын танил н.Ууганбаяр болох надтай хамт машин олон жил зарсан хүн над руу ярьсан. н.Ууганбаяр “Шонгийн мод мөргөсөн нэлээн эвдрэлтэй Ланд 200 маркийн машиныг янзлах асуудал байна” гэж надад хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр журмын хашаанаас УАА 67-97 дугаартай Ланд 200 маркийн машиныг очиж үзсэн. О.Гтай утсаар яриад нийт 25,000,000 төгрөгөөр янзлах боломжтой гэж хэлсэн. Маргааш нь над руу утсаар яриад тохирч байна, 1 сарын дотор засаж өгөх боломж байна уу? гэж хэлсэн байдаг. Үүний дагуу Цамбагаравын машин засварын газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр вьетнам засварын газарт машиныг авчирсан. Түүнээс биш би О.Гад би вьетнам засвар ажиллуулдаг, хамгийн сайнаар янзалж өгнө гэж яриагүй. н.Ууганбаяр нь миний хуурай ах учраас О.Гын машиныг сайн засаад өгье гэж бодоод машиныг авчирсан. 2008 оноос авто машинаар уралдаж, засаж, хуучин машины авто сэлбэгийг нэмж, тоноглож засдаг байсан. Надад өөрийн эзэмшлийн вьетнам засварын газар байхгүй хэдий ч вьетнам засварын газруудад олон танилуудтай. Вьетнам засвар дээр сэв засдаг, будаг, төмрийг хийдэг тус тусдаа хүмүүс байдаг юм. Би вьетнам засвар дээр оройн цагаар түрээслээд өөрийн болон бусдын ажлыг хийдэг байсан.

2.2.Уг машин нь О.Гын машин биш юм. Өөрөө осолд ороогүй байдаг. Машины мөргөлдсөн талаарх зураг надад байна. О.Г нь “уг машиныг Дорнод аймагт амьдардаг манай найзын машин юм. Гэр бүлийнхнээсээ нуугаад энэ машиныг засуулах хэрэгтэй байна” гэж надад хэлсэн. Машиныг янзлуулах талаар бид хоорондоо ярилцсан. Чанартай сайн янзлуулахын тулд би вьетнам засвар дээр очоод уг машиныг миний машин гэж хэлсэн. Уг машиныг янзлах гэтэл даатгал нь мөнгө өгөхгүй байж магадгүй гэж хэлсэн учраас янзлахгүй байлгаад байсан. Засварын газар нь хоёрхон машин багтдаг жижигхэн гарааш нь дүүрсэн байсан. Ажлыг баталгаажуулах зорилгоор урьдчилгаа 1,330,000 төгрөг, 5,000,000 төгрөг авсан. 2022 оны 01 сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл машиныг засах гэж шалгасан. Тухайн хугацаанд ашиг олох үүднээс 2012 оны Ланд 200 маркийн машины сэлбэгийг 25,000,000 төгрөгт багтах бүх төрлийн сэлбэг, эд ангиудыг зээлээр болон урьдчилгаа мөнгөөр нь гараашинд аваад, өөрийн бизнесийн төлөвлөгөөг гаргасан байсан.

2.3.О.Г машиныг зарна гэж хэлэхэд таньдаг хүмүүст машиныг хэдээр зарах боломжтойг судалсны үндсэн дээр 25,000,000 төгрөгөөр машиныг засаад, 70,000,000 төгрөгөөр зарах боломжтой болсон. Би О.Гад 70,000,000 төгрөгөөр машиныг хүнд зарах боломжтой, засварт нь 5,000,000 төгрөгийг зарах хүнд нь өгч болох уу? гэж хэлтэл машиныг 70,000,000 төгрөгөөр зарна гэж О.Г хэлсэн. Тэгээд энэ машиныг засахгүй юм байна гээд гараашны гадаа гаргаж тавьсан. Үүний дараа өөр хүнд 75,000,000 төгрөгөөр машиныг зарсан. Тухайн үед 5,000,000 төгрөг буцаан авах талаар нэг удаа ч яриагүй. О.Г сүүлд над руу яриад машины түлхүүрийг өгөөд, ачаад явуулчих, мөнгө нь миний данс руу орохоор өгөөд явуулаарай гэж хэлсэн. Үүний дагуу худалдан авахаар хүмүүс ирж, машинаа аваад явсан. Нөгөөдөр нь О.Г 5,000,000 төгрөг авъя гэж хэлсэн. Би мөнгө авсан нь үнэн. Гэхдээ машиныг засахын тулд хүмүүст мөнгө өгсөн, ашиг олох гэж байсан учраас хүмүүст өр төлбөр өгсөн, Цагаан сар болох гэж байсан учраас мөнгө хэрэгтэй байсан. Би 10,000,000 төгрөгийн ашиг олох гэж байсан учраас урьдчилгаа 5,000,000 төгрөг аваад хэрэглэчихсэн байж болно шүү дээ.

2.4.Мөнгөө буцаан авъя гэхэд нь би Ланд 200 маркийн машинд засвар хийх байсан эд анги, сэлбэг байна. Үүнийг авах уу? гэхэд авахгүй гэж О.Г хэлсэн байдаг. Мөн үүний дараа О.Г нь өөр Ланд 200 маркийн машины будгийн ажил хийж өгөөч гэсэн юм. Өмнөх машины ажил нь шон мөргөөд төмрийн ажил байсан юм. Вьетнам засвар дээр будаг, төмөр, гагнуурын ажил нь тусдаа учраас өмнөх машины бэлдсэн ажил нь өөр байсан. Өмнөх машиныг засна гээд вьетнам засварчид өөр машин авахгүй гээд хүлээж байгаад ажил нь алдагдсан. Хэрвээ би О.Гтай уулзаагүй, ажил тохироогүй байсан бол өөр машин оруулаад ашиг олох боломжтой байсан. Гэтэл О.Г намайг эрүүгийн хэрэгтэн болгосон. Би өөрийгөө залилангийн гэмт хэрэг хийгээгүй гэдгийг Эрүүгийн шүүх дээр нотлоод, хэргийг цагаатгасан. Сүүлийн 2 жил миний нойр булчирхай өвдөж, эмнэлэгт хэвтсэн. О.Г надтай нэг удаа ч уулзаж байгаагүй. Үргэлж шүүх, цагдаагийн байгууллагаар явдаг. 1,330,000 төгрөгийг санхүүгийн байдлаа хараад өгч болно. 5,000,000 төгрөгийг Эрүүгийн шүүх дээр очсоноос хойш өгөхгүй гэж бодож байна. Би 1 сар гаруй О.Гын эвдрэлтэй машиныг зөөж, хучиж, бүтээж, засварын ажил эхлэхэд бэлэн болчихсон байсан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. О.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/

3.2. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/916 тоот Цагаатгах тогтоол /хх5-9/

3.3. О.Гаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гаргасан гомдлын хуулбар /хх10/

3.4. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх11-12/

3.5. Интернет банкны шилжүүлгийн баримт /xx13-15/

 

          4.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.          

         

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

 

2.О.Г нь “Машин засуулах зорилгоор Ж.Бтой тохиролцож, нийт 6,330,000 төгрөгийг шилжүүлсэн боловч машинаа засуулахаа больсон тул  мөнгөө буцааж авах гэтэл өгөхгүй байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.   

 

3. Ж.Б нь “О.Гаас 6,330,000 төгрөг авсан нь үнэн. Машиныг засахын тулд хүмүүст мөнгө өгсөн, ашиг олох гэж байсан учраас хүмүүст өр төлбөр өгсөн, Цагаан сар болох гэж байсан учраас мөнгө хэрэгтэй байсан. Би 1 сар гаруй О.Гын эвдрэлтэй машиныг зөөж, хучиж, бүтээж, засварын ажил эхлэхэд бэлэн болчихсон байсан тул 5,000,000 төгрөгийг өгөхгүй, 1,330,000 төгрөгийг өгнө” гэв.  

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч О.Г нь Ланд 200 маркийн 6794 УАР улсын дугаартай авто машинаа Ж.Боор засуулах зорилгоор түүнд 6,330,000 төгрөг шилжүүлж өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд Ж.Б нь 6,330,000 төгрөгийг хүлээж авсан гэж тайлбарласан.

Харин 1 сар гаруй хугацаанд О.Гын эвдрэлтэй машиныг зөөж, хучиж, бүтээж, засварын ажил эхлэхэд бэлэн болгосон гэх мэт тодорхой үүрэг гүйцэтгэсэн тул 5,000,000 төгрөгийг өгөхгүй, 1,330,000 төгрөгийг өгнө гэж хариуцагч тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар  зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Ж.Боос 6,330,000 төгрөг гаргуулж, О.Гад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 116,230 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 116,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ж.Боос 6,330,000 төгрөгийг гаргуулж, О.Гад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Боос улсын тэмдэгтийн хураамжид 116,230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Гад олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ