| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/2217/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2681 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2681
2025 11 28 2025/ШЦТ/2681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.А-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503 00000 1062 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.А, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цаг 05 минутын орчимд Тоёота приүс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 6, 7, 8 дугаар хуудас),
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7355 шийтгэвэр (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),
Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Шүүгдэгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр би айлд паркетен шал шахаж өгсөн юм. Тэгсэн айлын эзэн 1 шил “Агар” нэртэй 0.75 литрийн архи задлаад гурвуулаа хувааж уучихаад явах гэсэн чинь ундааны хуванцар саванд айраг хийж өгөөд гэртээ очоод уугаарай гэж хэлэхээр замдаа ууж явсаар Офицерүүдийн ордноос Баянзүрхийн товчоонд байх гэртээ харихаар таксинд суугаад гэртээ ирсэн. Тэгсэн гэрт усгүй байсан учраас хашаанд байсан Тоёото Приус маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож CU-рүү усанд явахаар хашаанаас гараад явж байгаад цагдаад саатуулагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дугаар хуудас) зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Т.А нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цаг 05 минутын орчимд Тоёота приүс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цаг 05 минутын орчимд Тоёота приүс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.А нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 7355 шийтгэврээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цаг 05 минутын орчимд Тоёота приүс маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу нийгмийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял саналтай байна” саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Т.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 14 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ