Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 88

 

 

                                                 

                                                             

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                

                                   

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч А.Алтансүх, түүний өмгөөлөгч Ш.Маам

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626023164 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, “Улаанбаатар” суудлын вагон депод галт тэрэгний мастер ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15-01 дүгээр байр, 02 тоотод оршин суух, ялгүй, ЕС88053010 дугаарын регистртэй, Галт Боржигон овогт Амарбаясгалангийн Алтансүх

 

Шүүгдэгч А.Алтансүх 2016 оны 12 дугаар сарын 3-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Я.Лхагвацэндийг шалтгаангүйгээр шанаан тус газар нь гараараа цохиж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би гэр бүлийн маргаанаасаа болоод нийгмийн хэв журмыг зөрчиж, муухай авирласандаа харамсаж байна. Би тухайн үед эхнэртэйгээ маргалдаад машин зам дээр явж байхад эхнэр араас гүйгээд ирсэн. Би эхнэрийгээ түлхчхээд эргээд харахад замын цаанаас нэг залуу ирээд намайг цохьсон. Би тэр залуутай барьцалдаад байж байхад хохирогч Лхагвацэнд гуай ирж намайг салгасан. Эргээд харахад эхнэр охиныг аваад цааш явж байсан. Буцаад эхнэр охиныхоо араас алхахад хойноос миний зүүн мөрнөөс татах шиг болохоор нь би нөгөө залууг дахиад ирсэн байна гэж бодоод харалгүйгээр шууд цохьсон. Гэтэл хохирогч Лхагвацэнд гуай байсан байна лээ. Тэгээд би Лхагвацэнд гуайг босгосон. Хажууд Лхагвацэнд гуайн охин юм хэлээд байхаар нь миний гэр бүлийн асуудал та нарт хамаагүй гэж хэлсэн. Би хохирогч Лхагвацэнд гуайг босгоод ажиллуулдаг дэлгүүрийнх нь хажууд очоод уучлалт гуйгаад тамхи татчихаад явсан. Маргааш нь түүнтэй уулзсан. Хохирол төлбөрийг нь төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч А.Алтансүхийн хувийн байдалтай холбоотой; түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 48/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 52/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 53/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-н 54/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 55/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 57/,

гэрч Ишлодонгийн Хосцэцэгийн “... Алтансүх нь төлөв даруу, элдэв олон зүйл яриад байдаггүй, их тайван, гэр бүлдээ халамжтай гадуур, дотуур яваад байдаггүй, архи дарс бараг уудаггүй, хааяа нэг баяр ёслолоор уудаг, хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй. Гэрийн хүмүүжил их сайн, ажил дээрээ нэр хүнд сайтай. Би нөхөр Алтансүхтэй одоо хамт амьдардаг” /хх-н 22/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

2016 оны 12 дугаар сарын 3-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч А.Алтансүх эхнэр И.Хосцэцэгтэйгээ маргалдаж, энэ маргааныг нь болиулсаны төлөө хохирогч Я.Лхагвацэндийг зодож, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Дээрх үйлдэлд прокуророос бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэж яллаж байгаа нь хуулийн үндэслэлтэй, уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Ядамсүрэнгийн Лхагвацэндийн “… 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим би Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны хажуугийн талбайн хажууд охиныхоо ажиллуулдаг дэлгүүрийн гадаа зогсож байтал Алтансүх гэх залуу эхнэртэйгээ муудалцаад эхнэрийгээ зодоод, мөн хүүхэд нь хажууд нь байсан тэр хүүхэд нь машины урдуур орчих гээд орилоод байхаар нь би хүүхэд рүү нь гүйж очоод хүүхдийг нь зам дээрээс авсан. Тэр үед бас нэг танихгүй залуу Алтансүхийг эхнэрээс нь салгасан. Би хүүхдийг нь эхнэрт нь өгч явуулчихаад Алтансүх тэр залуу хоёрыг салгаад миний дүү тайвшир гэж хэлээд дагуулаад дэлгүүрийн зүг явж байтал Алтансүх миний урд алхаж яваад гэнэт эргэж хараад миний зүүн шанаа руу гараараа нэг л удаа цохьсон. Би газар унасан. Тэр үед манай охин Батчимэг дэлгүүрээс гүйж гарч ирээд Алтансүхтэй маргалдаж байгаад салсан. Алтансүх гэр рүүгээ явсан, би тэндээсээ Гэмтлийн эмнэлэг рүү явж очоод анхны тусламж авсан өөр ямар нэгэн зодоон болоогүй. Алтансүх намайг нэг л удаа цохьсон. Алтансүх надад эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Хоорондоо ярилцаад тохирсон байгаа. Би Алтансүхийг танихгүй. Манай охины ажиллуулдаг дэлгүүрээр хааяа орж ирдэг л гэж охин хэлж байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад гомдол санал байхгүй” /хх-н 17, 19/ гэсэн,

гэрч Лхагвацэндийн Батчимэгийн “… би “Хонгорзул” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой дэлгүүртээ аав Лхагвацэндийн хамт сууж байхад гадаа хүмүүс орилолдоод байсан. Нэг хүн манай дэлгүүр дотор орж ирээд нэг залуу эхнэрээ зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавыгаа гараад салгачих гэж хэлэхэд аав дэлгүүрээс гараад тэр залуугийн хүүхдийг аваад эхнэрт нь өгөөд гэр рүүгээ яв гэж хэлсэн. Тэр хооронд нөхөр нь болох залуу өөр нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд аав очоод дахиад салгаад нөгөө залууг яв гэж хэлээд нөхрийг нь ахын дүү ингэж болохгүй, эхнэр хүүхдээ зодож болохгүй, одоо харьж амар гэж хэлээд мөрөн дээр нь хүртэл тэр залуу эргэж хараад аавыг цохьсон. Би хараад тэр залуу дээр нь гүйж очоод та аавыг цохичихлоо ингэж болохгүй шүү дээ гэж хэлэхэд тэр залуу миний гэр бүлийн амьдрал та нарт ямар хамаатай юм гээд байсан. Аав тэр залууд цохиулаад газар унасан. Тэр залуу гараараа нэг удаа аавын шанаа хэсэг руу цохьсон” /хх-н 28/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Я.Лхагвацэндийн биед зүүн хацрын нум, зүүн хоншоор ясны хөндийн өмнөд болон гадна хананы хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 16386 тоот дүгнэлт /хх-н 32/,

хохирогч Я.Лхагвацэндийн томографийн оношлогоонд орсон тухай баримт /хх-н 33/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Галт Боржигон овогт Амарбаясгалангийн Алтансүхийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Алтансүх хувийн таарамжгүй харьцаа гэхээс илүүтэйгээр бусдыг илтэд үл хүндэтгэсэн, үл ялих зүйлээр шалтагласан байдлаар гэмт хэрэг үйлдсэн нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжид нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Алтансүхэд ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Я.Лхагвацэнд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав. Эдгээр нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт хамаарна.

 

Хохирогч Я.Лхагвацэнд “... Алтансүх надад эмчилгээний зардал болох 600.000 төгрөг төлсөн. Иймд надад хуулийн байгууллагад гаргах гомдол, санал байхгүй” гэжээ. /хх-н 19/

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Алтансүх цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Галт Боржигон овогт Амарбаясгалангийн Алтансүхийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар А.Алтансүхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар А.Алтансүхэд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. А.Алтансүх цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.Лхагвацэнд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. А.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан,

мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүнд хяналт тавихыг нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Алтансүхийн “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ