Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/445

 

 

 

 

 

 

 

 

 

О.Пд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Пүрэвдарийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Оийн П, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн угсралт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байсан;

О.П нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний орой 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудал орчим иргэн Х.Сын нүүрэн тус газар гараараа цохиж газар унаган Самсунг загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч 265.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Пүрэвдарийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Оийн Пүрэвдарийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Пд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 29 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Пүрэвдарийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт санал нийлж, эсэргүүцэхгүй байна. Би С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлэн хүмүүжих хугацаандаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зан чанараа өөрчилж, өөртөө өөрчлөлт хийж засарч хүмүүжсэн. Уг дээрмийн гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэм буруу дээрээ маргахгүй, хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан хорих ялаас минь багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Пүрэвдарийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. О.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлж, хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж 2 жилийн хорих ялыг 1 жил болгож багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзээд ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

О.П нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний оройн 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудал орчим иргэн Х.Сын нүүрэн тус газар гараараа цохиж газар унаган Самсунг загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авч 265.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Сын “...Би 2018 оны 5 дугаар сарын 19-ний оройн 18 цагийн үед ажлаа дуусаад харих гээл алхаж байхад Пүүжээ 3 дугаар эмнэлгийн орчим зогсож байсан бөгөөд бид хоёр уулзаад Саппорогийн автобусны буудал руу алхсан. Саппоро дээр ирэхэд Пүүжээ ах “утсаараа ганц яриулчих” гэхээр нь “надад нэгж байхгүй” гэж хэлэхэд “тэгвэл нэг дугаар руу дохино” гэхээр нь гар утсаа гаргаж өгсөн. Гэтэл миний гар утсыг авсны дараа “ах нь хүн зодоод өрөнд орчихсон байгаа, чиний гар утсыг ломбардад тавиад дараа нь аваад өгье” гэхээр нь би “эцэг, эх уурлана, болохгүй” гэж хэлэхэд баруун гараараа миний зүүн хацар руу цохиж унагаад Цамбагарав зүгт гүйгээд яваад өгсөн. Би газраас босож ирээд араас нь хайгаад олоогүй. Миний хацар цохиулснаас болоод тухайн үедээ улайсан байсан. ...Пүүжээ Техник, технологийн коллежийн төгсөх ангид сурч байсан. Би сайн танихгүй. Өмнө хэд хэдэн удаа харж байсан. ...” /хх 52, 57-58/,

гэрч Б.Нямдаллагын “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо нийтийн байранд гэртээ эх Байгалмаа, ах Батбаатар нарын хамт байхад 21 цагийн үед манай дүү С нь гэрт орж ирээд “Би гар утсаа алдчихлаа, манай дээд ангийн ах миний гар утсыг дээрэмдсэн” гэж хэлсэн. ...Манай дүү 3 дугаар эмнэлгийн хажууд байрлах Барилгын коллежид сурдаг. ...” /хх 64/ гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 70-71/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 31-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Пүрэвдарийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч О.Пүрэвдарийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч О.Пд тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 29 хоногийн хугацаагаар тогтоож, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар О.Пүрэвдарийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч О.Пүрэвдарийн гаргасан “...оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Пүрэвдарийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Пүрэвдарийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч О.П энэ хэрэгт өнөөдрийн байдлаар 104 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ