| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0122/э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ....овогт .... ....холбогдох эрүүгийн 2517001520132 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд, ... аймгийн ... суманд төрсөн, ...настай, .... боловсролтой, мэргэжилгүй, ... ажилгүй, ам бүл ... хамт, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх ....овогт .... .... /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч .... нь 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд ... тоотод байрлах эгч ....гэрт түүний том хүү ....архи авч өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ноцолдож, зууралдах явцад тэднийг салгах гэсэн хохирогч ....нүүр лүү гараараа цохиж, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .... нь 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд ... тоотод байрлах эгч ....гэрт түүний том хүү ....архи авч өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ноцолдож, зууралдах явцад тэднийг салгах гэсэн хохирогч ....нүүр лүү гараараа цохиж, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
2. Хохирогч ....“Би 2025 оны 11 дүгээр сарын 01-ний орой 23:00 цагийн орчимд .... мал нядалгааны газраас ...., ...., .... нарын хамт ажлаа дуусгаад гарсан. Би адууны гэдэс янзалж дуусаад түмпэн саваа угаачихаад гэртээ харьсан чинь дээрх 3 хүн манай гэр болох ... тоотод пиво уугаад сууж байсан. Би гэртээ ирээд хувцасаа сольчихоод гараа угааж, хоолоо идсэн. ...., .... манайхаас хзргүүлэх гээд манай хүү .... гарахад нь .... хамт явсан юм. Манай хүү ...., түүний эхнэр ....хоёр дэлгүүр орохоор явахад нь .... надад пиво авч өг гэсэн юм байна лээ. Тэгсэн хүү маань таньд авч өгөх мөнгө алга гэсэн чинь манай хүүтэй муудалцсан гэсэн. Тэгээд тэр хоёр муудалцаж яваад манай гэрт ирсний дараа .... нь манай хажуу талын гэрээс манайд орж ирэхдээ 2 ширхэг хутга гартаа барьж орж ирээд манай хүү .... тухайн хутгыг ирлээд өг гэсэн. Тэгэхээр нь би уурлаж “чи яах гэж хүүхдээс архи дарс нэхээд байдаг юм” гэж хэлсэн чинь .... нь “за би эгчийнхээ үгэнд орно” гээд байж байсан юм. Тэгж байтал .... хажуунаас “тэгэхгүй яадаг юм. Таньд архи дарс авч өгөх мөнгө төгрөг байхгүй” гээд хэлсэн ба түүнээс болж тэр хоёр муудалцаад хоорондоо барьцалдаад авахаар нь би сандраад голоор нь ортол .... намайг гараараа цохисон. Тэгтэл миний нүүр лүү халуу оригоод юм урсаад ирсэн ба цус гарч байсан. Нүүрээ дараад уйлаад сууж байхад аманд нэг шил шиг юм байхаар нь нүдний шил хагараад аманд орсон байх гэж бодоод нулимсан чинь нэг юм амнаас гараад явсан ба юу байсныг нь олж хараагүй, мөн олоогүй. Тэгээд маргааш нь шүүх эмнэлгийн шинжээч эмчид үзүүлсэн ба миний үүдэн 1 шүдний тал нь хугарсан байсан, тэгээд тухайн өдөр .... цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болно... Би сэтгэцэд учирсан хор уршигаа нэхэмжлэхгүй ээ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
3. Гэрч Б.....ийн “Би 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ... тоот гэртээ насанд хүрээгүй дүү .... /17 настай/ бид хоёр байсан ба тухайн өдрийн 22:00 цаг өнгөрч байх үед манай ээжийн төрсөн дүү .... нь хажуудаа 2 хүнтэй хамт орж ирсэн ба тэр хэд гэр дотор архи уусан. Тэгээд нөгөө хамт архи уусан 2 хүнийг .... ах бид хоёр гэрт нь хүргэж өгсөн ба буцаад гэрт ирэх замд тэр надаас архи нэхээд байсан. Тэгээд би “танд авч өгөх архины мөнгө байхгүй ээ” гэж хэлсэн ба тэр архи ууж согтчихсон болохоор үүнээс болж надтай хэрүүл өдөөд байсан. Тэгээд би гэртээ ирээд амрах гээд байж байтал .... ах 2 ширхэг хутга ирлүүлнэ гэж хэлээд гэрт орж ирсэн ба тэгээд гэрээс гаргасан ба буцаж гэр лүү орж ирээд надтай хэрүүл хийж байгаад над руу дайрсан ба би зөрөөд түүний өмсөж явсан цамцнаас бариад түүнийг гэрээс гаргах гэж түлхэж байх үед ээж ....нь миний араас татсан ба .... зөрүүлэн ээжийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд ээж уйлаад орон дээр суусан ба .... ахыг би дүү ....тэй нийлж түлхэж хөөн гаргасан ба гаргах үедээ түүний нүүр лүү 2 удаа зөөлөн цохисон ба манай дүү .... болохоор .... ахын бөгс хэсэг рүү хальт өшиглөж байсан. Гэхдээ түүний биед гэмтэл учраагүй ба учрахаар тийм сүйд болохоор цохисон зүйл ч болоогүй ээ. Тэгээд түүнийг гэрээс гаргасны дараа гэрийн хаалгыг дотроос нь түгжээд цагдаад дуудлага өгсөн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
4. Гэрч ....“.... нь 1987 оны 12 дугаар сарын 05-ны ... суманд төрсөн айлын 2 дахь хүүхэд, дээрээ нэг эгчтэй ба түүнийг ....гэдэг. ....нь манай нөхрийн төрсөн эгч нь бөгөөд бага байхаасаа өвөө эмээ дээрээ өсөөд өвөөгөөрөө овоглодог хүн болно. Манай нөхөр харин ээжээрээ овоглодог хүн, .... нь Говьсүмбэр аймагт коллеж төгсөж байсан, бичиг үэсэг мэднэ. Бид хоёр 2012 оноос хойш гэр бүл болж амьдарч байгаа ба энэ хугацаанд миний анзаарч мэдсэнээр .... нь архи, согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглээд байдаггүй, баяр ёслолын өдрөөр л хэрэглэдэг, үр хүүхэддээ гар хүрч зодож байсан удаагүй, даруу төлөв, мөрөөрөө, ажилч хичээнгүй, шулуун шударга зантай хүн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГОС0725/249 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ....биед баруун хөмсгөнд язарсан шарх, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Баруун хөмсгөнд язарсан шарх, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
6. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ...., гэрч Б....., ... нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГОС0725/249 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч ....т эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч ....ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ....эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч .... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч .... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....овогт .... ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч .... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ