Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1390

 

Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2019/01280 дугаар шийдвэртэй Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-, Г.С, А.Днарт холбогдох,    

          Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц-, хариуцагч Д.Б-, Г.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

          Нэхэмжлэгч Ш.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/01404 дугаар шийдвэрээр Ө.Жавхлангаас 90 607 950 төгрөгийг авахаар болж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Ө.Жавхлан төлбөрөө төлж чадаагүй тул барьцаанд байсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот, 54 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний нэр дээр шилжүүлсэн болно. Тухайн үед Ө.Жавхлан “байранд өөр хүн амьдарч байгаа, удахгүй гарна” гэж байсан.

          Иймд миний өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 49 байрны 16 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний ээж Г.Энхтуяагийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205022118 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 16 тоот орон сууцны 000046089 дугаар гэрчилгээ нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар 2013 онд иргэн Ө.Жавхлангийн нэр дээр шилжсэн гэдэг. Энэхүү орон сууцны гэрчилгээ Ө.Жавхлангийн нэр дээр шилжсэнтэй холбоотой маргаантай асуудал Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3252 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэгдсэн. Тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлогдсон боловч нэхэмжлэгч Ө.Жавхлан нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4741 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Миний ээж Г.Энхтуяа 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас нас барсан ба өв залгамжлагч тогтоох асуудал маргаантай байгаа.

Иргэн Ө.Жавхлан нь миний ээжийг өвчтэй байхад элдэв дарамт, шахалт үзүүлэх замаар зах зээлийн үнэлгээнээс бага буюу 5 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, түүний нэр дээр бүртгэлтэй байсан орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Улмаар гэрчилгээг цааш дамжуулан бусдын нэр дээр шилжүүлсэн байна. Миний бие иргэн Ш.Ц-д ямар нэгэн өр төлбөргүй, би уг орон сууцанд амьдардаггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Ш.Ц-ийг  танихгүй, орон сууц болон бусад асуудлаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан орон сууцны өмчлөгч биш. Би бага насны нэг хүүхэдтэй бөгөөд ажлын ойролцоо цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр төмөр замын нэгдүгээр хороонд хүүхдийн хамт түр бүртгүүлсэн боловч цэцэрлэгийн хяналтын тоонд багтаагүй. Нэхэмжлэгч Ш.Ц- намайг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцанд түр оршин суух бүртгэлтэй байсан боловч шилжилт хөдөлгөөний талаар ямар ч мэдээлэл надад байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхой тайлбар өгч чадахгүй. Иймд хариуцагчаар татсан асуудлыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч  А.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Д.Б-, Г.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр давхар оролцож байна. Уг маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулаагүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад энэ хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй. Ө.Жавхлан нь Г.Энхтуяаг орон сууцнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Тиймээс энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Ө.Жавхлан гэрчилгээг бусдын нэр дээр шилжүүлсэн байдаг. Уг байрны өмчлөгч Г.Энхтуяа нас барсан, үүнээс үүдэн өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй байхад энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Өв залгамжлалын асуудал шийдэгдсэнээр хариуцагч тодорхой болно. Талийгч Г.Энхтуяагийн дүү Г.Энхзаяа, Г.Энхцацрал нар энэ орон сууцыг өвлөх учиртай, энэ орон сууц Г.Галай гэж хүний гал голомт бөгөөд хүүхдүүд нь амьд байна.

Дээрх асуудлуудыг бүрэн шийдэж дуусах шаардлага байгаа гэж хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авсангүй. Ө.Жавхлан 5 000 000 төгрөгөөр талийгчаас байрыг нь авсан байсан. Ингээд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй байдаг. Үүн дээр хариуцагч болон өвлөгчийн тухай асуудал хөндөгдсөн. Гэрчилгээ яагаад шилжих болсон, өмчлөгч нь Ө.Жавхлан мөн үү, биш үү гэдгийг би мэдэж байгаа. Зөвхөн өвлөгч нь, хариуцагч нь хэн болохыг тодорхой болгож өгнө. Шударга өмчлөгч нь хэн бэ гэдэг нь чухал гэжээ. 

 

          Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шаравдоржийн Цогийн өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 49 байрны 16 тоотод байршилтай 54 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022118 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг хариуцагч Даваанямын Бат-Ялалт, Ганзоригийн Сайнзаяа, Алтангэрэлийн Давааням нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б-, Г.С, А.Днараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Талийгаач Г.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын 49 дүгээр байрны 16 тоот орон сууцны 000046089 дугаартай өмчлөх гэрчилгээ 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр 5 000 000 төгрөгөөр худалдагч талыг төлөөлж Г.Энхтуяа, худалдан авагч талыг төлөөлж иргэн Ө.Жавхлан нар гарын үсэг зурж байгуулсан байдаг. Худалдан авагч Ө.Жавхлан дээрх гэрээнд заасан мөнгөө өгөөгүй атлаа уг орон сууцны өмчлөгчийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Н.Соёлтой байгуулсан 57 000 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд бүртгүүлсэн байдаг. Дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ө.Жавхлангийн гомдлоор 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3252 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ч 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4741 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

          Худалдан авагч Ө.Жавхлан нэхэмжлэлийг буцаасны дараа 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буюу өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэн Ш.Ц-той байгуулсан зээл болон барьцааны гэрээгээр Г.Энхтуяагийн өмчлөлийн орон сууцыг дахин барьцаалан зээл авсан байна. Улмаар Ө.Жавхлан нь Ш.Ц-оос авсан зээлээ төлөөгүй үндэслэлээр уг орон сууцыг Ш.Ц-ийн нэр дээр бүртгэгдсэн ба орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Баянгол дүүргийн шүүх дээрх орон сууцны өмчлөл, худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаантай асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар буцаасан иргэний хэрэг хэлэлцэх асуудал нь нээлттэй байхад гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 80 дугаар зүйлийн 80.1.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.4, 529 дүгээр зүйлийн 529.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хариуцагчийг үнэн зөв тогтоох, өмчлөгч болон ашиглагчийн эрх, үүргийн ялгааг тогтоон хариуцагч хэн бэ гэдгийг шийдвэрлэхийн оронд Д.Б-ыг хариуцагчаар татаж Г.С нь уг орон сууцанд оршин суудаггүй болохоор хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваанямыг хариуцагчаар татан хариуцагчийг хэн нэгэнд хамаатуулан шийдвэр гаргах гэсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Дээрх орон сууцны өмчлөгч байсан Г.Энхтуяа 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд орон сууцны өвлөгчийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд хариуцагчийг үнэн зөв тогтоох, тухайн орон сууцыг 2013 онд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаар Ө.Жавхлангийн нэхэмжлэлийг ямар шалтгааны улмаас шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийг буцаасан шалтгааныг тогтоох, үүнийг шийдвэрлэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч шүүгч шийдвэрлээгүй. Иймд шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан. Үүнийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 65 дугаар зүйлийн 65.1.7, 65.1.8, 65.1.10, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.4, 92 дугаар зүйлийн 92.4, 92.6 дах заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэргийг хэлэлцэх явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захирамжаар орон сууц бусдын эзэмшилд шилжсэнтэй холбоотой хариуцагч талаас тайлбар өгөхийг хүсээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдаагүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хуулийн дагуу бүрэн гүйцэт цуглуулах замаар тэдгээрийг үндэслэн шийдвэр гаргах, өвлөгчийн асуудлыг үнэн зөв шийдвэрлэх, ялангуяа Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3252 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй шалтгаан тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс гарган шүүхэд цугларсан нотлох баримт бүрийг шинжлэн судалж дүгнэлт гаргуулах зэрэг үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ц- нь хариуцагч Д.Б-, Г.С, А.Днарт холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46 дугаар байрны 16 тоот, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Ичинноров бүртгэгдэж, улмаар 2007 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр Г.Энхтуяад өмчлөх эрх шилжиж, 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр уг өмчлөх эрх нь Ө.Жавхланд тус тус шилжсэн байна. /хх 36, 42, 46/ Үүний дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/01404 дугаар шийдвэрээр /хх107-110/  Ө.Жавхлангаас 90 000 000 төгрөг гаргуулж Ш.Ц-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох дээрх 4 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

 

Төлбөр авагч Ш.Ц-д олгох төлбөр төлөгдөөгүйн улмаас дээрх шийдвэрт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны орон сууцыг төлбөртөө тооцож 2018 он 11 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2205022118 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000875936 дугаарын гэрчилгээгээр нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч болсон байна. /хх68/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгогдсоноор өмчлөх эрх нь баталгаажсан байгааг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд нэхэмжлэгч Ш.Ц- нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Днь “орон сууцны өмчлөгч байсан Г.Энхтуяа нас барсан, өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдээгүй, өвлөгч тодорхой бус байхад уг хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэх тайлбар, татгалзал гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Түүнчлэн, хариуцагч болон шударга өмчлөгч нь хэн болохыг тодруулах шаардлагатай байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэх агуулгаар давж заалдах гомдлоо тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж тодорхойлсон тул энэ талаар гаргасан түүний гомдол үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Д.Б-, Г.С нарын хувьд маргаан бүхий орон сууцанд амьдардаггүй гэж маргах боловч тухайн орон сууцанд бүртгэлтэй болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийгдсэн ажиллагааны дагуу тухайн хорооноос нь ирүүлсэн өрхийн бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байна. /хх 11, 22, 74, 99/ Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Б-, Г.С нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Харин хариуцагч А.Даваанямыг уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан гэх боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд түүний иргэний үнэмлэхэд тэмдэглэгдсэн хаягийн бүртгэл, хариуцагчийн тайлбараар Налайх дүүрэг, 1 дүгээр хороо Баянзүрх 4 дүгээр гудамж 710 тоотод амьдардаг болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот, 54 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг хариуцагч Д.Б-, Г.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, А.Даваанямд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2019/01280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шаравдоржийн Цогийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот хаягт байршилтай, 54 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220502118 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг хариуцагч Даваанямын Бат-Ялалт, Ганзоригийн Сайнзаяа нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Алтангэрэлийн Даваанямд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн 2 дах заалтад “А.Давааням” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Даваанямаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Т.ТУЯА