Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/444

 

 

 

 

 

 

 

 

 

У.Зд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн У.Зд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Угийн З, 1975 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ... ХХК-ийн орлогч захирал ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

У.З нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Быг “Хүнс Хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мах экспортлох квот авахад хамтран ажиллана” гэж хуурч, 60.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Голомт банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: У.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Угийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч бусдын 60.000.000 төгрөгийг өөрийн нэр дээр Голомт банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Зыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч У.Зын цагдан хоригдсон 11 хоног буюу (11*15=165.000) төгрөгийг хасаж, 9.835.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зд оногдуулсан 9.835.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ц.Боос зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулж өөрийн Голомт банкны дансаар 60.000.000 төгрөг зээлж авсан болно. Тухайн үед манай компани нь Эмээлтэд мах боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд ажилчдын цалин болон барилгын ажил зэрэгт мөнгөний шаардлага гарч энэхүү зээлийг авсан. Өөрөөр хэлбэл, бидний хооронд иргэний эрх зүй, тэр дундаа гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн болно. Гэтэл Ковид-19 цар тахал гарсны улмаас ажил, хөрөнгө оруулалт бүрэн зогсож, зээлсэн мөнгийг төлөхөд цаг хугацааны асуудал үүссэн. Иргэн Ц.Б нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст миний эсрэг гомдол гаргахдаа болсон явдлыг үндэслэл, нотолгоогүйгээр гуйвуулж гомдол гаргасан ба энэхүү гомдолдоо тулгуурлаж худал мэдүүлэг өгч үүнийг нь хэргийг мөрдөн шалгаж, хяналт тавьж байсан албан тушаалтнууд нь нотлох баримтаар тогтоож, шударгаар шалгаж шийдвэрлэхийн оронд эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүхээр ял өгч шийтгүүлсэнд гомдолтой байна. Хавтаст хэрэг мөнгө зээлсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан дансны мэдээлэл, зээлсэн мөнгийг барилгын засвар болон засварын ажил хийсэн хүмүүсийн ажлын хөлсөнд өгсөн талаарх баримтууд авагдсан байхад мөрдөгч болон прокурор нь санаатайгаар хэт нэг талыг барьж намайг заавал яллах зорилготойгоор хэргийг шийдвэрлэж ял өгсөнд маш их гомдолтой байна. Би ямар нэгэн байдлаар залилан мэхэлж уг мөнгийг аваагүй ба тухайн үед бага багаар зээлсэн мөнгөө өгье гэхэд иргэн Ц.Б нь авахгүй заавал бүтнээр нь авна гэсээр хугацаа алдаж байсан. Одоо бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй ба би зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж зээлж авсан 60.000.000 төгрөгийг Ц.Бод бүрэн төлж барагдуулсан болно. Хамгийн гол нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч гэх Ц.Б болон прокурор Г.Анармөнх нар нь зохиож гаргасан гомдол, мэдүүлэг болон түүнд тулгуурлаж үйлдсэн яллах дүгнэлтдээ бичсэн "БНХАУ-д мах экспортлох квот авахад хамтран ажиллана гэж хуурч 60.000.000 төгрөг залилж авсан" гэж надад ял тулгаад байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байхад шүүгч Ё.Цогтзандан гэм буруутай гэж үзсэн хууль бус санаатайгаар ял өгсөн гэж үзэж байна. Мөн мөрдөгч Н.Мария нь анхнаасаа хэрэгт хэт нэг талыг баримталж өөрийгөө өмгөөлөх эрхийн хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөхөд хавтаст хэрэгт санаатайгаар авдаггүй байсан ба намайг хуулийн үндэслэлгүйгээр хүчээр барьж 461 дүгээр хаалттай хорих ангид 11 хоног хууль бусаар цагдан хорьж, миний болон ар гэрийн маань сэтгэл санаа болон бие махбодийн хувьд маш ихээр хохироосонд гомдолтой байна. Шүүгч Ё.Цогтзандан нь намайг мэддэг бөгөөд манай "..." ХХК-ийг залилан мэхэлж онц их хохирол учруулсан "Мон трак групп" ХХК-ийн захирал Надмидын Уранчимэгээс авлига авсан шүүгч юм. Одоо энэ авлигатай холбоотой хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа болно. Иймээс иргэн Ц.Б бид хоёрын хооронд үүссэн маргаан нь иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан бөгөөд миний бие ямар нэгэн байдлаар бусдад хуурамч амлалт огт өгч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй тул Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Зын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч У.З нь 2019 оны 5 дугаар сараас Эмээлтэд мах боловсруулах 10 тогоотой үйлдвэр барьж байсан ба тухайн үйлдвэрийн засварын ажил болон ажилчдын цалинг өгөх зэрэг хувийн хэрэгцээнд зориулж иргэн Ц.Бтой харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг үндэслэн 60.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд энэхүү тохиролцоогоо баталгаажуулж зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, мөнгийг Голомт банкны өөрийн нэр дээрх ... дугаар дансаар хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн харилцаа нь цэвэр иргэний эрх зүйн харилцаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан дансны хуулга болон ажилчдад хөлсийг нь шилжүүлсэн дансны хуулга гэх мэт бусад баримтаар хангалттай тогтоогддог. Монгол Улсад эд хөрөнгийн шинжтэй харилцааг тэр дундаа гэрээтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулахаар хуульчилсан ба гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг иргэний шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад тус эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцсон Ц.Б гэгчийн гаргасан гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нь ноцтой зөрүүтэй байдаг бөгөөд энэ талаар тухайн үед У.Зын өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Б.Тамирын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй Дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнхөд гаргасан хүсэлт, мөн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргалд гаргасан гомдол зэрэгт хохирогч Ц.Бын У.Зд мөнгө зээлэх болсон үндэслэл шалтгааныг удаа дараа санаатайгаар зөрүүтэй бичиж, мэдүүлсэн байгааг хавтас хэрэгт авагдсан нотлох баримттай нь ишлэн зааж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьсан боловч энэхүү хэрэгт хяналт тавьж буй мөрдөгч, прокурорын зүгээс хүсэлт, гомдлыг хүлээн авч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж шийдвэрлэх хуулийн үүргээ биелүүлэхээс татгалзаж хэт нэг талыг барьж У.Зд зөвхөн ял оноох гэсэн санаа зорилгоор эрүүгийн хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн тус хэрэгт хяналт тавьж буй Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Г.Анармөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар яллагдагчаар татах тогтоолд ОЛСОН нь гэж бичиж, түүндээ прокурор өөрийн нэр, албан тушаал болон хэргийн товч утгыг бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангалгүйгээр үйлдэгдсэн байх ба хуулийн шаардлага хангаагүй тогтоолоор манай үйлчлүүлэгчийг мөрдөн шалгах ажиллагааны туршид цагдан хориулж, цаашлаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан халдашгүй байх зарчим алдагдаж манай үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ноцтой зөрчигдсөн болно. Мөн хяналтын прокурор Г.Анармөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн яллагдагчаар татсан тогтоолын олсон нь гэсэн хэсэг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 783 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тус тус бичигдсэн хэргийн товч утга болох "...У.З нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Быг "Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу мах экспортлох квот авахад хамтран ажиллана гэж хуурч 60.000.000 төгрөгийг Голомт банкны өөрийн нэр дээрх ... дугаар дансаар шилжүүлэн авч залилсан" гэх хэргийн үйлдлийг хөдөлбөргүйгээр тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, манай үйлчлүүлэгч У.З нь Ц.Бод "махны квот авахад хамтран ажиллана" гэж итгэл үнэмшил төрүүлсэн гэх үйлдлийг нотлох баримт огт хавтас хэрэгт огт байхгүй ба зөвхөн хохирогчийн өөр хоорондоо зөрүүтэй гомдол, мэдүүлэг зэрэгт тулгуурлаж мөрдөгч, прокурор, шүүгчийн зүгээс өөрийн үзэмжээр, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж манай үйлчлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчсөнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Энэхүү нотлогдохгүй байдал нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн хийсэн тайлбараар мөн тодорхой болсон ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэж тус хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж манай үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Махны квот гаргаж өгнө гэж залилсан талаар хохирогч тогтвортой мэдүүлсэн. Хохирогч мөнгө зээлэх харилцаа байгаагүй, хамтарч бизнес хийе гэсэн учраас хөрөнгө оруулалт маягаар мөнгө өгсөн гэдгээ анхан шатны шүүх хуралдааны үеэр хэлсэн. Зээлийн гэрээг мөнгийг шилжүүлж авсны дараа байгуулсан байдаг. Уг гэрээг залилах үйлдлийг халхавчлах зорилгоор байгуулсан. Иймд иргэний эрх зүйн асуудал гэж үзээгүй. Тухайн мөнгийг махны үйлдвэрт зориулан зарцуулаагүй. Энэ У.Зыг жолоочоор ажиллаж байсан гэх хүн “махны үйлдвэр, үйл ажиллагаа явуулж байгаа талаар хараагүй” гэж мэдүүлсэн. Дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад тухайн мөнгийг банк бус санхүүгийн байгууллагын өр төлбөрт, жолоочийн цалин, ажилчдын нийгмийн даатгал гэсэн байдлаар данснаас нь гарсан байдаг. Жолоочдоо цалин гэж 5.000.000 төгрөг өгөөд буцаагаад 3.000.000 төгрөгийг авсан байдаг. Энэ талаар Нямцэрэн мэдүүлсэн. Барилга, байгууламж, үйл ажиллагаанд хэрэглэсэн гэх баримт байдаггүй. Иймд залилах гэмт хэрэг үйлдсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

З нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Быг “Хүнс Хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамнаас Бүгд Найрамдах Хятад ард улс руу мах экспортлох квот авахад хамтран ажиллана” гэж хуурч, 60.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Голомт банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн болох нь:

хохирогч Ц.Бын “...Тухайн үед З нь “би өөрийнхөө Сансарт байдаг байрыг барьцаалаад 40.000.000 төгрөг олсон, одоо 60.000.000 төгрөг олоод нийт 100.000.000 төгрөгтэй болчихвол Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас олгож байгаа мах экспортлох зөвшөөрлийг авах боломжтой гэж хэлсэн. Мөн З нь би өөрийнхөө Юнити Скейнси ХХК-ны нэр дээр зөвшөөрлийг гаргуулж авч ажиллах болно” гэсэн. Тухайн үед З нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй том хүмүүсийн цүнхийг нь барьж, гар хөл нь болдог 10 гаруй залуусыг бэлтгэж сургуулийг нь төгсгөсөн ба тэр залуучууд энэ махны квотын ажлыг авч өгөх бүх албан тушаалтан дээр нь ажиллаж байгаа гэсэн. Улмаар З нь өөрийгөө “би бол ... группийн эзэн ба Уранчимэг гэх эмэгтэйд 40 гаруй тэрбум төгрөгийг өгч залилуулсан мэтээр худлаа ярьж намайг итгүүлсэн. Ингээд би тухайн үед З гэх эмэгтэйд итгэхгүй байж байхад намайг энэ ажлыг авахгүй бол чи боломжийг алдаж байна гэж итгүүлж улмаар надаас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, MME гэх ногоон өнгийн 5 давхар барилгын 6-5 тоотод Гантулга, Угтахбаяр хоёрын хамт байхдаа З гэгчийн Голомт банкны ... дугаарын данс руу 60.000.000 төгрөгийг васко төхөөрөмжийг ашиглан шилжүүлсэн. Тухайн үед З тухайн мөнгийг 7 хоногийн дараа өгнө гэж хэлж худлаа ярьж яваад өнөөдрийг хүртэл хугацаанд мөнгийг маань өгөхгүй залилаад явж байна. ...” /1хх 21-22/

гэрч Ц.Гантулгын “...У.З гэх хүний Юнити Скейнси Эм Жи Эл” ХХК-д 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын сүүл хүртэл жолоочоор ажиллаж байсан. Одоо жолоочоор ажиллахгүй байгаа, цалин мөнгөө өгөхгүй байхаар нь ажлаасаа гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр У.З өөрийнхөө Голомт банкны ...8 дугаарын данснаас 3.000.000, 2.000.000 төгрөгөөр нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ нь миний цалин байгаа юм. Би сарын 2.000.000 төгрөгийн цалинтай гэж тохирсон боловч хааяадаа надад бага багаар мөнгө өгдөг байсан ба энэ сүүлд өгсөн 5.000.000 төгрөгөөс өөрөө буцаагаад 3.000.000 төгрөгийг аваад Эрдэнэчулуун гэх хүнд өгсөн...Одоо би өөрөө цалин гэж У.Зас 3.000.000 төгрөг авах ёстой ба түүнийгээ нэхээд өгөхгүй байгаа ...Махны үйлдвэртэй эсэхийг огт мэдэхгүй байна ...Үйлдвэр гээд байгаа нь хаана байдгийг мэдэхгүй ба 1 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаггүй нэг 3 давхар барилга байсан ...” /1хх 26/,

шүүгдэгч У.Зын яллагдагчаар өгсөн “...Би дээрх 60.000.000 төгрөгийг өөрийнхөө Голомт банкны ... дугаарын дансаар шилжүүлэн аваад Гантулгад өгсөн 5.000.000 төгрөгөөс бусдыг нь буюу 55.000.000 төгрөгөөс махны үйлдвэрийн үйлчилгээ, Сонсголонгийн “...” компанийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулагдаж дууссан. Би Боос махны үйлдвэрээ барьж дуусгахад мөнгө хэрэгтэй байгаа гэж хэлээд авсан ...Ли гэдэг хүн дэмжиж махны үйлдвэрийг байгуулж хамтарч ажиллахаар төлөвлөж байсан ...махны үйлдвэр маань одоо огт ажиллахгүй байгаа учир нь дутуу баригдсан ...” /1хх-43-47х/ гэх мэдүүлгүүд,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-106-109х/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Зыг бусдыг хуурч, залилан эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Зын бусдыг хуурч, залилан эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжээс гадна хэргийн үйл баримтыг тоочиж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн техникийн хувьд тохиромжгүй байх тул найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан “...У.Зд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч М овогт Угийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч бусдын 60.000.000 төгрөгийг өөрийн нэр дээр Голомт банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч У.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, залилан эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.МЯГМАРЖАВ