| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 105/2017/0351/Э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 472
З.Г, Д.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 342 дугаар тогтоолтой, З.Г, Д.А нарт холбогдох 201625013347 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаагийн гаргасан дүгнэлтийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт З-ын Г,
2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Д-ны А нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч З.Г, Д.А нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч З.Г, Д.А нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.Г-г 5 жил хорих ял, шүүгдэгч Д.А-г 3 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-аас 71,000,000 төгрөг, шүүгдэгч Д.А-аас 6,000,000 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-аас 71,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.А-аас 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ч.Ө-д 3,500,000 төгрөг, Б.П-д 5,000,000 төгрөг, Ч.Ө-т 3,500,000 төгрөг, Я.С-д 3,500,000 төгрөг, Г.Д-д 10,000,000 төгрөг, З.Б-д 3,500,000 төгрөг, Б.М-д 3,500,000 төгрөг, Л.Б-д 3,500,000 төгрөг, О.С-д 3,500,000 төгрөг, Э.Б-д 3,500,000 төгрөг, Ц.Д-д 3,600,000 төгрөг, Ц.Ю-д 3,500,000 төгрөг, Б.Б-т 7,100,000 төгрөг, Н.С-д 3,100,000 төгрөг, Б.Б-д 7,500,000 төгрөг, Т.Ү-д 9,300,000 төгрөг тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн хүүхдүүд болох Б.А, Б.А, Б.А нарт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Д.А, хохирогч Б.Б, Н.С, Б.Б, Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Д.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс бусадтай бүлэглэн хохирогч Ч.Ө, Ч.Ө, Я.С, Г.Д, Л.Б, Э.Б, Ц.Ю нарын 7 хүнээс 31,000,000 төгрөг залилан мэхлэж авсан гэх холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай”, “шүүгдэгч Д.А-г хохирогч Б.П, З.Б, Б.М, О.С, Ц.Д, Б.Б, Н.С, Б.Б, Т.Ү нарын 7 хүнийг хуурч мэхлэн, нийт 46,100,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй”, “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 1 /нэг/ жил 06 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлалд шийтгэх тогтоолын дугаарыг “308” гэж тэмдэглэснийг “398” болгон өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа гаргасан дүгнэлтдээ “...Д.А, З.Г нарт холбогдох 201625013347 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 28-нд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 12-нд, Улсын дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 22-нд хянан шийдвэрлэсэн байна. Гэтэл эрүүгийн 201625013347 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа Д.А, З.Г нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 17, З.Г нь дангаараа 2017 оны 06 дугаар сарын 30, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд нэр бүхий иргэдэд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж бусдыг залилсан гэх хэргийг үйлдсэн байх ба Баянгол дүүргийн прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.А, З.Г нарт холбогдуулан 1705004270077 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Эрүүгийн 1705004270077 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэх үед яллагдагч нарт холбогдох өмнөх шийтгэх тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байдлыг бүрдүүлэх шаардлага үүсээд байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэх журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн үед нэмж нэгтгэх асуудлыг зохицуулаагүй байна. Иймд яллагдагч З.Г, Д.А нарт холбогдох 201625013347 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 342 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох асуудлыг шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Д.А, З.Г нар нь бүлэглэсэн 4, З.Г нь ганцаараа 2 үйлдэлд холбогдон шалгагдаж байгаа болно. Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ял, З.Г-г мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоо шалгагдаж байгаа хэрэг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна. Иймд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.А, З.Г нарт холбогдох 201625013347 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр болжээ.
Гэтэл Д.А, З.Г нарын дээрх шийдвэр гарахаас өмнөх бүлэглэж 4 удаа, З.Г нь ганцаараа 2 удаагийн залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг нотолсон нөхцөл байдал шинээр тогтоогдож прокурор дүгнэлт бичсэн байх бөгөөд энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэж байх үед мэдэгдээгүй байсан болно.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан, ял оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал”-д хамаарч байх тул энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, ялтан Д.А, З.Г нарын ял шийтгүүлээгүй дээрх 6 үйлдлийг нэгтгэж, гэм буруутайд тооцсон тохиолдолд тэдэнд оногдуулах ял, гэмт хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орох үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд прокурорын дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 342 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН