Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 109

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:      Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0015 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: өмгөөлөгч Г.Н,

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.7, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/04 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх захиргааны илт хууль бус актын улмаас Ц.О нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах” шаардлага бүхий Ц.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0015 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Г.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах журмаар гаргасан гомдолдоо миний бие “нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үнэлсэн” талаар бичсэн ч энэ талаар ямар нэг байдлаар дүгнэхгүй байгаа нь магадлал хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нотолсон баримт болон бусад баримт нь хуулийн шаардлага хангаагүй байхад үнэлсэн, нөлөөллийн мэдүүлэгт хариуцагчийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй байна.

5. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/04 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд уг актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсний дагуу илт хууль бусад тооцох үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

8. Нэгэнт 2016 оны Б/04 дүгээр тушаал нь илт хууль бус биш тул уг актын улмаас ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнийг харгалзан шинээр бий болсон Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус бүр нөхөн төлөхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах шаардлагыг хангаагүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцаах ёстой гэж үзэж буй үндэслэл нь /Тодорхойлох хэсгийн 4-т заасан/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй. Тухайлбал, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй талаар хариуцагч маргалгүйгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон, нэхэмжлэгч хариуцагчийн нэмэгдүүлсэн хариу тайлбартай мэтгэлцэх боломжгүй гэж үзсэн бол шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг хүсэлт тавих боломжтой байсан ч уг эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурснаар зөрчил арилсан байна.

10. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг нотолсон баримт нь хуулийн шаардлага хангаагүй байхад үнэлсэн” гэх гомдол нь шүүхийн шийдвэр, магадлалын шийдэлд нөлөөлөхөөргүй.  Харин “хууль бус бусад баримт” гэдэгт чухам ямар баримт хамаарч байгаа, түүнийг шүүх яаж үнэлснээс болж шийдвэрт хэрхэн нөлөөлсөн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодорхой тайлбарлаагүй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т заасан гомдлыг хангах үндэслэлгүй .

11. Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0588 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0015 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ