Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 182/шш2023/01526

 

2023 оны 05 сарын 18 өдөр

 

Дугаар 182/ШШ2023/01526

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоотод байрлах, ЯЖПын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, байр, 21 тоотод оршин суух, Д.Р-д холбогдох,

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: АИ ХХК-д хууль бусаар учруулсан хохиролд 268,116,253.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Д.Р, гэрч Д.Б, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ЯЖП нь хариуцагч Д.Рад холбогдуулан АИ ХХК-д хууль бусаар учруулсан хохиролд 268,116,253.93 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.БВарлуудын ЖКИЛнь АИ ГХО-тай ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. ЖСА болон хариуцагч Д.Р нь уг Компанийг 2006 оны 06 дугаар сарын 14 өдөр үүсгэн байгуулж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус бүр Компанийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг. Компани байгуулагдсан цагаас хойш хариуцагч Д.Р нь Компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 2011 оноос хойш Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр АИ такс ХХК гэх ижил үйл ажиллагаа бүхий ижил нэртэй компанийг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр байгуулж, өөрөө Хувьцаа эзэмшигч болон Гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн байдаг.

 

Улмаар Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн үндсэн хэрэглэгчдийг АИ такс ХХК гэх шинээр хууль бусаар байгуулсан компани руу шилжүүлж авсан. Үүний улмаас Компанид их хэмжээний хохирол учраад байна.

 

1.2. Гүйцэтгэх захирал Д.Р нь өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж, компанийн эрх, ашиг сонирхолын эсрэг үйл ажиллагаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тухайд:

 

Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт заасанчлан Д.Р нь Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд Компанийн тухай хуулийн 84.4 дэх хэсэгт заасанчлан эрх бүхий албан тушаалтан дараах үүргийг хүлээдэг. Тодруулбал:

 

-               хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх (84.4.1);

 

-               үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх (84.4.2);

 

-               компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах (84.4.3);

 

-               шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх (84.4.4) .

-               өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх (84.4.5);

 

-               компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх (84.4.6).

Цаашилбал Компанийн дүрмийн 3.7 дахь хэсэгт ...Захирал нь хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр Монгол улсад аж ахуй эрхлэгч этгээдийн үйл ажиллагаанд буюу Компанийн эрхэлж буй үйл ажиллагаатай ижил төстэй аж ахуй эрхлэгч хуулийн этгээдэд ажил албан тушаал нэгэн зэрэг хавсрахгүй бөгөөд хувийн ашиг сонирхлын үүднээс Компанийн нэрээр гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно...." гэж заасан байдаг. Гэтэл Д.Р нь Компанитай ижил төрлийн буюу програм хангамжийн үйл ажиллагаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр компани үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшиж, тухайн компанийхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь дээрх заалтыг ноцтойгоор зөрчсөөр байна. Д.Р нь тус Компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Компанийн мэдээллийг ашиглан Компанитай ижил үйл ажиллагаа бүхий, төөрөгдөл үүсгэхүйц ижил нэртэй өөр компани байгуулан, харилцагчдийг шилжүүлэн авсан үйлдэл нь эргэлзээгүй өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн, компанийн эрх ашигт үл нийцсэн, үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, компанийн мэдээллийг хууль бусаар хувийн сонирхлын зорилгоор ашигласан явдал байх тул энэ нь Компанийн тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл юм.

1.3. Дээр дурдсанаар Д.Р нь хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар ижил нэртэй компани байгуулсан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-84.4.4-т тус тус заасан эрх бүхий албан тушаалтны үүргээ ноцтой зөрчсөн явдал бөгөөд үүний улмаас компанид бодитой хохирол учраад байна.

Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу Компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр заасан. Үүнд: компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан; хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн; мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй; энэ хуулийн 97 дугаар зүйлд заасан компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй; энэ хуулийн 98 дугаар зүйлд заасан мэдээллийг мэдээлэл авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулан гаргаж өгсөн.

 

Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 дахь хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасан. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт "Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасны дагуу тус компанийн 50% хувьцаа эзэмшигч болох ЖКИЛнь тус компанийн эрх бүхий тушаалтан Д.Рын компанид учруулсан хохирлыг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

 

1.4. Нэхэмжлэгч ЖКИЛХХК-иас хариуцагчид холбогдуулан АИ ХХК-д учруулсан хохирол 1,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 185,770,512 төгрөг нэмэгдүүлж байна. Учир нь нэхэмжлэгчийн тооцооллоор АИ ХХК-ийн борлуулалтаас 46,442,628 төгрөгийн орлого олдог байсан учир хариуцагчийн хууль бусаар АИ ХХК-ийн үйлчлүүлэгчдийг шилжүүлэн авсан АИ такс ХХК нь 2016, 2017, 2018, 2019 онуудад мөн дээрх хэмжээний орлогыг жил бүр олж, нийт 185,770,512 төгрөгийн орлоготой байсан гэж үзэж байна. Иймд дээрх хэмжээний орлогыг АИ ХХК-д учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас нэхэмжилж байна.

 

АИ ХХК нь 2007 оноос эхлэн Бельги улсын Васко хэмээх компанийн хэрэглэгчийг танин баталгаажуулдаг тоног төхөөрөмж, түүнийг дагалдах үйлчилгээг Монгол Улсын арилжааны банкуудад худалдан борлуулах болсон бөгөөд ийм эрхтэй цорын ганц этгээд байсан. 2007 оноос Компани нь Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк, Зоос банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хас банк, Чингис хаан банкуудад дээрх васко үйлчилгээг нийлүүлдэг болсон.

 

1.5. Д.Р нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр АИ ХХК-тай төстэй нэртэй АИ Такс ХХК-г үүсгэн байгуулж АИ ХХК-ийн бүхий л үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэн өөртөө урвуулан авсан. Өнөөдрийг хүртэл дээр дурдсан арилжааны банкууд Васког ашиглаж байгаа бөгөөд үүнийг худалдан борлуулж байгаа компани нь АИ Такс ХХК юм. Өөрөөр хэлбэл 2016 оноос 2019 оны хооронд АИ ХХК нь жил бүр дундажаар 46,442,628 төгрөг, нийт одоогийн байдлаар 185,770,512 төгрөгийн орлогыг алдаж, хохирол учирсан байна.

Иргэний хэрэгт авагдсан арилжааны банкаас ирүүлсэн тодорхойлолт, дансны хуулгаас АИ такс ХХК нь 2020, 2021 онд арилжааны банкуудад васко төхөөрөмж нийлүүлж орлого олсоор буйг олж мэдсэн. Борлуулалтаас (компанийн бусад үйл ажиллагааг оролцуулалгүйгээр) 2020, 2021 онд дунджаар 82,345,741.93 төгрөг (борлуулалтаас 41%-ийн ашигтай ажилладаг гэж үзвэл)-ийн орлого олсон тул тийнхүү орлоготой байсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оноос 2019 оны хооронд 185,770,512 төгрөгийн олох байсан орлого, үүнийг 2020, 2021 онд олох байсан орлого 82,345,741.93 төгрөгөөр нэмэгдүүлж, одоо 2016-2021 онд орох байсан орлого нийт 268,116,253.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

2.Хариуцагч Д.Р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1. Хойн Капитал Инвестмент Лимитедийн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариу тайлбарыг гаргаж байна.

 

Миний бие БВарлуудын ЖКИкомпанитай хамтран АИ ХХК-ийг нийт 100 ширхэг хувьцааг 50/50 хувиар эзэмших, үйл ажиллагаа явуулах хугацаа 10 жил байхаар компанийн дүрэмд заасан.

 

Д.Р миний бие Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж байсан. Тухайлбал 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Өнөөдөр сонинд зар тавьж хурал зарлаж байсан боловч нэхэмжлэгч талаас хуралд оролцдоггүй болно. Түүнээс хойш нэхэмжпэгч шүүхээр эрэн сурвалжлагдаад олдохгүй байсан тул бид цахим шуудангаар хурлын зар хүргэсэн боловч, хуралдаа ирдэггүй болно. Харин Компани байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлнээс хойш, 2009 оноос эхлэн ЖКИЛкомпанийн хувьцаа эзэмшигч Израйль улсын иргэн ЯЖП нь өөрөө компанийн үйл ажиллагаанд саад хийж эхэлсэн ба Гүйцэтгэх захирлын зүгээс үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Тухайлбал хамтарсан компанийн албан ёсны домэйнийг хувьдаа авч, гүйцэтгэх захирал миний албаны имэйл хаягт нууц үгийг сольж, хууль бусаар нэвтэрч, уншиж, албан хаягаар ирсэн имэйлүүдэд Д.Р АИ ХХК-д ажиллахаа больсон тул аливаа хүсэлтээ түүний хувийн мэйлээр илгээнэ үү гэсэн автомат имэйлийг харилцагч байгууллагуудад цацаж эхэлсэн.

 

ЯЖП нь хаана байгаа нь тодорхойгүй болсон тул түүнийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/05096, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00962 дугаар шүүхийн шийдвэрүүдээр эрэн сурвалжлуулж байсан бөгөөд тэрээр 2020 оны 2 сард олдсон болно. Ингэж эрэн сурвалжлуулж, олдохгүй, хуралд ирэхгүй байсан этгээд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй мэтээр гомдол гаргаж байгааг хүлээж авах боломжгүй байна. Түүнчлэн компанид их хэмжээний хохирол учирсан гэсэн боловч яг ямар хохирол учирсан талаар тодорхой нотлоогүй, энэ талаар ямар нэг нотлох баримт байхгүй байна.

 

2.2. Компанийн дүрмийн 1.6-д ...Компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь 10 жил байна... гэж заасан ба хамтарсан компанийн үйл ажиллагаа 2016 онд дуусгавар болсон. Иймд Д.Р миний бие компанийн тухай хууль, хамтарсан компанийн дүрмийг зөрчөөгүй. Тэгвэл нэхэмжлэлд дурдсан 2015 оны 8 дугаар сараас арилжааны банкуудад Васко, түүний дагалдах үйлчилгээг нийлүүлэх болсон үйл ажиллагаа нь хамтарсан компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусгавар болсон үйл явц юм.

 

ЖКИЛкомпани үйл ажиллагаа явуулах хугацаа дүрмийн дагуу дууссаны дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт гомдол гаргаж компанийн гэрчилгээг сунгасан байсныг цуцлуулсан.

 

Иймээс, ЖКИЛимитедийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, баримтаар нотлогдохгуй байна. Хамтарсан компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаа дуусгавар болсон, хамтарсан компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын аж ахуй эрхлэх талаар хориглосон, хязгаарласан заалт байхгүй. Учирсан хохирлын хэмжээг өөр нэг компанийн олсон орлогыг харж, түүнээс олох байсан ашиг нь 41 хувь гэж багцаалдан тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх нь үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. Их БВарлуудын нутаг дэвсгэр олон улсын бизнесийн компанийн акт Бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 7-9, 2-р хх 63-64/

 

3.2.АИ ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх 10-11/

 

3.3.Цахим захидлууд орчуулгын хамт, Компанийн тухай хуулийн хэсгийн орчуулга /1-р хх 72-113, 136-138/

 

3.4. БВарлуудын нутаг дэвсгэр Олон улсын бизнесийн компаниудын тухай акт /3-р хх 58/

 

 

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэр /1-р хх 34-37/

 

4.2.Монгол-Их БВАйлэндын хамтарсан хөрөнгө оруулалттай АИ ХХК-ийн дүрэм /1-р хх 38-40/

 

4.3.Өнөөдөр сонины хуулбар /1-р хх 43-44/

 

4.4.Цахим захидлууд /1-р хх 149-157/

 

4.5.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/5579 дугаартай албан бичиг /1-р хх 185/

 

4.6.АИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол /2-р хх 13-15/

 

4.7.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/01948 дугаартай шийдвэр /2-р хх 105-108/

 

4.8.Виржинийн арлууд албан ёсны мэдээ /орчуулга, 2-р хх 227, 3-р хх 3/

 

4.9.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2354 дугаартай дүгнэлт /3-р хх 159-161/

 

 

 

5.Шүүхээс зохигчийн хүсэлтийн дагуу дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

 

5.1.АИ такс ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм /1-р хх 51-55/

 

5.2. А.Батбаянг гэрчээр асуусан тэмдэглэл /1-р хх 145-146/

 

5.3. Цахим захидалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 163-183, 3-р хх 81-111/

 

5.4.Худалдаа хөгжлийн банк Дансны хуулга /1-р хх 202-228/

 

5.5.Төрийн банк ХХК 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийин 01/6243 дугаартай албан бичиг, Чингис хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн, Хаан банк ХХК 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 50/10967 дугаартай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 50/9667 дугаартай албан бичиг, Хасбанкны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5б/5505 тоот албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 08-нй өдрийн 5в/3593 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/1808 дугаартай албан бичиг, Капитрон банкны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/1878 дугаартай албан бичиг /1-р хх 230-250, 2-р хх 1, 2-р хх 70-71, 2-р хх 136-159, 192, 210-214,

 

5.6.АИ такс ХХК-ийн санхүүгийн баримтууд /3-р хх 172-250/

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1.Хариуцагч Д.Рад холбогдох 2016-2021 онд АИ ХХК-ийн олох байсан орлого нийт 268,116,253.93 төгрөг гаргуулах тухай ЖКИЛтүүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Израйль улсын иргэн ЯЖПын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

2.Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу Д.Р нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд тэрээр компанийн эсрэг үйл ажиллагаа явуулж, Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийг зөрчсөн, сонирхлын зөрчил үүсэхээр бол мэдэгдэх үүрэгтэй байтал энэ үүргээ зөрчиж, компанийн дүрэм, хамтын ажиллагааг зөрчсөн. Манай компани жилд дунджаар 46,428,628 төгрөгийн орлого олдог байсан ба 2016-2021 онд учирсан бодит хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

 

 

3.Хариуцагч нь ЖКИЛнь хоёр захиралтай байх ба ЯЖП нь ЖКИлимитедийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, харилцагчийг яаж төөрөгдүүлсэн талаарх баримт байхгүй, АИ ХХК нь Монгол Улсад ажиллах хугацаа дууссан бөгөөд хугацааг сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад өгсөн боловч өөрсдөө хүчингүй болгуулсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, маргаж байна.

 

 

 

4.Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Д.Рад холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж, одоо 268,116,253.93 төгрөг гаргуулах шаардлагыг шийдвэрлүүлнэ гэж тайлбарласан болно.

 

 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэв. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

 

4.1. ЖКИЛболон Д.Р нь АИ ХХК-ийг 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулж, Бизнес санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, санхүү, нягтлан бодох үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулах чиглэлээр дүрмэндээ зааж, үйл ажиллагаагаа 10 жилийн хугацааанд явуулахаар харилцан тохиролцжээ. /1-р хх 38-41/

 

 

 

Уг компанийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.

 

 

 

4.2. АИ ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь ЖКИЛболон Д.Р байх бөгөөд тэд тус компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг.

 

ЖКИлимитедийн захирлууд нь ЯЖП, Зийв Розенберг /1-р хх6-7/ гэх хүмүүс байх ба харуцагч нь ЯЖПыг тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргаж байсан.

 

 

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ЖКИлимитедийг БВ мужид Олон Улсын бизнесийн компаниар бүртгэсэн гэх баримтыг орчуулж хавсаргасан ба энэ нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн баримт байна. /3-р хх 58/

 

 

 

Энэхүү баримтад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх үзлэг хийж бэхжүүлж авсан тул ЖКИлимитедийг төлөөлөх эрхтэйг нотолсон баримтыг эх хувиар нь гаргуулах шүүгчийн захирамж биелэгдээгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

 

 

Хариуцагч Д.Р нь ЖКИлимитедийг төлөөлөх эрхтэй захирал нь ЯЖП, Зийв Розенберг гэх 2 захирал байх тул ЯЖП нь тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй гэж, харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хоёр захирал хоёулаа компанийг ижил эрхтэй төлөөлнө гэж тайлбарласан.

 

 

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд АИ ХХК-ийг үүсгэн байгуулахдаа ЖКИлимитедийг ЯЖП төлөөлж, хамтын ажиллагааг эхлүүлсэн, АИ ХХК-ийн дүрэмд мөн ЯЖП, Д.Р нар гарын үсэг зурсан, цахим захидлаар ЯЖПтай харилцаж байсан баримтууд хэрэгт авагдсан, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ЖКИлимитедийг төлөөлж ЯЖП нэхэмжлэл гаргасныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.

 

 

 

Иймд түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийв.

 

 

 

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Рыг Компанийн тухай хууль, Компанийн дүрэм зөрчиж, АИ ХХК-тай ижил үйл ажиллагаа бүхий, ижил нэртэй АИ такс ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр үүсгэн байгуулж, АИ ХХК-ийн үйлчлүүлэгч нарыг төөрөгдүүлж, тус компанид орох байсан орлогыг өөр компани байгуулж ашиг олж, компанийг хохироож байна гэж тайлбраласан.

 

 

 

АИ ХХК-ийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 6-д Компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа 10 жил байна гэж заасан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлтэд ...үүсгэн байгуулах тухай гэрээний 15 дугаар зүйлд хамтарсан компани, түүнийг байгуулсан өдрөөс 10 жил үйл ажиллагаа явуулна. Хэрэв аль нэг тал гэрээний хугацаа сунгахыг хүсвэл энэ тухай нөгөө талдаа гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 6 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан-ыг дурджээ. /3-р хх 159-161/

 

 

 

АИ ХХК-ийг 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх ба компанийн дүрэмд дээрх албан бичигт зааснаар 10 жилийн дараа буюу 2016 онд үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан байна.

 

 

 

Ингээд хугацаа сунгах бүртгэл хийлгэсэн боловч бүртгэлийг хожим Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх дүгнэлтээр хүчингүй болгосон байна.

 

 

 

4.4.АИ ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусах хугацаанд хариуцагч Д.Р нь АИ такс ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүргүүлжээ. /1-р хх 51/

 

 

 

АИ такс ХХК нь бизнессийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан байх ба Васко төхөөрөмжийг банкуудад нийлүүлсэн талаарх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

 

 

Гэвч АИ ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа нэгэнт дууссан байх тул АИ такс ХХК-ийг Васко төхөөрөмжийг бусдад нийлүүлж, орлого олсон үйлдлийг Компанийн тухай хууль зөрчсөн, дүрэмд заасан ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан, АИ ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 

 

Иймд ЖКИлимитедийг төлөөлж, гүйцэтгэх захирал ЯЖПын Д.Рад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

 

 

4.5. АИ ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан, сунгагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул АИ такс ХХК-ийг Васко төхөөрөмжийг банкиудад нийлүүлж, орлого олсон гэх үндэслэлийг нотлохоор нэхэмжлэгч талаас хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй болно. /1-р хх, 2-р хх 134-159, 190-191, 210-214, 3-р хх 172-250/

 

 

 

4.6. Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан "ЯЖП нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцааж өгнө үү" гэх агуулгатай хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэж тайлбарласан. /1-р хх 121-122/

 

 

 

Шүүх нэгэнт иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүссэн үед мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай. Шүүх өмнө энэхүү агуулгаар гаргасан хэд хэдэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох болон нэхэмжлэлийг буцаах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,994,214.71 төгрөг төлж, 337,734 төгрөг илүү төлсөн байх тул илүү төлсөн 337,734 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 1,656,480.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар хариуцагч Д.Рад холбогдох АИ ХХК-д 2016-2021 онд учирсан хохиролд нийт 268,116,253.93 төгрөг гаргуулах тухай ЖКИЛтүүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Израйль улсын иргэн ЯЖПын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,656,480.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 337,734 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ЖКИлимитед-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ