| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/04649 |
| Дугаар | 182/шш2023/01540 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 182/шш2023/01540
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2023/01540
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, Б.Ө -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, хороо, тоотод байрлах, О ХХК ,
Хариуцагч: дүүрэг, хороотоотод оршин суух, У.З -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Захиалгын орон сууцны үнэ 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч М.Ш, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ө нь "О" ХХК-д холбогдуулан захиалгын орон сууцны үнэ 150,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр О ХХК болон гүйцэтгэх захирал У.Зтай гэрээ байгуулж, дүүргийн апартментийн С блокийн тоот, 2 өрөө байрыг худалдаж авахаар тохиролцсон. Төлбөрийн нөхцлийг 2017 онд үйлдвэрлэгдсэн маркийн автомашиныг 74,690,000 төгрөгөөр, үлдэгдэл 24,000,000 төгрөгийг бэлнээр хийсэн. Тухайн гэрээ байгуулснаас хойш 2021 оны 4 дүгээр улиралд тухайн байр ашиглалтад орно гэсэн нөхцлөөр гэрээ байгуулсан. 2021 оны 4 дүгээр улиралд орох ёстой байсан. Ашиглалтад орох хугацаа хойшилж, 2022 оны 6 дугаар сард байр ашиглалтад орж, Улсын комисст хүлээлгэн өгч, оршин суугчид байрандаа орсон. У.Зтай холбогдоод байр ашиглалтад орсон байна, байрандаа орох гэсэн юм гэтэл манай компани танай байрны төлбөр тооцоо, барилгын материалыг бүрэн гүйцэд өгч чадаагүй байгаа учраас байрыг өгөх боломжгүй байна. Бүх ачаа бараа хил дээр ирсэн гэж хэлээд 3 сарын хугацаа өнгөрсөн. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр надтай уулзаад манайх төлбөрөө бүрэн өгч чадахгүй байгаа учраас тухайн байрны төлбөрийг бэлэн мөнгөөр гаргаж өгнө, орон сууцны гэрээг цуцлах тухай акт үйлдэж, захиалгын орон сууцны гэрээний төлбөр барагдуулах акт үйлдэж, нийт 150,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны дотор 70,000,000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 80,000,000 төгрөгийг миний дансанд хийж барагдуулна гэж тохиролцсон. Үүнээс хойш надад нэг төгрөг ч өгөөгүй. Би одоо орох байргүй явж байна.
1.2.У.З нь О ХХК-ийн захирал бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар компанийн хөрөнгө зааглагдаагүй гэх үндэслэлээр захирал У.Зг хариуцагчаар татсан.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар У.З болон О ХХК-аас өөрт учирсан хохирол болох 150,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
2.Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Манай О ХХК нь ДТЧ ХХК-тай 2021 оны 02 сард Бараа материал нийлүүлэх гэрээ хийсэн. ДТЧ ХХК нь гэрээний зарим төлбөрт өөрийн хэрэгжүүлж байсан төслөөс дүүргийн хороо апартмент хотхоны давхарт байрлах 53,35 м.кв орон сууцыг 98,690,000 төгрөгөөр тооцон орон сууц захиалгын гэрээ-ээр манай компанид шилжүүлэн өгсөн.
Бид уг орон сууцыг иргэн Б.Өод бэлэн төлөлт 24,000,000 төгрөг, маркийн авто машиныг 74,690,000 төгрөгөөр тооцон орон сууц захиалгын гэрээ-ээр арилжсан болно. Гэвч тухайн үед ковид-19 цар тахалтай холбоотой БНХАУ-ын хил гааль, тээвэрлэлт хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн. Үүний зэрэгцээ тээвэрлэлтийн үнэ, ханшын өсөлт бараа материалын үнэ 3 дахин өсөж манай компанийн нөхцөл байдал хүндэрсэн.
Гэвч бид гэрээний үүргээ биелүүлэхийг чухалчилж цаг хугацаандаа амжаагүй ч ДТЧ ХХК-д 700 сая гаруй төгрөгийн бараа материал нийлүүлэлт хийж 90,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа билээ. Үүнээс үүдэн Орон сууц захиалгын гэрээ-ээр манайд шилжүүлсэн өгсөн Баянзүрх дүүрэгийн 22 дугаар хороо Дэлгэрэх апартмент хотхоны С блок 3 дугаар байр 7 давхарт байрлах 53,35 мкв орон сууцыг иргэн Б.Өод шилжүүлэхээр татгалзсан. Бид нөхцөл байдлыг аль болох аль аль талдаа хохиролгүй гарц гаргалгаа олохыг хичээж өөрийн компанийн хүнд байдлыг үл харгалзан иргэн Б.Өын нэхэмжилсэн 150,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж акт үйлдсэн. Гэвч өдөр ирэх тусам манай компанийн үйл ажиллагаа доголдож бид хүнд байдалд байгаа тул иргэн Б.Өод анхны хүлээж авсан 98,690,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна.
2.2.нэхэмжлэгч нь хоёр хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь ойлгомжгүй байна. Гэрээ цуцалсан бол өгсөн авсанаа буцаадаг тул 98,690,000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрнө.
Иймд Б.Өын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2183 дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ /хх3-5/
3.2.ДТЧ ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/92 дугаар Зөвшөөрөл олгох тухай албан бичиг /хх6/
3.3.2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ /хх7-11/
3.4.2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар Захиалгын орон сууцын гэрээний төлбөр барагдуулах акт /хх12/
3.5.Б.Өын иргэний үнэмлэхийн хуулбар /хх13/
3.6.Хаан банк ХХК-ийн 2023 он 04 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хх75/
3.7.Шилжүүлгийн мэдээлэл /хх76/
3.8.2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаар Захиалгын орон сууцын гэрээг цуцлах акт /хх77/
3.9.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх78/
4.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
5.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
5.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9/2771 дугаар албан бичиг бүхий О ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа болон дүрэм /хх62-68/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч О ХХК-иас 150,000,000 төгрөг гаргуулж, Б.Өод олгож, У.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Б.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр О ХХК-тай Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.Хариуцагч О ХХК нь гэрээ цуцалсан бол өгсөн авсанаа буцаадаг тул гэрээний үндсэн төлбөр болох 98,690,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй, үлдсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.О ХХК болон Б.Өын хооронд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок, 7 давхар, 3 байр, D тоотод байрлах, 53,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц захиалагчийн эрхээ Б.Өод 98,690,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Уг гэрээний төлбөрт нэхэмжлэгч Б.Ө нь Mazda CX-9 маркийн тээврийн хэрэгслийг 74,690,000 төгрөгөөр тооцож, 24,000,000 төгрөгийг У.Згийн дансанд шилжүүлсэн байна. Дээрх гэрээний төлбөр бүрэн төлсөн талаар талууд маргаагүй. /хх 3, 6, 75-78/
4.2.Хариуцагч О ХХК нь дээрх гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр талууд харилцан тохиролцож, гэрээг цуцалж, гэрээний үнийн дүнг одоогийн байрны м.кв ханшаар буюу 2,811,621 төгрөгт тооцож, нийт 150,000,000 төгрөгийг Б.Өод О ХХК нь буцаан олгохоор харилцан тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 05 дугаартай Захиалгын орон сууцын гэрээний төлбөр барагдуулах акт нэртэй хэлцэл хийжээ. /хх 12/
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж тус тус заасан.
Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан ба шүүх дээрх заалтын дагуу талууд харилцан тохиролцож, анхны гэрээгээ цуцалж, төлбөр тооцооны талаар дахин хэлцэл хийсэн байна гэж дүгнэж, дээрх гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж үзэв.
Уг хэлцлийг О ХХК нь Б.Өтой байгуулсан байх тул 150,000,000 төгрөгийг О ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч У.З нь дээрх гэрээний хувьд Б.Өын өмнө хүлээх үүрэггүй бөгөөд нэхэмжлэгч талын захирал У.З нь О ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд түүний хөрөнгө компанийн хөрөнгөтэй холилдсон гэх үндэслэлээр У.Зг хариуцагчаар татсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд У.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг өөрийн эзгүйд үргэлжлүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч О ХХК-иас 907,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар О ХХК-иас 150,000,000 төгрөг гаргуулж, Б.Өод олгож, У.Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Өоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2022/15873, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2023/05266 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.