Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000229 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* РД:*******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЗШ/503 дугаартай шүүхийн шийтгэврээр 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,38 хувийн промильтой үедээ 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамар толгой хорооллын 1 дүгээр гудамжинд ******* улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Мөн яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын ******* 5 дугаар баг хүрээ гудамжны 10 тоотод байх гэртээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг хардалтын улмаас тэлээгээр болон гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна..гэх мэдүүлэг/хх-ийн 82, 173/,

Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 01 цагийн үед манай нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ орж ирээд надаас хэрүүл гуйгаад яваад байхаар нь би унт гэж хэлээд би орондоо ороод унтсан. Тэгтэл миний хажуугаар хувцсаа тайлаад хэвтэж байснаа чи алт зүүсэн баян хүүхэн гэл үү гээд миний чихнээс зулгаахаар нь болиоч гээд зугтаад гэрээс гарах гэтэл надаас түрүүлж гараад гэрийн үүдэнд зогсоод хаалга руу шавхраад янхан минь гараад ир  гээд орилоод байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан,..нөхөр ******* өөрийнхөө тэлээгээр миний бөгсөн дундуур 1 удаа шавхарч, мөн баруун мөр рүү 1 удаа шавхарсан, гараараа цохисон. Манай охин Солонго аав боль гэж орилоод байсан.Саяхан нэг удаа шүүхээр орсон. Бид хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулсан... Би гомдолтой байна, байнга хэл амаар доромжлоод байдаг болсон. Дандаа харддаг дарамталдаг, шүүхээр баривчлагдаад хашрахгүй байна. Нөхөр ******* нь өмнө байнга хэл амаар доромжилж зодож цохих асуудал гаргаж байсан. Тухайн асуудлыг заримдаа цагдаад өгч шийдүүлдэг байсан, заримыг нь нуугаад өнгөрдөг байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 3-6, 42-43/,

Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн шөнө манай аав ******* нь архи согтууруулах ундааны зүйл уусан байдалтай гэртээ орж ирээд ээжийг муухай үгээр хэлээд чихнээс нь зулгааж босгож ирэхээр нь би боль та гээд болиулсан. Тэгээд ээж рүү дайраад хэрүүл нэхэж байгаад өөрийн бүсээр ээжийн бөгсөн дундуур 1 удаа шавхарч, мөн баруун гарын мөр рүү нь 1 удаа шавхарсан. Тэгээд ээж бид 2 гарах гэтэл гаргахгүй үүдэнд зогсоод хаалга руу шавхраад байсан. Тэгээд манай ээж цагдаа дуудаж өгсөн. ...Би аав ээж хоёрыг салгамаар байна. Манай аав байнга архи ууж гэртээ агсам согтуу тавьж бид нарыг дарамталдаг. Би гэртээ очих дургүй болсон. Намайг аашилж загнаад ээжийг байнга зоддог. Цагдаад өгөхөөр баривчлагдаж гарч ирээд би тэр шоронд чинь суугаад ирлээ дахиад явж болно. Тэр цагдаа надад нөлөөлөхгүй гээд бид нарыг дарамталдаг. ...мэдүүлэг/хх-ийн 11-13/,

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..******* нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр манай эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Зовуурь нь толгой өвдөнө, баруун талын зузаан гуя дагаж өвдөнө, баруун гар өвдөнө гэсэн зовуурьтай орж ирсэн. Баруун талын гуя, өгзөгний доод хэсгээр хөхөрсөн байдалтай мөн баруун мөр хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Өөрөөр шинж тэмдэг илрээгүй. *******ы зовуурь нь ямар нэг зүйлээр шавхардуулсан гэмээр байсан. Өөрөө хэлэхдээ манай нөхөр аралтай тэлээгээр шавхардсан гэж байсан.Намайг үзлэг хийхэд ******* баруун мөр, баруун талын гуя, өгзөгний доод хэсгээр хөхөрсөн байдалтай зодуулсан гэмээр байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 58-59/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..тухайн өдөр Галуут сумын төвд хамар толгойн гудамжинд явж байтал ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэх айлын үүдэн дээрээс мотоцикл удаад хөдлөхөөр нь зогсоож цагдаагийн хэсэг дээр авч ирж хэсгийн цагдаа Г.Сүхцэрэнд хүлээлгэн өгсөн. ******* нь ******* улсын дугаартай мустанг-5 маркийн тээврийн хэрэгслээ жолоодон Хамар толгойн хорооллын дунд гудамжинд байдаг гэдэг айлын ганаас хөдлөөд 100 метр орчим явсан.  Би зогсооход нэлээн согтуу байсан учир цагдаагийн хэсэг дээр авч ирж хэсгийн цагдаа Г.Сүхцэрэнд хүлээлгэн өгсөн. *******од хэсгийн цагдаа Г.Сүхцэрэн согтуурал шалгах багаж үлээлгэхэд 3.38% гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан би хажууд нь хараад зогсож байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 143-144/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 264 дугаартай

1.2.*******ы биед баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 63-64/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №174 дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 99-102/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №419 дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 103-106/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЗШ/503 дугаартай шүүхийн шийтгэвэр/хх-ийн 156- 159/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 75-78, 163-166/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 16-18/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 18-22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 27-32/,  шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 87/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88/, депозит дансны хуулгууд /хх-ийн 91-98/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 127-128/,

 жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 131/,  эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас /хх-ийн 133/, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 135/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 136-141/, мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-22/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-67/, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 12- ны өдрийн №75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 111-117/, прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 49 дугаар... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай... тогтоол / хх-ийн 194-169/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

1/ Шүүгдэгч *******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн тухайд

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЗШ/503 дугаартай шүүхийн шийтгэврээр 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,38 хувийн промильтой үедээ 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамар толгой хорооллын 1 дүгээр гудамжинд ******* улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын ....ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг/хх-ийн 38-39/,

Гэрч гийн...Галуут сумын төвд хамар толгойн гудамжинд ******* нь ******* улсын дугаартай мустанг-5 маркийн тээврийн хэрэгслээ жолоодсон, би зогсооход нэлээн согтуу байсан ,....хэсгийн цагдаа Г.Сүхцэрэн согтуурал шалгах багаж үлээлгэхэд 3.38% гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 143-144/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЗШ/503 дугаартай шүүхийн шийтгэвэр/хх-ийн 156- 159/ жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 131/,  эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас /хх-ийн 133/, тээврийн хэрэгслийг түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 135/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 136-141/, мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-22/  болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын цусан дахь спиртийн агууламж 3.38 промиль гарсан болох нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  хасуулсан  болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЗШ/503 дугаартай шүүхийн шийтгэвэр болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу амьсгал дахь спиртийн агууламж 3,38 хувийн промильтой үедээ 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамар толгой хорооллын 1 дүгээр гудамжинд ******* улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.              

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

2/ Шүүгдэгч *******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын ******* 5 дугаар баг хүрээ гудамжны 10 тоотод байх өөрийн гэртээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг хардалтын улмаас тэлээгээр болон гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын .... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг/хх-ийн 82-83/

Хохирогч *******ы... өөрийнхөө тэлээгээр миний бөгсөн дундуур 1 удаа шавхарч, мөн баруун мөр рүү 1 удаа шавхардсан, гараараа цохисон.... гэх мэдүүлэг/хх-ийн 3-6, 42-43/,

Насанд хүрээгүй гэрч *******гийн... аав ******* нь архи согтууруулах ундааны зүйл уусан байдалтай гэртээ орж ирээд ээжийг муухай үгээр хэлээд чихнээс нь зулгааж босгож ирэхээр нь би боль та гээд болиулсан,...өөрийн бүсээр ээжийн бөгсөн дундуур 1 удаа шавхарч, мөн баруун гарын мөр рүү нь 1 удаа шавхарсан. Тэгээд ээж бид 2 гарах гэтэл гаргахгүй үүдэнд зогсоод хаалга руу шавхраад байсан,...ээжийг байнга зоддог... гэх мэдүүлэг/хх-ийн 11-13/,

Гэрч *******ы“... баруун талын гуя, өгзөгний доод хэсгээр хөхөрсөн байдалтай мөн баруун мөр хөхөрсөн хавдсан байдалтай байсан,... ямар нэг зүйлээр шавхрдуулсан гэмээр байсан, өөрөө хэлэхдээ манай нөхөр аралтай тэлээгээр шавхарсан гэж байсан. ...намайг үзлэг хийхэд Цэцэгсайхан баруун мөр, баруун талын гуя, өгзөгний доод хэсгээр хөхөрсөн байдалтай зодуулсан гэмээр байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 58-59/,

Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 264 дугаартай...*******ы биед баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 63-64/ болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг хардалтын улмаас хэрүүл маргаан үүсэж хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ы...биед баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 63-64/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч шүүгдэгч *******, хохирогч  ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Шүүгдэгчийн уур бухимдлаа барьж дийлэхгүй хохирогчтой  зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч ******* нь урьд нь эхнэр *******ыг зодож, түүний биед халдаж зэргээр гэр бүлийн хүчирхийлэл шинжтэй үйлдэл хийж, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 174 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж байжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал байхгүй болсон  тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *******оос нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3, 2.4-т заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах..дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус  гаргажээ..

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар /гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ , хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж шүүхээр удаа дараа шийтгүүлж шийтгэл оногдуулсан байхад дахин уг зөрчлүүдийг  гаргасан, өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгдөггүй, шүүх таслан ажиллагаанд саад учруулсан бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас албадан авчруулсан, прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №868  дугаар  шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд   2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт нэг хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.4-т....гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарах зардал...гэж хуульчилсан.

Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №868  дугаар  шүүгчийн захирамжийн дагуу шүүгдэгч *******ыг шүүхэд албадан ирүүлэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн болон Хэв журмын тасагт даалгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгаас Баянхонгор аймгийн  Галуут сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс шүүгдэгч *******ыг хуяглан тээвэрлэн авчирч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цагдан хорих байранд хүлээлгэж өгсөн бөгөөд шүүгдэгчийг албадан ирүүлсэн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 100,000 төгрөгийг  шүүгдэгч *******оос гаргуулж,  Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт олгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метрийн урттай никель төмөр арал бүхий дундуураа 3 эгнээ шар судалтай, цэнхэр өнгийн бүс 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж,

Уг хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2  2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5-т зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, гурван сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг есөн сарын хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан есөн сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******ын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт нэг хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 100,000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метрийн урттай никель төмөр арал бүхий дундуураа 3 эгнээ шар судалтай, цэнхэр өнгийн бүс 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9.Шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                        

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ч.БАЙГАЛМАА