Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/03635

 

 

 

 

 

 

 

 

   2022       12         13                                           182/ШШ2022/03635

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр 0 тоот хаягт байрлах НЭТ ХХК /РД:0000000, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд О.У/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, С гудамж-8, 0 давхар 0 тоот хаягт байрлах ШЗ ХХК /РД:0000000, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.Ү/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч НЭТ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн /ШТҮД-2280/

Хариуцагч ШЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч НЭТ ХХК нь хариуцагч ШЗ ХХК-д холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-нээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “ ...нэхэмжлэгч нь ШЗ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ШЗ ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Номтын амны 10 га талбайд “Аялал жуулчлалын бааз” байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний ажил буюу гэрээний 1.1.1-1.1.4-т заасан ажлуудыг 4.1.1, 4.1.2-т заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, ийнхүү гүйцэтгэхдээ Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт багтааж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ тайланг ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэх, НЭТ ХХК буюу захиалагч нь гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу ажлын хөлс 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 8,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ШЗ ХХК-ийн захирал Ц.О-т бэлнээр хүлээлгэж өгсөн.

Гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дараа Номтын ам гэх газар нь Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаггүй, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болохыг олж мэдсэн учир цаашид Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, тайлан гаргуулах шаардлагагүй болсон учраас гэрээнээс татгалзаж байгаа талаараа гүйцэтгэгч талд утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Иймээс гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.

 

2.Хариуцагч ШЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Номтын амны 10.0 га талбайд Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, түүний Байгаль орчны үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэхээр НЭТ ХХК-тай гэрээ байгуулсан.

Гэрээний 3.1-д заасны дагуу Байгаль орчны үнэлгээг гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээнд заасан болон захиалагчаас тавьсан шаардлагад нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх, мөн гэрээний 4.2-т гэрээний дагуу ажлын хугацаа Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг ерөнхий үнэлгээтэй дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр заасан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.2-т “төсөл хэрэгжүүлэгч гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг хэлнэ”, 9.3-т “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно” гэж тус тус заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны төлөв байдлын тайланг хүргүүлж батлуулах үүргийн хуулиар хүлээсэн болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх үүсдэг. Нэхэмжлэгч НЭТ ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж дээрх хүсэлтийг өгөөгүй ба ерөнхий үнэлгээний дүгнэлт Байгаль орчин аялал жуулчлалын яамаар гаргуулаагүй.

ШЗ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хээрийн судалгаа, хөрсний судалгаа, ургамлын судалгаа, лабораторийн судалгаа, зураглал боловсруулах, тайлан боловсруулах зэрэг байгаль орчны төлөв байдлын тайланг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүрэн дуусгаж, энэ талаар захиалагч талд мэдэгдсэн бөгөөд 2 хоногийн дараа А гэдэг хүн ирж авсан...

... НЭТ ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа талаараа утсаар мэдэгдсэн. Манай компани 8,000,000 төгрөгөөс нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ 3,000,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд 4,000,000 төгрөгийг нь ажил зуучилсан Алтангэрэлд өгсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэв.

 

3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2019.09.23-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” /хх-ийн 3-6 х/,

-2019.09.23-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 7 х/,

-Улсын бүртгэлийн 000000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 8 х/,

-2022.04.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 9 х/,

-2022.04.19-ний өдөр С.Батцэрэнд олгосон итгэмжлэл /хх-ийн 10 х/,

-2022.04.14-ний өдрийн 208 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай” баримт /хх-ийн 111 х/,

-2022.02.24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл /хх-ийн 112-113 х/,

-2022.06.22-ны өдрийн 07/583 тоот Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насанжаргалын “Тодорхойлолт” /хх-ийн 139 х/,

-Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-ийн 140 х/,

-2022.08.31-ний өдрийн С.Батцэрэнг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт /хх-ийн 177 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1. Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан Улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 13 х/,

-2022.05.17-ны өдрийн 35/2022 тоот А.Ц-д олгосон итгэмжлэл /хх-ийн 17 х/,

-2019.10.03-ны өдрийн Шинжлэх ухаан академийн Газарзүй-Геоэкологийн хүрлээнгийн Хөрсний лабораторийн “Хөрсний задлан шинжилгээний дүн” /хх-ийн 20 х/,

-ШЗ ХХК-ийн дүрэм /хх-ийн 21-25 х/,

-2019 оны Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл /хх-ийн 26-44 х/,

-НЭТ ХХК-ийн Богдхан Уулын Дархан цаазат газрын Номтын аманд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны төлөв байдлын тайлан /хх-ийн 45-97 х/,

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ /хх-ийн 147 х/,

-2019 оны Мод үржүүлгийн газар байгуулах төсөл /хх 2-ын 11-24 х/ зэрэг баримтуудыг,

 

3.2.Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн 2022.11.11-ний өдрийн 182/ШЗ2022/14533 дугаартай шүүгчийн захирамжаар,

-2022.11.16-ны өдрийн 22/830 тоот “ОНДО” ХХК-ийн “Тодорхойлолт” /хх-ийн 229 х/,

-2022.11.17-ны өдрийн 05-01/9730 тоот “Юнител” ХХК-ийн “Тодорхойлолт” /хх-ийн 230 х/,

-2022.11.18-ны өдрийн 4/9972 тоот “Мобиком корпораци” ХХК-ийн “Тодорхойлолт” /хх-ийн 232 х/,

-2022.11.16-ны өдрийн 01/9128 тоот “Жимобайл” ХХК-ийн “Тодорхойлолт” /хх-ийн 234 х/,

-2022.11.25-ны өдрийн 10/10142 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Лавлагаа” /хх-ийн 243 х/,

-2022.11.22-ны өдрийн 22/19044 тоот “Скайтел” ХХК-ийн “Тодорхойлолт” /хх-ийн 245 х/, зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч ШЗ ХХК-иас 8,000,000 төгрөг гаргуулан НЭТ ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч НЭТ ХХК нь хариуцагч ШЗ ХХК-д холбогдуулан талуудын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2.1.Богдхан уулын дархан цаазат газрын Номтын амны 10 га талбайд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний ажлыг хийлгэхээр гэрээ байгуулагдснаас хойш 3 хоногийн дараа “Номтын ам” нь Улаанбаатар хотын Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд хамааралгүй, Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг болохыг мэдээд гэрээнд заасан утасны дугаараар нь залгаж гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн учраас ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч ШЗ ХХК нь ажлын хөлс 8,000,000 төгрөгөөс гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ 3,000,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд 4,000,000 төгрөгийг нь ажил зуучилсан Алтангэрэлд өгсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ” /хх-ийн 3-6 х/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 7 х/, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 8 х/, “Хөрсний задлан шинжилгээний дүн” /хх-ийн 20 х/, “Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл” /хх-ийн 26-44 х/, НЭТ ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Номтын аманд аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны төлөв байдлын тайлан” /хх-ийн 45-98 х/, Төв аймгийн газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 6 дугаар сарын 22 ны өдрийн 07/583 тоот албан бичиг /хх-ийн 139 х/, “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” /хх-ийн 140 х/, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ” /хх-ийн 147 х/, зохигчийн тайлбар, зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Номтын амны 10 га талбайд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.1-1.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2.-т тус тус заасны дагуу хариуцагч ШЗ ХХК /гүйцэтгэгч/ нь   

а/ Төсөл хэрэгжих талбайн өнөөгийн төлөв байдлыг тодруулах хээрийн судалгааг хийх,

б/ Хээрийн судалгаагаар авсан дээжинд задлан шинжилгээ хийж дүнд боловсруулалт хийж тайлагнах,

в/ Байгаль орчны төлөв байдлын тайлан боловсруулах,

г/ Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэдгээний тайлан боловсруулж батлуулах ажлыг хийлгэх,

д/ Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт багтааж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ тайланг ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэх,

-нэхэмжлэгч “Номтын эх трэйвел” /захиалагч/ ХХК нь ажлын хөлс 8,000,000 төгрөгийг гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 3-6 х/

4.2.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2.а.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан.

 

4.3.Талууд хэн аль нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Номтын амны 10 га талбайд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний ажлыг хийх гүйцэтгэхээр “Хамтран ажиллах гэрээ”  байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, ажлын хөлс 8,000,000 төгрөг төлөгдсөн, гэрээ цуцлагдсан талаар маргаагүй учраас энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

4.4.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан.

 

4.4.а.Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

4.4.б.Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.

 

4.4.в.Үүнээс үзвэл “Номтын ам” нь Улаанбаатар хотын Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд хамааралгүй Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг үндэслэлээр гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх боломжгүй болсонд ажил гүйцэтгэгч буюу ШЗ ХХК-ийг буруутгах боломжгүй ч гэрээ цуцлагдсанаар энэ өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хувьд гэрээ хүчинтэй хэвээр байх бөгөөд ажил гүйцэтгэгч зөвхөн гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

4.4.г.Хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэл гэрээнд заасан ажлыг хийх явцад 3,000,000 төгрөгийн зардал гарсан, үлдэх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр Б.А-д өгсөн гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

 

4.4.д.Хариуцагчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2022/07980 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд гэрчээр Б.А-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн.

 

4.4.е.Гэрч Б.А-ийг шүүхэд ирүүлэхээр хариуцагчийн тодорхойлсон хаягийн дагуу Х дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр 0 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлэхэд “Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 197 х/ ирсэн.

 

4.4.ё.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.А-ийн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, “Иргэний үнэмлэхийн лавлагаа”-н дээрх Х дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хэсэг, СКЭ 0 байр 0 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлэхэд “Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 244 х/ ирсэн учраас шүүхээс хариуцагчид гэрчийн хаяг, мэдээллийг дахин тодруулж өгөхийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2022/15529 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар даалгаж шийдвэрлэсэн.

 

4.4.ж.Гэвч хариуцагч нь гэрч Д.А-ийн хаяг, мэдээллийг шүүхэд дахин тодруулж өгөөгүй бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаан дээр түүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ  татгалзсан болно.

 

4.4.з.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд хариуцагч тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймээс шүүх дээрх үндэслэлээр ШЗ ХХК-иас ажлын хөлс 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НЭТ ХХК-д олгож шийдвэрлэсэн болно.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч ШЗ ХХК-иас 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НЭТ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2-т тус тус зааснаар хариуцагч ШЗ ХХК-иас ажлын хөлс 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НЭТ ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч ШЗ ХХК-иас 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НЭТ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×                                                      Х.ДАШДЭЧМАА