Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2023/02557

 

 

 

 

 

 

 

 

2023       09          14                                               182/ШШ2023/02557

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, ЭБЭК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХШ ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэлт ажлын хөлс, хохирол, алданги нийт 240,885,908 төгрөг гаргуулах, 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж хүлээн авахыг даалгах тухай хэргийг хариуцагчийн гаргасан цахилгааны төлбөр, алданги, хохирол нийт 331,238,582 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Д,

Хариуцагчийн төлөөлөгч Д.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

Гэрч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь хариуцагч ХШ ХХК-тай 2021.11.24-ний өдөр Барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах 24 давхар үйлчилгээ, конторын цутгамал төмөр бетон барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Уг гэрээгээр бид 4,820,835,000 төгрөгийн өртөг бүхий барилгын ажлыг гүйцэтгэх байснаас 994,800,000 төгрөгийн үнэ бүхий барилга угсралтын ажил, бетоны хучилт, нэмэлт галлагаа зэрэг төвөгшил, ажиллагаа ихтэй бетон цутгалтын ажлыг F4 давхар хүртэл хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ захиалагчийн хүсэлтээр консолын нэмэлт ажлыг гүйцэтгэсэн байдаг. Гэтэл хариуцагч ХШ ХХК-иас 2022.05.26-ны өдөр барилгын талбай дээрх ажлыг гэнэт зогсоож, 2022.05.30-ны өдөр товлосон уулзалтаар гэрээг цуцалсан талаар болон АБН ХХК-д барилгын талбайн ажлаа бүрэн хүлээлгэж өгөх талаар мэдэгдсэн. Талууд 2022.06.06-ны өдөр акт үйлдэж 1-3 давхрын ажил, холбогдох баримт бичгийг актаар хүлээлцэж, хуулалт хийгдсэний дараа 4 давхрыг хүлээлцэхээр тохиролцсоны дагуу 2022.08.08-ны өдөр ажил хүлээлцэж тус тус акт үйлдсэн. Улмаар талуудын хооронд байгуулсан 2021.11.24-ний өдрийн барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ захиалагч талын санаачлагаар 2022.05.30-ны өдөр цуцлагдсан болно.

Бидний зүгээс цутгамал төмөр бетон барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ өмнө нь чанаргүй угсарсан байсан цамхагт краныг буулгаж, дахин угсарсантай холбоотой зардал буюу тоног төхөөрөмжийн төлөгдөөгүй үнэ, захиалагчийн шаардлагаар гэрээнд тусгагдаагүй F1.5 давхрын консолын нэмэлт ажлын төлбөр, барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийн тулд зөвхөн энэ барилгад хэрэглэх босоо арматурын холбогч муфьтыг БНХАУ-аас захиалан авчирсан гээд нийт 213,628,000 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан байна. 2021.11.24-ний өдрийн барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтад гэрээг цуцалсны дараа гүйцэтгэгч нь хийсэн ажил, талбайд буулгасан материал, тоног төхөөрөмжийн төлөгдөөгүй үнийн дүнг нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Иймд бид хариуцагч компаниас гүйцэтгэсэн ажлын төлбөр, материал, тоног төхөөрөмжийн гарсан зардал болон захиалагчийн барилгын ажилд зориулан захиалсан муфьтыг барилгын талбайд буулгаж төлбөрийг төлөх талаар 2022.06.08-ны өдөр, 2022.07.05-ны өдрийн албан тоотоор тус тус хүргүүлж, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хамтарсан уулзалт хийх хүсэлтийг 5 удаа мэйлээр хүргүүлж шаардсан ч хариуцагч компани нь АБН ХХК-д муфьтыг нийлүүлэх тохиролцоогоо өөрсдөө хий бид хариуцахгүй гэх зэргээр өөрөөсөө зайлуулж, ирсэн байгаа бараа материалыг барилгын талбайд хүлээж авах, үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж байна. Уг арматур холбогч муфьт нь зөвхөн хариуцагч компанийн захиалсан хийцлэл бүхий олон давхар барилга барихад ашиглагддаг, манай компанийн хэрэгжүүлж буй өөр бусад барилгад ашиглагдахгүй, захиалагчийн барилгын ажлыг гүйцэтгэх шаардлагаар БНХАУ-аас захиалан оруулж ирсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3, 7.4 дэх заалтуудын дагуу гүйцэтгэгч нь захиалагчид ирсэн материал, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, захиалагч талаас материал, тоног төхөөрөмжийг хүлээж авах үүрэгтэй тул хариуцагч ХШ ХХК нь үнийг төлж авах ёстой.

Түүнчлэн гэрээний 2 дугаар хавсралтаар талууд санхүүжилтийн хуваарийг тохиролцсон бөгөөд эхний санхүүжилт 377,022,000 төгрөгийг 2021.11.29-ний өдөр гүйцэтгэх ёстой байсан боловч 12 сарын 06-ны өдөр буюу 7 хоног хоцроосон. 2 дахь санхүүжилт 617,799,000 төгрөг нь 2022.01.20-ны өдөр хийгдэх ёстой байсан боловч 2022.02.16-ны өдөр 200,000,000 төгрөг, 2022.03.07-ны өдөр 417,799,000 төгрөг тус тус төлөгдсөн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцлийн 8 дахь заалтад төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд алданги төлөх буюу “Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцүү дүнгээр алданги тооцно” гэж заасан. Хариуцагч ХШ ХХК нь эхний санхүүжилтийг хугацаандаа төлөөгүй ба 377,022,000 төгрөгөөс нэг өдрийн 0.1%-иар алданги тооцоход 377,022 төгрөг, 7 хоногийн алданги 2,639,154 төгрөг, хоёр дахь санхүүжилт хугацаандаа төлөөгүй 617,799,000 төгрөгөөс нэг өдрийн 0,1%-иар тооцоход 617,779 төгрөг, 27 хоногийн алданги 16,680,573 төгрөг болж байна. Уг санхүүжилтээс 2022.02.16-ны өдөр 200,000,000 төгрөг төлсөн боловч үлдэх 417,799,000 төгрөгийг 2022.03.07-ны өдөр төлж, 19 өдөр хоцроож хийсэн. Хоёр дахь шатны санхүүжилтийн үлдэх дүнгээс 0,1% алданги тооцоход 417,799 төгрөг, 19 хоногоор тооцоход алданги 7,938,181 төгрөг, нийт алданги 27,257,908 төгрөг болж байна.

Иймд цамхагт кран буулгах, дахин угсарсан ажлын зардал 87,082,000 төгрөг, гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил гүйцэтгэсэн ажлын хөлс 18,321,000 төгрөг, гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой БНХАУ-аас захиалан оруулж ирсэн 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтын үнэ 108,225,000 төгрөг, алданги 27,257,908 төгрөг, нийт 240,885,908 төгрөгийг хариуцагч ХШ ХХК-иас гаргуулж, БНХАУ-аас оруулж ирсэн 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж, хүлээн авахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.  

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХШ ХХК нь 2021.11.24-ний өдөр ЭБЭК ХХК-тай барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутагт баригдах үйлчилгээ, конторын зориулалттай 24 давхар барилгын төмөр бетон цутгалт, ус чийгний тусгаарлалт, газар шороо, буцаан дүүргэлтийн ажлыг гэрээнд заасан хугацаа, ажлын графикийн дагуу хийж гүйцэтгэх үүргийг гүйцэтгэгч ЭБЭК ХХК хүлээсэн. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан ба гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийтдээ 994,800,000 төгрөгийг төлсөн. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэхгүй, хугацаа хоцрох, гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол гаргах зэрэг асуудлууд үүссэн ба үүнд барилга угсралтын ажлыг явуулахад мэргэжлийн нарийн технологи шаардагдсан, хийцлэлийн төвөгшил өндөр учраас тогтвортой ажиллах, ур чадвар өндөртэй ажиллах хүчин хомсдолтой байна гэх тайлбарыг өгдөг байсан. Ингээд талууд 2022.05.30-ны өдөр уулзаж гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцож, ЭБЭК ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажил буюу 1-4 давхрын угсралтын ажлыг манайд хүлээлгэж өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.9-д  “тоног төхөөрөмж гэж ажлын үр дүнг бүрдүүлсэн болох бүрдүүлэх машин механизм, тоног, төхөөрөмж, багаж хэрэгслийг ойлгоно”, 3.1-д “гүйцэтгэгч нь ажлыг энэ гэрээнд заасны дагуу зохих ёсоор, хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ, гүйцэтгэгч шаардлагатай бүх тоног төхөөрөмж, материал, ажиллах хүч, түүний удирдлага хяналтаар хангана, гэрээний тусгай нөхцлийн ажлын хүрээ гэсэн хүснэгтэд кран, талбай дээрх зөөвөр, тээвэрт ашиглах машин механизм, өргөх төхөөрөмж, хөрс нягтруулагч, бусад машин механизм, тоног төхөөрөмжүүдийг гүйцэтгэгч хариуцах ба энэ нь гэрээний үнийн дүнд багтсан” гэж харилцан тохиролцож баталгаажуулсан. Энэхүү гэрээний зохицуулалтын дагуу гүйцэтгэгч гэрээт ажлыг гүйцэтгэхдээ кран, түүнтэй холбоотой зардал, кранистын ажлын хөлсийг өөрөө хариуцах үүрэгтэй.

Мөн гүйцэтгэгч нь барилгын ажлыг зургийн дагуу гүйцэтгэсэн ба нэмэлт консолын ажил гээд байгаа нь барилгын зурагт тусгагдсан ажил байсан.  Нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь 1.5 давхрын угсралтын ажлыг 2022 оны 3 дугаар сард хийж гүйцэтгэсэн ба тухайн үед хийсэн ажлын тоо хэмжээ нь гэрээнд заасан 605.16 м.кв-аас 59.16 м.кв-аар нэмэгдсэн талаар бичгээр мэдэгдээгүй, ажлын тоо хэмжээ болон гэрээний үнэд өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байгаагүй бөгөөд захиалагчийн зүгээс 1.5 давхрын угсралтын ажлын гэрээгээр тохирсон үнийг төлсөн байна.  

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4-д гэрээг цуцалсны дараа гүйцэтгэгч нь хийсэн ажил, талбайд буулгасан материал, тоног төхөөрөмжийн төлөгдөөгүй үнийн дүнг нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтыг үндэслэл болгон 10,725 арматур холбогч муфьтын үнийг гаргуулж, барилгын талбайд буулгаж, хүлээн авахыг даалгах нэхэмжлэл гаргасан байх боловч энэ заалтын гол агуулга нь хийсэн ажил, барилгын талбайд буулгасан материалын төлөгдөөгүй үнийн дүнг нэхэмжлэх эрхийг гүйцэтгэгчид олгосон агуулгатай байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болж, гүйцэтгэгч ЭБЭК ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажлаа 2022.06.06-нд хүлээлгэн өгөх үед барилгын талбай дээр байсан барилгын бараа материалыг бүгдийг нь тоолж, хүлээж авах ажлыг зохион байгуулсан бөгөөд эдгээр барилгын талбай дээр байсан бараа материалыг багцаар нь дараагийн гүйцэтгэгч АБН ХХК хүлээн авч, үнийг нь төлж худалдан авсан. Эдгээр барилгын бараа материалын дунд арматур холбогч муфьт байсан бөгөөд 1 ширхэг муфьтыг 9,000 төгрөгөөр тооцон худалдан авсан байдаг. Гэтэл ЭБЭК ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх үед барилгын талбайд байгаагүй, хожим БНХАУ-аас оруулж ирсэн гэх арматур холбогч муфьтыг худалдаж авахыг ХШ ХХК-иас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч өөрт байгаа бараа материалыг өөрийн хүссэн үнээр /зах зээлийн үнээс хэт өндөр үнээр/ худалдан авахыг шүүхээр даалгуулж шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа нь Иргэний хуулийн 189.1, 243.1-д заасантай нийцэхгүй юм.  

Иргэний хуулийн 343.1, 346 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед ажлын хөлсийг төлөхөөр зохицуулсан боловч гүйцэтгэгч талын гаргасан хүсэлтийг үндэслэн гэрээний эхний төлбөрийг ажил эхлэхээс өмнө урьдчилж төлөхийг зөвшөөрсөн. Үүнийхээ дагуу бид эхний 377,022,000 төгрөгийг нэхэмжлэгч нь барилгын талбай дээр ажил эхлэхээс өмнө төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт болох төлбөрийн санхүүжилтийн хуваарьт дараагийн төлбөр 617,799,000 төгрөгийг 2022.01.20-ны өдөр хийхээр заасан, гэхдээ гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “захиалагч тухайн сарын гүйцэтгэл, явцын баталгаажуулалт зэргийг үндэслэн гэрээний тусгай нөхцөлд заасан хуваарийн дагуу санхүүжилтийг олгоно”, 6.3-т “гүйцэтгэгч нь санхүүжилт хүсэхдээ төлбөрийн нэхэмжлэх, захиалагчийн хяналтын багаар баталгаажуулсан явцын актын хамт захиалагчид хүргүүлнэ, захиалагч нэхэмжлэх хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй” гэж тодотгож, энэ нөхцлийг харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт болох угсралтын ажлын графикт зааснаар 1 дүгээр давхрын ажлыг 2021.12.09-ний өдрөөс 2022.01.05-нд дуусгах, 1.5 дугаар  давхрын ажлыг 2022.02.07-ны өдрөөс 2022.02.28-нд дуусгахаар ажиллаж эдгээр ажлын явц, гүйцэтгэлийг захиалагчийн хяналтын багаар баталгаажуулж, төлбөрийн нэхэмжлэхийн хамт өгөх байсан боловч өөрсдөө ажлаа хугацаа хоцорч хийсэн, ажлын гүйцэтгэлийн явц удаан байсан. Өөрөөр хэлбэл нэгдүгээр давхрын ажлын явцын гүйцэтгэлийн актыг 2022.02.15-нд, 2022.02.21, 2022.02.22, 2022.03.07-ны өдрүүдэд хэсэгчлэн хийсэн ажлууд дээрээ гаргаж өгсөн. Энэхүү гаргаж өгсөн ажлын гүйцэтгэлийн явцыг баталгаажуулсан актыг үндэслэн 2022.02.16-ны өдөр 200,000,000 төгрөг, 2022.03.07-ны өдөр 417,800,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний төлбөрийг шилжүүлэхэд манай байгууллагын зүгээс хугацаа хоцроосон асуудал огт байхгүй болно. Иймд ЭБЭК ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2021.11.24-ний өдөр ЭБЭК ХХК-тай Барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ЭБЭК ХХК нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээ, конторын зориулалттай 24 давхар барилгын төмөр бетон цутгалт, ус чийгний тусгаарлалт, газар шороо, буцаан дүүргэлтийн ажлыг гэрээнд заасан хугацаа, ажлын графикийн дагуу хийж гүйцэтгэх, бидний зүгээс төлбөр төлөх үүргийг-хүлээсэн. Нэхэмжлэгч нь анх гэрээ байгуулахдаа өөрийн үндсэн мэргэжлийн инженер техникийн ажилчидтай, ажилчид нь дадлага туршлагатай гэж байсан боловч барилгын ажлын явцад өөрийн үндсэн ажилчид байхгүй, туслах бригад, туслах ажилчид өдрөөр цалинжуулж авдаг нь тодорхой болсон. Гаднаас ирсэн бригад, ажилчид нь дадлага туршлагагүй, өдрийн цалингаа голох, авч чадахгүй зэрэг байдлаас болоод гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэхгүй хугацаа хоцрох, гүйцэтгэсэн ажилд чанарын доголдол гаргах зэрэг асуудлууд үүссэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч дахин ийм асуудал гаргахгүй хэмээн олон удаагийн уулзалтаар амлаж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Ингээд талууд гэрээний үүргийн биелэлт, гэрээний харилцааны асуудлаар хэд хэдэн удаа уулзаж байгаад 2022.05.30-ны өдрийн уулзалтаар гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцож, ЭБЭК ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажил буюу 1-4 давхрын угсралтын ажлыг хүлээлгэн өгч, улмаар ХШ ХХК нь гүйцэтгэгч ЭБЭК ХХК-ийн хийсэн ажлын төлбөр буюу 994,800,000 төгрөгийг гэрээгээр тохирсны дагуу төлсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр барилгын ажлын явцад гарах цахилгааны зардлыг гүйцэтгэгч хариуцна гэж тохиролцсон боловч ЭБЭК ХХК нь 2022.02.01-ний өдрөөс 2022.04.28-ны өдрийн хооронд гарсан 11,872,182.96 төгрөгийг төлөөгүй явсан. Энэхүү төлөөгүй орхисон цахилгааны төлбөрийг цахилгааны холболт хийж, цахилгаанаар хангасан компани нь манай компаниас нэхэмжлээд байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт болох ХШ ХХК-ийн үйлчилгээ, конторын барилгын угсралтын ажлын графикт зааснаар гүйцэтгэгч ЭБЭК ХХК нь 4 давхрын ажлыг 2022.04.23-нд дуусгаж хүлээлгэн өгөх ёстой боловч хугацаа хоцорсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт буюу гэрээний тусгай нөхцөлийн 8 дахь хэсэгт гүйцэтгэлийн хугацаа хоцорсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцүү дүнгээр алданги тооцно гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх хугацаа хоцорсны алданги 42,776,400 төгрөг /2022.04.23-ний өдрөөс 2022.06.06-ны өдөр хүртэлх, 43 хоног*994,800.000*0,1%/ байна.

Нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн гүйцэтгэсэн ажил буюу 1-4 давхрын угсралтын ажилд мэргэжлийн зөвлөх инженерээр дүгнэлт гаргуулахад багана, дам нуруу, хөшүүн ханын арматур хамгаалалтын үегүй угсралтын ажил хийгдэж байснаас үүдэж гарсан бетоны арзайлтууд үүссэн, доголдолтой байна, цаашид эдгээр доголдлыг арилгах шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. Энэхүү барилгын зөвлөх инженерийн дүгнэлтэд туссан ажлын доголдлыг арилгахад 52,600,000 төгрөгийн зардал гаргахаар төсөв гарсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь 1 давхрын бетон цутгалтыг хийхдээ алдаа гаргаж, хэсэг газрыг хөлдөөсөн ажлын доголдол гаргасан бөгөөд энэ доголдлыг буюу 1 давхрын бетоны хөлдөөсөн, хайрагдсан хэсгийг хуулж, хамгаалалтын үе хийж сэргээн засварлах ажлыг АБН ХХК-иар хийлгэхэд 141,000,000 төгрөгийн зардал гаргахаар тооцоо ирүүлсэн. Нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гээд байгаа краны суурийг дараагийн гүйцэтгэгч болох АБН ХХК нь суурь хөрсний үечилсэн нягтралт хийлгүй өвөл угсарсан учир дулаан орж газар гэссэний дараа хөрсөнд суулт өгөх, барилгын давхар дээшлэхэд ачаалал даахгүй эрсдэлтэй, шаардлага хангахгүй гээд суурийг буулгаж, шинээр суурийн ажил хийсэн. Энэ нэмэлт ажлыг хийхэд нийт 82,990,000 төгрөгийн зардал гарсан байна. Иймд нэхэмжлэгч ЭБЭК ХХК-иас цахилгааны төлбөр, алданги, хохиролд нийт 331,238,582 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2021.11.24-ний өдрийн барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн зардлаар батлагдсан зураг төслийн дагуу төмөр бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэрээний тусгай нөхцөлд заагдсаны дагуу цахилгааны төлбөр нь гэрээний үнийн дүнд багтах ёстой боловч захиалагчаас олгогдсон 994,800,000 төгрөгт цахилгааны зардал огт багтаагүй. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ маргаантай холбоотойгоор захиалагч компаниас хийгдсэн санхүүжилтийн зарцуулалтын баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд ажлын гүйцэтгэлд 1,048,722,187.37 төгрөг зарцуулсан нь олгосон санхүүжилтээс 53,922,187.37 төгрөгөөр илүү байгаа юм. Тэгээд ч цахилгааны төлбөр 11,872,182 төгрөгийг хариуцагч байгууллагаас эрх бүхий байгууллагад төлсөн талаарх баримт байхгүй. Эрх бүхий байгууллагын өмнөөс шаардах эрхгүй, хариуцагчийг хохирсон гэж үзэхгүй юм.

Гэрээний 2.8 дахь заалтад захиалагч нь өөрийн хариуцах барилгын материал, тоног төхөөрөмжийг цаг алдалгүй нийлүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, мөн нэмэлт ажлын гүйцэтгэл, захиалагч тал краныг анх буруу угсарч суурилуулснаас түүнийг буулгах, дахин угсрах ажлыг гүйцэтгэсэн болон санхүүжилт хийгдээгүйгээс гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа саатсан. Тиймээс бидний зүгээс хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй учир алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Харин бид барилга угсралтын ажлыг гэрээ болон барилгын тухай Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд чанартай гүйцэтгэсэн. Талуудын хооронд 2021.11.24-ний өдөр байгуулагдсан барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 4.9-д ажлын гүйцэтгэл, гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтын үндэслэн талууд ажил хүлээлцэх акт үйлдэнэ. Уг гэрээнд ажил хүлээлцэх актыг загварыг хавсралтаар батална, ажил хүлээлцэх актыг үндэслэн талууд төлбөрийн үлдэгдлийн тооцоо нийлж, шилжүүлэг хийнэ гэх заалтын дагуу захиалагч талын ерөнхий инженер Ү.Тэлмүүн нь 2022.06.06-ны өдөр F1-F4 хүртэлх давхрын бетон цутгалтын ажил, краны суурийн хамт, 2022.06.08-ны өдөр F4 давхрын бетон цутгалтын ажлыг тус тус шалгаж, ажил хүлээлцэх актаар хүлээн авсан. Тухайн үед бага хэмжээний бетоны арзайлт үүссэн байсныг бид өөрсдөө зассан байдаг. Тэгээд ч ажлыг хүлээлгэж өгөх үед ажлын доголдол огт байгаагүй, бидэнд энэ талаар шаардлага тавьж байгаагүй. Бидний хийсэн ажлыг доголдолтой болохыг эрх бүхий мэргэжлийн байгууллага тогтоосон баримтгүй, энэ асуудлыг ганц зөвлөх инженер гэх хүний албан бичгээр шийдэхгүй бөгөөд төсвийг АБН ХХК гаргасан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрөөсөө бодит зардал гаргасан баримтгүй, хохирсон гэж үзэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ХШ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.24-ний өдрийн Барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ, 2022.06.08, 2022.07.05, 2022.08.09-ний өдрүүдэд ЭБЭК ХХК-иас ХШ ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд, арматур холбогч муфьтны хэмжээ, арматур холбосон байдлын харуулсан гэрэл зураг, цамхагт краныг буулгах, угсрах ажлын талаарх ЭБЭК ХХК-ийн санхүүгийн баримт, ЭБЭК ХХК, Тлейхандер энд жение ЗГБХН нарын хооронд байгуулсан 2022.03.30, 2022.06.16-ны өдрүүдийн  кран угсарч буулгах гэрээ, Тлейхандер энд жение ЗГБХН-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнийн санал, 2022.06.08, 2022.08.31-ний өдрүүдийн  ХААН банкны шилжүүлгийн баримт, 2022.03.09-ний өдрийн түрээсийн гэрээ /QTZ кран/, 2022.03.07, 2022.03.21-ний өдрүүдийн бэлэн мөнгөний зарлагын баримт, машин, механизмын болон краны суурийн гүйцэтгэлийн баримтууд /4 хуу/, ажлын гүйцэтгэлийн актууд /6 хуу/, 2022.03.15, 20222.06.08, 2022.02.21, 2023.03.29, 2022.04.04,2022.02.28, 2022.03.07-ны өдрүүдийн ХААН банкны шилжүүлгийн баримт, депозит дансны хуулга, 2021.12.06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 1-1.5 давхрын технологийн байгуулалт /хуулбар/, 2022.06.06-ны өдрийн худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын төслийн 1-4 давхын барилга угсралт болон акт бичиг баримтын хүлээлцэх хуудас /хуулбар/, 2022.08.08-ны өдрийн ажил хүлээлцсэн акт /хуулбар/, ХШ ХХК-ийн захиалгат барилгын гүйцэтгэлийн санхүүжилтийн тайлан тооцоо, ЭБЭК ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын болон төлбөрийн даалгаврын баримтууд /78 хуу+99 хуу/, 2022.03.02, 2022.03.17-ны өдрүүдийн шуурхай хурлын тэмдэглэлүүд, 2022.06.06-ны өдрийн худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын төслийн 1-4 давхрын барилга угсралт болон акт бичиг баримтын хүлээлцэх хуудас /2хуу/, 2022.08.08-ны өдрийн ажил хүлээлцсэн акт, 2023 оны 05 сарын байдлаар баригдаж буй барилгын гэрэл зураг, төлбөрийн болон зарлагын баримтууд /108 хуу/, 2022.06.06-ны өдрийн худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын төслийн 1-4 давхрын барилга угсралт болон акт бичиг баримтыг хүлээлцэх хуудас /хуулбар/, 2022.06.07-ны өдрийн зарлагын баримт /хуулбар/, 2022.08.08-ны өдрийн ажил хүлээлцсэн акт /хуулбар/, цутгамал төмөр бетон бүтэцийн ажил гүйцэтгэсэн акт /эх хувь-66 хуу/ гэсэн баримтуудыг,

 

 

6.Хариуцагч талаас 2022.05.10-ны өдөр ЭБЭК ХХК-иас ХШ ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2022.11.10-ны өдөр АБН ХХК-иас ХШ ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2022.06.27-ны өдрийн худалдан авалтын баримт, ЭБЭК ХХК-иас Алтан бор нуруу ХХК-д 1031 ширхэг муфьт хүлээлгэн өгсөн баримт, 2022.06.07-ны өдрийн зарлагын баримт, 2023.01.19-ний өдрийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэх, тооцоолол, 2023.04.14-ний өдрийн 24 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын дүгнэлт /6 хуу/, ЭБЭК ХХК, АБН ХХК нарын хооронд байгуулагдсан 2023.05.15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /хуулбар/, АБН ХХК-иас ХШ ХХК-д хүргүүлсэн сэргээн засварлах, цамхагт кран суурийг буулгах, суурийн нүх ухах, суурийг дахин хийх зэрэг ажлуудыг хийхэд гарах зардлын задаргаа, краны суурийн явцыг харуулсан гэрэл зураг /4 хуу/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

7.Зохигчдын гаргасан хүсэлтээр Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хотын гаалийн газраас 2023.04.14-ний өдрийн 01/276 дугаар албан бичиг, хариуцагч ХШ ХХК-иас Арчер ХХК-ийн хот төлөвлөлт, барилгын зураг төсөл, ажлын зураг, ХШ ХХК-иас зарлагын болон төлбөрийн баримтууд /13 хуу/, арматур болон бетон шинжилгээний хуудас /32 хуу/, арматур болон бетон зуурмагийн орлого, зарлагын баримт буюу бетон зуурмаг хүлээлцсэн болон насост машины ажил гүйцэтгэсэн баримтууд /424 хуу/-ыг  шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь хариуцагч ХШ ХХК-нд холбогдуулж нэмэлт ажлын хөлс, хохирол, алданги нийт 240,885,908 төгрөг гаргуулах, 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж хүлээн авахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч ХШ ХХК нь нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд холбогдуулж цахилгааны төлбөр, алданги, хохирол нийт 331,238,582 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

          2.1.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээт ажлын явцад өмнө нь чанаргүй угсарсан байсан цамхагт краныг буулгаж, дахин угсарсантай холбоотой нэмэлт зардал гаргасан, захиалагчийн шаардлагаар гэрээнд тусгагдаагүй F1.5 давхрын консолын нэмэлт ажлыг хийсэн байхад төлбөрийг төлөөгүй, барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийн тулд зөвхөн тухайн барилгад хэрэглэх босоо арматурын холбогч муфьтыг БНХАУ-аас захиалан авчирч өөрөөсөө зардал гаргасан байхад хариуцагч нь гэрээнд заасны дагуу хүлээн авч, төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж байгаа, түүнчлэн гэрээт ажлын хөлсийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй учир өөрт учирсан хохирол, алдангийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч тал ажлыг гүйцэтгэхдээ кран, түүнтэй холбоотой зардал, кранистын ажлын хөлсийг өөрөө хариуцах үүрэгтэй, нэмэлт консолын ажил анхнаасаа барилгын зурагт тусгагдсан байсан, ажлын тоо хэмжээ нэмэгдсэн талаар манайд бичгээр мэдэгдээгүй, гэрээний үнэд өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байгаагүй бөгөөд бид 1.5 давхрын угсралтын ажлын хөлсийг төлсөн, гэрээ дуусгавар болж барилгын талбайг хүлээлцэх үед тухайн барилгын талбайд байсан бараа материалыг дараагийн гүйцэтгэгч АБН ХХК хүлээн авч, үнийг нь төлсөн, энэ үед нэхэмжлэгчийн яриад байгаа 10,725 ширхэг муфьт барилгын талбайд байгаагүй, гэрээ дуусгавар болсноос хойш авчирсан муфьтыг биднийг хүлээн ав гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй, бидний зүгээс санхүүжилт хоцроосон удаа байхгүй, харин ч санхүүжилтийг урьдчилан өгсөн бөгөөд гэрээнд заасны дагуу ажлыг хүлээлцэж, нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэх ирсний дараа төлбөрийг төлж байсан учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

2.2.Зохигчдын хооронд 2021.11.24-ний өдөр барилгын төмөр бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “ХШ ХХК-ийн үйлчилгээ, конторын барилга” төслийн 24 давхар барилгын төмөр бетон цутгалт, ус чийгний тусгаарлалт, газар шороо, буцаан дүүргэлтийн ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, гэрээний хавсралтад заасан шаардлагад нийцүүлэн 2021.12.09-ний өдрөөс 2022.11.22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч ХШ ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсөнд НӨАТ багтсан дүнгээр 4,820,835,000 төгрөгийг хуваарийн дагуу нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжид нийцэж байна.

 

Дээрх гэрээний 2, 3 дугаар зүйл, гэрээний тусгай нөхцөл, ажлын хүрээнд заасны дагуу нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь гэрээний үнэд багтсан хэв хашмал, тулаас, муфьт, кран, машин механизм, тоног төхөөрөмжийг өөрөө хариуцаж, барилгын бэлтгэл ажлыг графикийн дагуу 2021.12.02-ны өдөр эхлүүлж, улмаар барилга угсралтын ажил болох баганын арматурчлал, муфьт холболт, хөшүүн цөм, шат, бетон цутгалтын ажлыг батлагдсан зургийн дагуу 1 дүгээр давхраас ** дүгээр давхар хүртэл хийж, уг ажлыг тухай бүр буюу 2021.12.30-ны өдрөөс 2022.05.24-ний өдрийг хүртэл хариуцагч ХШ ХХК-ийн инженерүүдэд хүлээлгэн өгч, гүйцэтгэсэн ажлын актуудыг үйлдэж байснаас гадна хариуцагч ХШ ХХК-ийн хүсэлтээр буюу зөвшөөрснөөр 1,5 давхрын 59,16 м.кв консолын ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн болох нь 2022.06.06-ны өдрийн актаар тогтоогдсон бөгөөд тус актын тайлбар хэсэгт “гэрээнд ороогүй консолын 59,16 м.кв ажил хийгдсэн” гэж бичигджээ. Энэ нь хариуцагч ХШ ХХК тухайн үедээ гэрээний үнэд ороогүй нэмэлт ажлыг нэхэмжлэгч ЭБЭК ХХК-иар гүйцэтгүүлсний илрэл юм.

 

Нөгөө талаар хариуцагч ХШ ХХК нь гэрээний 6 дугаар зүйл, гэрээний тусгай нөхцөл, ажлын хүрээ, барилга угсралтын ажлын төлбөрийн санхүүжилтийн хуваарьт заасны дагуу арматур, бетон зуурмаг /помпын хамт/-ийг хариуцан, бетон зуурмаг, арматуртай холбоотой баримтуудаар бусдаас худалдан авч нийлүүлж байсан, түүнчлэн ажлын хөлсөнд 2021.12.06-ны өдөр 377,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд бэлнээр, 2022.03.07-ны өдөр 417,800,000 төгрөгийг, 2022.02.16-ны өдөр 200,000,000 төгрөгийг дансаар, нийт 994,800,000 төгрөгийг нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд төлсөн байх ба, энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

2.3.Нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь 2022.05.10-ны өдөр 23 тоот “...ажлын явц F4 давхарт явагдаж байгаа ба, гэрээнд заасан графикт хугацаанаас бага зэргийн хоцрогдолтой, энэ нь захиалагч талын санхүүжилт, барилгын хийцлэл, төвөгшил, материалын нийлүүлэлт, техник хэрэгслийн угсралт, суурилуулалт,... тогтвортой ажиллах, ур чадвар өндөртэй ажиллах хүчин хомс, босоо хийцлэлийн армартур нь 14 см урттай муфьтээр холбогддог, муфьтын олдоц муу, захиалагч талын бетон, арматур нийлүүлэлтийн хоцрогдол зэргээр шалтгаалж байгаа тул гэрээнд өөрчлөлт оруулж, графикт хугацааг шинэчлэх асуудлыг харилцан ярилцах...”-ыг хүссэн агуулга бүхий албан бичгийг хариуцагч ХШ ХХК-нд хүргүүлсэн байх ба, эндээс гэрээнд заасан хугацааны хоцрогдол нь талуудын хэн алинтай хамааралтай болох нь харагдана.

 

Харин хариуцагч ХШ ХХК нь гэрээний 7 дугаар зүйлд заасан аль нөхцлөөр гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээ цуцлах үндэслэл болсон талуудын хэн алины үүргийн ноцтой зөрчил байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн баримтгүй байх боловч дээр дурдсан нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн гэрээний хугацаа сунгахыг хүссэн албан бичгийн хариуд хариуцагч ХШ ХХК нь 2022.05.30-ны өдрийн хамтарсан хурал дээр гэрээ цуцлах талаар мэдэгдсэнийг нэхэмжлэгч ЭБЭК ХХК хүлээн зөвшөөрчээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид 2022.05.30-ны өдөр гэрээг харилцан тохиролцож цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.3, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар 2022.06.06-ны өдөр гэрээ цуцлах хүртэл хийж гүйцэтгэсэн ажил буюу 1-3 дугаар давхрын барилга угсралтын ажлыг, гэрээнд ороогүй консолын 59,16 м.кв ажил, холбогдох бичиг баримтын хамт, 2022.08.08-ны өдөр ** дүгээр давхрын барилга угсралтын ажлыг, холбогдох бичиг баримтын хамт хариуцагч ХШ ХХК-ийн зөвшөөрснөөр Кэйбридж ХХК-нд ямар нэгэн доголдолгүй, хэвийн байдлаар хүлээлгэн өгсөн болох нь ЭБЭК ХХК-ийн 2022.06.08-ны өдрийн 22/27 тоот албан бичиг, ажил хүлээлцсэн актуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцнэ.

 

Ийнхүү нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар 2022.06.08-ны өдрийн 22/27 тоот, 2022.07.05-ны өдрийн 22/35, 2022.08.09-ний өдрийн 22/36 тоот албан бичгүүдээр хариуцагч ХШ ХХК-иас гэрээ цуцалж, барилгын талбайг АБН ХХК-нд хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор шинээр QTZ160 маркийн цамхагт кран угсарсан, түрээсэлсэн, буулгасан зардалд 87,082,000 төгрөг, F1,5 давхрын гэрээнд ороогүй 59 м.кв консолын /В1 зоорийн давхраас 2 дугаар давхраар тулаас хийсэн/ 18,321,000 төгрөг төлөхийг шаардсан байх боловч үүнд хариуцагч ХШ ХХК нь бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй байна.

 

2.4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс, гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлыг шаардах эрхтэй бөгөөд тэрээр шаардлагаа нэмэлт консолын ажлын хөлс 18,321,000 төгрөг, цамхагт кран буулгах, дахин угсарсан, түрээсэлсэн зардалд 87,082,000 төгрөг, гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн 10,725 ширхэг арматурын үнэ 108,225,000 төгрөг, 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж хүлээн авахыг даалгах, 2021.11.29-ний өдрөөс 2022.01.20-ны өдрийг хүртэл нийт 53 хоногийн алданги 27,257,908 төгрөг гэж задлан тайлбарлав.

 

Нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь гэрээний үнэд ороогүй, 1,5 давхрын 59,16 м.кв нэмэлт консолын ажлыг гүйцэтгэн зохих журмын дагуу хариуцагч ХШ ХХК-нд хүлээлгэн өгсөн талаар дээр нэгэнт дүгнэсэн бөгөөд барилга угсралтын ажлын төлбөрийн санхүүжилтийн хуваарьт зааснаар нэгж үнийг 310,000 төгрөгөөр тооцож 18,339,600 /59,16 м.кв * 310,000 төг/ төгрөгийг хариуцагч ХШ ХХК нь нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд төлөх үүрэгтэй байтал төлөөгүй байна.

 

Хариуцагч ХШ ХХК нь Барилга угсралтын ажлын төлбөрийн санхүүжилтийн хуваарьт зааснаар 1 дүгээр давхар 611 м.кв, нэгж үнэ 310,000 төгрөг, нийт 189,410,000 төгрөг, 1,5 давхар 605,2 м.кв, нэгж үнэ 310,000 төгрөг, нийт 187,612,000 төгрөг, бүгд 377,022,000 төгрөг төлөх ёстой байх бөгөөд энэ мөнгийг 2021.12.06-ны өдөр бэлнээр нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд төлсөн, үүнд нэмэлт ажлын хөлс болох 18,339,600 төгрөг багтаагүй болох нь тогтоогдсон.

 

Иймд хариуцагч ХШ ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 35.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авмагц хөлс төлөх үүргээ мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч ХШ ХХК-иас 18,321,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.5.Харин нэхэмжлэгч талын гаргасан цамхагт кран буулгах, дахин угсарсан, түрээсэлсэн зардалд 87,082,000 төгрөг, гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн 10,725 ширхэг арматурын үнэ 108,225,000 төгрөг, 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж хүлээн авахыг даалгах, 2021.11.29-ний өдрөөс 2022.01.20-ны өдрийг хүртэл нийт 53 хоногийн алданги 27,257,908 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь гэрээт ажлыг хийж байх хугацаанд буюу 2022.03.09-ний өдрийн түрээсийн гэрээгээр иргэн Д.Батсүрэнгээс QTZ160 маркийн, сумны урт 50 метр, даацын дээд хэмжээ сумны уганд 10тн, даацын доод хэмжээ сумны үзүүрт 1,2тн-ын үзүүлэлттэй, 1 ширхэг краныг 2022.12.01-ний өдрийг хүртэл, 1 сарын 12,000,000 төгрөгөөр түрээсэлж, түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг, барьцаанд 12,000,000 төгрөг, хоёр талын тээврийн зардалд 6,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг иргэн Д.Батсүрэнд төлсөн,

2022.03.30-ны өдрийн кран угсарч буулгах гэрээгээр барилгын талбайд Tleihander and jenie /Тлейхандер энд жение/ ХХК-иар QTZ160 маркийн цамхагт краныг угсруулж 10,800,000 төгрөгийг, 2022.06.16-ны өдрийн кран угсарч буулгах гэрээгээр Tleihander and jenie ХХК-иар QTZ160 маркийн цамхагт краныг буулгуулж 9,000,000 төгрөгийг Tleihander and jenie ХХК-нд тус тус төлсөн,

краны суурийн газар шорооны ажлыг иргэн Бүрэнтулгаар гүйцэтгүүлж, түүнд 1,500,000 төгрөг төлсөн, краны суурийн нягтруулалтын ажлыг иргэн Болорсайханаар гүйцэтгүүлж түүнд 300,000 төгрөг төлсөн гэх мэтээр холбогдох ажлуудыг бусдаар гүйцэтгүүлж 87,082,000 төгрөгийн зардал гаргасан гэж тооцсон, түүнчлэн хэрэгт авагдсан төлбөрийн даалгаврын баримтууд, е-баримтуудаар үйл ажиллагааны зардал гаргасан байдал тогтоогдож байх боловч уг төлөлтүүдийн зарим нь компаниас, зарим нь иргэн О.Дашдуламын данснаас хийгдсэн байна.

 

2.6.Нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.7, 3 дугаар зүйлийн 3.1, 3.8, ажлын хүрээний хүснэгтэд зааснаар ажлын шаардлагатай бүх тоног төхөөрөмж, материал хангамж, тэр дундаа хэв хашмал, тулаас, муфьт, кран, машин механизмыг өөрөө хариуцах үүрэгтэй байх ба, үүнтэй холбоотой гарах зардлууд нь гэрээний үнэд багтсан, энэхүү 87,082,000 төгрөгийн зардал, Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн 10,725 ширхэг арматурын үнэ 108,225,000 төгрөг, 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж хүлээн авахыг даалгах шаардлага нь 2022.05.30-ны өдрийн гэрээ цуцалсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй, харин гэрээт ажлын явцад өөрийн хариуцах ёстой, өөрөөс нь гарсан, гэрээний үнэд шингэсэн зардал гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь Бүгд найрамдах Хятад ард улсаас хэзээ, хэнтэй тохиролцож 10,725 ширхэг муфьтыг Монгол улсад оруулж ирсэн нь тодорхойгүй, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2023.04.14-ний өдрийн 01/276 тоот албан бичгээр нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь маргаантай цаг хугацаанд гаалийн ямар нэгэн бүрдүүлэлт хийгээгүй, уг муфьтыг худалдаж авахад зориулж 108,225,000 төгрөгийг хэнд, хэзээ төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байх ба, энэ нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.3, 7.4-т зааснаар тухайн үед хүлээлгэн өгөх ёстой, талбай дээр байсан бараа материал, нийлүүлэх тоног төхөөрөмж биш байжээ. Иймд хариуцагч ХШ ХХК нь муфьтны үнийг төлөх, хүлээн авах үүрэг хүлээхгүй юм.

 

Харин АБН ХХК-ийн 2022.11.10-ны өдрийн 22/01/249 тоот албан бичиг, гэрч, АБН ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Даваанямын мэдүүлгээр АБН ХХК нь маргааны зүйл болсон барилгын талбайг нэхэмжлэгч ЭБЭК ХХК-иас 2022 оны 06 сард хүлээн авахдаа тухайн барилгын талбайд байсан 1031 ширхэг муфьтыг 1 ширхгийг нь 9000 төгрөгөөр тооцож худалдан авсан болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн гаргасан 87,082,000 төгрөгийн зардал, Бүгд Найрамдах Хятад ард улсаас оруулж ирсэн 10,725 ширхэг арматурын үнэ 108,225,000 төгрөг, 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж хүлээн авахыг даалгах шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.7.Гэрээний ** дүгээр зүйлийн 4.6, Гэрээний тусгай нөхцлийн 8 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцүү дүнгээр нөгөө талдаа алданги төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь хариуцагч ХШ ХХК-ийг эхний санхүүжилт болох 377,022,000 төгрөгийг 2021.11.29-ний өдөр төлөх байтал 2021.12.06-ны өдөр төлж 7 хоног хугацаа хэтрүүлсэн, 1 хоногийн алданги 377,022 төгрөг, нийт 2,639,154 төгрөг гэж, 2 дахь санхүүжилт 617,799,000 төгрөгийг 2022.01.20-ны өдөр төлөх байтал 2022.02.16-ны өдөр 200,000,000 төгрөгийг төлж 27 хоног хугацаа хэтрүүлсэн, 1 өдрийн алданги 617,779 төгрөг, нийт 16,680,573 төгрөг гэж, 417,799,000 төгрөгийг 2022.03.07-ны өдөр төлж 19 хоног хугацаа хэтрүүлсэн, 1 өдрийн алданги 417,799 төгрөг, нийт 7,938,181 төгрөг гэж тайлбарлан бүгд 27,257,908 төгрөгийг алдангид шаардсан.

 

Гэрээний 6 дугаар 6.2, 6.3-т зааснаар захиалагч нь тухайн сарын гүйцэтгэл, явцын баталгаажуулалт зэргийг үндэслэн ГТН-д заасан хуваарийн дагуу санхүүжилтийг олгоно, гүйцэтгэгч нь санхүүжилт хүсэхдээ төлбөрийн нэхэмжлэх, захиалагчийн хяналтын багаар баталгаажуулсан явцын актын хамт захиалагчид хүргүүлнэ. Захиалагч нэхэмжлэх хүлээн авснаас ажлын 7 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр барилгын ажлын төлбөрийн санхүүжилтийн хуваарьт зааснаар хариуцагч ХШ ХХК нь 2021.11.29-ний өдөр 377,022,000 төгрөг, 2022.01.20-ны өдөр 617,799,000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч Эйл Би Эйч ХХК-нд олгохоор байх боловч энэ нь түүний хийсэн ажлын гүйцэтгэл, явцын акт, нэхэмжлэх явуулсан цаг хугацаанаас хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл ХШ ХХК нь барилга угсралтын ажлын графикт зааснаар бэлтгэл ажлыг 2021.12.02-ны өдөр эхлүүлж 2021.12.08-ны өдөр дуусгах ёстой байх ба, уг ажлыг 2021.12.30-ны өдөр актаар хариуцагч ХШ ХХК-нд хүлээлгэн өгсөн. Харин энэ үеийн санхүүжилт болох 377,022,000 төгрөг нь 2021.12.06-нд өдөр төлөгджээ.

 

Мөн нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь 1,5 давхрын ажлыг 2022.01.05-ны өдөр дотор дуусгах ёстой байх ба, уг ажлыг 2022.02.15, 2022.02.22, 2022.03.07-ны гэх мэт өдрүүдэд актаар хариуцагч ХШ ХХК-нд хүлээлгэн өгсөн, энэ үеийн санхүүжилт болох 617,799,000 төгрөг нь 2022.02.16-ны өдөр 200,000,000 төгрөг, 2022.03.07-ны өдөр 417,799,000 төгрөгөөр тус тус төлөгдсөн байна.

 

Дээрхээс үзвэл, хариуцагч ХШ ХХК нь санхүүжилт олгохдоо хугацаа хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байх бөгөөд алданги 27,257,908 төгрөгийг гэрээ цуцалсантай холбоотой хохирол гэж үзэхгүй болно.  

 

3.Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

3.1.Хариуцагч тал гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь барилгын талбайд ажиллаж байх хугацааны цахилгааны төлбөрийг төлөх ёстой байтал төлөөгүй, мөн ажлыг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгч байсан, хийсэн ажил нь доголдолтой байсан бөгөөд засварлах шаардлагатай байгаа тул хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ хариуцагч нь цахилгааны төлбөр 11,872,182 төгрөгийг эрх бүхий байгууллагад төлсөн талаарх баримтгүй, түүний өмнөөс шаардах эрхгүй, хариуцагч өөрийн хариуцсан барилгын материал, тоног төхөөрөмж, санхүүжилтийг хугацаа хожимдуулан нийлүүлж байсан, мөн нэмэлт ажлын гүйцэтгэл болон анх буруу угсарч суурилуулсан краныг буулгах, дахин угсрах ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой хугацаа хоцорсон явдалд бид буруугүй, ажлыг хүлээлгэн өгөх үед ямар нэгэн доголдол байгаагүй, тухайн үед үүссэн бетоны арзайлтыг бид засварлаж байсан, бидний хийсэн ажилд доголдол үүссэн болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт байхгүй, хариуцагч өөрөөсөө зардал гаргаагүй учир сөрөг шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Хариуцагч ХШ ХХК нь гэрээ цуцалсантай холбоотойгоор Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол нэхэмжлэгч талаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, эсхүл өөрөө доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлагын аль нэгийг нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд гаргах эрхтэй бөгөөд ийм агуулга бүхий заалтыг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зохицуулсан, тэрээр уг заалтуудын дагуу өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч ЭБЭК ХХК-иас сөргөөр шаардах эрхтэй.

 

3.2.Хариуцагч ХШ ХХК нь гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа цахилгааны төлбөр 11,872,182 төгрөг, алданги 42,776,400 төгрөг, хохирол 276,590,000 төгрөг гэж задлан тайлбарлав.

 

Гэрээний тусгай нөхцлийн 15в-д “захиалагч нь цахилгаан хэрэглэх гаргалгаа гарган, цахилгааны самбарыг зааж өгөх бөгөөд гүйцэтгэгч өөрийн тоолууртай самбар тавих” талаар зохицуулсан байх боловч уг заалтаар цахилгааны төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч ЭБЭК ХХК хүлээгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үндэслэл болгосон Темпланд ХХК-ийн цахилгааны тооцооны баримт, 2023.01.19-ний өдрийн нэхэмжлэхээр нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн тухайн үеийн барилга дээр ажиллаж байхдаа ашигласан цахилгааныг 2022.02.01-ний өдрөөс 2022.03.31-ний өдрийг хүртэл 8427,862 төгрөг, 2022.03.31-ний өдрөөс 2022.04.28-ны өдрийг хүртэл 3,444,320 төгрөг, нийт 11,872,182 төгрөг гэж тооцоолсон байх боловч тооцооны баримтанд эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй, уг цахилгааны төлбөрийг Төрийн эрх бүхий байгууллага бус харин Темпланд ХХК шаардаж байгаа үндэслэл ойлгомжгүй, энэ төлбөрийг хариуцагч ХШ ХХК нь Темпланд ХХК-нд төлж, өөрөөсөө зардал гаргасан байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

3.3.Хариуцагч ХШ ХХК нь нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийг ** дүгээр давхрын ажлыг 2022.04.23-ны өдөр дуусган хүлээлгэн өгөх байтал хугацаа хэтрүүлсэн гэж үзэн гэрээний тусгай нөхцлийн 8 дугаар зүйлд зааснаар гэрээний үнийн дүн болох 994,800,000 төгрөгөөс 0,1%-иас алданги тооцон 2022.04.23-ны өдрөөс 2022.06.06-ны өдрийг хүртэл 43 хоногийн алдангид 42,776,400 төгрөгийг шаардсан.

 

Зохигчид гэрээний тусгай нөхцлийн 8 дугаар зүйлд “гүйцэтгэлийн хугацаа хоцорсон, төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцүү дүнгээр алданги тооцох”-оор тохиролцсон байх боловч нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн гүйцэтгэлийн хугацаа хоцроосон, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тухайлан тодорхойлоогүй байх тул хариуцагч ХШ ХХК нь уг заалтыг үндэслэн нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд шилжүүлсэн 994,800,000 төгрөгөөс 0,1%-иас алданги тооцон шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаар, барилга угсралтын ажлын графикт зааснаар нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь ** дүгээр давхрын барилга угсралтын ажлыг 2022.04.23-ны өдөр хариуцагч ХШ ХХК-нд хүлээлгэн өгөхөөр байх боловч нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь 2022.05.10-ны өдрийн 23 тоот албан бичгээр хариуцагч ХШ ХХК-нд хандаж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацаа хоцорч байгаа шалтгаан нөхцөл нь талуудын хэн алинаас болон дотоод, гадаад нөхцөл байдлаас хамаарч байгааг дурдаж, хугацаа сунгахыг хүссэн байх боловч талууд тохиролцон 2022.05.30-ны өдөр гэрээг цуцалсан талаар шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нэгэнт дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэлийн актаар нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь ** дүгээр давхрын барилга угсралтын ажлыг 2022.05.24-ний өдөр хариуцагч ХШ ХХК-нд хүлээлгэн өгсөн байх боловч ийнхүү графикт хугацаанаас хоцорсон явдалд зохигчдын хэн аль нь буруутай гэж үзэхээр байх ба, 42,776,400 төгрөгийн алданги нь гэрээ цуцалсантай холбоотой хохиролд хамаарахгүй болно.

 

3.4.Хариуцагч ХШ ХХК нь нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 1-4 давхрын барилга угсралтын ажилд доголдол үүссэн, энэ доголдлыг мэргэжлийн зөвлөх инженерийн дүгнэлтээр тогтоосон, бетоны арзайлтыг засварлахад 52,600,000 төгрөг, 1 давхрын бетон цутгалтыг хийхдээ алдаа гаргаж, хэсэг газрын бетон хөлдсөн, хайрагдсан бөгөөд үүнийг засварлахад 141,000,000 төгрөг, хийсэн краны суурь шаардлага хангахгүй байсан учраас АБН ХХК краны суурийг дахин буулгаж, шинээр суурийн ажил хийж 82,990,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлан гэрээний 3.5 дахь заалтыг үндэслэн хохиролд нийт 276,590,000 төгрөгийг шаарджээ.

 

Хариуцагч талын үндэслэл болгосон 2023.04.14-ний өдрийн Монгол улсын зөвлөх инженер Б.Эрдэнэболдын гаргасан 24 давхар худалдаа үйлчилгээний цогцолбор барилгад хийсэн дүгнэлт, хавсралтаас үзвэл тэрээр тэрээр ХШ ХХК-ийн хүсэлтээр Худалдаа, үйлчилгээний цогцолбор ХШ-1 блок барилгын төмөр бетон каркасын 1-ээс ** дүгээр давхрын бүтээцүүдийг шалгасан байх ба, уг шалгалтаар 1-ээс ** дүгээр давхрын багана, дам нуруу, хөшүүн ханын арматур хамгаалалтын үегүй угсралтын ажил хийгдэж байснаас үүдэж гарсан бетоны арзайлтууд үүссэн, тухайн арзайлтуудыг технологийн бус аргаар засварласан байгааг анхаарахыг дурдаж, сэргээн засварлах аргачлалыг зөвлөсөн байх боловч Б.Эрдэнэболд ийнхүү дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдсонгүй. Иймд уг баримтаар нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 1-** дүгээр давхрын барилга угсралтын ажлыг доголдолтой байсан гэж үзэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид ажлыг хүлээлцэх үед ямар нэгэн доголдол байгаагүй талаар шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэсэн, нэхэмжлэгч ЭБЭК ХХК нь бетоны арзайлтыг өмнө нь засварлаж байснаа тайлбарласан, хариуцагч ХШ ХХК нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар ажлыг хүлээн авах үед ямар нэгэн доголдол байсныг илрүүлсэн бол үүнийг засаж залруулах талаар нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд гомдлын шаардлага гаргах эрхтэй боловч гаргаагүй болох нь тогтоогдсон.

 

Тодруулбал, хариуцагч талын үндэслэл болгосон 1 дүгээр давхрын бетоны хайрагдалт, бетоны хуулалт хийж сэргээн засварлах зардал, 1-** дүгээр давхрын сэргээн засварлалт хийхэд гарах зардал, цамхагт кран суурийг буулгах, суурийн нүх ухах, суурийг дахин хийсэн зардал гэсэн тооцооллыг АБН ХХК-ийн инженер Б.Ууганбаяр хийсэн байх бөгөөд уг этгээд нь төсөв зохиох, тооцоо гаргах эрхтэй мэргэжлийн хүн болох нь баримтаар тогтоогдохгүй, эдгээр баримтаар хариуцагч ХШ ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.2, гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар доголдолтой гэх ажлыг бодит байдлаар засварлан өөрөөсөө 276,590,000 төгрөгийн зардал гаргасан байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь гэрээ цуцалсан үйлдэлтэй ямар нэгэн шалтгаант холбоогүй байна гэж дүгнэлээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,590,530 /1,296,290 төг +294,240 төг/ төгрөг, хариуцагч ХШ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,972,100 /431,200 төг + 1,540,900 төг/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХШ ХХК-иас 249,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2., 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6., 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар хариуцагч ХШ ХХК-иас 18,321,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх цамхагт кран буулгах, дахин угсарсан, түрээсэлсэн зардал 87,082,000 төгрөг, 10,725 ширхэг арматурын үнэ 108,225,000 төгрөг, 10,725 ширхэг босоо арматур холбогч муфьтыг барилгын талбайд буулгаж хүлээн авахыг даалгах, алданги 27,257,908 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6., 352 дугаар зүйлийн 352.2.2.-т зааснаар нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд холбогдох цахилгааны төлбөр 11,872,182 төгрөг, алданги 42,776,400 төгрөг, хохирол 276,590,000 төгрөг, нийт 331,238,582 төгрөг гаргуулах тухай хариуцагч ХШ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 56.2.-т зааснаар нэхэмжлэгч ЭБЭК ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,590,530 төгрөг, хариуцагч ХШ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,972,100 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХШ ХХК-иас 249,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭБЭК ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА