Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 126

 

                                                                                                                                                                                                              

                                                                   

                                                                                                                 

                                                                          

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч А.Цэнгэлхүү /QINGKELETU/, шүүгдэгч П.Өлзий /WULUJI/, тэдгээрийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022479 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 17-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан хотын Улаан мод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2; хамтран амьдрагч Ху Вен-ий хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Цоглог хотхон 32-265 тоотод оршин суух, Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял шийтгүүлж байгаагүй гэх, паспортын дугаар Е16485457, Мон овогт Амин-Өндөрийн Цэнгэлхүү / MENG QINGKELETU /

 

2. Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 27-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шинжан ил аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг гэх, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял шийтгүүлж байгаагүй гэх, паспортын дугаар G41950002, Цорс овогт Пүрэвийн Өлзий / PURUXI WULUJI /

 

Шүүгдэгч А.Цэнгэлхүү 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Тулга” зоогийн газарт байрлах караоке-д хувийн таарамжгүй харилцааны улмаас БНХАУ-н иргэн, хохирогч Гүо Вен Лүн /GUO WEN LONG/-ийг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

улмаар тухайн үедээ давтан үйлдлээр, шүүгдэгч П.Өлзийтэй бүлэглэж, “Тулга” зоогийн газарт байрлах караоке-ний үүдний шатан дээр БНХАУ-н иргэн, хохирогч Ма Зен Жун /MA ZHEN JUN/-г зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд,

 

шүүгдэгч П.Өлзий, шүүгдэгч А.Цэнгэлхүүтэй бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Тулга” зоогийн газарт байрлах караоке-ний үүдний шатан дээр БНХАУ-н иргэн, хохирогч Ма Зен Жун /MA ZHEN JUN/-г зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч А.Цэнгэлхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би монгол хэлийг ойлгож мэднэ, монголоор ярьж чадна. Тухайн өдөр Хөхбар, Өлзий бид гурав ажил ярихаар байнга ордог “Тулга” зоогийн газар орсон. Бид нар ярилцаад сууж байтал зөөгч тооцоогоо хий гэхээр нь тооцоогоо хийчихээд 10 минут орчим ярилцаад сууж байхад Гүо Вен Лүн өрөөнд орж ирээд маш ууртайгаар “та нар одоо гар манайх хаалаа” гэж хэлсэн. Би Гүо Вен Лүн-д та яагаад уурлаад байгаа юм бэ гэтэл Гүо Вен Лүн бид нарыг дээр үеийн бүдүүлэг тэнэг монголчууд гэж хэлэхэд нь би уурлаж нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд та ингэж ярьж болохгүй гэж хэлээд, уучлалт гуйгаад одоо эмнэлэг явж үзүүлье гэхэд Гүо Вен Лүн “би зүгээр, ялихгүй зүйл” гэж хэлсэн. Удалгүй Ма Зен Жун ирээд хятад хэлээр надад “ээжийг чинь шаана” гэж хэлээд намайг өшиглөсөн. Гэтэл Өлзий орж ирээд яагаад манай ахыг өшиглөж байгаа юм бэ гээд Ма Зен Жун-ыг цохьсон. Би Гүо Вен Лүн-ийг, Өлзий болохоор Ма Зен Жун-г тус тус зодсон. Бид хоёр бүлэглэж хүн зодоогүй. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч П.Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би бас монголоор ярьж, ойлгоно. Надад орчуулагч авах шаардлага байхгүй. Тухайн өдөр Хөхбаяр, Цэнгэлхүү ах бид гурав "Тулга" зоогийн газарт орсон. Цэнгэлхүү ах бид хоёр архи уугаагүй. Цаг нилээн орой болсон байхаар нь би 120.000 төгрөгийн тооцоо хийчихээд байж байтал Гүо Вен Лүн орж ирээд та нар явах болоогүй юм уу, ямар ядаргаатай юм бэ дээр үеийн бүдүүлэг монголчууд гэж хэлтэл Цэнгэлхүү ах уурлаад, Гүо Вен Лүн-ийг шанаан тус газарт гараараа 1 удаа цохьсон. Гүо Вен Лүн гараад явсан. Бид араас нь гараад Гүо Вен Лүн-ээс эмнэлэг явах уу гэтэл Гүо Вен Лүн зүгээр эмнэлэг явах шаардлагагүй гэж хэлсэн. Би буцаж орж цүнхээ аваад гараад иртэл Ма Зен Жун шатан дээр Цэнгэлхүү ахад хятад хэлээр “ээжийг чинь шаана шүү” гээд хараал хэлсэн. Удалгүй Ма Зен Жун нь Цэнгэлхүү ахыг шатан дээрээс цээж хэсэг рүү нь өшиглөөд авсан. Би Цэнгэлхүү ахыг өмөөрч Ма Зен Жун-ыг зодсон. Тэгээд Цэнгэлхүү ах бид нар явцгаасан. Хохирлыг төлж барагдуулсан. Үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Цэнгэлхүүгийн хувийн байдалтай холбоотой; түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хх-н 122/,

паспортын хуулбар /1 дүгээр хх-н 123-130/,

гэрч Батдэлгэрийн Идэржавхлангийн “... би Цэнгэлхүү гэх хүнийг 2016 оны зунаас таньдаг болсон. Сайн танихгүй. Хоёр удаа уулзаж байсан. Харин Өлзий гэх залууг сайн танина. 2012 онд Замын-Үүдэд хамт ажиллаж байгаад танилцсан. Манай хуурай ах гэж танилцуулсан. Цэнгэлхүү их яриа хөөрөөтэй, дажгүй ааштай хүн шиг санагдсан” /1 дүгээр хх-н 72/ гэсэн мэдүүлэг,

гэрч Эрдэнэ-Очирийн Энхтөрийн “... би Цэнгэлхүү, Өлзий нарыг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Бид нар найз нөхдийн харилцаатай. Цэнгэлхүү, Өлзий нар их төлөв томоотой, тогтуун тайван, аливаа юманд нухацтай ханддаг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тэр хоёр ямар нэгэн муу зан аашгүй. Цэнгэлхүү янз бүрийн наймаа, амралтын газар ажиллуулдаг” /1 дүгээр хх-н 74/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч П.Өлзийн хувийн байдалтай холбоотой; түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хх-н 142/,

паспортын хуулбар /1 дүгээр хх-н 143-152/,

гэрч Батдэлгэрийн Идэржавхлангийн “... харин Өлзий гэх залууг сайн танина. 2012 онд Замын-Үүдэд хамт ажиллаж байгаад танилцсан. Өлзий гайгүй яриа хөөрөөтэй, танилцсанаасаа хойш одоо хүртэл найзлаж байгаа, дажгүй ааш зантай хүн байгаа юм. Одоо 10 дугаар хороололд найз охинтойгоо байр түрээслэж байгаа гэсэн. Улаанбаатарт хятад хэлний орчуулагч хийдэг” /1 дүгээр хх-н 72/ гэсэн мэдүүлэг,

гэрч Эрдэнэ-Очирийн Энхтөрийн “... би Цэнгэлхүү, Өлзий нарыг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Бид нар найз нөхдийн харилцаатай. Цэнгэлхүү, Өлзий нар нь их төлөв томоотой, тогтуун тайван, аливаа юманд нухацтай ханддаг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тэр хоёр ямар нэгэн муу зан аашгүй. Цэнгэлхүү янз бүрийн наймаа, амралтын газар ажиллуулдаг” /1 дүгээр хх-н 74/ гэсэн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Цэнгэлхүү 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Тулга” зоогийн газарт байрлах караоке-д хувийн таарамжгүй харилцааны улмаас БНХАУ-н иргэн, хохирогч Гүо Вен Лүн /GUO WEN LONG/-ийг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

улмаар тухайн үедээ давтан үйлдлээр, шүүгдэгч П.Өлзийтэй бүлэглэж, “Тулга” зоогийн газарт байрлах караоке-ний үүдний шатан дээр БНХАУ-н иргэн, хохирогч Ма Зен Жун /MA ZHEN JUN/-г зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч П.Өлзий нь шүүгдэгч А.Цэнгэлхүүтэй бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Тулга” зоогийн газарт байрлах караоке-ний үүдний шатан дээр БНХАУ-н иргэн, хохирогч Ма Зен Жун /MA ZHEN JUN/-г зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Гүо Вен Лүн /GUO WEN LONG/-ийн “... 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тулга рестораны караокед Өвөрмонгол 3 эрэгтэй орж ирээд караокены 3 номерын өрөөнд орж үйлчлүүлсэн. Тухайн хүмүүс нь 2 хоол 4-6 шил Сэнгүр шар айраг захиалсан. Тэгээд манай караокед 200.000 төгрөгийн тооцоо гараад 23 цагийн орчимд намайг зодсон Фу Чуань гэх эрэгтэй гарч ирээд манайд 120.000 төгрөгийн тооцоог хийгээд үлдэгдэл 80.000 төгрөгийг биччих гэж хэлсэн. Тэр хүмүүс манайхаар нилээн хэдэн удаа үйлчлүүлж байсан. Өмнө нь манайд 800.000 төгрөгийн төлбөр тооцооны өртэй байсан. Тэгээд манайд тооцоогоо хийчхээд явахгүй үргэлжлүүлээд дуулаад байхаар нь 3 номерын өрөөнд ороод манайх одоо хаах гэж байна, та нар хэзээ явах вэ гэж асуухад Фу Чуань нь уурлаж босч ирээд цохино гэж бодоогүй байхад миний баруун талын нүд рүү 1 удаа гараараа хүчтэй цохисон. Миний баруун нүдний доод талаас цус гарахаар нь өрөөнөөс гараад тек нь дээр очоод гар утсаараа Ма Зен Жун захирал руу залгаж дуудсан. Ма Зен Жун захирал гаднаас ганцаараа орж ирээд караоке руу орсон. Тухайн үед миний нүүр рүү цохиход нүдний шил газар унасан. Тэгээд нүдний доороос цус гарсан, нүдний шил байхгүй байсан учраас хэн хэнтэй яаж зодолдоод байгааг харж чадаагүй. Зодоон эхлэхээр нь би шууд дээшээ нэг давхар руу шатаар гараад үүдний хамгаалагчтай хамт цагдаа дуудахаар гарсан. Тэр үед захирал Ма Зен Жун-ы эхнэр Одноо нь ирчихсэн, нөгөө гурван Өвөрмонгол байхгүй байсан.

Миний баруун талын нүдний доод хэсэгт зүсэгдэж язарч, хөхөрч хавдсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт очиж 7 оёдол тавиулсан. Намайг Фу Чуань гэх Өвөрмонгол эрэгтэй ганцаараа зодсон. Фу Чуаньтай ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй, харин манайхаар үйлчлүүлдэг. Надад 3 номерын өрөөнд ороод хятад хэлээр дээр үеийн хуучирсан хэрэгцээгүй болсон монгол гэж хэлсэн зүйл байхгүй. Зүгээр хэзээ явах вэ, манайх хаах гэж байна гэж хэлсэн. Би архи уугаагүй байсан. Намайг зодсон Фу Чуань гэх залуу ер нь бол жаахан согтолттой байсан байхаа, би өөрөө доошоо харсан учраас сайн анзаараагүй. Зодоон болох үед 3 Өвөрмонгол эрэгтэй, манай захирал Ма Зен Жун, бид тав л байсан. Өөр үйлчлүүлэгч байгаагүй. Манай караокед хоёр ширхэг камер байдаг боловч хааж байсан учраас камераа унтраасан болохоор бичлэг хийгдээгүй. Зүгээр байж байгаад зодуулсанд гомдолтой. Эмчилгээний зардлаа авна” /1 дүгээр хх-н 26-28/ гэсэн,

хохирогч Ма Зен Жун /МА ZHEN JUN/-ын “... би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цаг 30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тулга рестораны 2 давхрыг хаагаад эхнэр Одноогийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 50 тоотод гэртээ ирсэн. Гэтэл караокены зохион байгуулагч Гүо Вен Лүн над руу залгаад хүмүүс тооцоо хийхгүй үймүүлээд байна гэж утсаар хэлэхээр нь би гэрээсээ ганцаараа гараад Тулга рестораны караоке руу ороход Гүо Вен Лүн-ий нүүрний баруун нүдний доод хэсэгт цус гарсан болохоор нь та нар яагаад хүн зодсон бэ гэж асуухад Фу Чуань гэх Өвөрмонгол эрэгтэй зодсон ч яадаг юм бэ гэж хэлээд Фу Чуань бид хоёр ярилцаж байхад хажуунаас нь өндөр биеэрхүү биетэй эрэгтэй миний нүүрний зүүн нүдний хажуу тал руу гараараа хүчтэй 1 удаа цохиход би газар унасан. Тэгээд би жижүүр рүү цагдаа дуудаарай гэж орилсон чинь Фу Чуань нь чи цагдаа дуудлаа гээд намайг яаж чадах юм, би бол Фу Чуань байна гэж хэлсэн. Тэгээд намайг тэнд байсан 3 Өвөрмонгол эрэгтэй нийлээд намайг зодсон байх. Нэг мэдсэн чинь ухаан алдаад сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба би архи уудаггүй. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Хөх хот руу эмчилгээ хийлгэхээр яваад 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Улаанбаатар хотод ирсэн. Намайг тал талаас бужигналдаад зодсон. Хэн нь яаж цохисон талаар хараагүй. Эхний цохисон том биетэй эрэгтэйгээс бусдыг мэдэхгүй байна” /1 дүгээр хх-н 37-39/ гэсэн,

гэрч Дондовын Мөнхбаярын “... 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өглөөний 09 цагаас 9 дүгээр сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тулга рестораны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Тулга рестораны доод давхарт байрлах караокед хүмүүс орилоод байхаар нь дээшээ 3 давхарт гараад зочид буудлын ресепшин Шүрэндэлгэр гэх эмэгтэйд доор хүн зодолдоод байна, цагдаа дуудъя гээд 3 давхраас доошоо бууж байхад нүдний шилтэй БНХАУ-н иргэн эрэгтэй гарч ирэхээр нь цуг Тулга ресторанаас гараад ойрхон байрладаг Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү явсан.  Тэнд очоод сандарсан байсан учраас цагдаад нь хэлээд буцаад Тулга ресторан руу очиход эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг ирчихсэн, зодуулсан гэх хятад хүний эхнэр, хадам ээж нь ирсэн байсан. Түргэний эмч нар зодуулсан гэх Зундуйг зөөдөг ор нь дээр тавиад машинд оруулаад аваад явсан. Зундуй гэдэг нь тухайн ресторан, караокены эзэн байгаа юм. Бид нар дуудахдаа “Зундуй” гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй. Хамт Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү явсан нүдний шилтэй хятад иргэний баруун нүдний доод хэсэгт цохиулаад хавдсан байсан. Өөр гэмтэл бэртэл байгааг анзаараагүй. Архи уусан эсэхийг мэдэхгүй” /1 дүгээр хх-н 67-68/ гэсэн,

гэрч Нэргүйн Шүрэндэлгэрийн “... би Тулга зочид буудалд 2013 онд ресепшинээр ажилд орсон. 9 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 10 цагт ирж ажиллаад шөнийн 00 цаг өнгөрч байсан байх, яг цагийг нь санахгүй байна. Тухайн үед 2 давхарт байрлах ресторан нь хаасан байсан. Би хяналтын камер хараад сууж байхад нэг хүн гараад гүйсэн чинь нэг хүн зодуулж байгаа юм шиг орилхоор нь би доошоо шатаар бууж байхдаа 102-т дуудлага өгсөн. Тэгээд доод давхарт байрлах караокены буудаг шат нь дээр 2 давхрын рестораны эзэн Одноогийн нөхөр Ма Зен Жун-ыг хоёр эрэгтэй зодож байсан. Ягаан цамцтай эрэгтэй нь Ма Зен Жун-ыг газарт унагаад хүзүүнээс нь боочихсон шатан дээр цохиулаад байсан. Нөгөө шар царайтай эрэгтэй нь тархи толгой руу нь гараараа цохиод, өшиглөж байсан. Ма Зен Жун гутлаа тайлаад барьсан байсан чинь шар залуу гутлыг нь аваад толгой руу нь цохиод байсан. Цаана нь нэг жижиг залуу, хоёр эмэгтэйн хамт хараад зогсож байсан. Тэр намхан залуу нь эмэгтэйн хамт цүнхээ аваад гарч байсан. Тэр залуу цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед би гар утсаараа бичлэг хийж авсан. Тэр хоёр зодсон гэх хүмүүс согтуу байна гэж харагдаагүй эрүүл юм шиг байсан. Тэр хүмүүс хятад хэлээр ярьж байсан учраас юу ярьж байгааг нь ойлгоогүй. Эхлээд гүйгээд гарч байсан хүн нь нүдний шилтэй хятад эрэгтэй байсан. Тэгээд тэд нар гараад явсан. Караокед тэд нараас өөр үйлчлүүлэгч байгаагүй. Тэд нартай цуг явж байсан монгол хоёр эмэгтэй хөдөөний байрын 20 орчим настай байсан. Ма Зен Жун-ыг зодож байсан гутал нь хар саарал өнгийн пүүзэн гутал байсан” /1 дүгээр хх-н 69-71/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... GUO WEN LONG-ийн биед баруун доод зовхины няцарсан шарх, зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 13345 тоот дүгнэлт /1 дүгээр хх-н 47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... МА ZHEN JUN-ы биед тархи доргилт, 2 зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн бугуйд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн 13272 тоот дүгнэлт /хх-н 50/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1 дүгээр хх-н 53-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “... ШШҮХ-ийн ШЭШГ-н №13272 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. МA ZHEN JUN /Ма Зен Жун/-ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. МA ZHEN JUN /Ма Зен Жун/-ы биед тархи доргилт, 2 зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн бугуйд цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. МA ZHEN JUN /Ма Зен Жун/-ы биед амь насанд аюултай байдал илрээгүй болно” гэсэн 1447 тоот дүгнэлт /1 дүгээр хх-н 62-63/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд Мон овогт Амин-Өндөрийн Цэнгэлхүү / MENG QINGKELETU /-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар,

Цорс овогт Пүрэвийн Өлзий / PURUXI WULUJI /-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзсаны зэрэгцээ шүүх энэ хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан хэмжээний дотор шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтаас үзвэл уг хэрэг хувийн сэдэлттэй гэхээсээ илүүтэйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн шинжийг агуулж байх боловч шүүх дээрх байдлаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Цэнгэлхүү, П.Өлзий нар хохирлыг төлж барагдуулсан, нэр бүхий хохирогч нар гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар, хүсэлтийг өмгөөлөгч Б.Мянган, Ц.Агваандорж нараар дамжуулан шүүхэд хүргүүлжээ.

 

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Т.Мөнхтуяа “... шүүгдэгч Цэнгэлхүү хохирогч Гүо Вен Лүн-ийг зодсон, шүүгдэгч Өлзий хохирогч Ма Зен Жун-г зодсон. Эдгээр хүмүүс нь бүлэглэж, эсхүл давтан үйлдлээр хүн зодоогүй. Тиймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хуульд заасан зохицуулалтаар хэрэгсэхгүй болгуулах тухай”,

“... түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD нь голоороо хугарсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй, нотолгооны чанараа алдана. Тиймээс нотлох баримтаас хасуулах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй байна.

 

Учир нь; шүүгдэгч А.Цэнгэлхүү эхлээд хохирогч Гүо Вен Лүн-ийг зодсон, улмаар шүүгдэгч П.Өлзийтэй бүлэглэж хохирогч Ма Зен Жун-г зодсон нь хохирогч нарын мэдүүлгүүдээс гадна, гэрч Д.Мөнхбаяр, Н.Шүрэндэлгэр нарын мэдүүлгүүдээр нотлогддог ба шүүгдэгч нар буюу тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс энэ байдлыг үгүйсгэж чадсангүй.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD нь голоороо хугарч гэмтсэн байгаа боловч /1 дүгээр хх-н 79/ уг CD дэх бичлэгт Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Д.Баасанбаатар гэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийж, тэмдэглэл үйлджээ. /1 дүгээр хх-н 80-89/

Камерийн бичлэгт үзлэг хийснийг тэмдэглэл болгож /гэрэл зургийн хамтаар/ тэмдэглэсэн үйл явдал нь хэргийн үйл баримттай нийцэх төдийгүй, гэрч Н.Шүрэндэлгэрийн мэдүүлэгтэй таарч байна. Иймд дээрх CD-ийг нотлох баримтаас хасах, эсхүл нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх нөхцөл байдал үгүй юм.

 

Шүүгдэгч А.Цэнгэлхүү, П.Өлзий нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн SONY CD-R, 700 MB гэсэн бичигтэй 1 ширхэг CD-ийг хэрэг хавсарган үлдээхээр,

хэргийн хамт ирүүлсэн БНХАУ-ын паспорт, дугаар Е16485457 “MENG QINGKELETU” гэснийг шүүгдэгч А.Цэнгэлхүүд, БНХАУ-ын паспорт, дугаар G41950002 “PURUXI WULUJI” гэснийг шүүгдэгч П.Өлзийд тус тус буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

  1. Мон овогт Амин-Өндөрийн Цэнгэлхүү / MENG QINGKELETU /-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

           Цорс овогт Пүрэвийн Өлзий / PURUXI WULUJI /-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар А.Цэнгэлхүүг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар,

П.Өлзийг 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. А.Цэнгэлхүү, П.Өлзий нар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольсугай.

 

4. А.Цэнгэлхүү, П.Өлзий нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн SONY CD-R, 700 MB гэсэн бичигтэй 1 ширхэг CD-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц БНХАУ-ын паспорт, дугаар Е16485457 “MENG QINGKELETU” гэснийг шүүгдэгч А.Цэнгэлхүүд, БНХАУ-ын паспорт, дугаар G41950002 “PURUXI WULUJI” гэснийг шүүгдэгч П.Өлзийд тус тус буцаан олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Цэнгэлхүү, П.Өлзий нарын “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ