Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ402

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Нд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор И.Ариунсанаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Аы өмгөөлөгч А.Кадирбек,

шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Халиун, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Нд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ггийн Н, 1967 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Төв аймгийн шүүхийн 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих,

Төв аймгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 117 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлсэн;

 

Г.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ... тоотод байрлах гэртээ амь хохирогч А.Р болон хамтран амьдрагч Ц.Э нартай архидан согтуурч А.Рйг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүнийг гараараа болон гутал, сүхний ишээр олон удаа цохиж, олон тооны гэмтэл шарх биед нь учруулж буюу онц харгис хэрцгийгээр алсан,

тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Эы бие рүү хөлөөрөө өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ггийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Нг 19 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 19 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 80 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Нд  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, хуванцар материал бүхий сүхний иш, толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал боох 2.269.850 төгрөгийг шүүгдэгч Г.Нгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ад олгуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 121 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч П.Дэлгэр давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу, үйлдэлдээ сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Аы өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг харгалзан үзэж хамгийн хүнд буюу бүх насаар хорих ял оногдуулахыг хүссэн. Харин шүүх боломжит хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ... тоотод байрлах гэртээ амь хохирогч А.Р болон хамтран амьдрагч Ц.Э нартай архидан согтуурч А.Рйг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүнийг гараараа болон гутал, сүхний ишээр олон удаа цохиж, олон тооны гэмтэл шарх биед нь учруулж буюу онц харгис хэрцгийгээр алсан,

тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Эы бие рүү хөлөөрөө өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аы “...Надад Г.Н гэх хүний талаар ярьж байгаагүй. Би миний талийгаач хүү А.Рысхелдиг зодож алсан гэх хүнийг яагаад миний хүүг юунаас болж зодож алсан, өс хонзонгийн санаа зорилго байна уу гэдгийг шалгаж өгөхийг хүсч тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Миний болон манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. ...” /1хх 36-38/,

хохирогч Ц.Эы “...Н нь архины хамааралтай ширүүн догшин зантай хүн бөгөөд намайг байнга бусадтай хардаад удаа дараа зодож байсан хүн юм. ...Тэгээд би гэрт ирээд шууд унтаад өгсөн. Орой 00 цагийн үед сэрэхэд Г.Н, талийгаач А.Р буюу хоч нь Бамбар гэж дууддаг залуу нар зуны амбаарт байсан. Тэр үед талийгаач, Н хоёр өмнө нь уусан гэсэн нэлээн халамцуу байсан. Тэгж  байтал Н 0.5 литрийн 1 шил архи гаргаж ирээд Г.Н бид хоёр хуваагаад уусан ба талийгаач элэг өвдөөд байна, би уумааргүй байна гээд архи уугаагүй. Тэгээд архи аа ууж байгаад гэнэт Г.Н талийгаач руу агсраад талийгаачийг чи миний эхнэрийг өглөө дагуулж яваад шаагаа биз дээ, чи дуудаад аваад явсан биз дээ, унтаа биз дээ янхан минь гээд бид хоёрыг хардаад дайраад байсан. Тэгсэн тэр үед талийгаач би юу гэж Тайвнаа эгчтэй унтаж байдаг юм. Та мэдэж байж гэхэд Г.Н уурлаад талийгаачийг газар унагаж байгаад өмсөж байсан бакалан гутлаараа 3-4 удаа чанга өшиглөөд зодож эхэлсэн. Яг хаашаа цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед байшин тог цахилгаангүй харанхуй байсан. Тэгснээ гэрт байсан сүхний шар өнгийн ишийг бариад талийгаачийн толгой, нүүр болон хөл, гуя руу ороолгоод зодож эхэлсэн ба талийгаач босож чадахгүй, газар хэвтээд нүүрээ гараараа дараад байсан. Намайг битгий зодооч би элэг муутай шүү дээ гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би болиоч ээ гээд Н рүү хэлэхэд намайг янхныгаа өмөөрлөө, та хоёрыг ална шүү гээд нөгөө сүхний ишээрээ миний гар руу цохиод миний салтаа руу бакалтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би айгаад хөдөлж чадаагүй. Тэгснээ Г.Н талийгаачийн өмдийг шувтлаад талийгаачийн бэлэг эрхтнийг нь гаргаж ирээд нөгөө сүхний ишээрээ талийгаачийн бэлэг эрхтэн рүү нь хатгаад, цохиод яасан том боовтой янхан бэ, миний эхнэртэй унтаа биз дээ гээд дайраад байсан. Тэгсэн талийгаач Г.Н ах аа болиоч ээ өвдөж байна шүү дээ гээд орилоод байсан. Тэгээд шөнө дунд талийгаач ёолоод яргалж байгаад чимээгүй болоод ухаангүй болсон. Тэгээд би Г.Нд наад хүн чинь элэг муу гээд байсан шүү дээ гэж хэлээд түргэн дуудъя гээд өөрийн утсаараа дуудлага өгсөн. ...тэр үед Н талийгаачийн гүрээний судсыг дарж үзээд “Талийгаач болсон байна” гэж хэлээд байсан. ...Намайг Н зодож, цохиод дарамтлаад айлган сүрдүүлээд цагдаа ирэхээр талийгаачийг гаднаас хүнд зодуулчихлаа гээд мөлхөөд орж ирсэн, орж ирээд үүдэн дээр хэвтэж байгаад нас барсан гэж хэлээрэй. Намайг зодож алсан гэж хэлж болохгүй шүү. Тэгэхгүй бол болохгүй гэсэн. ...” /1хх 40-43/,

гэрч А.Ранжиллхүмбийн “...22 цагийн үед гэрийнхээ гадаа байж байтал замын цаад талын ажилчдын гэрээс 2 хүн юм бариад гараад явж байхаар нь тухайн гэрт хулгайч ороод юм эвдчихлээ гэж бодоод очтол тухайн хоёр хүн нь Бамбар, Н гэх хүнтэй хамт явж байсан. Бамбар нэг сугандаа хөнжил сугадчихсан, нөгөө гартаа нэг гутал барьсан байсан. Бамбар бол согтуу биш зүгээр байсан. Нүүр нь цус нөж, шарх сорвигүй байсан. Би Бамбараас чи юу авч яваа юм бэ гэхэд Бамбар “би хуурай ах руугаа явж байна. Тэнд очиж хонолоо маргааш самарт явж” гэж байх шиг байсан. Цаана зогсож байгаа хүнийг хартал Нг архи уудаг хуурай ах гээд байдаг хүн байсан. Тэгээд тэр хоёрыг явсны дараа гэрийн тотгоор нь хартал Ганбат согтуу ганцаараа юм яриад сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ хариад унтсан. А овогтой Рысхелди гэдэг ба Бамбар гэдэг нь хоч нь юм. Манай блокны үйлдвэр дээр ирэн очин ерөнхийдөө 3 жил шахуу ажиллаж байгаа юм. Хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 19-ний орой Н гэгчтэй явж байхад нь таарсан. ...” /1хх 47-49/,

гэрч Д.Гүррагчаагийн “...Г.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад өөрийн хамтран амьдрагчаа бусадтай хардаад янз бүрийн хүмүүстэй яваад байна гээд зодоод байдаг болохоор нь хамтран амьдрагч Э нь дуудлага өгдөг юм. ...Эг нэг орой дагуулж яваад ... тоотод байх нэг эзэнгүй байшинд авч очоод бэлгийн харьцаанд орж байсан талаар Эгаас согтууд нь сонсоод тэрнээс болж талийгаач Бамбар гэх залуутай хардаж Эг хэд хэдэн удаа зодож байсан. Тэгээд тэрнээс болоод талийгаачтай Н нь таарамж муутай, архи уусан үедээ маргах гээд байдаг гэж ярьж байсан. ...” /1хх 56-58/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өрийн “...1. Талийгаач А.Рйн цогцост нүүр, зүүн гарын шуу, бугуй, сарвуу, баруун гарын сарвуу, хоёр талын өгзөг, ууц, баруун, зүүн ташаа, гуяны зөөлөн эдийн няцрал, толгойн хуйх доор болон хоёр талын чамархайн булчин, нүүр, хоёр талын чих, хөхлөг сэртэн, баруун бугуй, сарвуу, зүүн мөр, бугалга, шуу, бугуй, сарвуу, зүүн эгэм, өвчүү, зүүн дал, ууц, хоёр талын өгзөг, ташаа, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, баруун зулайн ар гадна хэсэг, дух, баруун чихэнд няцарсан шарх, зүүн шилбэний урд дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, хоёр талын чих, хүзүү, баруун мөр, бугалга, шуу, долоовор хуруу, зүүн бугуй, сарвууны үе, эрхий, долоовор хуруу, өвчүү, аюулхай, хоёр талын өгзөг, ташаа, гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс цус хуралт, зулгаралт, няцарсан шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх сүх болон сүхэнд хийсэн үзлэг, фото зураг зэргийг ирүүлээгүй тул уг асуултад хариулах боломжгүй байна. 3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн шок үүсгэж үхэлд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Химийн шинжилгээгээр цусанд 4,4 промилли, шээсэнд 4,7 промилли, ходоодны шингэнд 4.8 промилли спирт илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэнгүй. 7. Талийгаач нь дээрх олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 8. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. 9. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 9-11 цаг орчим болсон байна. ...” гэх 1955 дугаартай, /1хх 68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “...1. Ц.Эы биед зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” /1хх 81-82/ гэх 11009 дугаартай,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн лидрин куртик, хөндлөн судалтай хөх өнгийн цамц, хар өнгийн джинсэн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн пүүз дээр цус илэрсэн. 2. Хөндлөн судалтай хөх өнгийн цамц, хар өнгийн джинсэн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд дээрх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 3. Хар өнгийн лидрин куртик, хөх өнгийн пүүз дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. 4. Хар хөх өнгийн хос оймс дээр цус илрээгүй. ...” гэх 5202 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 86-87/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Г.Нг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Нн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба уг эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

 

Гэвч боловч түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримталсан нь буруу ба нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн яаж хорих ял болгон тооцсон нь тодорхойгүй болжээ.

 

Мөн анхан шатны шүүх хохирогчоос оршуулгын зардалд баримтаар 2.269.850 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Нгээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ад олгуулахаар шийдвэрлэхдээ “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн...” гэж бичвэрийн шинжтэй алдаа гаргасныг энэхүү магадлалаар зөвтгөх нь зүйтэй. 

Үйл баримтын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Нн үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан “...шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 19 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 2 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 19 жил 2 сар 20 хоногоор тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар оршуулгын зардал болох 2.269.850 төгрөгийг шүүгдэгч Г.Нгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ад олгуулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нн өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт өнөөдрийн байдлаар 213 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ