Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2023/0010

 

 

 

 

 

 

 

 2023       04         10                                                     123/ШШ2023/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Монсуль” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Батбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч талаас “Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тодруулсан ба нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч ******* нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 24-ний өдрийн А/205 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 05 сарын 28-ны өдөр шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар 800 м.кв газрыг эзэмшжээ. [1]

2.2. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаар “Газар эзэмших эрх цуцалж, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар[2] нэхэмжлэгчийн тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

2.3. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар 2023 оны 01 сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 205 тоот шийдвэрийг үндэслэн “Монсуль” ХХК-д Төв аймаг, Зуунмод сум, МТ шатахуун шатахуун түгээх станцын баруун талд байрлах нэгж талбарын 4110062492 дугаар бүхий 800.0 /0,08/ м.кв /га/ газрыг “Шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станц” зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1427000288 дугаартай гэрчилгээг 2019 оны 05 сарын 28-ны өдөр олгож, тус өдрөө №04101-2019/00352 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл, гэрээгээр тус газрын нэгжийн үнэ 30,0 төгрөг, нийт 23,999 төгрөг байх бөгөөд газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлэхээр байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хууль болон гэрээнд заасан үүргээ байнга биелүүлж байсан буюу 2019-2021 онуудын газрын төлбөрийг бүрэн төлсөн. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т зааснаар “...нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж үзсэн боловч тус газрыг анхнаасаа “Шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станц”-ын зориулалттай эзэмшүүлсэн бөгөөд энэ нь 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан нөхцөл байдлыг үүсгээгүй. Мөн 48 дугаар зүйлийн 48.2.3 дах заалтаар тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг захирамждаа тус тус үндэслэсэн байна. Үүнээс харвал Захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа дуудлага худалдаагаар “Шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станц зориулалтаар” авсан тус газар нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх байршил байгаа, эсхүл эзэмшигч байгууллага гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэж эзэмших эрх цуцалж байгаа зэрэг яг ямар үндэслэлээр захирамж гаргасан нь тодорхойгүй байгаа бөгөөд маргаан бүхий актын үндэслэл хуулийн заалтууд нь хоорондоо зөрчилдөж, актын нэг үндэслэл нөгөө үндэслэлээ үгүйсгэж байна. Иймд маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус акт байна. Мөн маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг дурдсан байна.  “Монсуль” ХХК-ын хувьд тус газрыг 2019 оны 05 сарын 28-ны өдрийн А/205 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн боловч тус оны сүүлээр коронавирус цар тахал буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр газар эзэмшигчээс үл хамаарах нөхцөл байдал бий болсон. Үүний улмаас 2 жилийн хугацаанд тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй билээ. Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу бодит нөхцөл байдал тогтоогоогүй буюу Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой үүргээ биелүүлээгүйгээс уг маргаан бүхий Захиргааны акт нь хууль бус захиргааны акт юм. Иймд Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаартай “Газар эзэмших эрх цуцалж, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захирамж гаргаж *******-д холбогдох Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар хэлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 48.1, 48.2.2, 48.2.3 заалтуудыг зөрчсөн гэсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61 дэх заалтуудыг үндэслээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамж гарсан. Эдгээр үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, олон нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэсэн заалт байна. Мөн хуулиар олгох захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил болон түүнээс дээш хугацаагаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бол гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн байна. ******* нь 2017 онд тус газрыг дуудлага худалдаагаар авсан. Анхны дуудлага худалдаагаар худалдаж авсан зориулалт нь шатахуун түгээх станцын зориулалттай гэж байсан. Энэ зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх дуудлага худалдаагаар худалдаж авахад нийтийн болон бусдын ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг нөхцөл байдал бол зориулалтыг тогтоохдоо Төв аймгийн Засаг дарга өөрөө тодорхойлоогүй гэж үзэж байна. Тэгэхээр бид нарын хувьд тухайн газарт бичиг баримтын бүрдлийг хангаж үйл ажиллагаа явуулсан гээд тухайн газар дээр хэн нэгэнд сөрөг нөлөө үзүүлэх юм уу ямар нэгэн хууль бус болон бусдын ашиг сонирхолд нөлөөлсөн үйл ажиллагаа огт явуулаагүй. Хоёрдугаарт: Эрх хэрэгжүүлээгүй гэдэгт захирамж өөрөө хоёрдмол салаа утгатай бөгөөд яг аль хуулийн заалтыг зөрчиж *******-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм бол гэж үзнэ. Нэг нь газрын тухай хуульд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн үндэслэл байдаг. Нөгөө нь 2 жил ашиглаагүй гэдэг. Захирамжийн үндэслэлд /хариу тайлбар дээр байсан/ сумын Засаг дарга ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах санал гаргаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд мөн яг аль аж ахуйн нэгж нь газрын тухай хуулийн 40.1.5-ыг зөрчсөн болон аль аж ахуйн нэгж нь 40.1.6-г зөрчсөн гэдэг ялгаа нь байдаггүй. *******-ийн хувьд тухайн жил бүрийн төлбөрийг төлсөн баримтуудыг хүргүүлсэн. Хүчингүй болсон газар болон төлбөртэй  холбоотой асуудал байгаа бол хариуцагч тал энэ тухай шүүх хуралдаан дээр баримтаа гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Үүнээс төлбөрийн хувьд асуудалгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан 2 болон түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг энэ нөхцөл байдлын улмаас газар эзэмших эрхийг цуцалж байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудыг гаргаж өгсөн. Баримт бичиггүйгээр тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал байдаг. Зориулалтаар нь ашиглахын тулд эхлээд баримт бичгийн бүрдлийг хангах зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар баримт бичгийн бүрдэл хангагдсан. 2020 он гэхэд бид нар баримт бичгийн бүрдлээ хангаж дуусгасан байгаа. 2020-2021 оны хувьд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авсан. Энэ нь Улаанбаатар хот болон Төв аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио тогтоох захирамжуудыг үндэслэсэн бөгөөд 2021 онд үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан. Гэтэл 2022 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байгаа. Энэ нь 2 болон түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байх. Мөн яг аль дараалсан 2 жилийг нь үйл ажиллагаа явуулаагүй вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас 2017 оноос хойших үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдлуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймээс захиргааны актын *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч ээ гэж хүсэж байна. *******-д холбогдох үндэслэл нь 40.1-6-д зааснаар 2019 оноос хойш 2022 он буюу 3 жилийн хугацаанд 2 жил дараалан гэж тодорхойлсон байна. 2019, 2020 онд ямар ямар баримт бичиг батлагдсан зэргийг өмнөх тайлбар дээрээ хэлсэн. 2 жил дараалсан гэдэг нь 2019-2020 он нь юм уу , 2021-2022 он юм уу гэдэг нь тодорхойгүй байна.  2020-2021 оны хувьд хүндэтгэн үзэх нөхцөл байдалд байсан гээд гэрчилгээ байна. Энэ нөхцөл байдал нь өөрөө тухайн 2 жилийн хувьд дунд нь орж дараалсан байна. Гэрээг жил бүр тайлагнаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлэнэ гэсэн шаардлагын хүрээнд захирамж гараагүй. Хэрвээ *******-ийг тайлангаа өгөөгүй, гэрээг дүгнээгүй гэдэг үндэслэлээр захирамж гарсан бол энэ талаар бид маргах боломжтой байсан. Гэтэл захирамж нь гэрээний талаар биш зориулалтын дагуу 2 болон түүнээс дээш жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр гарсан учраас бид нарын няцаах үндэслэл зөвхөн тухайн 2 жил дараалан ашигласан эсэх тал дээр маргаж байгаа” гэжээ.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* Зуунмод сумын Засаг даргын 2017 оны А/205 дугаартай захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмшүүлсэн байдаг. ******* нь 2017 ондоо газар эзэмших гэрээ байгуулсан. 2019 онд мэдээллийн сан шинэчлэгдсэнээс хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 28-нд газрын даамалтай 1 жилийн хугацаатай жил бүр дүгнүүлэхээр гэрээ байгуулсан. *******-тай холбоотой заалт нь Газрын тухай хуулийн 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил болон түүнээс дээш хугацаагаар газраа ашиглаагүй гэдгээр хүчингүй болгосон. Газрын төлбөрийн тухайд хариуцагч талаас маргаан байхгүй. Улсын дээд шүүхийн тайлбараар 2 жил дараалан ашиглаагүй гэдэг хуанлийн бүтэн 2 жилийн хугацаагаар тооцдог. 2019 оны 05 дугаар сарын 28-аас тооцоход дунд нь корона вирустай холбоотой хугацааг бодоход 3 жил гаруй хугацаа болж байгаа юм. Мөн гэрээгээ дүгнүүлээгүй, газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8-д гэрээг жил бүр талууд дүгнэнэ гээд заасан байгаа. Мөн Газрын тухай хуулийн 35.3.1-д гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлнэ гэж байгаа. Гэрээний 7.2-д гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг тухайн жилийнхээ 06 дугаар сарын 25-ны дотор багтааж тайлагнаад 07 дугаар сарын 01-ний дотор газар эзэмшүүлэгч баталгаажуулна. Мөн гэрээний 7.3 дээр газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй өмнөх гэрээний биелэлтийг тооцсон дүгнэлтээр зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлэнэ гээд 2019 оны 05 дугаар сарын 28-нд байгуулсан гэрээнд үүрэг болгоод өгсөн байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй цар тахлаас хойш ядаж л 2022 оны 06 дугаар сарын 25-ны дотор багтаагаад манай дээр тайлан мэдээгээ өгсөн бол өнөөдрийн энэ асуудал гарахгүй байх байсан. Сумын Засаг даргаас байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж үзсэн. Хавтаст хэрэгт тухайн үед авч байсан дроны зургийг хавсаргасан байгаа. Тухайн үед газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. Гэрээнийхээ дагуу жил бүр гэрээгээ дүгнүүлээгүй, хийсэн ажлаа тайлагнаагүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр *******-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
    1. Нэхэмжлэгч талаас “*******-ийн хувьд тухайн жил бүрийн төлбөрийг төлж, газраа зориулалтын дагуу ашиглахаар зохих зөвшөөрлийн үйл ажиллагааг авч ажиллаж байсан. Гэтэл захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж байгаа тохиолдолд дараалсан 2 жил байх ёстой, аль 2 дараалсан жилд нь үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тодорхойгүй, гэрээг дүгнүүлээгүй гэдэг асуудлаар газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулахын тулд холбогдох байгууллагуудаас барилгын, галын, технекийн зөвшөөрөл авч, байгаль орчны үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг хийж байсан, мөн энэ хугацаанд 2020-2021 онд нь ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй цар тахлын хорио цээрийн үе байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэж, 
    2. Хариуцагч талаас “******* нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2022 оны 09 сарын 14-ний байдлаар дрон (нисдэг төхөөрөмж)оор авсан зургаар газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, газар эзэмших эрхийг цуцалсан. ******* нь цар тахлаас хойш 2022 оны 06 дугаар сарын 25-ны дотор багтаагаад манай дээр тайлан мэдээгээ өгсөн бол өнөөдрийн энэ асуудал гарахгүй байх байсан ” гэж тус тус маргаж байна.

 

  1. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаар “Газар эзэмших эрх цуцалж, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар *******-ийн газар эзэмших эрхийг цуцалж, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.

2.1. Дээр дурдсан маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл болох, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах заалтад “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй  болгож болно” гэж, 48 дугаар зүйлийн 48.2.2 дах заалтад “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”,  48 дугаар зүйлийн 48.2.3 дах заалтад “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”,  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний хүрээнд Төв аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байх ба хариуцагчаас захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус хуульчилсны дагуу бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагааг хийх үүргийг хүлээнэ.

4. Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/156 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар[3] иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулсан судалгаанд үндэслэн мэдэгдэл албан бичгийг хүргүүлэх, газар дээр нь зураг, нотлох баримт бүрдүүлэх, 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, аудитын албан шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг хэлэлцэх, зөрчлийг арилгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгээс 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар[4] 20 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байх ба *******-ийг эзэмшил газартаа 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй болохыг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Монсуль” ХХК-ийн эзэмшил газар дээр очин дрон (нисдэг төхөөрөмж)-оор авсан зургийг хавсарган, энэ үйл баримтыг харуулсан гэрэл зургаар газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна гэж үндэслэл болгосноор 2017 оноос 2022 оныг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж үзжээ. 

5. Мөн хариуцагч талаас “2019 оны 05 дугаар сарын 28-аас тооцоход дунд нь корона вирустай холбоотой хугацааг бодоход 3 жил гаруй хугацаа болж байгаа юм. Мөн гэрээгээ дүгнүүлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. Гэрээний 7.2-д гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг тухайн жилийнхээ 06 дугаар сарын 25-ны дотор багтааж тайлагнаад 07 дугаар сарын 01-ний дотор газар эзэмшүүлэгч баталгаажуулна. Мөн гэрээний 7.3 дээр газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй өмнөх гэрээний биелэлтийг тооцсон дүгнэлтээр зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлэнэ” гэж тайлбарлаж байгаа ч маргаан бүхий захиргааны актад Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүйгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, түүнчлэн хэргийн оролцогчдод газрын төлбөрийн хувьд маргаангүй байна.

Харин маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн хувьд хариуцагч талаас 2019 оноос хойш аль хоёр жил газрыг дараалан ашиглаагүй эсэх нь тодорхойгүй, түүнчлэн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүйг хариуцагч талаас хэрхэн нотолсон нь тодорхойгүй, Ажлын хэсэг байгуулсны үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Монсуль” ХХК-ийн эзэмшил газрын дроноор авсан зургаар 2 жил дараалан үйл ажиллагаа явуулсан гэж үзэх нь учир дутагдалтай байна.

6. Нэхэмжлэгч талаас  “...Эхлээд баримт бичгийн бүрдлийг хангах зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар баримт бичгийн бүрдэл хангагдсан. 2020 он гэхэд бид нар баримт бичгийн бүрдлээ хангаж дуусгасан байгаа. 2020-2021 оны хувьд давагдашгүй хүчин зүйлийн шалтгаантай байсныг нотлох гэрчилгээг авсан. Энэ нь Улаанбаатар хот болон Төв аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио тогтоох захирамжуудыг үндэслэсэн бөгөөд 2021 онд үйл ажиллагаа явагдаагүй ...” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч талаас 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 02/18 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг[5] Төв аймгийн Ерөнхий архитектураар, “Хангай-Инж Гео” ХХК-аас Төв аймаг, Зуунмод сумын 1-р багийн нутагт баригдах “Монсуль” ХХК-ийн ШТС-ын барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлтийг[6] 2018 онд, 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 15/02190/20 дугаартай Цахилгааны техникийн нөхцөлийн зөвшөөрөл[7] нь батлагдан гарсан,  Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт[8] нь 2020 оны 08 сарын 14-ний өдөр, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг[9] 2019 оны 03 сарын 26-ны өдөр тус тус батлагдсан байна.  

Мөн Монголын Худалдаа Аж үйлдвэрлэлийн танхимаас 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 02/44 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-нд[10] “...******* нь 2019 оны 05 сарын 28-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай 04101-2019/00352 дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна. Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад ... нийслэл хотыг нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Мөн Төв аймгийн Засаг даргын 2020 оны 02 сарын 21-ний өдрийн А/121, 02 дугаар сарын 26-ны өдрийн А/124, 03 сарын 10-ны өдрийн А/142, 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/249, 2021 оны 06 сарын 02-ны өдрийн А/194 тоот захирамжаар аймаг сумын хооронд болон Улаанбаатар хотоос чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах, 2021 оны 03 сарын 06-ны өдрийн А/146, 03 сарын 11-ний өдрийн А/157 тоот захирамжаар сумын хэмжээнд хөл хорио тогтоох, 2021 оны 03 сарын 27-ны өдрийн А/215, 04 сарын 09-ний өдрийн А/239 тоот захирамжаар “Бүх нийтийн бэлэн байдал”-ын Улаан түвшинд шилжүүлэх арга хэмжээ авсан нь тогтоогдож байх тул гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, газрыг шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар ашиглахын тулд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудаас зөвшөөрөл авах шаардлагатай, түүний үндсэн дээр эзэмшиж буй газар дээрээ барилга байгууламж, холбогдох бүтээн байгуулалтыг хийх нөхцөл бүрдэх ба нэхэмжлэгчээс 2018-2020 оны хооронд холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлсэн, 2020 оны 02 сараас 2021 оны 04 сарыг дуустал хугацаанд Ковид-19 цар тахлын үеийг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал болохыг тооцож гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч уг хугацаанд газар дээрээ харгадахуйц ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдож байна.

7. Хариуцагч талаас Өдрийн сонины 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 224 дугаарт[11] *******-ийн газар эзэмших эрхийг цуцлах талаар мэдэгдэл нийтлүүлж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж байх хэдий ч Сумын засаг даргын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн А/156 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар “Хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн иргэн, ААН-ийн мэдээлэл”-д нэхэмжлэгч *******-д мэдэгдэл хүргүүлээгүй, нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь захиргааны байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулсан, газар эзэмшигчийн хувийн хэрэгт нэхэмжлэгчийн хаяг бүхий бусад мэдээллүүд байсаар атал түүнд захиргааны акт гаргах нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдэх, оролцоог нь хангах үйлдлийг гүйцэтгээгүй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах заалтад “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт “27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна” гээд 27.4.1 дэх заалтад “сонсгол зохион байгуулах”,  27.4.2 дах заалтад “саналыг бичгээр авах”, 27.4.3 дах заалтад “биечлэн уулзах”, 27.4.4 дэх хэсэгт “утсаар санал авах”, 27.4.5 дах заалтад “цахим хэлбэрээр санал авах”, 27.4.6 дах заалтад “төлөөлөгчөөр дамжуулан санал авах” зэргээр сонсох ажиллагаа хийх боломжтой хэдий ч тэр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2019 онд хариуцагч захиргааны байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2020 оны 08 сар хүртэл газраа зориулалтын дагуу ашиглахын тулд зохих зөвшөөрлүүдийг эрх бүхий байгуулагуудаас авч байсан, улмаар 2020-2021 оны 4 сарыг хүртэл  цар тахлын хорио цээрийн дэглэмийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон баримтаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь маргаан бүхий актын үндэслэл болгосон эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй буюу хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг гүйцэт тогтоогоогүй болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч *******-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаар “Газар эзэмших эрх цуцалж, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26.1, 27.2.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг 1, 8 дах тал

[2] Хавтаст хэрэг 1, 35 дах тал

[3] Хавтаст хэрэг 1, 33 дах тал

[4] Хавтаст хэрэг 1, 31 дэх тал

[5] Хавтаст хэрэг 1, 47 дах тал

[6] Хавтаст хэрэг 1, 50-69 дэх тал

[7] Хавтаст хэрэг 1, 70-71 дэх тал

[8] Хавтаст хэрэг 1, 72-79 дэх тал

[9] Хавтаст хэрэг 1, 80-83 дах тал

[10] Хавтаст хэрэг 1, 49 дэх тал

[11] Хавтаст хэрэг 1, 32 дах тал