| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/03613/И |
| Дугаар | 182/ШШ2023/02588 |
| Огноо | 2023-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2023/02588
2023 09 19 182/ШШ2023/02588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ү-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, ТХК ХХК ,
Хариуцагч:, МК ХХК-нд тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О,
Хариуцагч ТХК ХХК-ийн төлөөлөгч П.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Хариуцагч МК ХХК-ийн төлөөлөгч М.Ц-н хүсэлтээр түүний эзгүйд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ү нь Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 2019.12.02-ны өдөр ТХК ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Уг орон сууцны хорооллыг хариуцагч МК ХХК бариулж байгаа бөгөөд хариуцагч ТХК ХХК нь тус байрыг МК ХХК-иас бартериар хүлээн авсан байдаг. Тийм учраас бид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар уг орон сууцны 1 м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан өдрөө нийт 53,702,000 төгрөгийг ТХК ХХК-нд бүрэн төлж, бид гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Харин хариуцагч ТХК ХХК нь тухайн орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулах ёстой байтал өнөөдрийг хүртэл оруулаагүй байна. Гэтэл хариуцагч ТХК ХХК нь 2022 оны 03 сард орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болгосон, үнийн өсөлтийг зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлахыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл өгсөн гэдэг боловч үүнийг нэхэмжлэгч Л.Ү хүлээн аваагүй байдаг. Бидний хувьд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгон гэрээнд өөрчлөлт оруулсан, хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй, баримтгүй, хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгээд ч гэрээнд зааснаар үнэд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх, бусад этгээдэд худалдан борлуулахгүй байх ёстой байтал хариуцагч энэ үүргээ зөрчиж, бидэнтэй үүссэн асуудлыг нэг мөр болгоогүй байж, бидний худалдан авсан орон сууцыг Ц.Э гэх хүнд худалдан борлуулсан байгааг зөвшөөрөхгүй. Сүүлд сонссон мэдээгээр 2023 оны 09 сард тус орон сууцны барилга дээр улсын комисс ажиллаад эхэлсэн, удахгүй барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Гэрээний 4.2.1, 4.2.8-д зааснаар хариуцагч нь ТХК ХХК нь орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлж, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг саадгүй гарган өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд бид Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тус орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гарган өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах гэж тодруулсан. Яагаад гэвэл бид гэрээний дагуу худалдан авсан орон сууцныхаа үнийг бүрэн төлчихсөн учраас өмчлөх эрхтэй гэж үндэслэлээ тодорхойлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ТХК ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь МК ХХК-ийн захиалгаар П****** апартмент төслийн угсралт, цонх, дотор цахилгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлын хөлсөндөө бартераар байрууд авч, тус байрнууддаа гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, ажиллах хүчээ цалинжуулах зорилгоор худалдаж борлуулсан. 2019.12.02-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан. Мөн бид Ковид-19 өвчний тархалт, бараа материалын түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болгон нэмэх саналыг тухайн үед байр авсан нийт хүмүүстээ мэдэгдсэн бөгөөд энэ саналыг зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Тэдгээр хүмүүс бидний эдийн засгийн тооцооллыг танилцаад зарим нь зөвшөөрөөд гэрээгээ шинэчлэн байгуулаад явсан байдаг. Харин зарим хүмүүс энэ саналыг зөвшөөрөөгүй шүүхдээд явж байгаа бөгөөд тэдний нэг нь нэхэмжлэгч Л.Ү юм. Л.Үгийн хувьд орон сууцны 1 м.кв талбайн үнийг зөвшөөрөхгүй талаар бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй, шаардлага тавьж байгаагүй. Тийм учраас бид гэрээг цуцалж, нэхэмжлэгчид худалдсан орон сууцыг гуравдагч этгээд Ц.Э гэж хүнд 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр худалдсан байгаа бөгөөд одоо байрыг эзэмшилдээ авсан. Тэгээд ч гэрээнд зааснаар байрыг ашиглалтад оруулах эрх бидэнд байхгүй, харин МК ХХК-нд хамааралтай. Бидний хувьд нэхэмжлэгчийн төлсөн мөнгөний талаар маргахгүй, буцаагаад ав гэдгийг хэлсэн байгаа. Тэгээд ч гэрээ хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй, 2021 оны 01 дүгээр улирлыг бид 2023 оны 03 дугаар улирал болгон өөрчилсөн бөгөөд гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Тус орон сууцны хороололд 2023.09.07-ны өдрөөс улсын комисс ажиллаж эхэлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч МК ХХК, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48.82 м.кв 2 өрөө орон сууц нь 2020.03.18-ны өдрийн П2-А-АГГ-20/21 дугаартай цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ТХК ХХК-нд уг орон сууцыг бартерын журмаар өгсөн. Л.Ү нь орон сууцтай холбоотойгоор орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаагүй болно. Энэхүү маргаан нь ТХК ХХК болон иргэн Л.Ү нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний маргаан тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2022 оны 03 сард хүүгийн хамтаар 30 жил хүсэн мөрөөдсөн байраа худалдан авах зорилготой, зарын дагуу ТХК ХХК-ийн борлуулагч Г-тэй холбогдож 2022 оны 06 сард ашиглалтад орох бартерын хоёр өрөө байр байна гэсний дагуу байрыг очиж үзэж, хуулийн зөвлөх П.Н-тэй уулзсан байгаа. Тэгээд байрыг худалдаж авахаар шийдсэн бөгөөд гэнэт өөр хүн гарч ирдэг, нэмж мөнгө нэхэх байдлаар хуурч мэхлэх зүйл байх вий гэдгийг тодруулахад П.Н тийм асуудал үүсэхгүй гэдгийг хэлсэн юм. ...Тэгээд гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48.82 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож, 87,876,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг ТХК ХХК-нд 100% төлсөн байгаа. ...Тэгээд байр ашиглалтад орохыг хүлээж, ТХК ХХК-иас удаа дараа шаардаж тодруулж явсан бөгөөд гэнэт шүүхээс дуудсаныг гайхаж байна. ...Тийм учаас байрандаа орно, өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ТХК ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас 2020.01.22-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2020.01.22-ны өдрийн ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн баримт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.22-ны өдрийн 10581 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, МК ХХК-ийн 2023.06.05-ны өдрийн 002/284 тоот албан бичиг, П****** Апартмент-1 хотхоны гадна байдлыг харуулсан гэрэл зургууд, МК ХХК-ийн 2022.07.20-ны өдрийн 002/173 дугаар мэдэгдэл гэсэн баримтуудыг,
Хариуцагч МК ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.08.08-ны өдрийн 005/019 тоот албан бичиг гэсэн баримтуудыг,
Хариуцагч ТХК ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ТХК ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.03.10-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, гуравдагч этгээд Ц.Эийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний тооцооны үлдэгдлийн баталгаа, түүний Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтууд, МК ХХК-ийн 2022.03.25-ны өдрийн 002/104 тоот албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
6.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу 2020.03.18-ны өдрийн цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.04.01-ний өдрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Ү нь хариуцагч ТХК ХХК, МК ХХК-нд тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гарган өгөхийг даалгах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гарган өгөхийг даалгах гэж тодруулсан болно.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Л.Ү нь хариуцагч ТХК ХХК-иас гэрээний дагуу Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,100,000 төгрөгөөр тооцон худалдан авч, гэрээ байгуулсан өдрөө нийт 53,702,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч ТХК ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулах, өмчлөлд шилжүүлэх, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гарган өгөхгүй хохироож, орон сууцны 1 м.кв-ын үнийг нэмж төлөхийг шаардсаныг зөвшөөрөөгүй бөгөөд гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй байхад бидний байрыг бусдад худалдан борлуулж хохироож байна, иймд худалдан авсан байраа өмчлөлдөө авах, бичиг баримтыг гаргуулахыг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч ТХК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ бидний хувьд маргаан бүхий байрыг хийсэн ажлынхаа хөлсөнд МК ХХК-иас авсан бөгөөд орон сууцыг бид бариагүй, ашиглалтад оруулах үүрэг хүлээхгүй, Ковид-19 өвчний улмаас байрны 1 м.кв-ын үнэ нэмэгдсэн, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэхэд ямар нэгэн хариу өгөөгүй, гэрээний хугацаа дууссан учраас бид гуравдагч этгээд Ц.Эт орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулсан, иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэн.
2.1.Хариуцагч МК ХХК нь “...бид маргааны зүйл болсон орон сууцыг бартераар ТХК ХХК-нд шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч Л.Үтой ямар нэгэн гэрээ байгуулаагүй, энэхүү маргаан нь ТХК ХХК болон иргэн Л.Ү нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний маргаан тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга бүхий тайлбарыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “... зарын дагуу ТХК ХХК-ийн борлуулагч Г-тэй холбогдож 2022 оны 06 сард ашиглалтад орох бартерын хоёр өрөө байр байна гэсний дагуу байрыг очиж үзсэн бөгөөд худалдан авахаар шийдэж, хуулийн зөвлөх П.Н-тэй уулзан гэрээ байгуулж C блокийн 1502 тоот орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож, 87,876,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг ТХК ХХК-нд 100% төлсөн, өнөөдрийг хүртэл байр ашиглалтад орохыг хүлээж, ТХК ХХК-иас удаа дараа шаардаж тодруулж явсан, тийм учаас байрандаа орно, өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ТХК ХХК-нд даалгаж өгнө үү” гэсэн утга бүхий тайлбарыг тус тус шүүхэд ирүүлжээ.
3.Хариуцагч ТХК ХХК болон МК ХХК-иуд нь харилцан тохиролцож, 2019.04.01-ний өдөр Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч ТХК ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч МК ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээсэн, мөн 2020.03.18-ны өдрийн цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч ТХК ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “П****** апартмент-2” 576 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч МК ХХК нь ажлын хөлсөнд П****** апартмент-1, 2 төслийн 8 ширхэг байрыг өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцоонд маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв 2 өрөө орон сууц хамаараагүй байна.
Гэвч зохигчдын тайлбар, хариуцагч МК ХХК-ийн 2022.03.25-ны өдрийн 002/104 тоот албан бичиг, 2023.08.08-ны өдрийн 005/019 тоот албан бичгээс үзвэл, хариуцагч ТХК ХХК нь хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын хөлсөнд маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв, 2 өрөө орон сууцыг бартерын журмаар хариуцагч МК ХХК-иас хүлээн авсан байх бөгөөд тэрээр уг сууцыг захиран зарцуулах эрхтэй болжээ.
4.Ийнхүү нэхэмжлэгч Л.Ү, хариуцагч ТХК ХХК-ийн хооронд 2020.01.22-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр хариуцагч ТХК ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах П****** апартмент-1 хотхон буюу C блокийн 1502 тоотын 48,82 м.кв 2 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгч Л.Үд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Л.Ү нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 53,702,000 төгрөгийг хариуцагч ТХК ХХК-нд төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдэгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
Тиймээс шүүх дурдсан хоёр гэрээний ижил болон ялгаатай шинжүүд, гэрээний тохиролцоо, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгч Л.Ү нь хариуцагч ТХК ХХК-ийн барьж, ашиглалтад оруулах C блокийн 1502 тоот орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан даруйд төлсөн, байр бэлэн болсны дараа өмчлөлдөө авах байдлаар худалдан авч байгаа хэлбэр бөгөөд тэрээр барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй байна.
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч талын гаргасан “...бид орон сууцыг бариагүй, ашиглалтад оруулах үүрэг хүлээхгүй...” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Ү нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 1.5, 2 дугаар зүйлийн 2.2.1, 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар гэрээний нийт үнэ болох 53,702,000 төгрөгийг 2020.01.22-ны өдөр хариуцагч ТХК ХХК-ийн Голомт банк ХХК-ийн дансаар шилжүүлж, үүргээ бүрэн биелүүлсэн,
хариуцагч ТХК ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8-д зааснаар орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгөх, өмчлөлд шилжүүлэх, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Л.Үд гарган өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, П****** апартмент 1 орон сууцны хороолол өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, 2023 оны 09 сараас улсын комисс ажиллаж байгаа талаар зохигчид маргаагүй.
6.Улмаар хариуцагч ТХК ХХК нь 2022 оны 07 дугаар сард Ковид-19 цар тахал өвчний улмаас бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн шалтгаанаар орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгох, зөвшөөрөхгүй бол гэрээ цуцлах талаар нэхэмжлэгч Л.Үд мэдэгдсэн гэж,
нэхэмжлэгч Л.Ү нь ирүүлсэн албан бичгийг нь зөвшөөрөөгүй учир буцааж хариуцагч ТХК ХХК-нд хүргүүлсэн гэж тус тус тайлбарлах боловч энэ байдал баримтаар тогтоогдоогүй, шүүх 2023.05.23-ны өдрийн 6498 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гэрээ цуцлах агуулга бүхий 2022 оны 07 сарын мэдэгдлийг хариуцагч ТХК ХХК-иас гаргуулахаар шаардсан боловч төлөөлөгч П.Нэргүй нь “...тус мэдэгдлийг Л.Үгийн гэрийн хаягаар хүргүүлэхэд хүлээн авсан болох нь тогтоогдсон, манай байгууллагад эх баримт байхгүй учир гарган өгөх боломжгүй...” гэх агуулгаар тайлбар гаргасан учир шүүх захирамжийн биелэлтийг хангагдсан гэж үзсэн болно.
Харин хариуцагч МК ХХК-ийн 2022.07.20-ны өдрийн 002/173 тоот албан бичиг, 2022.03.25-ны өдрийн 002/104 тоот албан бичгээс үзвэл, “...2019 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1 хотхоноос 13 орон сууц, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, П****** апартмент-2 хотхоноос 11 орон сууцыг танай байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд танайх уг орон сууцуудыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах, худалдан борлуулах боломжтой болсон. ...Гэвч бид гэрээний үнээ огт нэмээгүй байх бөгөөд харин захиалагч нарын гомдлын дагуу гэрээ байгуулсан хүмүүсийнхээ эрх ашгийг хүндэтгэн үнэ нэмэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэх...” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хариуцагч ТХК ХХК-нд хүргүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нарын гомдлоор хариуцагч нар өөр хоорондоо үнэ нэмэх, эсэх, захиалагч нарын ашиг сонирхлыг харгалзан үзэх талаар харилцаж байжээ.
7.Зохигчид гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар үнэд өөрчлөлт оруулахгүй байх, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй байхаар тус тус тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Л.Үгийн хувьд гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, эсрэгээрээ хариуцагч ТХК ХХК нь худалдан авсан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчсөн байна. Тиймээс зохигчдын хооронд 1 м.кв талбайн үнэ нэмэх, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах талаар бие биедээ шаардлага тавьсан байдал баримтаар тогтоогдоогүй тул гэрээний анхны нөхцөл хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ.
Нөгөө талаар хариуцагч ТХК ХХК, түүний төлөөлөгчийн тайлбарласнаар Ковид-19 өвчний улмаас байрны 1 м.кв-ын үнэ нэмэгдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Учир нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээ байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй бөгөөд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.
8.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр байна.
Мөн зохигчид гэрээний 7 дугаар зүйлд зааснаар гал, ус, үер, газар хөдлөлт, зуд, цасан шуурга гэх мэт байгалийн үзэгдэл, дайн, зэвсэгт бослого, хорио цээр, осол эндэгдэл, гэмт хэрэг гэх мэт нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, нийгмийн сөрөг үзэгдэл, эдийн засгийн хямрал, аливаа гуравдагч этгээд, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр болон үйлдэл, эс үйлдэхгүйг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал болохыг тодорхойлж, үүний улмаас зохигчид гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүй тохиолдолд хууль болон гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тохиролцжээ.
9.Харин хариуцагч тал нь Ковид-19 өвчний нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас гэрээний болон Иргэний хуулийн дээр дурдсан заалтуудын дагуу орон сууцны 1 м.кв тутамд үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдалд орсон шалтгаанаа нэхэмжлэгч талтай ярилцаж, харилцан зөвшилцөж шийдвэрлэх учиртай бөгөөд ийнхүү тохиролцсон байдлаа баримтаар нотлоогүй, гэрээний хуучин нөхцөл хэвээр үлдсэн болох нь нэгэнт тогтоогдсон тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 220, 221, гэрээний 7 дугаар зүйлд зааснаар цаг хугацааны хувьд Ковид-19 өвчний улмаас улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй болсон явдал нь байрны 1 м.кв талбайн үнийг өсгөхөөс аргагүй байдалд хүргэсэн, үүний улмаас хариуцагч ТХК ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч Л.Үд хүлээлгэн өгөх боломжгүй болсон нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, гэрээний суурь үндэс болсон харилцаа бүрэн өөрчлөгдөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхгүй, хариуцагч ТХК ХХК гэрээнээс татгалзах үндэслэлгүй юм.
10.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч Л.Ү нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасны дагуу орон сууцны үнэ болох 53,702,000 төгрөгийг хариуцагч ТХК ХХК-нд төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ТХК ХХК нь орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж нэхэмжлэгч Л.Үгийн өмчлөлд шилжүүлэх, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гарган өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Л.Үд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв, 2 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт хүлээн авахыг шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч ТХК ХХК нь мөн хуулийн заалт болон гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8-д зааснаар орон сууцыг нэхэмжлэгч Л.Үд хүлээлгэн өгөх үүрэгтэй болно.
11.Иймд нэхэмжлэгч Л.Үгийн худалдан авсан Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв, 2 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч Л.Үд хүлээлгэн өгөхийг хариуцагч ТХК ХХК-нд даалгаж, хариуцагч МК ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь МК ХХК нь 202.01.22-ны өдрийн гэрээний оролцогч биш, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Үгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, П****** апартмент-1, 2 орон сууцны барилга угсралтын ажлын хөлсөнд тодорхой орон сууцуудыг хариуцагч ТХК ХХК-ийн мэдэлд, захиран зарцуулах эрхтэйгээр хүлээлгэн өгсөн этгээд байна.
12.Хариуцагч ТХК ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар нэхэмжлэгчээс бусад гуравдагч этгээдийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэхгүй байх, 1.8-д зааснаар орон сууцыг давхардуулан худалдахгүй байх үүргээ зөрчиж, зохигчдын хооронд үүссэн маргаантай асуудлыг мэдсээр байж нэхэмжлэгч Л.Үгийн худалдан авсан П****** апартмент-1, C блокийн 1502 тоот орон сууцыг 2022.03.10-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Эт 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 87,876,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргуулахыг хүссэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангасан, бие даасан шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
13.Нэхэмжлэгч Л.Үгийн 2022.08.26-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 496,660 /426,460+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТХК ХХК-иас 426,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Үд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн * дугаар хороо, П****** апартмент-1, C блокийн 1502 тоотод байрлах, 48,82 м.кв, 2 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч Л.Үд хүлээлгэн өгөхийг хариуцагч ТХК ХХК-нд даалгаж, хариуцагч МК ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Үгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 496,660 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТХК ХХК-иас 426,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Үд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА