| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/02100/И |
| Дугаар | 182/ШШ2023/02706 |
| Огноо | 2023-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2023/02706
2023 09 26 182/ШШ2023/02706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗЭ.-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,552,127 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н,
Хариуцагчийн төлөөлөгч Р.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: З.Э нь 2019.07.05-ны өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулж, 33,600,000 төгрөгийг, автомашин худалдан авах зориулалтаар, жилийн 21%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20%-иар төлөхөөр тохиролцон зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Тоёота си эйч ар /Toyota CH-R/ маркийн, 2017 онд үйлдвэрлэсэн, бор өнгөтэй, ZYX102010987 арлын дугаартай 83** УБХ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Зохигчид 2021.06.30-ны өдөр харилцан тохиролцож, З.Эгийн зээл эргэн төлөх хуваарийг 2023.01.04-ний өдөр болгон гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. З.Э нь 33,600,000 төгрөгийн үндсэн зээлээс 19,115,347 төгрөг, бодогдсон 18,039,494 төгрөгийн хүүгээс 15,588,667 төгрөг, бодогдсон нэмэгдүүлсэн хүү 534,450 төгрөгөөс 97,845 төгрөг, нийт 34,801,860 төгрөгийг тус тус төлсөн байна. Ингээд бид 2023.04.04-ний өдрийн байдлаар хариуцагч З.Эгаас үндсэн зээлийн үлдэгдэл 14,484,652 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2,450,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 436,605 төгрөг, нийт 17,372,084 төгрөгийг нэхэмжилж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн. Бидний хувьд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах хууль зүйн үндэслэлгүй, анхнаасаа бид гэрээгээр хүүг тохирсон, зээлийн хүү их байна гэх бичгийн баримт байхгүй. Мөн барьцааны автомашиныг хэн унаад явах нь бидэнд хамаагүй, тэр бол хариуцагчийн асуудал, З.Эгийн хувьд нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг авсан учир буцаан төлөх үүргээ биелүүлэх ёстой.
Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүг 2023.04.04-ний өдрөөс 2023.07.31-ний өдрийг хүртэл 118 хоногийн хүү 983,369 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,673 төгрөг, нийт 1,180,042 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Ингээд зээлийн нийт шаардлага 18,552,127 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Тоёота си эйч ар /Toyota CH-R/ маркийн, 2017 онд үйлдвэрлэсэн, бор өнгөтэй, ZYX102010987 арлын дугаартай 83** УБХ улсын дугаартай автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Э нь 2019.07.05-ны өдөр ГБ ХХК-иас жилийн 21%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 33,600,000 төгрөгийн хэрэглээний зээлийг авсан, авсан боловч ашиглаагүй. Зээлийг хугацаандаа төлж байсан боловч ковид-19 цар тахлын улмаас, 2020 оны 02 сард улсын хил хааснаас гадаадын иргэнд үл хөдлөх хөрөнгө түрээслүүлж байсан хувийн бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээл төлөхөд санхүүгийн хүндрэлтэй болсон. Мөн З.Э 2020 оны 09 сард хүүхэд төрүүлж, хүүхдээ асрах шаардлагатай болж санхүүгийн эх үүсвэр нь бүрэн зогссон. Гэсэн хэдий ч зээл төлдөг тусгай дансанд 2023 оны 01 сард 10 сая төгрөгийг төлсөн байхад ГБ нь өмнөх шүүхийн шийдвэртэй зээлд авсан байгаа. Түүнчлэн банкны зээлийн тооцоолол тодорхойгүй, барьцааны хөрөнгө болох автомашиныг З.Э унахгүй байгаа. Зээл авснаас хойш банкуудын хэрэглээний зээлийн хүү жилийн 3% болж буурсан, мөн давагдашгүй хүчин зүйлээс болж зээл төлөх боломжгүй болсон тул жилийн 21%-ийн хүүг багасгаж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.04-ний өдрийн 734 дүгээр эрх олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2021.06.30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт орсон өөрчлөлт, 2019.07.05-ны өдрийн барьцааны гэрээ, 2019.07.05-ны өдрийн автомашины зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, банкны 2023.01.30, 2022.12.20-ны өдрүүдийн зээл төлөх тухай мэдэгдэл, хүү, тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 488 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022.03.17-ны өдрийн 734 тоот шийдвэр, 10,000,000 төгрөг төлсөн зээлийн дансны хуулга, зээл олгосон тухай зээлийн дансны хуулга, 2023.07.31-ний өдрийн байдлаарх хүү тооцооллын хүснэгт, мөнгөн гүйлгээний журнал, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.21-ний өдрийн харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн бичгийн баримт ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч З.Эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 18,552,127 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч З.Э нь гэрээний дагуу зээлийг хүлээн авч, ашигласан боловч буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, зээл төлөхийг удаа дараа шаардсан ч төлөөгүй, иймд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ зээл авсан талаар маргахгүй, гэхдээ өөрөө ашиглаагүй, уг зээлээр худалдан авсан автомашинаа хариуцагч өөрөө унахгүй байгаа, ковидын нөхцөл байдал болон хүүхэд төрүүлсэнтэй холбоотой санхүүгийн эх үүсвэргүй болж зээлийг төлөх чадваргүй болсон, тиймээс зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжтой гэж мэтгэлцсэн.
3.Зохигчид 2019.07.05-ны өдөр автомашины зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байх ба, уг гэрээгээр хариуцагч З.Э нь 33,600,000 төгрөгийг, жилийн 21%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж авах, графикийн дагуу төлөлт хийх, хийгээгүй тохиолдолд зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх,
нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч З.Эд зээлийг олгох, түүний эзэмшлийн 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота си эйч ар /Toyota CH-R/ маркийн, 2017 онд үйлдвэрлэсэн, бор өнгөтэй, ZYX102010987 арлын дугаартай, 83** УБХ улсын дугаартай автомашиныг барьцаалж, зээлийг төлөөгүй тохиолдолд уг автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг тус тус хүлээжээ.
Зохигчид энэхүү гэрээнд 2021.06.30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2023.01.04-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлагад нийцжээ.
4.Нэхэмжлэгч ГБ ХХК нь зээлийн гэрээний дагуу нь 2019.07.05-ны өдөр “зээл олгов ЭЗ...” гэсэн утгаар түүний ГБ ХХК-ийн дансанд 33,600,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх бөгөөд хариуцагч З.Э нь зээлийг хүлээн авч, ашиглаад зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, хүү, тооцооллын хүснэгтээр гэрээний хугацаанд үндсэн зээлд 33,600,000 төгрөг, хүүд 18,039,494 төгрөг, нийт 51,639,494 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэхүү үүргийн дагуу үндсэн зээлд 19,115,347 төгрөг, хүүд 15,588,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 97,845 төгрөгийг тус тус буцаан төлсөн байх боловч 14,484,652 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 2022 оны 08 сараас зээлийн төлөлт огт хийгээгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.7-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК нь 33,600,000 төгрөгийг хариуцагч З.Эд хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч З.Э нь мөн хуулийн заалт болон зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8, 2.3-д зааснаар ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлтийг бүрэн хийгээгүй, зээл, хүүгийн үлдэгдэлтэй, нэхэмжлэгч нь уг зээлийг төлүүлэх талаар хариуцагчаас 2022 оны 12 сард, 2023 оны 01 сард тус тус шаардсан байх боловч төлөөгүй, гэрээний хугацаа 2023.01.04-ний өдөр дуусчээ.
5.Өөрөөр хэлбэл хариуцагч З.Э нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн, зээлийг бүрэн төлөөгүй буруутай байх бөгөөд тэрээр үндсэн зээл, хүүгээс гадна нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ГБ ХХК нь 2023.07.31-ний өдрийн байдлаар зээлийн хүү 18,039,494 төгрөгийг 983,369 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 534,450 төгрөгийг 196,673 төгрөгөөр тус тус ихэсгэж, зээлийг эцсийн байдлаар:
- үндсэн зээлийн үлдэгдэл 14,484,652 төгрөг,
- хүүгийн үлдэгдэл 3,434,195 төгрөг,
- нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 633,279 төгрөг, нийт 18,552,127 төгрөг гэж тооцжээ.
Харин хариуцагч З.Э нь дээрх тооцооллыг ойлгомжгүй, хүүгийн хэмжээ их, ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх санхүүгийн эх үүсвэр зогссон гэж тайлбарлан зээлийн хүүг багасгахыг хүсэж байх боловч дурдсан үйл баримтыг нотлох бичгийн баримтгүй, нөгөө талаар хүү багасгах зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээнд хамааралгүй, мөн хуулийн 282 дугаар зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамааралтай байх тул зээлийн хүүгийн хэмжээг бууруулах хууль зүйн үндэслэлгүй байна.
6.Иймд нэхэмжлэгч ГБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 14,484,652 төгрөг, хүүгийн үлдэгдэл 3,434,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 633,279 төгрөг, нийт 18,552,127 төгрөгийг хариуцагч З.Эгаас шаардах эрхтэй, хариуцагч З.Э нь төлөх үүрэгтэй, тэрээр зээлийг ашиглаагүй шалтгаанаар гэрээний үүргээ чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол үндэслэл бүхий байна. Тиймээс хариуцагч З.Эгаас 18,552,127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгох нь зүйтэй.
Хариуцагч З.Э нь зээлийн гэрээний дагуу 18,552,127 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т зааснаар барьцааны зүйл болох 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Тоёота си эйч ар /Toyota CH-R/ маркийн, 2017 онд үйлдвэрлэгдсэн, бор өнгөтэй, ZYX102010987 арлын дугаартай, 83** УБХ улсын дугаартай автомашиныг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй, тэрээр гэрээний барьцааны зүйл болох автомашиныг өөрөө унаж ашигладаггүй шалтгаанаар хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй юм.
7.Нэхэмжлэгч ГБ ХХК-ийн 2023.05.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 244,811 төгрөг, 2023.05.15-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2023.07.31-ний өдөр төлсөн 32,872 төгрөг, нийт 347,883 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Эгаас 320,911 /250,711 төг+70,200 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч талаас гарган өгсөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 488 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022.03.17-ны өдрийн 734 тоот шийдвэр, 10,000,000 төгрөг төлсөн зээлийн дансны хуулга, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.21-ний өдрийн харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гэсэн баримтууд нь энэхүү маргааны зүйлд хамааралгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй. Харин энэхүү баримтууд нь зохигчдын хооронд өмнө үүссэн 2019.04.21-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой, уг асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаатай холбоотой тусдаа үйл баримтад хамааралтай болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч З.Эгаас 18,552,127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-ийн барьцаанд байгаа 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, Тоёота си эйч ар /Toyota CH-R/ маркийн, 2017 онд үйлдвэрлэгдсэн, бор өнгөтэй, ZYX102010987 арлын дугаартай, 83** УБХ улсын дугаартай автомашиныг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 347,883 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Эгаас 320,911 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА