Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Баярхүү,

Хохирогч Ю.Мөнхцэцэг,

Шүүгдэгч М.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даян овогт Моломжамцийн Энхжинд холбогдох эрүүгийн 201726030302 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, дээд боловсролтой, түүх судлаач, Япон судлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн 1/18-14 тоотод оршин суух, Зам тээвэр хөгжлийн сайдын 2016 оны 119 дүгээр тушаалаар Монгол Улсын онц тээвэрчин тэмдэгээр шагнагдаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ЧД79101613/, Даян овогт Моломжамцийн Энхжин нь:

- 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж бааранд иргэн Ю.Мөнхцэцэг “эмэгтэй 00 өрөөнд орлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн шуу хэсэгт гараараа цохиж биед нь богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-7 /,

Хохирогч Ю.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Бааранд ороод бид 3 хүний нэг шил пиво авч уугаад манай хоёр найз бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Тэгээд тооцоо хийгээд дахин нэг пиво захиалсан 01 цаг 30 минутын орчим бие засахаар эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орсон. Тэгээд 00 өрөөнөөс нь эрэгтэй хүн гарч ирэхээр нь тэр залууд хандаад “эрэгтэй 00-ын өрөө хажуу талд байгаа” гэсэн. Тэгсэн чинь тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний зүүн талын гар руу нэг удаа “новш минь” гэж хэлээд гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн гарч ирсэн 00-ын өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирээд хоёулаа нийлээд дайраад эрэгтэй нь намайг дахиж цохих гээд хамт явсан эмэгтэй нь “чи өөрөө манай нөхөр рүү эхэлж дайрсан биз дээ” гээд над руу дайраад байсан. Тухайн үед миний гар хүндүүрлээд өвдөөд байсан учраас би дуугай доошоо суугаад уйлаад “миний гар хугарсан байна” гэж хэлсэн. Энэ үед нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн “чамд ямар хамаатай юм бэ? чи өөрөө эхэлж дайраа биз дээ новш, янхан минь” гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь араас нь гараад тухайн баарны хамгаалагч болон найз нараа дуудаад болсон асуудлын талаар хэлсэн. Тэгсэн чинь бармен залуу нь “аль хүн цохисон юм бэ” гэхээр нь би нөгөө залууг зааж өгсөн чинь дагуулаад ирсэн. Манай найз Отгонтуяа “чи манай найзын гарыг хугалсан байна” гээд хэлсэн чинь өөдөөс нь зодох гээд дайрсан. Мөн миний өөдөөс гараа далайгаад цохих гэж дайраад байсан. Цуг явсан нэг эрэгтэй найз нь “наад хоёр чинь 4 хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр ариун цэврийн өрөөнд хамт орох ёсгүй” гээд цагдаа түргэн дуудаад байж байх хооронд нөгөө залуу зугтаад яваад өгсөн. Би 20.000 төгрөгөөр гарын зургаа авахуулсан. Мөн “Ачтан” эмнэлэг дээр 25.000 төгрөгөөр зургаа авахуулсан. Мөн гарны сойлт 6.000 төгрөг, өвчин намдаах эм болон бусад зардал нь 15.000 төгрөг болсон. Мөн Солонгос улсаас кальци болон өвчин намдаах эм нь нийлээд 200.000 төгрөг болсон. Миний хувьд зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би гоо сайханч хийдэг юм. Гараа гэмтээсэн асуудлаас болж ажлаа хийж чадахгүй байна. Тийм учраас орлогын нотлох баримтаа авчираад ажилгүй байсан хугацааны орлогоо нэхэмжлэх болно...” гэжээ. / хх 11-13 /,

Гэрч Н.Отгонтуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Дурсамж” бааранд 00 цаг 30 минутын орчим орсон. Бааранд найз Ю.Мөнхцэцэг бие засахаар 00-ын өрөө рүү явж, Болорцэцэг бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Ю.Мөнхцэцэг 00-ын өрөө рүү яваад удаад байхаар нь би араас нь явж очсон чинь 00-ын өрөөнөөс уйлаад “гар хугалчихлаа” гээд гараад ирсэн. Тэгээд “хэн хугалсан юм” гэж асуухад зөөгч нь “тэр ширээн дээр сууж байгаа хүн хугалсан байна” гээд намайг дагуулаад ширээн дээр нь очсан. Би “чи хүний гар хугалсан байна” гэж хэлээд нөгөө залууг дагуулаад 00-ын өрөөний орчим очсон. Ингээд цагдаа, түргэн дуудсан. “Гар хугалсан байна” гэхэд нөгөө залуу Мөнхцэцэг бид хоёрыг зодох гэж дайрсан ба баараар үйлчлүүлж байсан хүмүүс хамгаалаад цохиулаагүй. Тэгээд би тэр залууд хандаад “энд хэрэлдээд яах вэ? цагдаа ирэхээр бүх учрыг нь олно” гэж хэлсэн. Ингээд бужигнаад байж байх хооронд нөгөө залуу зугтаад яваад өгсөн байсан. Би яаж цохисон гэдгийг нь мэдэхгүй. Ю.Мөнхцэцэгийг тухайн залуутай маргалдах үед хажууд нь байгаагүй. 00-ын өрөөнөөс гар нь далийгаад унжсан байдалтай хавдаад гарч ирсэн. 35-40 насны, намхан нуруутай, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хувцас өмссөн туранхай залуу байсан. Тухайн залуу нь нэг их согтоогүй биеэ авч явах чадвартай явж байсан...гэжээ.” / хх 14-16 /,

Гэрч Д.Амаржаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Бид 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд орсон. Бааранд ороод нэг нэг шил пиво захиалаад бааранд бүжиглэж байсан. Ингээд ширээнд ирээд сууж байхад М.Энхжин хүрч ирээд “хурдан гарцгаая” гэж хэлсэн. Тэгсэн чинь М.Энхжин “би 00-ын өрөөнд нэг хүүхнийг түлхээд унагачихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ ар араасаа цувраад гарсан чинь М.Энхжин эхнэрийн хамт нэг эмэгтэйтэй маргалдаад байхаар нь “яасан бэ” гээд асуусан чинь “чамд хамаагүй” гэсэн. Хүрэлбаатар хүрч ирээд бид нар машинд нь суугаад би гэртээ орсон. Дараа нь М.Энхжингээс асуухад эхнэр Ундрааг дагуулж 00-ын өрөө орсон гэсэн. Тухайн үед М.Энхжин эмэгтэй 00-ын өрөөнд явж орсоноо мэдээгүй байсан гэсэн. Тэгсэн чинь гаднаас нэг эмэгтэй орж ирээд “чи 00-ын өрөөнд юу хийж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд хамаагүй” гэж хэлээд нэг удаа түлхсэн гэсэн. Ингээд тэр эмэгтэй газар унахаар нь эхнэрээ дагуулаад гараад явсан гэсэн. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...” гэжээ. / хх 19-21 /,

Гэрч Т.Александр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” бааранд бид нар орсон. Бааранд ороод хүний нэг нэг шил пиво захиалж авсан. Ингээд пивоо ууж дуусаад 2 цаг орчим бүжиглэж байгаад 3 цагийн орчим баарнаас гараад гэр гэртээ харьсан. Бааранд сууж байхад М.Энхжин хүрч ирээд “00-ын өрөөнд нэг хүүхэнтэй маргалдсан чинь цагдаа дуудах гээд байна. Одоо эндээс гарья” гэсэн. Тэгэхээр нь би “тэгвэл хоорондоо зохицооч” гэсэн чинь “согтуу байна, дэмий юм шиг байна” гэсэн. Тэрнээс биш хүний гар хөл хугалсан талаар бол мэдэхгүй байна. Тухайн өдөр М.Энхжин нь биеийн тамирын хувцас, саравчтай малгай өмссөн байсан. М.Энхжин ер нь байнга малгай өмсөөд явдаг...” гэжээ. / хх 22-24 /,

Гэрч П.Ундармаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Бааранд ороод хүний нэг нэг шил пиво захиалж авсан. Ингээд бүжиглээд нэлээд удаан сууж байгаад гарахаар болоод би бие засах гээд нөхөр М.Энхжинг дагуулаад 00-ын өрөө рүү яваад орсон. Тэгээд 00-ын өрөө рүү ороход манай нөхөр надад хань болоод хүлээгээд зогсож байсан юм. Намайг бие засч байхад манай нөхөр М.Энхжинг нэг эмэгтэй хүн “чи яагаад эмэгтэйчүүдийн 00-ын өрөөнд зогсож байдаг юм” гээд чангаар хэлэхээр нь би бие засч дуусаад гараад ирсэн. Тэгсэн чинь нөхөр М.Энхжин нөгөө эмэгтэйтэй маргалдаад байсан. “Би эхнэрээ хүлээгээд зогсож байна” гээд учир байдлаа хэлсэн чинь нөгөө эмэгтэй “чи яагаад эмэгтэй 00-ын өрөөнд зогсож байдаг юм бэ” гээд дахиад хэлэхэд нөхөр М.Энхжин “би энд хүн хүлээгээд зогсож байна. Чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь “надад яахаараа хамаагүй байдаг юм бэ” гээд өөдөөс нь уурлаад хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь манай нөхөр “чамд ямар хамаатай юм бэ, чамайг хараагүй бол болоо юм биш үү” гээд дахиад хоорондоо хэрэлдсэн. Энэ үед нөгөө эмэгтэй цээжээрээ түрж ирээд “надад яагаад хамаагүй байдаг юм” гээд дахин дахин цээжээ наагаад байхаар нь нэг удаа холдооч гээд түлхсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй арагшаа бөгсөөрөө унаад өгсөн. Тухайн эмэгтэй согтуу байсан учраас эрчиндээ унаад өгсөн. Тэгээд бид хоёр 00-ын өрөөнөөс гараад явсан чинь нөгөө эмэгтэй босоод явсан. Ширээн дээр ирээд гарах гээд байж байхад зохион байгуулагч нь ирээд үүдэнд асуудал болсон байна гэхээр нь нөгөө эмэгтэй дээр бөөндөө гарах гэж байсан учраас очоод “яасан юм бэ сүртэй асуудал болоогүй ш дээ” гэж хэлэхэд “танай нөхөр чинь намайг түлхээд гар гэмтчихлээ” гэсэн. Тэгэхээр нь “бид нар яагаачгүй чи өөрөө дайраад байхаар чинь түлхсэн чинь эрчиндээ унасан биз дээ” гэдгийг нь хэлсэн. Тэгээд учраа олж чадаагүй учраас тэндээс гараад явсан. Тэр эмэгтэй миний гарыг гэмтээчихлээ гээд зүүн гараа өргөөд зогсож байсан...” гэжээ. / хх 25-27 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2935 дугаартай шинжээчийн дүгнэлт

1. Ю.Мөнхцэцэгийн биед зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмэнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашинд гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй...” гэжээ. / хх 31/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 33-37 /,

Шүүгдэгч М.Энхжинг 2017.06.30-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 91 /,  2017.08.11-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 105-106 /,

Шүүгдэгч М.Энхжингийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 60 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхжин мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хэсэг найз нөхдийн хамт Хан-Уул  дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дурсамж” нэртэй бааранд орсон. Бид нар нэг нэг шил пиво захиалж уугаад бүжиглэж байгаад эхнэрийн хамт “00” өрөө рүү орохоор явсан. Тухайн үед эмэгтэй “00” өрөө байсныг сүүлд мэдсэн. “00” өрөөний хаалганы хэсэг буюу үүдэнд нь эхнэрээ хүлээгээд зогсож байсан. Гэтэл хохирогч Ю.Мөнхцэцэг ирээд “чи яагаад эмэгтэй “00” өрөөнд ордог юм бэ” гэж асуухаар нь “чамд хамаагүй, би хүн хүлээгээд зогсож байна. Чамд ямар хамаатай юм бэ” гэхэд шууд дайраад маажих гээд байгаа юм шиг болохоор нь холдуулах гээд унагаая гэх бодолгүй зөөлөн түлхэх үед эрчээрээ унасан. Энэ үед манай эхнэр Ундармаа гарч ирээд хараад зогсож байсан. Тэгээд хохирогч Ю.Мөнхцэцэгийг уначихаар нь “яасан юм бол” гээд харахад зүгээр босоод ирсэн. Тэгэхээр нь би гараад найзууд дээрээ очоод сууж байтал зохион байгуулагч нь бололтой нэг эмэгтэй ирээд “та “00” өрөөнд хүн зодчихсон юм уу, хүний гар хугарчихлаа” гэхээр нь “үгүй ш дээ, тийм зүйл болоогүй” гэсэн. Тэгээд хохирогч Ю.Мөнхцэцэг дээр очиход гараа дээшээ өргөчихөөд “чи миний гарыг гэмтээчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би “яахаараа чиний гарыг гэмтээдэг юм бэ, үзье” гэхэд гараа дээшээ өргөчихөөд үзүүлэхгүй байсан. Гар нь хугарсан эсэхийг мэдээгүй. Тэгээд маргалдаж байгаад бид нар гадаа машин ирсэн гэхээр нь явсан. Хохирогч Ю.Мөнхцэцэгийн мэдүүлэгт үнэн зүйл байхгүй байна. Дандаа намайг цохисон, доромжилсон, зодох гэж дайрсан гэсэн байна. Ийм зүйл огт болоогүй, би хараалын нэг ч үг хэлээгүй. Цохисон уу, үгүй юу гэдгийг манай эхнэр харсан...” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хэрэг гарсан. Бааранд ороод бид 3 хүний нэг шил пиво авч уугаад манай хоёр найз бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Тэгээд тооцоо хийгээд дахин нэг, нэг пиво захиалаад би бие засахаар эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орсон. Тэгэхэд 00 өрөөний хоёр өрөө засвартай байсан. Тэгээд 00 өрөө хүлээгээд зогсож байтал согтуу эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би “эрэгтэй 00-ын өрөө хажуу талд байгаа” гэсэн. Тэгсэн чинь тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний гар руу цохисон. Тэгэхээр нь  би “чи намайг цохичихлоо” гэхэд дахиад түлхсэн, би гараа даахгүй, тонгойгоод гар мэдээ алдаж шууд унжсан. Тэгээд доошоо тонгойгоод байж байхад эхнэр нь гарч ирээд “чи өөрөө эхэлж манай нөхөр рүү дайрсан биз дээ” гэж нөхөртэйгээ нийлээд хэвийн бус араншин гаргаад хажуугаар түлхээд гарсан. Би шалан дээр уйлж сууж байгаад “баарны хамгаалагч нарыг дуудаач миний гарыг хүн хугалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай найз Отгонтуяа, хамгаалагч нарыг зодох гээд дайрсан. Тэр хооронд би эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд шүүгдэгч М.Энхжин “тамхи татчихаад ирье” гэж гараад зугатаасан. М.Энхжингийн аав нь Энхжинг Солонгос улсад байхад ирж уулзсан. Би найзтайгаа очиж уулзсан. Манай хүүхэд чиний гарыг хугалсан байна. Эмчилгээний зардал өгье гэж хэлсэн. Би мөнгө авахын тулд цагдаа, шүүхээр яваагүй. М.Энхжин нь буруугаа хүлээгээд уучлалт гуйвал хүлээж авна гэж хэлсэн. Гэтэл М.Энхжингийн аав нь надад “би чиний гэрийн хаяг, утасны дугаарыг цагдаагаас аваагүй, би хувиараа олж авсан, надад цагдаа, шүүхэд танил тал байгаа” гэж сүрдүүлэх маягтай үг хэлсэн. Тэгээд би аавтай нь тохиролцоогүй. М.Энхжин Солонгос улсаас ирсний дараа надтай уулзаж нэг удаа “уучлаарай” гэж хэлээд ер нь чиний буруу гэх хандлагатай ярьсан. Бодит зардал 500.000 төгрөг юм бол илүү мөнгө олж чадахгүй гэсэн байдлаар хэлсэн учраас тохиролцоогүй. Дараа нь дахиад М.Энхжин над руу утсаар ярьж “би бодит хохирол дээр чинь 1.000.000 төгрөг өгье” гэсэн. Би М.Энхжинг хоёр дахь удаагаа уулзах үед нь ажлынхаа газартаа дуудаж, би сар бүр 300.000 төгрөгийн түрээс төлдөг, би сардаа дунджаар 2.000.000 төгрөгийн орлого олдог. Үүнээс хоёр лизинг төлдөг, урсгал зардалдаа зарцуулдаг. Надад ойролцоогоор 5.000.000 төгрөгийн хохирол гарсан гэж хэлж байсан. Хэрвээ надад 2.000.000 төгрөг өгвөл тохиролцож болно гэхэд М.Энхжин 1.000.000 төгрөгнөөс өөр мөнгө өгч чадахгүй, шүүхээр явъя гээд тохиролцож чадаагүй байгаа...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Энхжингийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Энхжин нь 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж бааранд иргэн Ю.Мөнхцэцэг “эмэгтэй 00 өрөөнд орлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн шуу хэсэгт гараараа цохиж биед нь богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Ю.Мөнхцэцэгийн “... тэгээд 00 өрөө хүлээгээд зогсож байтал согтуу эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би “эрэгтэй 00-ын өрөө хажуу талд байгаа” гэсэн. Тэгсэн чинь тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний гар руу цохисон. Тэгэхээр нь  би “чи намайг цохичихлоо” гэхэд дахиад түлхсэн, би гараа даахгүй, тонгойгоод гар мэдээ алдаж шууд унжсан. Тэгээд доошоо тонгойгоод байж байхад эхнэр нь гарч ирээд “чи өөрөө эхэлж манай нөхөр рүү дайрсан биз дээ” гэж нөхөртэйгээ нийлээд хэвийн бус араншин гаргаад хажуугаар түлхээд гарсан. Би шалан дээр уйлж сууж байгаад “баарны хамгаалагч нарыг дуудаач миний гарыг хүн хугалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хэргийн 11-13х /,

гэрч Н.Отгонтуяагийн “...Ю.Мөнхцэцэг 00-ын өрөө рүү яваад удаад байхаар нь би араас нь явж очсон чинь 00-ын өрөөнөөс уйлаад “гар хугалчихлаа” гээд гараад ирсэн. Тэгээд “хэн хугалсан юм” гэж асуухад зөөгч нь “тэр ширээн дээр сууж байгаа хүн хугалсан байна” гээд намайг дагуулаад ширээн дээр нь очсан. Би “чи хүний гар хугалсан байна” гэж хэлээд нөгөө залууг дагуулаад 00-ын өрөөний орчим очсон. Ингээд цагдаа, түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг / хэргийн 14-16х /,

гэрч Д.Амаржаргалын “...Ингээд ширээнд ирээд сууж байхад М.Энхжин хүрч ирээд “хурдан гарцгаая” гэж хэлсэн. Тэгсэн чинь М.Энхжин “би 00-ын өрөөнд нэг хүүхнийг түлхээд унагачихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ ар араасаа цувраад гарсан чинь М.Энхжин эхнэрийн хамт нэг эмэгтэйтэй маргалдаад байхаар нь “яасан бэ” гээд асуусан чинь “чамд хамаагүй” гэсэн. Хүрэлбаатар хүрч ирээд бид нар машинд нь суугаад би гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг / хэргийн 19-21х /,

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2935 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд  “... Ю.Мөнхцэцэгийн биед зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмэнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашинд гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй...” гэжээ. / хх 31/,

 -Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 33-37 / болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхжин нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй ба харин хэргийн үйл баримтын талаар тодруулбал “...би хохирогч Ю.Мөнхцэцэгийн гар руу цохиогүй, харин хажуугаар нь гарахдаа түлхчихсэн юм...” гэж мэдүүлж байгаа нь  хохирогч Ю.Мөнхцэцэгийн “...Тэгэхээр нь би “эрэгтэй 00-ын өрөө хажуу талд байгаа” гэсэн. Тэгсэн чинь тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ” гээд миний гар руу цохисон. Тэгэхээр нь  би “чи намайг цохичихлоо” гэхэд дахиад түлхсэн, би гараа даахгүй, тонгойгоод гар мэдээ алдаж шууд унжсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Отгонтуяагийн “...Ю.Мөнхцэцэг 00-ын өрөө рүү яваад удаад байхаар нь би араас нь явж очсон чинь 00-ын өрөөнөөс уйлаад “гар хугалчихлаа” гээд гараад ирсэн. Тэгээд “хэн хугалсан юм” гэж асуухад зөөгч нь “тэр ширээн дээр сууж байгаа хүн хугалсан байна” гээд намайг дагуулаад ширээн дээр нь очсон. Би “чи хүний гар хугалсан байна” гэж хэлээд нөгөө залууг дагуулаад 00-ын өрөөний орчим очсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2935 дугаартай шинжээчийн “... Ю.Мөнхцэцэгийн биед зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэх шижээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч М.Энхжин хохирогч Ю.Мөнхцэцэгийг түлхсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Шүүхээс шүүгдэгч М.Энхжинг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Энхжинд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Хохирогч Ю.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд / бензин, эм тарианы мөнгө / нийт 680.000 төгрөг нэхэмжилснээс  нотлох баримтын шаардлага хангаагүй 278.775 төгрөгийн баримтыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч М.Энхжингээс 401.225 / дөрвөн зуун нэг мянга хоёр зуун хорин таван/ төгрөг гаргуулан хохирогч Ю.Мөнхцэцэгт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон эм тариа,  ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Энхжинд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Даян овогт Моломжамцийн Энхжинг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 600 нэгж буюу 600.000 / зургаан зуун мянган /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Энхжин нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Энхжинд оногдуулсан 600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Энхжин нь цагдан хоригдоогүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг журамлан шүүгдэгч М.Энхжингээс 401.225 / дөрвөн зуун нэг мянга хоёр зуун хорин таван/ төгрөг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 38-18 тоотод оршин суух Боржигон овогт Юндэнсүрэнгийн Мөнхцэцэг /РД:ТЕ80123061 /-т олгож, хохирогч Ю.Мөнхцэцэг нь цаашид гарах ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний  зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Энхжинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД