Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/401

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, У.У нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны ...1 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ...1/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын гомдлуудыг үндэслэн Б.Б, У.У нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг ...1 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн У У, 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач, техникийн мэргэжлийн орчуулагч мэргэжилтэй, “...” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж, эцэг, эхийн хяналтад өгсөн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            2. Ч овгийн Бгийн Б, 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

            Б.Б, У.У нар нь бүлэглэн ...0 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын ... тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Эын эзэмшлийн Samsung A-70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, У.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ч овогт Бгийн Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт У Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч У.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тайлбарлаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Уын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдлыг талууд мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.У нь хохирогчийн Samsung A-70 загварын гар утсыг хулгайлсан нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэтэл уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн Б.Б нь хулгайлах гэмт хэргийн халдлагын эд зүйл болох гар утсыг барьцаат зээлийн газар барьцаалж 350.000 төгрөгийг авч захиран зарцуулсан нь 1 дүгээр хавтас хэргийн 14-15 дугаар талд байх дансны хуулга, 16 дугаар талд байх зээлийн гэрээ, 18-19 дүгээр талд хаан банкны дансны хуулга зэргээр хохирогч Э.Эын өмчлөлийн гар утсыг У.У хулгайлах субьектив санаа зорилгогүй байсан нь нотлогддог. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилгыг тодорхойлоогүй. Хэдийгээр шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт У.Уыг гар утсыг бусдын өрөөнөөс хулгайлан авч гарч ирсэн талаар мэдүүлсэн хэдий ч оролцогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.У нь ямар зорилгоор гар утас авсан талаар мэдүүлээгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чаддаггүй болно. Энэ талаараа анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм буруугийн хэлбэр”-ийг тусгана гэж заасан байтал У.Уыг ямар зорилгоор гэмт хэрэг үйлдэх болсон гэм буруугийн ямар хэлбэрээр гэмт хэрэг үйлдэх болсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлага хангаагүйгээс гадна өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар бичгээр гаргасан саналд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Иймд шүүгдэгч У.Уад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ял авсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэ нь Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр түүнд мөнгөний хэрэгцээ гарсныг олох зорилгоор утсыг хулгайлж, мөнгө олох зорилгыг ямар аргаар яаж олж болдгийг мэддэг буюу хохирогчийн утасны зураг болон мэдээллийг бүгдийг устгаж, тухайн утсыг 350.000 төгрөгөөр эх болох Э.Наранцэцэгийг залилж тухайн ломбардын Б.Унаганхүүтэй яриулж байгаа зэргээс дүгнэхэд гэмт хэргийн сэдэлтүүдийг бүгд Б.Б агуулсан болно. Харин надад ашиг сонирхол байхгүй. Тухайн утсыг би аваагүй. Харин миний согтуу байдлыг далимдуулж Б.Б нь мөнгө олох зорилгоор намайг энэ хэрэгт холбогдуулж, хэлмэгдүүлсэн. Мөн анхан шатны шүүх ийм шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Миний үйлчлүүлэгчийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр ярьж байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанд оролцсон хохирогч, гэрчийн мэдүүлгээр эцэслэн шийдвэрлэсэн. Гэрч нар У.Уыг содон тэмдэг болох шивээсээр нь таньсан. Энэ үйл баримтад  дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хулгайлах гэмт хэрэг нь өөрөө эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авч захиран зарцуулснаар төгсөнө гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Хулгайлах гэмт хэрэг нь өөрөө эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авснаар төгсдөг. Заавал захиран зарцуулахыг шаардахгүй. У.У нь хохирогч Э.Эын амарч байгаа өрөөнд хууль бусаар нэвтэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан өөрийн өгсөн “өрөөнд орсон“ гэх мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч нь согтуу эд хөрөнгөө хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан эд зүйлийг нь авсан гэдэг үйл баримт нь тодорхой. Хохирогч хэн авсан болохыг тодорхой заагаагүй боловч хэрэг үйлдсэн Б.Б, У.У нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилго нь анхнаасаа тодорхой байсан. Өөрөө зочид буудалд өрөө авч бусдын өрөөний хаалгыг цохиж гал асуух, өөр өрөөний хаалгыг цохиж хулгай хийх зорилгоор явж байсан. Хохирогч нарын согтуурсан эд хөрөнгөө хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан өрөөнд нь нэвтэрч эд зүйлийг нь авсан. Энэ гэмт хэрэг гарсан үйл баримт нь тодорхой байхад заавал өөр өөр нь гэм бурууг нь хүлээлгэх, нотлуулах хууль зүйн шаардлага байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Б.Б нь анхнаасаа тогтворгүй зөрүүгүй мэдүүлэг өгч байсан. Б.Б нь “У.У гар утсыг авч ирсэн” гэж мэдүүлдэг. Гэмт хэргийн замаар олдсон гар утсыг мэдсээр байж цааш нь барьцаалан зээлдүүлэх газар тавьсан нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, У.У нар нь бүлэглэн ...0 оны 2 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын ... тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Э.Эын эзэмшлийн Samsung A-70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Быг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт “...шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна...” гэж дүгнэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Б.Быг хулгайн гэмт хэрэгт оролцсон гэж үзсэн прокурорын дүгнэлтийг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч У.Уын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан “...шүүгдэгч У.Уад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...1 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ...1/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, У.У нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч У.Уад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч У.У нь энэ хэрэгт өнөөдрийн байдлаар 75 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ