| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/02063/И |
| Дугаар | 182/ШШ2023/02819 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2023/02819
2023 10 05 182/ШШ2023/02819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ТК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.Ө, Д.С нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 10,968,199 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С,
Хариуцагч, түүний төлөөлөгч У.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь 2019.09.19-ний өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, 8,400,000 төгрөгийг сарын 2,7%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж авсан. Мөн 2019.09.19-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 2010 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, 90** УАА улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд барьцаалсан. Гэвч барьцааны зүйл болсон автомашин байхгүй болсон учраас барьцааны гэрээний дагуу ямар нэгэн шаардлага гаргаагүй, зөвхөн зээлийн гэрээний дагуу зээлийг шаардаж байгаа. Хариуцагч нар зээлийн графикийн дагуу төлж байгаад 2020 оноос график зөрчсөн, 2021 онд огт төлөлт хийгээгүй, 2022 онд 2 удаа төлөлт хийсэн. Ингээд нийт 5,516,003 төгрөгийг зээлд төлсөн. Зээлийг төлүүлэх талаар хариуцагч нарт шаардлага тавихад барьцаа болох 90** УАА Хондо маркийн автомашин зам тээврийн осолд орсон, олдохгүй байгаа талаар ярьдаг. Гэхдээ манай байгууллагын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгаа боловч хариуцагч нар өөрсдөө машинаа унаад ашиглаж явсан, барьцааны хөрөнгө гэмтсэн, түүний улмаас учирсан эрсдэл, хохирлоо хариуцагч нар өөрсдөө хариуцна. Тийм учраас барьцааны машиныг хайж олох асуудалд бид оролцохгүй, тэр талаараа Цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад явах боломжтой байсан.
Барьцааны зүйл гэмтсэн нь хариуцагч нарыг зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд бид барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй, зөвхөн зээлээ шаардсан байгаа. Тиймээс бидний зүгээс зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, 2023.03.21-ний өдрийн байдлаар хариуцагч нарын зээлийн тооцоолоход үндсэн зээлийн үлдэгдэл 5,301,181 төгрөг, зээлийн хүү 4,719,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943,836 төгрөг байна. Хариуцагч нар зээлээ төлөхгүй байсан учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, баримт нотариатаар батлуулан өөрсдөөсөө 4,000 төгрөгийн зардал гарган хохирч байна. Иймд хариуцагч нараас зээл болон зардалд нийт 10,968,199 төгрөг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгчээс зээл авсан нь үнэн. Бид энэхүү зээлээр Хонда фит маркийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, 90** УАА улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Зээлээр машин аваад удаагүй байхад зам тээврийн осолд орж, барьцааны зүйл болсон машин ихээр гэмтсэн. Энэ тухай би тухайн үедээ буюу 2020.01.01-ний өдөр ББСБ-д хэлж байсан. Зам тээврийн осолд Д.Учрал гэж эмэгтэй буруутай болох нь тогтоогдсон, миний машиныг засаж өгнө гээд аваад явсан боловч худлаа яриад 2 жил гаруй хугацаанд олдохгүй алга болсон. Гэхдээ би хоёр ч удаа машинаа олоод хурааж авах гэсэн боловч машины бичиг баримт ББСБ-ын нэр дээр байдаг учраас надад өгөөгүй. Энэ талаар Цагдаагийн байгууллагад хандахлаар таны эзэмшлийн машин биш байна гэж хэлээд хүлээж авдаггүй. Тэгээд би ББСБ-д хандаж, барьцааны зүйл болсон машиныг хурааж аваач гэж хүсэхэд надад огт туслаагүй. Би барьцааны зүйл болсон автомашин гэмтсэн талаар удаа нэхэмжлэгчид хэлж, нэхэмжлэгч талтай байнгын холбоотой байсан. Удаан явсны эцэст би Д.Учралаас 2023.07.08‑ны өдөр машинаа олж авсан, машин бүрэн засагдаагүй ч гэсэн асдаг болоод ирсэн. Тийм болохоор үндсэн зээлээ төлнө, харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл намайг тэгж их яваад байхад туслаагүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байж их хэмжээний хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2019.09.19-ний өдрийн автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, 2019.09.19-ний өдрийн барьцааны гэрээ, зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, Монголын нотариатчдын танхимын 2023.04.10-ны өдрийн тасалбар гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
4.Тус шүүхийн 2023.07.07-ны өдрийн 9365 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа, хавсралт /6хуу/, зээл, хүүгийн тооцоолол, шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас, Тээврийн цагдаагийн албаны 2023.10.04-ний өдрийн албан бичиг, хавсралт болох зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл ногдуулсан материал /32хуу/, Санхүүгийн зохицуулах хорооны 2013.12.18-ны өдрийн тогтоол гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь хариуцагч У.Ө, Д.С нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 10,968,199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нар нь зээлийг хүлээн авч, ашигласан боловч буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, барьцааны зүйл болсон автомашиныг хариуцагч нар өөрсдөө унаад ашиглаад явж байсан учраас зам тээврийн осолд орсонтой холбоотой эрсдэлээ өөрсдөө хариуцна, барьцааны хөрөнгө гэмтсэн нь хариуцагч нарыг зээл, хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм, тийм учраас бидний зүгээс зээл төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан ч төлөөгүй учир зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, гаргасан нотариатын зардлаа шаардах эрхтэй гэж,
Хариуцагч тал гаргасан хариу тайлбарынхаа үндэслэлийг бид авсан зээлийн талаар маргахгүй, үндсэн зээлээ төлнө, харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй, бид зээл аваад удаагүй байхад барьцааны зүйл болсон автомашин зам тээврийн осолд ороод, буруутай хүн нь засаж өгнө гэж машиныг авч яваад олдохгүй хугацаа алдсан, энэ талаар тухайн үед нэхэмжлэгчид хэлэхэд бидэнд туслаагүй хугацаа алдуулсан атлаа их хэмжээний хүү нэхэх үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.
3.Зохигчид 2019.09.19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээгээр хариуцагч У.Ө, Д.С нар нь 8,400,000 төгрөгийг, сарын 2,7%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж авах, зээлийг ашиглаад эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь зээлийг олгох үүргийг,
2019.09.19-ний өдрийн барьцааны гэрээний дагуу хариуцагч У.Ө, Д.С нар нь У.Өы өмчлөлийн Хонда фит маркийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, 90** УАА улсын дугаартай автомашиныг барьцаанд тавих, нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангуулах үүргийг харилцан хүлээж тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь хариуцагч У.Ө, Д.С нараас зөвхөн зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд барьцааны гэрээний дагуу шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй.
4.Нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.4-т заасны дагуу 2019.09.19-ний өдөр 8,400,000 төгрөгийг хариуцагч У.Өы дансанд шилжүүлэн өгөхөөс гадна хариуцагч У.Ө, Д.С нараас барьцааны зүйл болох Хонда фит маркийн, 2010 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, 90** УАА улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна.
Улмаар хариуцагч У.Ө, Д.С нар нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.4-т зааснаар зээлийг хүлээн авч ашиглаад зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 8,400,000 төгрөг, хүүд 3,060,465 төгрөг, нийт 11,460,465 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэхүү үүргийн дагуу үндсэн зээлд 3,098,819 төгрөг, хүүд 2,127,508 төгрөг, нийт 5,516,003 төгрөг төлсөн, 2020 оны 03 сараас зээлийн төлөлт зогсож 2020 оны 6, 7 сард эргэн төлсөн, 8-10 сард зээл төлөлт дахин зогссон, 10 сард дахин төлөөд үүнээс хойш огт төлөөгүй, зээлийн үлдэгдэлтэй байна.
5.Харин 2019.12.29-ний өдөр барьцааны зүйл болсон Хондо фит маркийн автомашин зам тээврийн осолд орсон, уг осолд Д.У буруутай болох нь Зам тээврийн ослын баримтуудаар тогтоогдсон, хариуцагч У.Ө нь энэхүү зам тээврийн ослын улмаас барьцааны зүйл болох автомашиныг гэмтэж, засварлуулах талаар буруутай этгээд болох Д.Учралд өгсөн, Д.Учралаас буцаан авч чадахгүй байгаа талаараа удаа дараа нэхэмжлэгч ТК ББСБ ХХК-д мэдэгдсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь барьцааны зүйл болох автомашин зам тээврийн осолд орж гэмтсэнийг мэдсэн байх боловч зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д зааснаар барьцааны зүйлийн ашиглалт, хадгалалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хариуцагч У.Ө, Д.С нар нь 2020 оны 10 сараас хойш зээлийн төлөлт огт хийгээгүй байхад зээлийг төлүүлэх талаар ямар нэгэн шаардлага тавиагүй, шаардлага тавьсан талаар бичгийн баримтгүй, тэрээр зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “зээл төлөхийг шаардсанаас хойш 90 хоногийн дотор төлөхгүй бол гэрээг цуцлах боломжтой гэсэн” агуулга бүхий тайлбарыг үндэслэн зээлийн гэрээг хамгийн сүүлийн төлөлт хийсэн 2020 оны 10 сараас хойш 3 сараар тооцон 2021 оны 01 сард цуцлагдсан гэж дүгнэлээ.
6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь зээлийн мөнгийг хариуцагч У.Ө, Д.С нарт хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч У.Ө, Д.С нар нь мөн хуулийн заалт, гэрээнд заасны дагуу ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэм буруутай, зээлийн төлөлтийг бүрэн хийгээгүй, зээл, хүүгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.
Тиймээс нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д зааснаар зээл, хүүнээс гадна гэрээний хариуцлага буюу нэмэлт үүрэг болох нэмэгдүүлсэн хүү, өөрөөс гарсан зардлыг шаардах эрхтэй, хариуцагч У.Ө, Д.С нар нь зээл, хүү төлөх үндсэн үүргээс гадна нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч талын гаргасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
7.Шүүх нэхэмжлэгч талын гаргасан зээл, хүүний тооцооллыг гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн 2021 оны 01 сарын байдлаар нягталж үзвэл, хариуцагч нарын үндсэн зээлд төлөх 8,400,000 төгрөгөөс төлсөн 3,098,819 төгрөгийг хасаад 5,301,181 төгрөг, хүүд төлөх 2,643,334 төгрөгөөс төлсөн 2,127,508 төгрөгийг хасаад 515,826 төгрөг, энэхүү 515,826 төгрөгөөс гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.9-д зааснаар 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцоход 103,165 төгрөг болов.
Иймд хариуцагч У.Ө, Д.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5,301,181 төгрөг, хүүгийн үлдэгдэл 515,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,165 төгрөг, нийт 5,920,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТК ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,048,026 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь зээлийн тооцоолол үндэслэлгүй, нотариатын зардал 4000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах үүргийн хүрээнд баримт, материалыг нотариатаар батлуулсан гэж үзэх бөгөөд энэ нь хариуцагчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй юм.
8.Нэхэмжлэгч ТК ББСБ ХХК нь 2023.05.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид 182,903 төгрөг, 2023.05.16-ны өдөр 7537 төгрөг, нийт 190,440 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Ө, Д.С нараас 109,673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТК ББСБ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч У.Ө, Д.С нараас 5,920,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТК ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,048,026 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч ТК ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 190,440 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Ө, Д.С нараас 109,673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТК ББСБ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА