Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/02468

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/02468

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух .... М /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С... байрлах М ХХК /рд:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 19,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, М.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И.М, хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 19,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний төлөөлүүлэгч И.М нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр М ХХК-тай Тээврийн хэрэгсэлийн даатгалын 195754052050500002 дугаартай гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 7741УАЕ улсын дугаартай, РАW СА5310 маркийн, хар саарал өнгөтэй, өөрөө буулгагч ачааны автомашины эрсдэлээ даатгуулсан.

Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд уг тээврийн хэрэгсэлээр 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож ачаа буулгаж байгаад машин баруун талруугаа унаж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, Ашид билгүүн ХХК-ийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлангаар 19,660,000 төгрөгийн эвдрэл, хохирол тогтоогдож даатгагч компаниас нөхөн төлбөр хүсэхэд М ХХК нь 2022.12.08-ны өдрийн 03/12-1378 дугаартай албан бичигт ...гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл үүссэн буюу ачаа ачих, өргөх, буулгах үйлдэл хийх үед учирсан, ...гэрээний 3.1.3-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг хүлээн аваад даатгагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж даатгагчид мэдэгдсэн, хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээсэн тухай 2023.01.23-ны өдрийн 01/12-87 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.

Даатгуулсан тээврийн хэрэгсэлийг И.М өөрөө жолоодон зориулалтын дагуу ашиглаж ачаа тээвэрлэн буулгах үед осолдож эвдрэл, хохирол учирсан. Гэтэл даатгагч байгууллага талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3 дах хэсэгт заасан даатгалын гэрээнээс бусад шалтгаанаар хохирол гарсан гэсэн заалтыг баримтлан нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь энэ тохиолдол гэрээний Үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсгийн Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэсэн эрсдэлд хамаарч байгаа бөгөөд даатгуулагч тээврийн хэрэгсэлийг жолоодон явж хөдөлгөөнд оролцож байхдаа эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн үйл баримт хангалттай тогтоогдож байна.

Иймд харицагчаас даатгалын гэрээний үүрэг, нөхөн төлбөрт 19,660,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч тал хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч И.М нь манай компаниас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 19,660,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

И.М нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 195754052050500002 дугаар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр 7741УАЕ улсын дугаартай РАW-СА5310 маркийн тээврийн хэрэгслийг 3 /гурав/ жилийн хугацаатай даатгуулсан.

И.М нь 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймгийн Баян суманд төмөр замын далангийн шорооны ажил хийж байхдаа шороо өргөн буцаан буулгах явцад тээврийн хэрэгсэл нь баруун гар тал руугаа унасан тохиолдол гарч тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байсан. Тээврийн хэрэгсэлд Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд хохирлын дүнг 19,560,000 төгрөгөөр тогтоосон.

Дээрх тохиолдолд даатгалтай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан нь замын далангийн шорооны ажил хийж байхдаа шороог өргөх, буулгах явцад тээврийн хэрэгсэл замын хажууруу унаж осол гарсан байх бөгөөд ачаа ачих, буулгах үеийн эрсдэл нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл биш, мөн даатгалын тохиолдлын үед ослын газарт ажилласан манай компанийн менежерийн Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл-д Уг машин ачаа буулгах үедээ хальтиргаа гулгаа үүссэнээс болж хажуу талруугаа унасан байсан болно... гэж дурдсан үйл баримтаас үзэхэд даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгуулагч нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасны, 4.1.24-т Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах,... гэж заасан үүргээ биелүүлэлгүй даатгалын зүйлд эрсдэлтэй, аюултай нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасны 3.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 256,250 төгрөг төлсөн баримт, Ш.Сарангэрэлд олгосон итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/201944909077 дугаартай зээлийн гэрээ, БГҮ/201944909077 дугаартай барьцааны гэрээ, БГХ201944909077 дугаартай барьцааны гэрээ, 195754052050500002 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 7741 УАЕ улсын дугаартай FAW CA5310 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/12-1378 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9/208 тоот албан бичиг, М ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/12-87 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: Г.Аззаяад олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Гэрээний Үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсгийн Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэсэн эрсдэлд хамаарч байгаа бөгөөд даатгуулагч тээврийн хэрэгсэлийг жолоодон явж хөдөлгөөнд оролцож байхдаа эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн тул хариуцагчаас даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр 19,660,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

3.Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч даатгалтай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан нь замын далангийн шорооны ажил хийж байхдаа шороог өргөх, буулгах явцад тээврийн хэрэгсэл замын хажууруу унаж осол гарсан, ачаа ачих, буулгах үеийн эрсдэл нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл биш, даатгуулагч үүргээ биелүүлэлгүй даатгалын зүйлд эрсдэлтэй, аюултай нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлээгүйгээс хохирол учирсан тул нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 195754052050500002 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1095 хоног буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байх хугацаатай байгуулжээ.

Гэрээгээр М ХХК нь И.Мын өмчлөлийн FAW CA5310 маркийн, 7741 УАЕ улсын дугаартай, хөдөлгүүрийн багтаамж 9726, LENMVXPX2E3C00670 арлын дугаартай, хар саарал өнгийн, 2014 онд үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгсэлийг 120,000,000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжийг 0.85 хувиар тооцож, хураамжид 1,020,000 төгрөгийг төлүүлж, Үндсэн эрсдэлийн хамгаалалтад: Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол, Бүх төрлийн гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/, Байгалийн эрсдэл /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн газар хөдлөлт, үер, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/, Тээврийн хэрэгсэлд цахилгааны богино холболтын улмаас үүссэн эрсдэл, Даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд тээврийн хэрэгслийг жолоодох, эзэмших үеийн эрсдэл, Зориулалтын зогсоол, гражид тээврийн хэрэгслийг оруулах, гаргах, хөдөлгөх, байрлуулах үеийн эрсдэл, Зориулалтын зогсоол, гражид байх үеийн сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, ус чийгийн нөлөөлөл, Зориулалтын зогсоол, гражид байх үеийн гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах бүх төрлийн эрсдэл гэсэн нийт 9 нэр төрлийн эрсдэл учирсан тохиолдолд Хохирол нь даатгуулагчийн буруутай үйлдлээс гарсан бол 80 хувиар, бусад тохиодолд 100 хувь нөхөн төлбөр олгоно гэж зааж гэрээг бичгээр үйлдсэн байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан сайн дурын даатгалын гэрээний агуулга шинж бүхий талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байна.

6.Даатгалын гэрээг байгуулснаас хойш буюу даатгуулагч И.М нь гэрээгээр даатгагдсан 7741УАЕ улсын дугаартай РАW-СА5310 маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож ачаа буулгаж байгаад уг тээврийн хэрэгсэл баруун талруугаа унаж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар 19,660,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй.

 

7.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохыг заажээ.

 

8.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна. гэж зааснаар даатгуулагчийн эрсдлийн даатгалын гэрээний зүйл нь даатгуулагчийн эд хөрөнгө буюу 7741УАЕ улсын дугаартай РАW-СА5310 маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн хөдөлгөөний ослын улмаас даатгалын тохиолдол бий болсон байна.

 

9.Даатгуулагч болох нэхэмжлэгч И.М нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч буюу даатгагч М ХХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгч дээрх гэрээний Үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсгийн Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэсэн эрсэлд хамаарч байгаа бөгөөд даатгуулагч тээврийн хэрэгсэлийг жолоодон явж хөдөлгөөнд оролцож байхдаа эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн гэж хариуцагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 19,660,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

11.Талуудын шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооноос М ХХК-д хүргүүлсэн 2023.01.19-ний өдрийн 9/208 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичигт: ...танай 2023 оны 01/12-29 тоот албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Гомдлыг талуудаас ирүүлсэн баримтын хүрээнд хянахад, тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт 7741 УАЕ улсын дугаартай РАW-СА5310 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж даатгалын зүйлд хохирол учруулсан байх ба уг тохиолдолд танай компанийн зүгээс ачаа ачих, буулгах үеийн эрсдэл нь гэрээнд заагдсан эрсдэл биш гэж үзээд даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. Ирүүлсэн баримтаас үзэхэд, жолооч И.М нь тус тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ буюу үндсэн зориулалтын дагуу ачаа ачиж, буулгах үйлдэл хийх үед даатгалын зүйл унаж осол гаргасан байх ба энэ тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрсдэл болох зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол үүссэн гэж үзэхээр байна. Мөн талууд гэрээг харилцан тохиролцож байгуулах үед тус тээврийн хэрэгслийг хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулаагүй, даатгуулагчид сонгох боломжийг олгоогүй байх ба дээрх тохиолдолд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна... гэжээ./хх-ийн 22/

 

12.Мөн хариуцагч М ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд 2023.01.23-ны өдрийн 01/12-87 тоот албан бичгээр ...даатгуулагч 7741 УАЕ улсын дугаартай автомашинаа танай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгуулсан. 2022 оны 11 сарын 6-ны өдөр төв аймгийн Баян суманд төмөр замын далангийн шорооны ажил хийж байхдаа шороо өргөн буцаан буулгах явцад машин баруун гар тал руугаа унасан. Үүнээс үүдэж машинд их хэмжээний гэмтэл гарсан, гэмтлийг Ашид билгүүн ХХК үнэлгээний газраас 19,560,000 төгрөг гэж тогтоосон. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж тохиолдлыг хянахад, ачаа ачих, буулгах үеийн эрсдэл нь гэрээний эрсдэл биш тул дээрх гэрээний 3.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээснийг танд уламжилж байна. Хуулбарыг И.Мад гэсэн хариуг өгсөн байна./хх-23/

 

13.Энэ нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад М ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй, гэрээнд заасан эрсдэл болох Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол үүссэн, гэрээг харилцан тохиролцож байгуулах үед тус тээврийн хэрэгслийг хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулаагүй, даатгуулагчид сонгох боломжийг олгоогүй тохиолдолд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх талаар дурдаж хариуцагч байгууллагад мэдэгдсэн ба хариуцагчаас хариу өгсөн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзнэ.

 

14.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгох ба талууд гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээ болон даатгалын баталгаанд заагдсан нэр томьёог Даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид тодорхойлсон утгаар ойлгоно гэж заасан байх тул хуульд зааснаар даатгалын тохиолдолыг даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж тохиролцсон гэж үзнэ. /хх-14/

15.Нэхэмжлэгч тал ...үндсэн тээврийн хэрэгсэл нь ачиж, буулгах зориулалттай. Гэрээнд маргааныг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлана. Үүнд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэж тайлбарласан тул зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол үүний дотор бусад үеийнхэд хамаарна. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар ачиж буулгах үеийн эрсдэл гэж тусдаа байдаг, манайд гэрээ байгуулахдаа ийм гэрээний нөхцөлийг санал болгоогүй, бид өөрсдийн эрсдэлийг хамгаалж даатгуулсан учраас зориулалтын дагуу ачиж буулгадаг машины хувьд зам тээврийн хөдөлгөөнд оролцсон тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт зааснаар ..бусад тохиолдолд 100 хувийн төлбөр олгоно гэсний дагуу шаардаж байна гэж тодорхойлсон бол,

Хариуцагч тал нэхэмжлэгчийг ...зогссон байхдаа ачааг ачиж, буулгах үед хажуу байрлалтай, халтиргаа гулгаанаас болж машин хажуулдаж унасан, тухайн тээврийн хэрэгсэл шилжих хөдөлгөөн хийгээгүй, зогссон байсан, машин зам дээр ямар нэгэн байдлаар шилжих хөдөлгөөн хийгээгүй учраас замын хөдөлгөөн биш, тул зам тээврийн осол биш гэж үзээд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэсэн эрсдэлд хамаарахгүй гэж тайлбарлан маргасан.

16.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг;

3.1.5-д "замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг;

3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор заажээ.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д зааснаар цагдаагийн байгууллага нь зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх үүрэгтэй. Хэргийн зохигч талуудын хэн алин уг зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагад хандаагүй, эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байна.

17.Иймээс, шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлээ болгосон баримтууд болон Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9/208 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн баримтуудыг зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний заалтуудтай нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар харьцуулан үнэлээд даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

18.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээ болон даатгалын баталгаанд заагдсан нэр томьёог Даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид тодорхойлсон утгаар ойлгоно, 2.9-д Хохирол нь даатгуулагчийн буруутай үйлдлээс гарсан бол 80 хувиар, бусад тохиолдолд 100% нөхөн төлбөр олгоно гэж тохирсон заалт болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 43.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчид бий болсон даатгалын тохиолдолын улмаас үүссэн эрсдэл 19,660,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас нөхөн төлбөрт гаргуулж, нэхэмжлэгч И.Мад олгож шийдвэрлэв.

 

19.Нэхэмжлэгч 19,660,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 256,250 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 256,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 43.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т тус тус заасныг баримтлан М ХХК-аас 19,660,000 /Арван есөн сая зургаан зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, И.Мад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,250 төгрөгийг улсын орлого болгож, М ХХК-аас 256,250 төгрөг гаргуулж, И.Мад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ