Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/400

 

 

 

 

 

 

 

 

Ш.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Агийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

цагаатгагдсан этгээд Ш.Д, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чимгээгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ш.Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

В овгийн Шгийн Д, 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Ш.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн “...” баарны нээлтэд оролцогчдын дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тохиолдлын тоогоор мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохиосноор олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг нэг дор, их хэмжээгээр, богино хугацаанд хольж хэрэглэснээс хүний эрүүл мэнд, амь насанд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр Craft нэртэй задгай пиво 500 мл, Table mountain нэртэй улаан дарс 450 мл, Jack Olmeca нэртэй дикила 200 мл, Gordon’s-ийг Triple Sec-тэй нийлүүлсэн коктейль 200 мл, Eden нэртэй үндэсний үйлдвэрлэлийн архи 200 мл, Jack Daniel’s виски 200 мл, Hennesy нэртэй коньяк 250 мл, Red bull нэртэй энергийн ундаа 250 мл зэргийг тасралтгүй уулгаж, спиртийн агууламжийн хурц хордлогын улмаас Э.Өийн амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В овогт Шгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ад нийт 32.000.000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Э.Өэ нь орц найрлага нь өөр 7 төрлийн 2 литр согтууруулах ундаа, 1 төрлийн 250 мл энергийн ундааг 3 минутын хугацаанд нэг дор тасралтгүй ууснаас тэр даруй спиртийн агууламжийн хурц хордлогод орж нас барсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч “...архийг олон хоног уусан, нэг дор их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн аль аль нь архины хордлогод нөлөөлнө, гэхдээ ийм олон төрлийн найрлага бүхий их хэмжээний согтууруулах ундааг нэг дор, маш богино хугацаанд хольж уусан, нэмж энергийн ундаа хэрэглэсэн нөхцөлд ямар ч эрүүл хүний зүрх ачааллыг даахгүй гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Ш.Д “...” нэртэй бааранд зочид урьж, тэднийг хөгжөөх зорилгоор энэ тэмцээн гэгчийг зохион байгуулахдаа нэг хүн ширээнд тавьсан бүх согтууруулах ундааг ууж, мөнгийг авах боломжгүй гэж тооцоолсон боловч талийгаач бүгдийг нь ууж, бүх шагналыг авсан бөгөөд зохион байгуулагчаас өндөр зарлага гарсан тул зөөгч нарыг дахин ширээ бэлтгэхийг болиулж, тэмцээнийг зогсоосон талаар өөрөө мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Д нь согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байхдаа хууль бусаар үйлчилгээ явуулж, шүүхийн тогтоолд зааснаар “...олон төрлийн архийг богино хугацаанд ууж мөнгө хожих тэмцээнийг санаачлан зохион байгуулахдаа” хүний хэрэглээнээс хэтэрсэн нөхцөл бүрдүүлсэн, болзлыг давж чадахгүй гэж урьдаас тооцоолсон боловч оролцогч Э.Өэ бүх мөнгийг авч чадсанаар өндөр зардлаас нь зайлсхийж шууд үйлдлээ зогсоосон нь нотлогдсон байдаг. Ийнхүү Ш.Д өөрийн нь бэлдсэн согтууруулах ундаа хүний бие эрхтэнд шууд нөлөөлж, спиртийн хэвийн бус зохисгүй хэрэглээнээс хүний эрүүл мэнд амь насанд аюултай хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр хайхрамжгүй хандсан нь тогтоогдсон байхад шүүх Ш.Дыг “нийгэмд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлаагүй, түүний хийсэн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох буюу нийгэмд аюултай хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй гэмт хэргийг тодорхойлохдоо үйлдэл, эс үйлдэл нь заавал нийгэмд аюултай үйлдэл байна, тухайн хүн нийгэмд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарласан байна гэх мэт шинжүүдийг заагаагүй болно. Иймээс стандартын бус зохих зөвшөөрөлгүй явуулсан Ш.Дын үйлдэл хууль бус шинжтэй болохыг өөрөө ухамсарласан. Энэ үйлдлээс хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдээгүй үйлдсэнээс хүний амь нас хохирсон байдал нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжтэй байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 634 дүгээр тогтоолд “...аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд... үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй буюу хайхрамжгүй хандах хэлбэрээр илэрдэг” гэж дүгнэжээ. Шүүх Ш.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугүйгээр хохирол хор уршиг учруулсан гэж цагаатгажээ. Энэ зарчмыг Эрүүгийн хуульд шинэчлэн найруулж оруулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж хуульчилжээ. Тэгвэл үүнийг хэрэглэхдээ Улсын дээд шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолд “... учирсан хор уршиг нь нийгэмд аюултай шинжтэй байхыг, хэрэв тухайн этгээд өөрийн үйлдлээрээ хор уршгийг урьдаас мэдээгүй, мэдэх бололцоогүй бол гэм буруугүйд тооцогддог. Хор уршиг гэм буруугүйгээр учруулах нь гол төлөв амьдралд буй болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай холбоотой байдаг. Эрх зүйд гэм буруугүйгээр гэм хор учруулсныг тохиолдол гэж нэрлэх бөгөөд тухайн үйл явдалд хэн нэгэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй болно. Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэл/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог” гэжээ. Ш.Дын үйлдэлд дээрх шинжүүд байхгүй бөгөөд үүнийг урьдаас бэлтгэж зохион байгуулсан тул тохиолдлын шинжтэй бус, гэм буруугийн хувьд өөрийн хууль бус үйлдлээс хүний амь нас хохирч болохыг мэдээгүй боловч анхнаасаа биелэх боломжгүй гэж тооцоолж байснаас үзэхэд аюултай хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 дүгээр цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга, үндэслэлүүд тусгагдаагүй тул уг тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шинжийг хангаагүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Агийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ш.Дын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд тодорхой хэмжээний автомашин, мөнгөн хөрөнгийг өгсөн. Шүүхээс гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж дүгнэсэн. Хохирогчийн хувьд шүүхийн шийдвэртэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Д тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Дын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс Ш.Д согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байхдаа хууль бусаар үйл ажиллагаа явуулж, тэмцээн зохион байгуулсны улмаас амь хохирогчийн амь нас хохирсон гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “...” гэх нэртэй баар нь “...” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн компани нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Болд-Эрдэнэ гэх хүний нэр дээр байдаг. Энэ компанийн эзэн биш, ямар нэг байдлаар хариуцлага хүлээх ёсгүй этгээд бөгөөд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах эсэх асуудлыг хариуцахгүй. Мөн амь хохирогчийн амь нас насанд эрсдэл учирч болохыг мэдэх ёстой байсан гэж байна. Гэтэл шүүх хуралдаанд шинжээч оролцохдоо “талийгаач элэг, уушгины архаг үрэвсэлтэй бөгөөд энэ нь үхэлд нөлөөлсөн байна”, элэг, уушгины архаг үрэвсэлтэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, анагаахын шинжлэх ухаанд ямар хэмжээний архийг ямар хүн уухад үхнэ гэдгийг тогтоосон туйлын тодорхойлолт байхгүй. Үүнийг олон жилийн туршлагатай нарийн мэргэжлийн эмч хараад мэднэ, энгийн хүн хараад тооцоолох боломжгүй” гэх тайлбарыг өгдөг. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах хуулийн дагуу гарсан үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

Прокуророос Ш.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн “...” баарны нээлтэд оролцогчдын дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тохиолдлын тоогоор мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохиосноор олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг нэг дор, их хэмжээгээр, богино хугацаанд хольж хэрэглэснээс хүний эрүүл мэнд, амь насанд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр Craft нэртэй задгай пиво 500 мл, Table mountain нэртэй улаан дарс 450 мл, Jack Olmeca нэртэй дикила 200 мл, Gordon’s-ийг Triple Sec-тэй нийлүүлсэн коктейль 200 мл, Eden нэртэй үндэсний үйлдвэрлэлийн архи 200 мл, Jack Daniel’s виски 200 мл, Hennesy нэртэй коньяк 250 мл, Red bull нэртэй энергийн ундаа 250 мл зэргийг тасралтгүй уулгаж, спиртийн агууламжийн хурц хордлогод оруулсны улмаас Э.Өийн амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Ш.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Шүүгдэгч Ш.Д нь тухайн үйл явдал болох үед “олон төрлийн архийг, богино хугацаанд ууж, мөнгө хожих” гэх тэмцээнийг санаачлан зохион байгуулахдаа нийгэмд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлаагүй, түүний хийсэн үйлдлийн улмаас хүний амь нас хохирох буюу нийгэмд аюултай хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байна...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд, прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлүүдийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандлагаар илэрдэг.

Санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг.

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлын талаар нотлох баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгч, гэм буруутайг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.     

Ш.Д нь хүнийг олон төрлийн архи, согтууруулах ундааг богино хугацаанд хольж уух нь эрүүл мэндэд нь хохирол учирна гэдгийг урьдаас мэдэх, тооцох боломжтой байсан эсэх, өөрийн үйлдэлдээ хэтэрхий хайнга, хайхрамжгүй хандсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүгнэж хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тухайн нөхцөл байдалд Ш.Д нь ямар санаа, зорилгоор тэмцээн зохион байгуулсан, түүний үйлдлийн улмаас Э.Өийн амь нас хохирсон гэж үзэх ямар, ямар шалтгаант холбоо байгаа эсэхэд маш тодорхой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор Б.Чимгээгийн бичсэн “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл цагаатгагдсан этгээд Ш.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ