Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2023/0014

 

 

 

 

 

 

2023       05          12                                     123/ШШ2023/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******,

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын Улсын байцаагч С.Даваасүрэн;

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн 2023 оны 03 дугаар сарын 31ий өдрийн 19 дугаар дүгнэлтээр гаргасан гомдол бүхий, Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19ий өдрийн 0531702 дугаартай Шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргасан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын Улсын байцаагч*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зоригоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Прокурорын дүгнэлт

1.1. Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* нь Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0531702 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргажээ.

2. Маргааны зүйл, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1. Энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зааснаар Шийтгэлийн хуудас бичихтэй холбоотой үйл баримт хэлэлцэгдлээ.

2.2. Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчаас Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлээд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0531702 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

2.3. Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* нь Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0531702 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 19 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

2.4. Харин уг зөрчлийн хэрэгт холбогдогч Д.Долгор нь Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 38.349,09 төгрөгийн торгуулийн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн байна. 

Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

1. Ахлах прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Прокурорын газраас 2022 оны 4 дүгээр улиралд Төв аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсныг хянасан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дах хэсэгт “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасан бөгөөд холбогдогч*******ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.1-д заасан “төлбөрийн баримт олгоогүй ...” зөрчлийн шинжтэй байна. Эрх бүхий албан тушаалтан******* нь*******т холбогдуулан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар 38.349,09 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтнаас  “Д.Долгор нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг “Түрлэг” гэх нэртэй цайны газар ажиллуулдаг бөгөөд цайны газраар үйлчлүүлэх иргэдэд баримт хэвлэх төхөөрөмж гацдаг гэх шалтгаанаар баримтыг тогтмол хэвлэдэггүй гэх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэлд шийтгэл оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтан******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад*******т холбогдуулан зөрчлийн материал нээхдээ холбогдогч*******ын гарын үсгийг буруу бичүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэргийг ямар журмаар шийдвэрлэх, ямар шийтгэл оногдуулах, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.6, 2.8, 6.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т  зөрчлийн торгуулийн хэмжээ нь тухайн холбогдогчийн өмнөх сарын орлогын 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг хэмээн заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтны материалд өмнөх сарынх нь орлогоор тогтоосон баримт байхгүй байсан. Холбогдогч*******ыг 38.349,09 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй байна. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан******* нь №0531702 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт ... Зөрчлийн тухай хуулийн 11.1 зүйлийн 19.8.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул ... гэж хуулийн зүйл заалтыг буруу бичжээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан*******гийн холбогдогч*******т оногдуулсан 38.349,09 төгрөгийн торгох шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Улсын Ерөнхий Прокурорын газраас баталсан Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад хөтөлбөл зохих эрх зүйн хэлбэрүүд байгаа. Мөн шийтгэлийн хуудсанд Засгийн газрын 135 дугаар тогтоолоор баталсан шийтгэлийн хуудсыг хэрэглэх журам байгаа. Энэ журамд шийтгэлийн хуудсанд бичих ёстой бүхий л зүйлийг тусгасан.  Өөрөөр хэлбэл, гарын үсэг, нэр гэж байгаа. Та өнөөдөр гарын үсэг зуруулах баримтад нэрийг нь бичүүлсэн тохиолдолд урд талынх нь гарын үсэг гэдэг дээр нэрийг нь бичүүлэх байсан. Эрх зүйн хэлбэрт ч байгаа. Гэтэл холбогдогч******* өөрөө бичсэн, өөрийнх нь танилцсан гарын үсэг гэдгийг нотлох нотлох баримт хэргийн материалд байхгүй. Эрх бүхий албан тушаалтан ийм тайлбар хэлж байна. Та Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий субъект. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын тогтоол, журам зэрэг эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Маягтийн хуудсыг балласан, техникийн шинжтэй алдаа гэж ярьж байна. Гэтэл энэ шийтгэлийн хуудас хэрэглэх журмын 3 дахь хэсгийн 3.3-т “Шийтгэлийн хуудас үг, үсгийн алдаа гаргах тохиолдолд тухайн шийдвэрийг холбогдогчид танилцуулж, хүргүүлэхээс өмнө удирдах албан албан тушаалтандаа танилцуулж, засварлаж, шинээр шийтгэлийн хуудас бичих ёстой”. Тэгээд шийтгэлийн хуудас авсан албан тушаалтандаа шийтгэлийн хуудас буруу бичсэн учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож байна хэмээн удирдах албан тушаалтнаараа хүчингүй болгуулж, бүртгүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасан хуулийн зүйл заалтыг баллаж, буруу бичсэн. Иймд эрх бүхий албан тушаалтны алдаа гаргасан шийдвэрт тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, холбогдогчийн эрхийг зөрчиж байна. Өмнөх сарынх нь орлогын 2 хувийг тогтоосон баримтаа хавсаргаж өгсөн гэж ярьж байна. Гэтэл захиргааны хэргийн шүүхэд тайлбар гаргахдаа тайлбарын ард хавсаргасан байна. Гэтэл торгуулийн шийтгэл оногдуулахаас өмнө холбогдогчид өгөх ёстой. Хэргийн материалд ч энэ талаар байхгүй. Холбогдох бусад материалууд байгаа. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр шийдвэр гаргаж байна. Шүүхийн шатанд 2 хувийг тогтоосон гэж байгаа нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч Татварын улсын байцаагч С.Даваасүрэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэгт хяналт тавих ахлах прокурор ******* нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрт оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: ... Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл 8 дахь хэсгийн 8.1-т “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасан. Төв аймгийн Зуунмод суманд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж ажилласан.  Ажиллах явцад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Эрчингийн 1 тоот хаягт байрлах “Түрлэг” цайны газрын үйл ажиллагааг шалгахад НЮ57091801 регистрийн дугаартай, 99366191 утасны дугаартай Данзандоржийн Долгор нь бараа борлуулах тухай бүртгэлийн төлбөрийн баримтыг олгоогүй болох нь илэрсэн. Холбогдогч******* нь төлбөрийн баримт олгоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний буюу 38.349,09  төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны орлогыг үндэслэж, торгуулийн арга хэмжээ авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 11 дүгээр сарын НӨАТ-ын тайлан, татварын Нэгдсэн системд бүртгэгдсэн Е-баримтыг үндэслэж, торгуулийн арга хэмжээ авсан. 11 дүгээр сард 1.917.454,52 төгрөгийн орлоготой байсан. Бүртгэлийн 2 хувь нь 38.349,09 төгрөг. Зөрчилд холбогдогч******* нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, тухайн өдөр төлж барагдуулсан. Холбогдогч******* нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Татварын хэлтсийн 205 дугаартай өрөөнд өөрийн биеэр ирж, зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгч, эрх үүрэгтэйгээ танилцаж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу 0531702 дугаартай хэрэгт шийтгэл оногдуулж, өөрт нь танилцуулсан. Холбогдогч******* энэ талаар өөрийн нэрээ бичиж баталгаажуулсан. Татварын улсын байцаагч******* миний бие зөрчлийн 0531702 дугаартай зөрчлийн хэргийн шийтгэл ногдуулсан “Олсон” гэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, “Р” үсгийг баллаж бичсэний улмаас “1” тоо шиг харагдсан гэж ярьж байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар тодорхой бичсэн. Дээрх зөрчлийг хуулийн хугацаанд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлүүлж, хуулийн хугацаанд хүргүүлж, хянуулсан. Татварын улсын байцаагч өөрийн эрх, үүргийн хүрээнд тухайн татварын хэмжээг тодорхойлж, тайлагнадаг. “Төрөлх” цайны газар буюу холбогдогч******* нь Нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгэлтэй, нэмэгдсэн өртгийн албан татварыг сар бүр өгдөг, тухайн орлого нь нотлогдож байгаа. Манай байгууллагын системд орлого нь бүртгэгдсэн. Холбогдогч******* нь 10, 11 дүгээр саруудад өвчтэй, эмнэлэгт хэвтэж байсан талаар хэлсэн. Тухайн үед тийм ч сайн орлого олоогүй хэмээн хэлсэн. Тухайн орлогыг үзэхэд 1.917.454.58 төгрөгийн орлоготой байсан. Хэрэв цаашид нягталж шалгах шаардлагатай байсан тохиолдолд манай байгууллага эрсдлийг нь тооцуулж, хяналт руу шилжүүлж, тухайн иргэний дансны хуулгыг авч шалгадаг. Хэрэв Татварын нэгдсэн системд орлого нь бүртгэгдээгүй тохиолдолд дансны хуулгыг татаж үзэх боломжтой. Гэхдээ зөвхөн программд бүртгэгдсэн тайлангаар орлогыг тодорхойлсон. Гарын үсэг зураагүй гэж ярьж байна. Нэр гэх хэсэгт нь нэрээ бичсэн, урд талын гарын үсэгт нэрээ бичээгүй байсан. Үүнийг гарын үсэг зурсан гэж хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй хэргийг хүлээн авч, хуулийн хугацаанд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хянуулдаг. Зөрчлийн хэргийг хуулийн хугацаанд хүргүүлж, хянасан. 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр удирдамж гаргасан. Удирдамжид заасны дагуу цагдаагаас бусад эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулсан. 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 дугаартай илтгэх хуудас бичигдсэн. Зөрчлийн шинжтэй шийдвэрийг хүчингүй болгуулах материалд гарын үсэг зуруулаагүй, холбогдогчийн мэдэх эрхийг олгож, эдлүүлээгүй, хуулийн зүйл заалтыг балласан гэж ярьж байна. Гарын үсэг зураагүй биш зурсан, хүн болгон гарын үсгээ харилцан адилгүй зурдаг. Нэрээ бүтэн бичдэг хүн байхад нэрээ дутуу бичдэг ч хүн байдаг. Иймд гарын үсэг зураагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн хүн хэргийн нөхцөл байдлыг ойлгосон учраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээ  илэрхийлсэн. Холбогдогчийн мэдэх эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Иргэн*******ын шүүхэд гаргасан тайлбар байгаа. Үүнд тухайн нөхцөл байдлыг би өөрөө ойлгож, мэдэж, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж асуудлыг шийдвэрлэсэн учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахгүй байж болох уу гэх тайлбарыг гаргасан. Хуулийн зүйл заалтыг балласан гэж ярьж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 гээд доод талын мөрөнд засаад бичсэн. Өөрөөр хэлбэл, техникийн шинжтэй алдаа болохоос Татварын улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэмжээний зөрчил биш гэж үзэж байна. Прокурорын байгууллагаас өмнө нь хянаж, хүргүүлсэн материалаа эргэж татаж, зөрчилтэй байна гэж байгаа нь прокурор өөрийн хийсэн ажлаа үгүйсгээд байгаа гэж үзэж байна. Өмнө нь хянасан прокурор зөрчилгүй гэж өгчихөөд дараа нь зөрчилтэй байна гэж байгаа нь Прокурорын байгууллагууд ажлаа хийж байгаа эсэхэд эргэлзээтэй байна. Прокурор чиг үүргээ хэрэгжүүлсэн хэдий ч өмнөх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэмжээний асуудал биш. Иймд татварын байцаагчийн зөрчлийн хэрэгт оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Зөрчлийн шийтгэлийн хуудастай танилцсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасан хэсгийг балласан гэж ярьж байна. Эрх бүхий албан тушаалтан болгон хуульч байдаггүй. Эрх зүйн хэлбэрийн талаар тийм ч сайн мэдэхгүй. Зөрчлийн хяналтын прокурор нь гаргасан алдааг зааж, зөвлөж, сургалт зохион байгуулдаг байх хэрэгтэй. Прокурорын тавьж буй шаардлага нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэмжээний зөрчил биш гэж үзэж байна. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

 

4. Гуравдагч этгээд******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн******* миний бие Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт******* цайны газар ажиллуулж байгаа билээ. 2022 оны 12 сарын 23-нд Татварын хэлтсээс Татварын улсын байцаагч*******, Г.Хатанбаатар нар манай ажлын байранд орж ирэн и-баримтын хэвлэлт, олголтын талаар мэдээлэл, татварын албаны баримт хэвлэлтийн мэдээ судалгаа зэрэгтэй тулган шалгаж үзээд и-баримт олголт маш муу байна. И-баримтыг тогтмол олгохгүй байгаа тул Татварын хэлтэс дээр очихыг мэдэгдээд явсан. Манай цайны газар нь посын машинтай боловч муу, заримдаа гацдаг тул баримт хэвлэлт тогтмол биш байдаг нь үнэн. Мөн 2022 оны 11 сараас 12 сарын 15-ныг дуустал миний бие өвдөөд эмнэлгээр үзүүлж явсан тул тогтмол ажиллаагүйгээс орлого муутай байсан, баримт хэвлэлт ч муу байсан. Татварын улсын байцаагч******* нь манай цайны газрын 2022 оны 11 сарын татварын систем дэх борлуулалтын орлого, 11 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан борлуулалтын орлогын мэдээ 1.917.454 төгрөг байсныг үндэслэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 2 хувиар 38.349,09 төгрөгөөр 0531702 дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсныг******* миний бие өөрийн биеэр Татварын хэлтэс дээр очин 0531702 дугаар шийтгэлийн хуудас болон бусад холбогдох материалуудтай танилцан, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, торгуулийн мөнгийг төсөвт төлсөн. Татварын улсын байцаагч******* нь хуулийн дагуу эрх, үүргийнхээ хүрээнд торгуулийн арга хэмжээ авсан нь зөв гэж үзэж байгаа тул байцаагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу торгосон 0531702 дугаар шийтгэлийн хуудсыг хүчинтэйд тооцож, хэвээр үлдээж өгөхийг хүсч байна. Иргэн******* миний бие алдаагаа ухамрсарлаж, и-баримтыг тогтмол хэвлэж үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн дүгнэлттэй, Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч*******д холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, прокурорын дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 19 дугаар дүгнэлтээр гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 123/ШЗ2032/0314 дугаар захирамжаар зөрчилд холбогдогч*******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдээс “миний бие эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэх болсон тул намайг оролцуулахгүйгээр энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэх хүсэлтийг ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасантай нийцэж байх тул гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

  1. Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
    1. Гомдол гаргагчаас Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч******* нь Т-22069 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг бүрдүүлэхдээ: 
  • Д.Долгороос мэдүүлэг авсан тэмдэглэл, пос төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, №0531702 дугаартай шийтгэлийнг хуудас зэрэг баримтуудыг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй нь зөрчилд холбогдогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан,
  • “Түрлэг” цайны газрын өмнөх тайлант сарын олсон орлогыг шалгаж тогтоолгүй 38.349,09 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан, өмнөх сарын тайланг шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад гаргаж өгсөн,
  • Шийтгэлийн хуудасны олсон хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.1 зүйлийн 19.8.1 гэсний 11.1 гэснийг балласан, хуулийн зүйл заалтыг буруу бичсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж,

 

    1. Хариуцагч талаас Нэмэгдсэн өртгийн албан татварын 11 дүгээр сарын НӨАТ-ын тайлан, татварын Нэгдсэн системд бүртгэгдсэн Е-баримтыг үндэслэж, торгуулийн арга хэмжээ авсан. 11 дүгээр сард 1.917.454,52 төгрөгийн орлоготой байсан. Бүртгэлийн 2 хувь нь 38.349,09 төгрөг болсон. Холбогдогч******* нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Татварын хэлтсийн 205 дугаартай өрөөнд өөрийн биеэр ирж, зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгч, эрх үүрэгтэйгээ танилцаж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу 0531702 дугаартай хэрэгт шийтгэл оногдуулж, өөрт нь танилцуулсан. Холбогдогч******* энэ талаар өөрийн нэрээ бичиж баталгаажуулсан. Зөрчлийн 0531702 дугаартай зөрчлийн хэргийн шийтгэл ногдуулсан “Олсон” гэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах хуулийн зүйл, заалтыг “Р” үсгийг баллаж бичсэний улмаас “1” тоо шиг харагдаж байгаа ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 гээд доод талын мөрөнд засаад бичсэн. Өөрөөр хэлбэл, техникийн шинжтэй алдаа болохоос Татварын улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэмжээний зөрчил биш гэж тус тус маргаж байна.

 

  1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дах хэсэгт ”Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалтад “"төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг”, 17 дугаар зүйлийн 17.3.2 дах хэсэгт ”бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, мөн зүйлийн 17.5 дах хэсэгт “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж заасны дагуу гуравдагч этгээд******* нь төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчдэд олгоогүй зөрчлийг гаргасан байх ба энэ нь  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл Татварын хууль зөрчих, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дугаар зүйлд “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох үндэслэл болсон байна. Гуравдагч этгээд******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа зөрчлөө хүлээн зөвшөөрч, сайн дураар биелүүлсэн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

 

  1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар  тогтоолоор баталсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 1.3-т Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг, ... тус тус багтаасан байна гэж заасан нь захиргааны байгууллага, албан тушаалтан /гаалийн улсын байцаагч/-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргах захиргааны акт (шийтгэлийн хуудас)-ын эрх зүйн болон хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон хэм хэмжээ юм.

Прокурорын дүгнэлтийн талаар:

  1. Прокуророос*******оос мэдүүлэг авсан тэмдэглэл, пос төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, №0531702 дугаартай шийтгэлийнг хуудас зэрэг баримтуудыг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй нь зөрчилд холбогдогчийг мэдээллээр хангаагүй, гомдол гаргах эрхээр нь хязгаарласан гэж үзэхээр байна гэж маргаж байх ба 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[1], 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл[2], 2022 оны 12 сарын 26-ны өдрийэ Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл[3], 2022 оны 12 сарын 26-ны өдрийн №0531702 дугаар шийтгэлийн хуудас[4] зэрэгт гарын үсэг гэсэн хэсэг хоосон, нэр гэх хэсэгт******* гэж гараар бичсэн байна.

Үүнд зөрчилд холбогдогч буюу захиргааны хэргийн гуравдагч этгээд болох******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 2 хувиар 38.349,09 төгрөгөөр 0531702 дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсныг******* миний бие өөрийн биеэр Татварын хэлтэс дээр очин 0531702 дугаар шийтгэлийн хуудас болон бусад холбогдох материалуудтай танилцан, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, торгуулийн мөнгийг төсөвт төлсөн” гэж тайлбарлаж байх ба энэ нь эрх бүхий албан тушаалтны шүүх хуралдаанд “...Холбогдогч******* нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Татварын хэлтсийн 205 дугаартай өрөөнд өөрийн биеэр ирж, зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгч, эрх үүрэгтэйгээ танилцаж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу 0531702 дугаартай хэрэгт шийтгэл оногдуулж, өөрт нь танилцуулсан. Холбогдогч******* энэ талаар өөрийн нэрээ бичиж баталгаажуулсан” гэх тайлбартай нийцэж байх бөгөөд зөрчилд холбогдогч нь дээрх тэмдэглэл, шийтгэлийн хуудсыг танилцуулан гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байна. Харин баримтын гарын үсэг гэсэн хэсэгт гарын үсэг зуруулах, нэр гэсэн хэсэгт гарын үсгийн тайлал бичигдэх ёстой байсан хэлбэрийн алдаа гаргасан болох нь тогтоогдож байна.

 

  1.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна”, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх ба гарын үсэг хэсэгт*******ын гарын үсэг зурагдаагүй байгааг зөвтгөх үндэслэлгүй байх хэдий ч зөрчилд холбогдогч******* нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг[5] 2023 оны 12 сарын 26-ны өдөр буюу шийтгэлийн хуудас бичигдсэн өдөр гаргаж, түүнчлэн 2023 оны 12 сарын 26-ны өдөр шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль болох 38.349,09 төгрөгийг төлсөн баримтаа[6] ирүүлсэн зэргээс үзвэл гаргасан зөрчилд нь шийтгэл оногдуулж байгаа талаарх мэдээллээр хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

  1. Прокуророос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шийтгэлийн хуудсанд 11.1 гэснийг балласан нь техникийн шинжтэй алдаа байж болно. Гэхдээ шийтгэлийн хуудас хэрэглэх маягтаараа эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгож, зөвөөр нь бичих ёстой байсан гэж маргаж байх ба шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт хуулийн зүйл, заалтыг балласан хэдий ч Шийдвэрлэх хэсэгт хуулийн зүйл заалтыг алдаагүй, зөв барьсан, шийтгэлийн хуудасны бичилтээс ямар нэгэн сөрөг үр дагавар гараагүй байх буюу прокурорын байх ёстой гэж үзсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авсан нь үр дагаврын хувьд ямар нэгэн алдаа гаргасан гэж тогтоогдохгүй байх ба энэхүү бичиглэлийн алдаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй юм.

 

  1. Түүнчлэн прокуророос “Түрлэг” цайны газрын өмнөх тайлант сарын олсон орлогыг шалгаж тогтоолгүй 38.349,09 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан гэж, хариуцагч талаас “өмнөх сарын орлогыг үзэхэд 1.917.454.58 төгрөгийн орлоготой байсан. Хэрэв цаашид нягталж шалгах шаардлагатай байсан тохиолдолд манай байгууллага эрсдлийг нь тооцуулж, хяналт руу шилжүүлж, тухайн иргэний дансны хуулгыг авч шалгадаг” гэж тайлбарлаж байх ба Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 4.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно” гэж хуульчилсан байх бөгөөд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 0531702 дугаар шийтгэлийн хуудас, түүнд хавсаргасан баримтаар*******ыг зөрчил гаргасан болохыг нотлох баримтыг бүрдүүлсэн байна. Харин торгуулийн хэмжээг хэрхэн тогтоосон талаар баримтыг хавсаргаагүй байсан нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан*******ын 2022 оны 11 сарын борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо[7]-ны баримтаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын нийт орлого нь 1.917.454,58 төгрөгийн 2 хувиар тооцоход 38.349,09 төгрөгөөр тооцсоныг үгүйсгэх үндэслэлгүй байх ба хариуцагчийг торгуулийн хэмжээг алдаатай тооцоолсон гэх үгүйсгэх баримтыг мөн прокуророос ирүүлээгүй байна. 

 

  1. Иймд шүүхээс хариуцагч шийтгэлийн хуудсыг бичихдээ олсон нь хэсэгт хуулийн зүйл заалтыг засвартай бичсэн, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд тэмдэглэлд гарын үсэг гэсэн хэсэгт зөрчилд холбогдогчийн гарын үсгийг зуруулаагүй, өмнөх сарын орлогын дүнг нотолсон баримтыг хавсаргаагүй нь зөрчил шалгах ажиллагааг бүрэн, гүйцэд хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй байх хэдий ч, зөрчлийн хэрэгт холбогдогч нь Татварын улсын байцаагчийн Шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэхийн дагуу төлсөн байгаа нь Шийтгэлийн хуудасны заавал биелэгдэх хууль зүйн үр дагаврыг алдагдуулаагүй байгааг дүгнэж, дээрх алдаа зөрчил нь  2022 оны 12 сарын 26-ны өдрийн 0531702 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шийтгэлийн хуудас бичихдээ хэд хэдэн хэлбэрийн алдаа гаргасан байх хэдий ч шийтгэлийн хуудас нь тус зөрчилдөө нийцсэн, үр дүнд хүрсэн, зөрчилдөө тохирсон арга хэмжээ авсан, бусад хэн нэгний эрхийг зөрчөөгүй байх тул гомдол гаргагчийн дүгнэлтээр тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Прокурорын газрын Ахлах прокурорын 2023 оны 03 дугаар сарын 31ий өдрийн 19 дугаартай Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0531702 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтээр гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу дүгнэлт бичсэн Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 6-8 дах тал

[2] Хавтаст хэргийн 9 дэх тал

[3] Хавтаст хэргийн 10 дах тал

[4] Хавтаст хэргийн 11 дэх тал

[5] Хавтаст хэргийн 12 дах тал

[6] Хавтаст хэргийн 14 дэх тал

[7] Хавтаст хэргийн 48-51 дэх тал