Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2023/02493

 

 

 

 

 

                           

 

 

                                      

       2023      08        08 

                       181/ШШ2023/02493

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... овогт ... Б /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух ... овогт ... Э /РД: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 53В байрны авто гаражийн 56-р зогсоолоос 82-88 УНК улсын дугаартай авто машиныг албадан гаргуулж зогсоол чөлөөлүүлэх, 10, 11, 12 дугаар сарын түрээс болох нэг сарын 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийн төлбөрийг гаруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Х.Эт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 53В байрны авто гаражийн 56-р зогсоолд Х.Эийн хамаарал бүхий /гадаадад хүргэнийх нь нэр дээр байдаг/ 82-88 УНК улсын дугаартай авто машиныг албадан гаргуулж зогсоол чөлөөлүүлэх, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох нэг сарын 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг гаруулахыг шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Д.Б нь 2022 оны 10 сард Сүхбаатар дүүрэг 4-р хороо, Сөүлийн гудамж, 53В байранд тус бүр нь 40 мкв талбайтай бүгд 80 мкв талбайтай №56, № 57 тоот авто зогсоолыг худалдаж авсан. Худалдаж авснаас хойш 2022 оны 10-р сарын 27-нд үл хөдлөхийн Ү220030147203 Ү2200314721 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваад 56-р зогсоолд машинаа тавих гэхэд наад 4 машины зогсоолын чинь нэг нь минийх чи надтай зохицоод 3 машинаа үг дуугүй тавьж бай гэж дарамтлаад байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүн намайг дарамтлаад хэл амаар доромжлоод байна гэдэг гомдол гаргахад Сүхбаатар дүүргийн 4-р хорооны цагдаа гомдлын дагуу шалгаад Х.Эт сануулга өгсөн боловч хүлээн авахгүй байгаа тул шүүхээр албадан гаргуулж, зогсоолоо чөлөөлүүлэх нь зүйтэй гэж зөвлөсний дагуу энэхүү нэхэмжлэлээ гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Х.Э нь 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл №56, 57 дүгээр зогсоолын эзэн нь хэн гэдгийг мэдээгүй гэсэн байна. Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар 001009329, 001009330 тоот гэрчилгээгээ хүлээн аваад миний зогсоолд тавьсан Х.Этэй хамаарал бүхий 82-88 УНК улсын дугаартай машинаа гаргаж зогсоолыг чөлөөлүүлэхээр залгахад үг хэлээр доромжлоод байхаар нь Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж 1100057220008538 тоот гомдлын хавтаст хэрэг нээсний дагуу Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Цагдаагийн тасгийн цагдаа н.Мөнхгэрэл (утас нь 99184784) гомдлын дагуу шалгаад Х.Эт сануулга өгсөн боловч хүлээн авахгүй байсан тул шүүхээр албадан гаргуулах нь зүйтэй гэж зөвлөсний дагуу нэхэмжлэл гаргасныг Х.Э шалгуулахдаа цагдааг надтай хуйвалдаад нэг талыг бариад байна гээд хэл амаар доромжлоод байсан хүн нь энэ тайлбартаа намайг мэдэхгүй гэнэт гарч ирээд байгаа гэсэн нь сонин байна.

Х.Эийн гэрийн хаяг, овог нэрийг нь манай “Соёлч дөчин мянгат” СӨХ-ийнхон бүгд мэддэг тул миний хувьд хууль зөрчөөд энэ хүний хувийн хэрэгт оролцоод байсан юм байхгүй.

Сүхбаатар дүүргийн 4-р хорооны цагдаа н.Мөнхгэрэл холбогдох хүмүүсээс нь тайлбар байцаалт аваад шапгаж үзээд таны энэ асуудлыг иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлбэл зүйтэй юм байна та шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэдэг зөвлөмж өгсөн.

Дээрхи байдлаас харахад Х.Э нь миний худалдаж авсан өмчлөх эрхийн гэрчилгээтэй авто зогсоолыг өөрийн дундын өмчлөлийн хөрөнгө мэтээр ойлгуулах, улмаар нэг зогсоолыг нь өөрийнхөө мэдэлд авч үлдэх санаатай байна. Уг 53Б барилга нь анх ашиглалтанд хүлээлгэн өгөхдөө орон сууц, авто зогсоолоо тухайн худалдаж авсан өмчлөгч нартаа үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаж өгч байж тооцоогоо дуусгадаг тул уг дундын өмчлөл гээд байгаа талбайг байрны СӨХ-д хүлээлгэж өгсөн акт, үл хөдлөхийн гэрчилгээг зохих журмын дагуу гаргаж хүлээлгэн өгсөн байдаг. Энэ хүн хуучин СӨХ-н дарга хийж байсан ба одоо уг гаражид ямар ч хамааралгүй байж өөрийгөө гараж хариуцсан захирал гэж байгаа нь шинээр гараж худалдаж авсан надад ажлын байрны дарамт үзүүлж, миний хувийн өмчид халдаж байна гэж үзэж байна” гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл би 56, 57-р зогсоолын өмчлөгч хэн бэ гэдгийг мэдэхгүй, Бадрал гэгчийг танихгүй, нэг удаа 88112252 гэдэг утсаар танихгүй учир нь олдохгүй наян зүйл яриад байхаар нь бичиг баримтаа үзүүл гэхэд утсаа ч авахгүй алга болсон. 56, 57 зогсоолын өмчлөгч Lee жи гэдэг гадаад иргэн байдаг. Машиныг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй байгаа нь эхнээсээ шүүх яагаад грашийн нэршил, байр нь буруу, холбогдох эзэн нь байхгүй тийм зүйлийг хүлээгээд авчихав? Энэ хүн дуртай хүнээ ингээд гүтгээд байж болдог юм уу? Би манаач ажиллуулдаг, тэр хүний цалинг өгөх ёстой. Яагаад манай жижиг зогсоол сард 300,000 төгрөг болов? Тэр жижиг талбайд 29,000 төгрөг өгдөг. Би энэ грашийг хүлээж авахад Солонгос хүн надад 2 зогсоол хүлээлгэж өгсөн. Тэр нь 56 болон 57 дугаар зогсоол, грашийн байршил дээр тэр хүн гарын үсэг зураад надад хүлээлгэж өгөөд бид нар үйлчлээд тэр хүн үйлчлүүлээд 12 жил ямар ч хэл амгүй явж байсан. Ямар гэрчилгээтэй хаанаас авснаа ч энэ хүн мэдэхгүй байсан. Өнөөдрийг хүртэл би СӨХ-ийн ажлыг хийж байгаа. СӨХ гэдэг нь хүний өмчийг хамгаалах зорилготой. Граш гэрэлгүй гэдэг дээр тайлбар өгье. Манай граш эхнээсээ техникийн нөхцөл хангаагүй, хүлээж аваагүй, хаяад явсан граш юм. Улсаас тогтоож өгсөн грашийн нэршил нь 53В граш юм. Учрыг нь олохгүй байж хэнээс юу нэхээд байгаа юм бэ? Хөндлөн зогсоолын эзэн нь гадагшаа явсан. Манай хамаатан биш, би огт танихгүй. Хүний хувийн өмч рүү энэ хүн дураараа ороод граш дотор хэмжилт хийгээд явсан юм бэ? Энэ хүнд тийм эрх байхгүй. Харахад залуу, том ажил хийдэг хүн байх юм. Манайд 1 зогсоолын төлбөр сард 29,400 төгрөг, тэр бол манаачийн цалин юм. Би нэг хүнд цалинг нь өгөөд засвар, гэрлийн мөнгийг хувийнхаа мөнгөөр авч хийсэн. Надаас 10 дахин өсгөөд 900,000 төгрөг болгож байна. Би 4 машиныг хэдээр үнэлэх вэ? Энэ хүн өвөлжингөө 4 машин тавьсан. Энэ хүн 56, 57 гэсэн 2 зогсоолтой. Урд талд нь хүний хувийн өмч байгаа. Би 12 жил хөндлөн зогсоолын хүнтэй зохицоод эдний зогсоол дээр тавиад манай манаач зохицуулдаг. Тэгэхгүй бол ард талын машин өглөө 6 цагт машинаа гаргая гэж залгадаг. 2 зогсоолоор 4 машиныг 4 сарын хугацаанд тавьсан. Америк явсан залуу 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Тэр Америк залууг манай хүргэн гэж хэлж байна. Манай хүргэн Монгол хүн байдаг. Грашийн нэрийг мэдэхгүй, байр хаягийг мэдэхгүй. Цагдаа хүлээж аваад “худлаа бичсэн байна, таны буруу биш байна” гэж хэлээд явуулсан. Намайг бараг эрүү үүсгээд хорих юм энэ хүн ярьсан байсан. Иргэн хүн хүний төлөө ажил хийж байна. Өнөөдөр би 18 жил ажиллахдаа 1 машин шүргэж, алдаж, эвдэж үзээгүй. Сүүлийн үед нүдэнд нь мөнгө харагддаг залуучууд хүрч ирээд намайг чавганц гэж ярьдаг. Би чавганц байж болно, чи миний насыг хүндэтгэх ёстой. Чи ч гэсэн өвгөн болно. Зөндөө зүйл ярьсан байгаа юм. Манай манаач надад хэлж байгаа юм. Зогсоол ч гэж дээ, Монголд байгаа грашууд хүн болгонд 16 м.кв талбай өгсөн байдаг шүү дээ. Би гэрээ хийдэг байсан. Гэрчилгээг нь өнөөдрийг хүртэл би хараагүй. Гэрч гэсэн залуу намайг зөндөө доромжлоод гарсан. Энэ хүн ямар үндэслэлээр мөнгө нэхээд байгаа юм бэ? Үнэхээр мөнгө нэхэмжилж байгаа бол 4 машины мөнгийг СӨХ-ийн данс руу хийгээрэй. Муу, сайн ч гэсэн СӨХ-ийн захиралд хуулиар олгогдсон эрх байдаг. Дураараа 2, 3 машин өрнө. Ажил хийж байж хүнээр доромжлуулаад байх хүсэл алга. Энэ хүн хэлэлцүүлгийн дараа над руу хэл амаа гаргаад доромжилсон. Энэ хүн хүнийг доромжлох эрх байгаа юм уу? Би айгаад зүрх өвдөөд зугтаасан. Энэ хүн эрүүл хүн юм уу, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй хүн юм уу, 29,000 төгрөгийг 10 дахин өсгөөд, энэ хувийн байгууллага шүү дээ. Одоо үеийн дунд насныханы хүмүүжил ийм байвал улс яаж хөгжих юм бэ гэв.                                                      

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид 96,350 төгрөг төлсөн баримт, Д.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 001009329, 001009330 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр У.Мягмарсүрэн, Н.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

   2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.      

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 53В байрны авто гаражийн 56-р зогсоолд Х.Эийн хамаарал бүхий /гадаадад хүргэнийх нь нэр дээр байдаг/ 82-88 УНК улсын дугаартай авто машиныг албадан гаргуулж зогсоол чөлөөлүүлэх, 2022 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох нэг сарын 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг гаруулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 900,000 төгрөгийг төлөх үндэсгүй гэж маргасан.

4.Өмчлөх эрх нь хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр үүсдэг бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ гэж заажээ.

5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №001009328 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр Дэлгэрийн Б ЧТ62032115 \нэг иргэний өмч\-ын Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хороо, сөүлийн гудамж 53в дугаартай гаражийн барилгын 57 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2203014721 дугаарт бүртгэсэн, мөн 001009330 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр Дэлгэрийн Б ЧТ62032115 \нэг иргэний өмч\-ын Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хороо, сөүлийн гудамж 53в дугаартай гаражийн барилгын 56 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2203014720 дугаарт бүртгэж тус тус олгогдсон 2 ширхэг гаражийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Б болох нь тогтоогдож байна.\хх-4-6\

6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3-д Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь тухайн 56 дугаар зогсоолын гаражийн өмчлөгч болохын хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор эрх зөрчсөн этгээдэд холбогдуулж уг гаражийн зогсоолд нь автомашинаа тавьж эзэмшиж, ашиглаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож, албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй байна.

7.Хариуцагч Х.Э нь Сүхбаатар дүүргийн 1-40 мянгатын 56, 57  дугаар байрнуудын “Жи Энд би сервис” СӨХ-ийн дарга гэж өөрийгөө тайлбарласан ба гэрч Н.Бат-Эрдэнэ түүнийг тус СӨХ-ны дарга, өөрийгөө ажилтан нь гэж тус тус мэдүүлсэн боловч энэ талаархи бичгийн баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

8.Гэрч Н.Бат-Эрдэнэ ...“Жи Энд би сервис” СӨХ-ийн захирал нь Х.Э, гараж тус СӨХ-ны мэдэлд байдаг, зогсоолыг захирал Х.Э хариуцдаг, би доор нь ажилладаг...Д.Баас өмнө 56, 57-р зогсоолууд нь өөр эзэнтэй 5-6 жил болсон, 56-р зогсоолд 8288 УНК дугаартай машиныг тавьчихаад байгаа юм, уг нь энэ машин 66-р зогсоолд зогсох ёстой, өмнөх хүмүүс нь байхад зохицоод болдог байсан. Өмнөх эзэн нь 5-6 жил тохироод 66-р зогсоол дээр тавих ёстой машиныг 56-р зогсоолд тавиад, 56-р зогсоолд тавих ёстой машиныг 66-р зогсоолд тавиад зохицуулж болж байсан... гэх мэдүүлгийг,

9.Гэрч У.Мягмарсүрэн ...56-р зогсоолын буланд зогсож байгаа 8288 УНК дугаарын ланд круйзер маркийн машин хэнийх болохыг нь мэдэхгүй, гаражийн жижүүр залуугаас асуухад тодорхой хэлээгүй, утас руу нь залга гэснийх нь дагуу залгахад холбогдох боломжгүй байсан, холбогдож чадаагүй, Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр л анх би худалдаж авсан. 56, 57 дугаартай зогсоолууд Лээ Жээ гэх Солонгос хүний нэр дээр байсныг итгэмжлэлээр шилжүүлж авсан. Би уг зогсоолыг худалдаж авснаас хойш 1 сар бололгүй Д.Бад худалдсан тул машин огт тавьж байгаагүй... гэжээ.

10.Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар зэргээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 53В байрны авто гаражийн 56-р зогсоол нь нэхэмжлэгч Д.Бын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх бөгөөд түүний өмчлөлийн энэхүү зогсоолд 82-88 УНК улсын дугаартай автомашиныг Х.Эийн зөвшөөрлөөр гэрчийн мэдүүлэг өгсөн тус СӨХ-ны манаач гэх Н.Бат-Эрдэнэ зогсоолгодог үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

11.Хариуцагч Х.Э нь нэхэмжлэгч Д.Бын гаргасан “...53В байрны авто гаражийн 56-р зогсоолд хууль бусаар тавьдаг 82-88 УНК улсын дугаартай авто машиныг албадан гаргуулж зогсоол чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй татгалзлаа баримтаар нотлоогүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээрх үйл баримтаар нотлогдож байх тул хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

Тодруулбал, өмчлөгч нь эд зүйлээ бусдад хөлслүүлэх, түрээслэх тохиолдолд хөлслөгч болон түрээслэгч нь гэрээний үндсэн дээр эд юмсыг эзэмших эрх үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотой аливаа харилцаанд ороогүй байна.

12.Нэхэмжлэгч нь ...Х.Эийн хамаарал бүхий 82-88 УНК улсын дугаартай авто машиныг гадаад хүргэнийх нь нэр дээр байдаг... гэж тодорхойлсон боловч энэ нь нотлогдоогүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн болно.

13.Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Эт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Бын “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 53В байрны авто гаражийн 56-р зогсоолд зогсоолгодог 82-88 УНК улсын дугаартай авто машиныг албадан гаргуулж, зогсоол чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

14.2022 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр болох 900,000 төгрөгийг хариуцагч Х.Эээс гаруулах шаардлагын тухайд:

15.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2022 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны 53В байрны авто гаражийн 56-р зогсоолын түрээсийн хөлсийг 1 сарынхыг 300,000 төгрөг гэж тооцож, нийт 900,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон боловч Д.Б, Х.Э нарын хооронд уг авто зогсоолыг хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд энэхүү шаардлагаа хэрхэн ямар баримтыг үндэслэн шаардаж байгаа болохоо нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

16.Иймээс нэхэмжлэгч Д.Б уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,350 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Д.Бын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 53В байрны авто гаражийн 56 дугаар зогсоолд хууль бусаар зогсоолгодог 82-88 УНК улсын дугаартай автомашиныг албадан гаргуулж, уг зогсоолыг чөлөөлөхийг Х.Эт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт 900,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,350 төгрөгийг улсын орлого болгож, Х.Эээс 70,200 төгрөг гаргуулж, Д.Бад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ