Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/02510

 

 

 

 

 

 

                             

                                       

       2023      08        11 

                         181/ШШ2023/02510

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух ... өндөр овогт ... Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ...тоотод оршин суудаг гэх ... овогт ... Д /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 7,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Б.Дд холбогдуулан 7,140,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Нэхэмжлэгч П.Ц миний бие нь махны худалдаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Дг найзынхаа дүү учир итгэн зээлээр 5,940,000 төгрөгний мах болон 2,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2021 оны 6 дугаар болон 7 дугаар саруудын хооронд хонины гулууз мах-15 ширхэгийг 1кг нь 6,300 төгрөгөөр нийт 1,959,000 төргөг, хонины гулууз мах- 12 ширхэгийг 1кг нь 6,300 төгрөгөөр нийт 1,817,000 төгрөг, хонины гулууз мах 12 ширхэгийг 1кг нь 6300 төгрөгөөр нийт 1,719,000 төгрөгний махыг удаа дараа өгсөн. 2021 оны өвөл адууны гуяны мах 1 кг-ийг нь 7,500 төгрөгөөр 400,000 төгрөг, 45,000 төгрөгний ямааны махыг тус тус өгсөн. Мөн надаас 2,000,000 төгрөгийг маргааш нь буцааж өгнө гээд зээлсэн хэдий ч одоо хүртэл өгөөгүй байна. Дээрх үнийн дүнгээс 800,000 төгрөгийг миний Хаан банкны дансруу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгийг одоо хүртэл өгөөгүй байна. Хариуцагч Дтай 99090936 гэсэн дугаараар холбогддог бөгөөд залгаж мөнгөө асуух болгонд боломжтой болохоороо өгнө, удаахгүй, заримдаа янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөг хүрлээ.

Иймд П.Ц надад хариуцагч Б.Дгаас махны төлбөр болох 5,140,000 /таван сая нэг зуун дөчин мянга/ төгрөг, мөн зээлсэн 2,000,000 /хоёр сая/ төгрөг, нийт 7,140,000 /долоон сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Б.Дд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гаргуулан өгсөн боловч хариу тайлбараа шүүхэд гаргаагүй.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: П.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 7,140,000 төгрөгийн зарлагын баримт, улсын тэмдэгтийн хураамжид 129,190 төгрөг төлсөн баримт, Б.Өт олгосон итгэмжлэл, Х.Нтай байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: Ж.Жаргалбаярт олгосон итгэмжлэлийг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч нь нийт 5,940,000 төгрөгний үнэтэй хонь, ямаа, адууны махыг зээл авсан ба 2,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Махны мөнгөнөөс 800,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5,140,000 төгрөг, зээлсэн 2,000,000 төгрөгийг тус тус төлнө гэж явсаар өнөөг хүргэсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэжээ.

3.Хариуцагчид шүүх нэхэмжлэлийн хувийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулан өгч, хариу тайлбар гаргах хугацааг 2022 оны 12 дугар сарын 21-ний өдрөөр тогтоосон боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг биелүүлээгүй байна.

Мөн уг хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хариуцагч Б.Д биечлэн оролцоод, нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа, ...өмгөөлөгч авч оролцох хүсэлтэй гэснийг нь шүүх хүлээн авч хангаад тус шүүх хуралдааныг хойшлуулсан байтал өмгөөлөгч сонгон аваагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Жаргалбаярыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 2023.04.03-ны өдөр итгэмжлэл олгосных нь дагуу шүүх төлөөлөгч Ж.Жаргалбаярт 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эрх, үүрэг, нөлөөлийн мэдүүлэг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулах ажиллагааг хийгээд тус шүүх хуралдааны товыг түүний шүүхэд өгсөн Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав, 7-р баг 3/60-р байр 25 тоот хаягаар Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд, 8 дугаар сарын 04-ний өдөр өөрөө хүлээн авсан болох нь тус баримтаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

           4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч П.Ц нь 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд хонины гулууз мах 15 ширхэгийг 1 килограммыг нь 6,300 төгрөгөөр тооцож, нийтдээ 1,959,000 төгрөгөөр, мөн хонины гулууз мах 12 ширхэгийг 1 килограммыг нь 6,300 төгрөгөөр тооцож, нийт 1,817,000 төгрөгийн мах, хонины гулууз мах 12 ширхэгийг, 1 килограммыг нь 6,300 төгрөгөөр тооцож, нийт 1,719,000 төгрөгийн махыг тус тус 3 удаагийн давтамжтайгаар хариуцагч Б.Дд хүлээлгэн өгсөн.

Мөн 2021 оны өвөл адууны гуяны мах 1 килограммыг нь 7,500 төгрөгөөр тооцож, 400,000 төгрөгийн мах, нэг гулууз ямааны махыг 45,000 төгрөгөөр тус тус тооцож өгсөн ба бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг Б.Дд хүлээлгэн өгсөн боловч махын үнээс 800,000 төгрөгийг Б.Д нь П.Цгийн ХААН банкны данс руу шилжүүлэн төлсөн боловч үлдэх 5,140,000 төгрөг, зээлж авсан 2,000,000 төгрөг, нийт 7,140,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй үйл баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч Б.Дгийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд ... нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа... гэсэн тайлбар, хэрэгт авагдсан 2021.06.13-ны өдрийн зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.

6.Зохигч талуудын хооронд мах худалдах-худалдах авах гэрээ болон зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үзэх бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасан хоёр тусдаа гэрээний харилцаа үүсжээ.

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу Б.Д нь П.Цгээс нийтдээ 5,940,000 төгрөгийн үнэ бүхий хонь, адуу, ямааны мах хүлээн авсан боловч үүнээс 800,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5,140,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

8.Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар П.Цгээс 2,000,000 төгрөгийг Б.Д нь шилжүүлэн авсан боловч уг мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч П.Ц нь хариуцагчаас эдгээр хоёр гэрээний үүргийг шаардах эрхтэй.

9.Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Б.Дг анх 15 ширхэг хонины гулууз махны 1 ширхэгийг ойролцоогоор 20,7 кг х 6,300 төгрөгөөр тооцож 1,959,000 төгрөгөөр, 12 ширхэг хонины гулууз махны нэг гулуузыг нь 24 кг х 6,300 төгрөгөөр тооцож 1,817,000 төгрөгөөр, мөн 12 ширхэг хонины гулууз махны нэг гулуузыг дунджаар 27.3 кг х 6,300 төгрөгөөр тооцож 1,719,000 төгрөгөөр, адууны 1 гуяыг 400,000 төгрөгөөр, 1 ширхэг ямааны махыг 45,000 төгрөгөөр тус тус тооцож нийтдээ 5,940,000 төгрөгийн мах, мөн бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг зээлж авсан үүнээс 800,000 төгрөг төлсөн учир үлдэх 5,140,000 төгрөгийг махны үнэнд, зээлсэн 2,000,000 төгрөгийг нийлүүлээд 7,140,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

10.Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Дгаас 7,140,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Цд олгож шийдвэрлэлээ.

11.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг Сүхбаатар дүүрэг, Хийморь хотхон, 3-58 тоот хаягт оршин суудаг /утсыг нь 99090936/ гэж тодорхойлсны дагуу шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулан өгөхөд Б.Д нь өөрийгөө Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, 16-50 тоотод оршин суудаг гэж тус баримтанд бичсэн боловч уг хаягт албан ёсны бүртгэлтэй болохыг нотолсон бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягийг шүүх үнэн зөв гэж үзээд Б.Д /РД:АЯ89042404/-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

12.Нэхэмжлэгч 7,140,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 129,190 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 129,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хууль 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дгаас 7,140,000 /Долоон сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж, П.Цд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,190 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Дгаас 129,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ