Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Х.Д******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Д*******д холбогдох эрүүгийн 2515002960285 дугаартай, 304/2026/0003/Э индекстэй хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З******* овогт Х*******ын Д*******, ******* аймгийн ******* суманд 1992 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 33 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Бөөрөлжүүтийн цахилгаан станцад цахилгаанчин ажилтай, регистрийн дугаар: *******, урьд

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55¹ дүгээр зүйлийн 55¹.1 дэх хэсэгт зааныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З******* овогт Х*******ын Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “*******ийн ” гэх нэртэй газарт байрлах иргэн Н.Мын гэрийн гадна Ё.Бтой хэрүүл маргаан үүсгэх үед хохирогч Ё.Мөнхбат нь тэднийг салгах явцад уурлаж, хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь “хоншоор яс, зүүн хацрын нум, ухархайн гадна, доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимын цус харвалт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн хохирогч Ё.Мөнхбатыг зодож байхад нь хохирогч Л.Д нь тэднийг очиж салгах явцад уурлаж, хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Д******* нь 2025 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “*******ийн ” гэх газарт байрлах иргэн Н.Мын гэрийн гадна Ё.Бтой хэрүүл маргаан үүсгэн, хохирогч Ё.Мөнхбат тэднийг салгах үед түүний нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж “хоншоор яс, зүүн хацрын нум, ухархайн гадна, доод ханын хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимын цус харвалт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан.

Мөн Ё.Мөнхбатыг зодож байхад нь хохирогч Л.Д нь тэднийг салгах үед түүний нүүрэн тус газарт нь цохиж “зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь хохирогч Ё.Мөнхбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогч Л.Дгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20-21 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.Чийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, гэрч Ё.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрч Г.Лын мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0725/10417 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0725/10419 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/111 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Х.Д******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр бүрэн дунд боловсролтой, өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.3. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Д*******ий үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ё.Мөнхбатын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, хохирогч Л.Дгийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Х.Д*******ий хохирогч Ё.Мөнхбатын биед халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, хохирогч Л.Дгийн биед халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

1.4. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Мөнхбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Л.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын “хохирогч нар нь гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ё.Мөнхбатын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 233,000 төгрөг, хохирогч Л.Дгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 226,900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Д******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул ялын саналыг батлуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Д******* нь “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн санал болгосон, шүүгдэгч Х.Д*******ий хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Д*******ий хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

2.3.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З******* овогт Х*******ын Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч Х.Д*******д оногдуулсан 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д*******д сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ