| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/01026/И |
| Дугаар | 181/ШШ2023/02612 |
| Огноо | 2023-08-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2023/02612
| 2023 08 25 | 181/ШШ2023/02612 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... “Г” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух ... овогт ... О /РД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 45,781,283.15 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БГ3005114758 тоот барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ч.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” ХХК, хариуцагч Ш.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,781,283.15 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БГ3005114758 тоот барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Ш.О нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гтай ЗГ3005114758 болон БГ3005114758 барьцааны гэрээ байгуулж 38,320,000.00 (Гучин найман сая гурван зуун хорин мянга) төгрөгийн зээлийг жилийн 15,6 (Арван тав арваны зургаан) хувийн хүүтэй, 96 (Ерэн зургаан) сарын хугацаатай зээл авсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БГ3005114758 тоот барьцааны гэрээ байгуулж Renault Kaptur 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 0889УБМ улсын дугаартай, Х7LАSRЕА759725260 арлын дугаартай автомашин барьцаалсан.
Зээлдэгч Ш.О нь ЗГ3005114758 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 853 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 33,176,910.97 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 12,340,986.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 263,385.66 төгрөг нийт 45,781,283.15 (Дөчин таван сая долоон зуун наян нэгэн мянга хоёр зуун наян гурван төгрөг арван таван мөнгө) төгрөг төлөөгүй тул Банк өөрийн санаачилгаар зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.
45,781,283.15 (Дөчин таван сая долоон зуун наян нэгэн мянга хоёр зуун наян гурван төгрөг арван таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БГ3005114758 тоот барьцааны гэрээний зүйл Renault Kaptur 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 0889УБМ улсын дугаартай, Х7LАSRЕА759725260 арлын дугаартай автомашинаар ЗГ3005114758 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: “Ш.О нь 2018 онд Гнаас машины зээл авсан нь үнэн. Одоо зээлээ төлөх чадваргүй болсон тул барьцаа хөрөнгөөр хангуулах бөгөөд энэ асуудлыг 3 сараар хойшлуулж өгөх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид /386,857+70200/ нийт 457,057 төгрөг төлсөн баримт, Г дахь 3005114758 тоот зээлийн дансны хүү тооцооллын хүснэгт, 2018.10.22-ны өдрийн ЗГ3005114758 тоот зээлийн гэрээ, 2018.10.22-ны өдрийн БГ3005114758 тоот барьцааны гэрээ, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг өгсөн.
4.Хариуцагч талаас нотлох баримтаар Ш.Цт олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч нь ЗГ3005114758 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүй 853 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироосон, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 33,176,910.97 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 12,340,986.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 263,385.66 төгрөг нийт 45,781,283.15 төгрөг төлөөгүйг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БГ3005114758 тоот барьцааны гэрээний зүйл Renault Kaptur 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 0889УБМ улсын дугаартай, Х7LАSRЕА759725260 арлын дугаартай автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
7.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... зээл авсан нь үнэн, одоо зээлээ төлөх чадваргүй болсон тул барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ3005114758 дугаар зээлийн болон БГ3005114758 дугаар барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгтийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна./ хх-5-10/
а.Зохигчийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЗГ3005114758 дугаар зээлийн болон БГ3005114758 дугаар барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, 38,320,000.00 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар Ш.О нь зээлж авсан боловч тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцагч зээлээ төлж байгаад төлөөгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч талаас гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул шүүхэд ханджээ.
б.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-д заасан хувийн хүүг Хавсралт №-1 заасан графикийн дагуу төлнө.” 2.3-т “Зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг энэ гэрээний 2.1.6-д заасан дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхэлж хүү тооцож эхлэнэ. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор.”, 2.4-т “Зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 2.14-д “Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний хавсралт №2 болгон байгуулсан БГ3005114758 тоот Барьцааны гэрээ болон ирээдүйн талуудын хооронд байгуулагдах үүргийн гүйцэтгэлийг хангуулах бусад гэрээнд зааснаар хангуулна”, 2.5-д ”Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов”, Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хавсралт 1-д дурдсан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд Банк хүүг энэхүү гэрээний 3.1.2-д дурьдсан журмын дагуу зээл, зээлийн хүүний төлбөрийн хамт суутган авна.” гэж тус тус зааж харилцан тохиролцжээ.
в.Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Г ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Ш.О гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.
г.Зээлдүүлэгч Г ХХК нь гэрээгээр тохирсон 38,320,000 /гучин найман сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч Ш.О уг зээлийг болон гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж, ноцтой зөрчил гаргаснаас нэхэмжлэгч дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
д.Талуудын тохирсон гэрээний хугацаа 96 сар буюу 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл байсан боловч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 5,143,7910.97 төгрөг, зээлийг авч ашигласны хүүнд 10,759,271.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,026.49 төгрөг, нийт 15,917,386.97 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд төлөлт хийгээгүй ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх энэ өдрийг хүртэл мөн л төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, талууд маргаагүй.
е.2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний үндсэн төлбөрт 33,176,910.97 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд жилийн 15.6 хувиар бодогдсон хүү 23,100,257.97 төгрөгөөс төлөгдсөн 10,759,257.97 төгрөгийг хасаад үлдэх 12,340,986.52 төгрөгийг, хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлснээс гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүүнд 278,412.15 төгрөг тооцогдсноос төлсөн 15,026.49 төгрөгийг хасч үлдэх 263,385.66 төгрөг, нийт 45,781,283.15 төгрөгийг нэхэмжилсэн нь зээлийн болон хүү тооцсон аргачлалд маргаагүй, шүүхээс тухайн зээлийн гэрээний дагуу шаардаж буй зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг шалгахад зөрчилгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэв.
9.Мөн тухайн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Ш.Отэй байгуулсан Авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн барьцааны БГ3005114758 дугаар гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Тус гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Г ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэни йхуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу барьцааны хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй юм.
а.Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ 96 сарын хугацаатай байгуулагдсан боловч зээлдэгч гэрээнд заасан зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлээ төлөөгүй 853 хоног хугацаа хэтрүүлсний улмаас гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар Банк өөрийн санаачилагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж, шаардаж буй нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд нийцэж байна.
б.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно., 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 44,582.63 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь хуулийн зохицуулалтад нийцжээ.
в.Барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд барьцааны гэрээний зүйл Renault Kaptur 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 0889 УБМ улсын дугаартай, Х7LАSRЕА759725260 арлын дугаартай автомашины өмчлөгч болон барьцааны гэрээг Г ХХК-тай Ш.Отгончитмэгийг хариуцагчаар тоорхойлсон, зээлдэгч гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн байна.
10.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасан зохицуулалтууд болон гэрээнд заасан үүргийн дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
11.Дээрх үндэслэлээр хариуцагч Ш.Оээс зээлийн үндсэн төлбөр 18,414,253.52 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,828,284.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 44,582.63 төгрөг, нийт 20,287,121.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, зээлдэгч гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г ХХК, Ш.О нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн барьцааны БГ3005114758 дугаар гэрээний дагуу Renault Kaptur 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 0889 УБМ улсын дугаартай, Х7LАSRЕА759725260 арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
12.Нэхэмжлэгч 45,781,283.15 төгрөг гаргуулах, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БГ3005114758 тоот барьцааны зээлийн гэрээний зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн /386,857+70,200/ нийт 457,057 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамж 457,057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хууль 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Оээс 45,781,283.15 /Дөчин таван сая долоон зуун наян нэгэн мянга хоёр зуун наян гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөг гаргуулж, “Г” ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БГ3005114758 тоот барьцааны гэрээний зүйл буюу Renault Kaptur 2018 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 0889УБМ улсын дугаартай, Х7LАSRЕА759725260 арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /386,857+70200/ нийт 457,057 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Оээс 457,057 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ