Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/386

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Год холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

хохирогч Д.Л, түүний өмгөөлөгч Х.Мандах,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гомдлыг үндэслэн Б.Год холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бийн Г, 1975 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан;

            Б.Г нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод байрлах “...” ХХК-ийн “...” гэх нэртэй салбар 2 дэлгүүрийн худалдагч С.Ааас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 199.2 грамм алтан бөгж, зүүлт, ээмэг, 987.1 грамм монет, 585 сорьцтой ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг нийт 120.684.300 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр авч, барааны мөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гэж итгүүлэн хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Гыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Год оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Гоос 54.745.100 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Лд гаргуулан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Гын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 6-уулаа амьдардаг. Бага насны 4 хүүхэдтэй. Би өдийг хүртэл ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байсангүй. 2012 оноос “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрт лангуу түрээсэлж, 2020 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 2018 оны 2 дугаар сараас “...” дэлгүүрээс сар бүр бараа авч, зарж борлуулдаг байсан. Мөн хажуугаар нь Турк улсаас үнэт эдлэлийн бараа оруулж ирэн зардаг байсан боловч 2019 оны 9 дүгээр сард Турк улсын хилээр гарч байгаад бараагаа хураалгасан. Уг хураалгасан бараагаа авахын тулд өндөр үнээр Турк улсаас өмгөөлөгч авч, тус оны 11 дүгээр сард бараагаа авах байсан боловч хойшлогдсоор 2020 оны 1 дүгээр сард их хэмжээний торгууль төлж, бараагаа авсан боловч алдагдалд орсон болно. Ковид-19 цар тахлын улмаас худалдаа наймаа алдагдалд орж энэ хугацаанд хохирогч талд өөрийн чадахаараа 65.939.200 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл болон бэлэн мөнгийг хохирогчид төлсөн болно. Би хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд энэ цар тахлыг намжихаар хил, гааль нээгдэхээр өөрийн бизнесээ эхлүүлж хохирогч талын үлдэгдэл болох 54.745.100 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах болно. Хохирогч Д.Лхагвыг миний бие шунахайн сэдэлгүй залилж, хуурч мэхэлсэн зүйлгүй болно. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд миний бага насны 4 хүүхдийг минь бодож үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэжээ.

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...2013 оны 5 дугаар сараас эхэлж “Мөнгөн завьяа” худалдаа үйлчилгээний төвд үнэт эдлэлийн лангуу түрээсэлж эхэлсэн. Мөн тус төвд байрлах ... салбар 2 дэлгүүрийн худалдагч иргэн Н.Мөнхжаргалаас 2018 оны 2 дугаар сараас эхлэн алт, мөнгөн эдлэл зээлээр авч эхэлсэн ба мөн оны 3 дугаар сараас эхлэн түүний эзэшдэг ХААН банкны 5174051256 дугаартай данс руу зээлж авсан барааныхаа тооцоог сар бүр хийж ирсэн. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 120.684.300 төгрөгийн алт, мөнгөн эдлэлийн барааг Мөнхжаргалаас зээлээр авсан бөгөөд түүний хажууд зүс таних нэг залуу байсан нь хожим олж мэдсэнээр түүний нөхөр С.А байсан байна лээ” гэж мэдүүлсэн. Түүний энэ мэдүүлгийг хохирогч болон улсын яллагчийн зүгээс үгүйсгээгүй бөгөөд өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хувьд иргэн Мөнхжаргалтай зээлж авсан барааныхаа тооцоог хийж байсан банкны депозит дансны харилцагчийн хуулгыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн болно. Хэргийн үйл баримтаас үзвэл, Б.Г нь ... салбар 2 дэлгүүрийн худалдагч Мөнхжаргалаас 2 дугаар сараас эхлэн 1 жил 8 сар гаруйн хугацаанд алт, мөнгөн эдлэлийн бараа зээлээр авах, зээлж авсан барааныхаа төлбөр тооцоог хийх зэргээр байнга харилцаж ирсэн нь нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч Б.Г нь хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр “...” ХХК-ийн “...” гэх нэртэй салбар 2 дэлгүүрийн худалдагч С.Ааас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шунахай сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцов. Мөн шүүгдэгч Б.Г нь ... салбар 2 дэлгүүрийн худалдагч С.Ааас урьд нь алт үнэт эдлэл зээлээр авдаг байсан нь хохирогчид залилах гэмт хэргийн шинж болох урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг төрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм” гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлд хамаарна гэж өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хувьд үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан
“дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй
орхигдуулсан бол” гэх нөхцөл байдлыг бий болгож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Д.Л нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг 2316 дугаарт
бүртгэн авсан байна. Хохирогч гомдол гаргасан энэ өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 201100862 дугаартай тогтоол гарчээ. Мөн энэ өдрөө Д.Лаг хохирогчоор тогтоосон Мөрдөгчийн тогтоол гарч хохирогчоос мэдүүлэг авсан байх бөгөөд
хохирогч энэ мэдүүлэгтээ “”...70.371.100 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” тухайгаа мэдүүлжээ. Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж
яллагдагчаар татах тухай мөрдөгч саналаа прокурорт гаргасан ба мөн энэ өдрөө Хохирогчоос дахин мэдүүлэг авсан байна. Хохирогч энэхүү мэдүүлэгтээ “...62.840.000
төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” талаараа мэдүүлсэн байна. Хохирогчийн мэдүүлгээр нотлогдож буй хэргийн энэ үйл баримтаас үзвэл “залилах” гэмт хэргийн гол шинжийн нэг болсон “...хэргийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын их хэмжээний эд хөрөнгийг шилжүүлэн авах, шүүгдэгчийн хувьд энэхүү гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх гэсэн санаа зорилго, сэдэлтээр энэ гэмт хэргийн шинж хангагдана” гэх шинж үгүйсгэгдэх ба үүнийг ч өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн
гэм буруугийн талаарх санал, дүгнэлтдээ хэлж мэтгэлцсэн болно. Мөн өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс Б.Г нь 2019 оны 9 дүгээр сарын эцэс, 10 дугаар сарын эхээр Бүгд Найрамдах Турк Улсад зорчихдоо 240.000.000 гаруй төгрөгийн өөрийн болон бусдын алт, мөнгөн эдлэлийн барааг тус улсын гааль дээр хураалгаж их хэмжээний алдагдалд орсон, дараа нь энэ их хэмжээний бараагаа авахын тулд өөрийн эрх ашгийг хамгаалуулж өмгөөлөгч хөлсөлсөн, Турк улсын Прокурорын газарт торгууль төлсөн, хамгийн сүүлд 2020 оны 1 дүгээр сард мөн улс руу явж дээрх хураалгасан бараагаа авч ирж, бусдын барааг өгөөд өөрийн барааг Начин заан ломбардад тавин зээлсэн мөнгөөрөө ... салбар 2 дэлгүүрийн худалдагч Мөнхжаргалаас авсан барааныхаа зарим хэсгийг нь чөлөөлөн буцааж эхэлсэн, улс орон, дэлхий нийтийн хэмжээнд дэгдсэн Ковид-19 цар тахлын улмаас дахин Турк улс руу зорчиж чадахгүй болсон талаар холбогдох нотлох баримтыг гарган бизнесийн эрсдэлд орсон тухайгаа анхан шүүхэд тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх “...өмгөөлөгчийн гаргасан гэм буруугийн талаарх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй”, “...Учир нь шүүгдэгч Б.Г нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, шунахайн сэдлээр санаатай, идэвхтэй үйлдлээр бусдын их хэмжээний хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, авсан эд зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж зээлсэн мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулж буй санаатай үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзнэ.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдлыг бий болгож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн дээрх нөхцөл байдлаас үзэхэд прокуророос хэргийг хянаж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд тогтоосон хэргийн бодит байдлыг тогтоох талаарх журам, үндэслэл зөрчигдсөн байж болзошгүйд өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хувьд гомдолтой байна. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн зарим нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар тайлбарлаж мэтгэлцсэн билээ. Тухайлбал, хохирогч Д.Л нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг 2316 дугаарт бүртгэн авсан байна. Хохирогч гомдол гаргасан энэ өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 201100862 дугаартай тогтоол гарсан талаар өмнө нь дурдсан. Гэтэл хохирогч гомдол гаргаж, мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө жишээ нь, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 27м-1/2429 албан тоотоор Б.Гыг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаарх лавлагааг, мөн оны 4 дүгээр сарын 17-ны дотор ирүүлэхийг хүссэн албан бичгийг Төв, орон нутгийн Цагдаагийн газар, Хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт явуулж авхуулсан. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хил хамгаалаах ерөнхий газарт, Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, Авто тээврийн үндэсний төвд тус тус албан тоот явуулж мэдээлэл, баримт бичиг авхуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах, мөн хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно”, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж тус тус заасан үндэслэл журмыг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ийм ноцтой зөрчил байхад анхан шатны шүүх “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн нь аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж үзэхэд хүргэж байна. Мөн хэргийн энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т тус тус заасан үндэслэлд хамаарах бөгөөд өмгөөлөгчийн зүгээс ч энэ санал дүгнэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралд тавьж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт огт хийсэнгүй. Иймд миний үйлчлүүлэгч Б.Год холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Д.Лхагвын өмгөөлөгч Х.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас дэмжиж байна. Энэ хэрэгт Мөнхжаргал гэдэг хүн хамааралгүй байдаг. А гэдэг хүн тодорхой мэдүүлгүүдээ удаа дараа өгч байсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн талаар шалгаад явсан. Хохирогчийг залилаагүй гэж гомдолдоо дурдсан. Тухайн үед хохирогч Д.Л болон шүүгдэгч Б.Г хоёрын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн асуудал байхгүй. Эрсдэл үүссэнээс болж төлбөр төлж чадаагүй гэсэн тайлбар хэлсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Г өөрийн өрийг дарах гэж ломбардаас авсан үнэт эдлэлүүдээ үнэгүйдүүлж өөр ломбардад тавьж ингэж ашигласан үйл баримт тогтоогдож байна. Анхнаасаа төлөх санаа сэдэл байгаагүй гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод байрлах “...” ХХК-ны “...” гэх нэртэй салбар 2 дэлгүүрийн худалдагч С.Ааас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 199.2 грамм алтан бөгж, зүүлт, ээмэг, 987.1 грамм монет, 585 сорьцтой ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг нийт 120.684.300 төгрөгийн үнэ бүхий барааг авч, барааны мөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гэж итгүүлэн хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Лхагвын “...Г манай байгууллагаас 120.684.300 төгрөгийн б арааг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аваад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 2 хувааж төлнө гэсэн боловч төлөөгүй. ...энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын тооллогоор олж мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. ...энэ хүнийг би урьд нь таньдаггүй байсан. ...манай худалдагч нараас бараа авдаг байсан талаар сүүлд мэдсэн. ...энэ хүнд бараа өгсөн нь үнэн. ...” /2хх 18-21/,

гэрч С.Аын “...би ... ХХК-ны “...” гэх нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажилладаг. ...энэ дэлгүүрийн үйл ажиллагаа нь үнэт эдлэлүүд болох алт, мөнгө, монетан ээмэг, бөгж, гинж, зүүлт зэргийг худалдаалдаг. ...Гэтэл манай байнгын үйлчлүүлэгч өмнө нь манай дэлгүүрээс үнэт эдлэл зээлээр болон худалдан авдаг байсан Б.Г гэгч нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж надтай уулзсан. ...Б.Г нь тухайн өдөр манай дэлгүүрээс 199.2 грамм алтан бөгж, зүүлт, ээмэг, 987.1 грамм монет, 585 сорьцтой ээмэг, бөгж, хүзүүний зүүлт зэрэг гээд нийт 120.684.300 төгрөгөөр үнэлэгдэх барааг өөрийн биеэр надаас авсан. ...Авахдаа мөнгийг нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны дотор өгнө гэж тохирон зөвшөөрөөд явсан. ...Гэтэл мөнгө өгөх хугацаа болсон ба барааныхаа үнийг нэхэхээр Б.Г нь гар утсаа авахгүй, ажилдаа ирэхгүй алга болсон. ...” /25-27/ гэх мэдүүлгүүд,

“Начинзаан финанс” ББСБ-ын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1957000552 дугаартай барьцаат зээлийн гэрээ /2хх 60-64, 70-80/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №ЧД1-20-662 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 85-86/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Б.Гыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба уг эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж байгаа Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Өөрөөр хэлбэл, энэ хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог бөгөөд зөвхөн үр дагаврыг харгалзан үзэж гэм буруутай эсэхийг тооцох нь өрөөсгөл болохыг Эрүүгийн эрх зүйн онолд тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байхыг шаарддаг ба энэ хэргийн хувьд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан “...шунахайн сэдэлгүй залилж, хуурч мэхлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, залилах гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учир хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан “...залилах гэмт хэргийн шинжгүй, хэрэгт, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд хууль зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт өнөөдрийн байдлаар 75 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ