| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02158/И |
| Дугаар | 181/ШШ2023/02614 |
| Огноо | 2023-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2023/02614
| 2023 08 25 | 181/ШШ2023/02614 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах, “Е” ХХК /РД:2585278/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... байранд байрлах, Ө холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 51,082,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Еврофарм” ХХК, хариуцагч Нийслэлийн өргөө амаржих газарт холбогдуулан 51,082,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Еврофарм ХХК /РД:2585278/ нь Нийслэлийн Өргөө Амаржих газраас зарласан Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл шалгаруулах тендерт шалгарч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “НӨАГ”-н өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ” нэртэй ГН-20/0922-001 дугаартай гэрээ байгуулж нийлүүлэлтийн хуваарийн дагуу бараа
бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-нд тус ГН-20/0922-001 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулан 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгалт хийсэн бөгөөд үндсэн болон сунгалт хийгдсэн хугацааны барааны төлбөрийг 84,500.00 /наян дөрвөн мянга таван зуун мянган төгрөг/-ийн илүү төлөлттэйгээр төлж барагдуулж дууссан байна.
Гэвч Нийслэлийн Өргөө амаржих газраас “...цаашид гэрээнд дахин сунгалт хийнэ, хагалгаа зогсох гээд байна...” гэсэн аман хүсэлтийн дагуу манай байгууллага нь эмнэлгийн тусламж үйлчилгээг доголдуулахгүй байх үүднээс 2022.04.01-нээс 2022.10.21-ний өдрийг хүртэл нийт 51.166,500.00 /тавин нэг сая нэг зуун жаран мянга таван зуун төгрөг/-ийн эмнэлгийн хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд гэрээний сунгалт хийгдээгүй (тухайн үеийн эмнэлгийн даргын солигдох үеийн байдлаас болж) гэх шалтгааны улмаас төлбөр хийгдэхгүй байсан учир бараа нийлүүлэлтээ зогсоосон болно.
Энэхүү төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа ба үүнийг Еврофарм ХХК болон НӨАГ хооронд 2022 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар хийсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар баталгаажуулсан.
Иймд 2022.04.01-ний өдрөөс 2022.10.21-ний өдрийг хүртэлх хугацаанд гарсан 5 нэр төрлийн 838 ширхэг, 51,166,500.00 /тавин нэг сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун төгрөг/-ний үнэ бүхий бараа, бүтээгдэхүүний 14 зарлагын баримт тус бүрийг эх хувиар нь хавсаргаж нэхэмжлэлээ гаргасан тул хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул, хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 413,360 төгрөг төлсөн баримт, Еврофарм ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдлийн баримт, 2022.04.01, 2022.04.06, 2022.04.15, 2022.04.19, 2022.04.21, 2022.05.03, 2022.05.13, 2022.05.25, 2022.06.10, 2022.06.24, 2022.07.01, 2022.09.27, 2022.10.21-ний өдрүүдийн борлуулалтын зарлагын баримт, Нийслэлийн өргөө амаржих газрын өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ГН-20/0922-001 тоот гэрээ, Нийслэлийн өргөө амаржих газрын өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ГН-20/0922-001 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт зэргийг өгсөн.
4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нийслэлийн Өргөө Амаржих газраас зарласан Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл шалгаруулах тендерт шалгарч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “НӨАГ”-н өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ” нэртэй ГН-20/0922-001 дугаартай гэрээ байгуулж нийлүүлэлтийн хуваарийн дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, ...цаашид гэрээнд дахин сунгалт хийнэ, хагалгаа зогсох гээд байна... гэсэн аман хүсэлтийн дагуу манай байгууллага нь эмнэлгийн тусламж үйлчилгээг доголдуулахгүй байх үүднээс 2022.04.01-нээс 2022.10.21-ний өдрийг хүртэл нийт 51,166,500.00 төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд гэрээний сунгалт хийгдээгүй тухайн үеийн эмнэлгийн дарга солигдсон байдлаас болж төлбөр хийгдэхгүй байсан учир бараа нийлүүлэлтээ зогсоосон тул 5 нэр төрлийн 838 ширхэг, бараа, бүтээгдэхүүний үнэ 51,166,500.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хариу тайлбар, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байтал хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.Зохигч талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ГН-20/0922-001 дугаартай НӨАГ-н өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулагдаж, Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендрийн багц 1-г 231,500,000 төгрөгөөр нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг хүлээн зөвшөөрч, гэрээний үнэ санхүүжилтийн нийт гүйцэтгэл байна, нийлүүлэгч нь багц 1-д дөрвөн нэр төрлийн барааг 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөх ба захиалагч нь барааны нийлүүлэлтийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр харилцан тохиролцжээ.
9.1.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Еврофарм ХХК нь Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендрийн багц 1-г 231,500,000 төгрөгөөр хариуцагч Нийслэлийн Өргөө амаржих газарт нийлүүлсэн бөгөөд уг тоног төхөөрөмжийн үнийг төлж барагдуулсан талаархи үйл баримт тогтоогдож байна.
9.2.Мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр НӨАГ-н өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ГН-20/0922-001 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг зохигч талууд байгуулж, тус гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, нийлүүлэх эмнэлгийн хэрэгслийн нэг үнэ нь ГН-20/0922-001 дугаар гэрээний нэгж үнэ байна, дараагийн худалдан авах үйл ажиллагаа хүчин төгөлдөр болмогц энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлт цуцлагдана гэж заажээ.
9.3.Зохигч талуудын хооронд байгуулагдсан анхны гэрээний хугацаа дууссан боловч нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасны дагуу өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлүүдийг захиалагч тал Нийслэлийн Өргөө амаржих газарт нийлүүлэгч тал Еврофарм ХХК нь нийлүүлсэн бөгөөд барааны төлбөрийг 84,500 төгрөгийн илүү төлөлттэй төлж барагдуулж дууссан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
9.4.Хариуцагч Өргөө амаржих газар нь ...цаашид гэрээнд дахин сунгалт хийнэ, хагалгаа зогсох гээд байна... гэсэн аман хүсэлтийг нэхэмжлэгч Еврофарм ХХК-д удаа дараа гаргасны дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг доголдуулахгүй байх үүднээс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 51,166,500 төгрөгийн эмнэлгийн хэрэгслийг нийлүүлсэн байтал гэрээний сунгалт хийгдээгүйн улмаас төлбөр хийгдээгүй учир бараа нийлүүлэлтээ зогсоосон гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг харуицагч тал эсэргүүцсэн талаар хариу тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухахй хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
10.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
11.Хэрэгт Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны баримт авагдсан бөгөөд тус баримтанд нэхэмжлэгч: Еврофарм ХХК, төлөгч: Өргөө амаржих газар, нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай Б.Оюунжаргал, төлөгчийн нэрийн өмнөөс нягтлан бодогч ажилтай.... тус хоёр байгууллага хооронд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 51,082,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна гэж бичигдэж, тухайн нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тус тусын санхүүгийн тэмдэгээ дарж баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч Еврофарм ХХК нь 2022.04.01-ний өдөр угааж соруулах гар фильтергүй unimicro MS1205330, умай хөдөлгөгч, эрхтэн гаргагч уут 200 мл unimicro MEBC200 зэрэг нэр төрлийн 3,035,000 төгрөгийн барааг, 2022.04.06-ны өдөр угааж соруулах гар фильтергүй unimicro MS1205330, умай хөдөлгөгч, эрхтэн гаргагч уут 200 мл unimicro MEBC200 зэрэг нэр төрлийн 5,490,000 төгрөгийн барааг, 2022.04.15-ны өдөр дурангийн трокар 5 мм UNI, угааж соруулах гар фильтергүй unimicro MS1205330, эрхтэн гаргагч уут 400 мл unimicro MEBC200 зэрэг нэр төрлийн 1,653,500 төгрөгийн барааг, 2022.04.19-ний өдөр трокар 10 мм unimicro, умай хөдөлгөгч, эрхтэн гаргагч уут 200 мл unimicro MEBC200 зэрэг нэр төрлийн 4,230,000 төгрөгийн барааг, 2022.04.21-ний өдөр трокар 5 мм UNI, угааж соруулах гар фильтергүй unimicro MS1205330 зэрэг нэр төрлийн 2,328,000 төгрөгийн барааг мөн өдөр 1,000,000 төгрөгийн барааг тус тус, 2022.05.03-ны өдөр дурангийн трокар 5 мм UNI-ийн 60 ширхэгийг 3,000,000 төгрөгийн барааг, 2022.05.13-ны өдөр дурангийн трокар 5 мм UNI-ийн 60 ширхэг 3,000,000 төгрөгийн барааг, 2022.05.25-ны өдөр дурангийн трокар 5 мм UNI-ийн 60 ширхэг, эрхтэн гаргагч уут 200 мл unimicro MEBC200 20 ширхэг 4,230,000 төгрөгийн барааг, 2022.06.10-ны өдөр дурангийн трокар 5 мм UNI-ийн 60 ширхэг 3,000,000 төгрөгийн барааг, 2022.06.24-ний өдөр дурангийн трокар 5 мм UNI-ийн 15 ширхэг, Трокар 10 мм unimicro 40 ширхэг 2,750,000 төгрөгийн барааг, 2022.07.01-ний өдөр трокар 5 мм UNI-ийн 42 ширхэг 2,100,000 төгрөгийн барааг, 2022.09.27-ны өдөр трокар 5 мм UNI-ийн 100 ширхэг 5,500,000 төгрөгийн барааг, 2022.10.21-ний өдөр трокар 5 мм UNI-ийн 47+53=100 ширхэг, угааж соруулах гар фильтергүй unimicro MS1205330 40 ширхэг 8,850,000 төгрөгийн барааг нийт 51,166,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Нийслэлийн Өргөө амаржих газарт хүлээлгэн өгсөн Борлуулалтын зарлагын баримтууд, хавсралтын жагсаалт авагджээ./хх-5-20/
12.Харин хариуцагч нь худалдан авсан барааны үнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 7-д захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна гэж тохиролцсон боловч хариуцагч гэрээнд заасан хугацаанд хүлээн авсан барааны үнийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
13.Өргөө амаржих газар нь өмнөх авсан барааны төлбөрийг 84,500 төгрөгийн илүү төлөлттэй төлж барагдуулж дууссан байх тул сүүлд худалдан авсан нийт барааны үнэ 51,166,500 төгрөгөөс илүү төлсөн 84,500 төгрөгийг хасаад, үлдэх 51,082,000 төгрөгийг нэхэмжлэгч гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс 51,082,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Еврофарм” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.
14.Нэхэмжлэгч 51,082,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 413,360 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 413,360 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хууль 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс 51,082,000 /тавин нэгэн сая наян хоёр мянга/ төгрөг гаргуулж, Еврофарм ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,360 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс 413,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Еврофарм ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ