Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/02616

 

 

 

 

 

 

                             

                                       

2023      08        25 

181/ШШ2023/02616

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах Т ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух ... овогт ... Х /РД: /,

Хариуцагч: ... тоотод оршин суух ... овогт ... Э /РД:/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн /цалингийн зээл/ гэрээний үүрэгт 7,562,839.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Хариуцагч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч Ж.Х, Г.Э нарт холбогдуулан барьцаат зээлийн /цалингийн зээл/ гэрээний үүрэгт 7,562,839.2 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Зээлдэгч Жалайр овогт Жүгдэрийн Х /РД:ХЖ60032919/, Боржин овогт Ганбатын Э /РД:ХЖ63083008/ нар нь “Т” ХХК-нд цалингийн зээл авах хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №58 дугаартай барьцаат зээлийн /Цалингийн зээл/ гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг жилийн 16.80 хувь /сарын хүү 1.4/-ийн хүүтэй зээлийг 50 сарын /4.2 жил/ хугацаатай зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөөс үндсэн зээл 7,361,357,33 төгрөг, зээлийн хүүнд 4,451,175 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Зээлдэгч Жалайр овогт Жүгдэрийн Х /РД.ХЖ60032919/, Боржин овогт Ганбатын Э /РД:ХЖ63083008/ нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй, зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээл авсан өдрөөс хойш 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 368 хоногийн зээлийн хугацаа хэтрүүлж, зээлийн ноцтой зөрчил үүсгэж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд Хариуцагч Жалайр овогт Жүгдэрийн Х /РД:ХЖ60032919/, Боржин овогт Ганбатын Э /РД:ХЖ63083008/ нараас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №58 дугаартай барьцаат зээлийн /Цалингийн зээл/ гэрээний үүрэгт үндсэн зээл 6,638,642.67 төгрөг, зээлийн хүү 888,484.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,712.26 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 7,562,839.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Э хариу тайлбартаа: “Боржигон овогт Ганбат Э ХЖ63083008-тэй Сүхбаатар дүүргийн 13-р хорооны 8 УИД гудамж 23 тоотод 1 хүүхэдтэйгээ амьдардаг. Г.Э би 1982 онд Ж.Хтай гэр бүл болсон. 2017 онд Ж.Х нь Д.Наранчимэгтэй хамтран амьдрахаар явсан. Бид 2017 оноос хойш нэг гэрт амьдраагүй. 2018 оны 05 дугаар сард Ж.Х нь гэрт ирж банкнаас зээл авах гэсэн юм батлан даагчаар гарын үсэг зурж өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед нөхрөө уучлалт гуйгаад ирэхээр уучлаад зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Ингэн гэж бодоогүй. Ж.Х тухайн зээлийг төрсөн ах Ж.Хадхүүд өгсөн. Иймд Г.Э би салаад явсан нөхрийнхөө зээлийг төлөх хүсэлгүй байна. Зээл авсан Ж.Х төрсөн ах Ж.Хадхүү нараар энэхүү зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Г.Э миний бие нь Ж.Хын авсан цалингийн зээлээс нэг ч төгрөг аваагүй болно” гэжээ.

Хариуцагч Ж.Хт 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Д.Ж, Н.Сувд-Эрдэнэ нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 136,955.44 төгрөг төлсөн баримт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2018.04.17-ны өдрийн 762 тоот тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018.05.09-ний өдрийн 3/1116 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22/07 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл зэргийг өгсөн.  

Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч Ж.Х,Г.Э нар нь “Т” ХХК-нд цалингийн зээл авах хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №58 дугаартай барьцаат зээлийн /Цалингийн зээл/ гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг жилийн 16.80 хувь /сарын хүү 1.4/-ийн хүүтэй зээлийг 50 сарын /4.2 жил/ хугацаатай зээлийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөөс үндсэн зээл 7,361,357,33 төгрөг, зээлийн хүүнд 4,451,175 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй, зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээл авсан өдрөөс хойш 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 368 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн ноцтой зөрчил үүсгэж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн тул үндсэн зээл 6,638,642.67 төгрөг, зээлийн хүү 888,484.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,712.26 төгрөг, нийт 7,562,839.2 төгрөгийг хоёр хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хариуцагч Г.Э татгалзлын үндэслэлээ 2017 онд Ж.Х нь Д.Наранчимэгтэй хамтран амьдрахаар явсан, тэр үеэс хойш нэг гэрт амьдраагүй, 2018 оны 05 сард Ж.Х гэрт ирж банкнаас зээл авах гэсэн юм батлан даагчаар гарын үсэг зурж өгөөч гэхээр нь би тухайн үед нөхрөө уучлалт гуйгаад ирэхээр уучлаад зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, ингэнэ гэж бодоогүй. Ж.Х уг зээлийг төрсөн ах Ж.Хадхүүд өгсөн, салаад явсан нөхрийн зээлийг төлөхгүй, зээлийг авсан Ж.Х төрсөн ах Ж.Хадхүү нараар төлүүлэх хүсэлтэй, зээлээс нэг ч төгрөг аваагүй гэж эс зөвшөөрсөн.

Хариуцагч Ж.Хт шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2022.09.09-ний өдөр гардуулан өгч, хариу тайлбар, холбогдох баримтаа 2022.09.23-ны өдөр ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, баримт үйлдсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй тул тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 58 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулсан болох нь тус зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/-ний хуулбараар тогтоогдож байна.

Барьцаат зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 3-ын 3.2.1, 3.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь 14,000,000/арван дөрвөн сая/ төгрөгийг, 50/тавин/ сарын хугацаатай, жилийн 16,80 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20/хорь/ хувь байхаар, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Ж.Хт Тны 340004148119 дугаар Зээлийн дансруу 140,000,000/арван дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

Зохигч талуудын байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Барьцаат зээлийн гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч нар нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг тэнцүү хуваан төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

Барьцаат зээлийн гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч нар нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлд 7,361,357.33 төгрөгийг, зээлийн хүүнд 4,451,175 төгрөгийг төлсөн боловч зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг зөрчиж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 2022 оны 06 дугаа сарын 30-ны өдриг хүртэл 368 хоногийн зээлийн хугацаа хэтрүүлж, зээлийн ноцтой зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Ж.Хт зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч Г.Э нь уг зээлээс нэг ч төгрөг аваагүй, Ж.Х түүний ах Ж.Хадхүү нараар төлүүлэх хүсэлтэй гэж маргасан нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7-д “Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна.”, 242 дугаар зүйлйн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж тус тус зааснаар зээлийн гэрээний нэг тал Т ХХК нь нөгөө тал болох Ж.Х, Г.Э нараас гэрээний үүргийн биелэлтийг гаргуулахаар шаардсан тул хуульд заасны дагуу тус гэрээний үүргийг хариуцагч Ж.Х, Г.Э нар хамтран хүлээх учиртай байх тул хариуцагч Г.Эгийн татгалзлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар зохигчид Зээлийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан байх ба Барьцаат зээлийн гэрээг нэг талаас Т ХХК, нөгөө талаас Ж.Х, Г.Э нар харилцан тохиролцож байгуулан, уг гэрээнд Ж.Х, Г.Э нар гарын үсэг зурсан, Ж.Хадхүү оролцоогүй байх тул хариуцагч Г.Эгийн хүсэлт үндэслэлгүй.

Зээлийн гэрээний 2.2.1-т зааснаар зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд нөгөө тал гэрээний үүргээ зөрчсөн байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.

Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч нар нь үндсэн зээлд 6,638,642.67 төгрөгийг, зээлийн хүүнд 888,484.27 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагч нарын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас нийт 7,562,839.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 136,955.44 төгрөгөөс 135,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 135,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Х, Г.Э нараас 7,562,839.2 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,955.44 төгрөгөөс 135,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Х, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 135,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ