| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00245/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/253 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/253
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-т холбогдох 2516002450269 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ***** хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ********** регистрийн дугаартай Т овгийн Д-ын Б-.
Шүүгдэгч Д.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Быг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан цээж хэсэгт цохиж зодсон, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр утас хагалсан гэх асуудлаар шалтаглан хөл хэсэгт 2 удаа өшиглөж зодсон, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр намайг шоронд явуулах гэлээ гэх зүйлээр шалтаглан хамар хэсэгт 2 удаа цохиж, зүүн шанаа хэсэгт 1 удаа, зүүн хавирганы доод хэсэгт 2, 3 удаа өвдөглөж, зүүн гарын дунд хурууг мушгиж эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу болон зүүн гарын дунд хуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Б-ыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан цээж хэсэгт цохиж зодсон, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр утас хагалсан гэх асуудлаар шалтаглан хөл хэсэгт 2 удаа өшиглөж зодсон, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр намайг шоронд явуулах гэлээ гэх зүйлээр шалтаглан хамар хэсэгт 2 удаа цохиж, зүүн шанаа хэсэгт 1 удаа, зүүн хавирганы доод хэсэгт 2,3 удаа өвдөглөж, зүүн гарын дунд хурууг мушгиж эрүүл мэндэд нь 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу болон зүүн гарын дунд хуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
Хохирогч Д.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг/хх-ийн 46-47-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ч-ын мэдүүлэг/хх-ийн 54-55-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ/хх-ийн 15-16-р хуудас/
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Д.Даваахүүгийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “...Д.Б-н биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралттай, хамрын нуруу болон зүүн гарын дунд хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх ГОА0725/389 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ.
Хохирогчийн эсрэг хийсэн бие махбодид халдсан үйлдэл нь заавал түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсхүл хуулийн байгууллагад бүртгэгдсэн байхыг шаардахгүй бөгөөд “байнга” буюу 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн шинжээрээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгч Д.Б- нь эхнэр Д.Б-ыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан цээж хэсэгт цохиж зодсон, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр утас хагалсан гэх асуудлаар шалтаглан хөл хэсэгт 2 удаа өшиглөж зодсон, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр намайг шоронд явуулах гэлээ гэх зүйлээр шалтаглан хамар хэсэгт 2 удаа цохиж, зүүн шанаа хэсэгт 1 удаа, зүүн хавирганы доод хэсэгт 2,3 удаа өвдөглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж болох “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга...” гэх шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гэх хүсэлтийг ирүүлсэн ба Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Б 173,880 төгрөгийн эмчилгээ авчээ. Уг төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж уг ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогтой Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар солих болохыг шүүдэгч Д.Б-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Б-аас хохирогч Д.Бын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 173,880 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА