Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/260

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа

     Улсын яллагч Ө.Манзушир

     Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г-ад холбогдох 2516001820271 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ****** хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *********регистрийн дугаартай, Ж ургийн овгийн Т-ийн Г.

Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

          Шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулах Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 давхрын 303 тоот өрөөнд орж Нэгдсэн **** Ш.М-ыг ажил мэргэжил, ёс зүйн алдаа гаргаснаас болж ялгаварлалаа гэх зүйлээр шалтаглан хутгалж ална хэмээн сүрдүүлж хутга барьж хохирогчийн цээжний баруун тал, ууцны дээд хэсэг, хэвлийн зүүн талд хутгалж эрүүл мэндэд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

Хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Ц.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч Г.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг,

Гэрч Ц.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

        Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Одгэрэлийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ГАО0125/028 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн халаадны урд талд үүссэн 10мм хэмжээтэй гэмтэл ар талд үүссэн 40 мм, 15мм хэмжээтэй гэмтэл, бор өнгийн пиджакийн ар талд үүссэн 35 мм, 15 мм хэмжээтэй гэмтэл, цагаан өнгийн срочкон цамцны урд талд үүссэн 9 мм хэмжээтэй гэмтэл, ар талд үүссэн 45 мм, 16 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 103-107-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эм, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн ГОА0725/274 дугаартай “Ш.М-ы биед цээжний баруун талд, ууцны дээд хэсэг, хэвлийн зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухай хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Ш.Мы биед учирсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 111-112-р тал/,

Хохирогч Ш.М-ы өвчтөний түүхийн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 211 дугаартай Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан бичиг, /хх-ийн 52-85-р тал/,

2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ш.М-ы өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 15-16-р тал/

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эм, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн ГОА0325/042 дугаартай “Т.Гын гэх цусанд 1,6% промиллийн спиртийн зүйл илэрч байна. Цусанд илэрч байгаа 1,6% промиллийн спиртийн зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 121-122-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эм, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн ГОА0325/043 дугаартай “Ш.М-ы биеэс авсан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 116-117-р тал/,

Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Б.Буянаа, Д.Отгонцэцэг нарын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ХОВ0825/Ю9 дугаартай “Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Нэгдсэн эмнэлгийн 301 тоот өрөөнд Ш.М нь- бусдад хутгалуулж, биедээ гэмтэл авсан” гэх хэргийн улмаас хохирогч Ш.Мы сэтгэцэд хор уршиг учирсан байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илэрсэнгүй” гэх дүгнэлт , /хх-ийн 127-128-р тал/,

яллагдагч Т.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 159-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6- 10-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-т Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус заасан ба Т.Г нь хохирогч Ш.Мы эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтсон. Хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 469,246 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Гыг 750/долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000/долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750/долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000/долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хутга 1 ширхэг, бор саарал өнгийн шоо хээтэй хүрэм 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн халад 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт Т-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750/долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000/долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гад оногдуулсан 750/долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000/долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Гад мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хутга 1 ширхэг, бор саарал өнгийн шоо хээтэй хүрэм 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн халад 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА