| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00278/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/287 |
| Огноо | 2025-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/287
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ц-д холбогдох 2516002090315 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ***** хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, У ургийн овгийн Ц-ийн Ц-.
Шүүгдэгч Ц.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн ***** тоот хашаанд хохирогч Ц.Ц-тай нохой чинь хүн хазчихсан байна, дандаа бичлэг хийдэг гэх зүйлээр шалтаглан маргалдаж түүний үснээс нь зулгааж толгойн тус хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохиж тархины доргилт, духанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
Хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 07 сарын 29-ний өдөр 17 цагийн үед өвөө Базарчийн цай уугаад сууж байсан чинь гаднаас Д- эхнэр Ц-гийн хамт орж ирсэн. Тэгэхээр нь би Д-д хандаад чи харанхуй шөнө заазуур барьчхаад Батсүх бид хоёрыг манай ахыг алсан алуурчид гээд дайраад байсан тэрнийхээ учрыг олоорой гэсэн чинь тэр Батсүх чинь хаана байна дуудаад гараад ир ална гэхээр чи яахаараа зүгээр байсан хүнийг алдыг гэсэн чинь өөртөө нь учраа ол гэсэн чинь Д- намайг гарч хэрүүлээ хийе газд түрүүлээд гарсан би араас нь гарсан. Гадаа гараад хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад Д- нь миний толгой руу гараараа 4-5 удаа цохисон. Эмээ Мягмаржав нь гэрээсээ гарч ирээд боль гэсэн чинь болсон. Тэгээд би гэр лүүгээ явсан. 2025 оны 08 дугаар сарын 05-ний орой гэртээ унтаж байсан. 23 цагийн үед гадаа нохой гаслаад байхаар нь гэрээсээ гараад ирсэн чинь Д- нь манай нохойг шургаагаар зодоод байж байхаар яагаад нохой зодоод байгаа юм танай нохой чинь намайг хазчихлаа гэж хэлчхээд Б-ийн луу орсон. Би араас ороод яагаад нохой зодож байгаа юм гэсэн чинь наад нохойгоо зайлуул гээд байсан. Ц- гэрээс манай нохойг шалны модоор зодоод байхаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд зогсож байсан чинь Ц- над дээр ирээд миний үснээс зулгаагаад нөхөртөө бичлэг хийж байгаа гар утсыг нь булаагаад аваадах гээд хэлсэн. Тэгснээ миний толгойн баруун тал руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь Ц-гийн хөгжлийн бэрхшээлтэй хүү нь гарч ирээд боль гээд болиулсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ ороод амарсан. Танина. Ц- нь миний төрсөн дүү байгаа юм. Харин Д- нь манай хүргэн байгаа юм. 2025 оны 07 сарын 29-ний өдөр Ц- байсан. Харин манай өвөө эмээ 2 гэртээ байсан. Өөр хүн байгаагүй. Д- миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний дух хэсэг хавдсан, баруун талын хацар хавдсан байсан. 2 гарын шуу хэсэг дээр хөхөрсөн байсан. Орой нь Батсүх нь гэртээ ирээд намайг хараад толгойны баруун тал хавдчихсан байна гэж хэлсэн. Ц- нь миний үснээс зулгаагаад толгойны баруун тал руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Маргааш өглөө нь миний толгой таллаж өвдөөд байсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд тархины зураг авхуулсан. Тэгээд тархины зураг үзүүлтэл тархиндаа хавантай байна гэж хэлсэн. 2025 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Ц-д зодуулчхаад нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Үзүүлсэн баримт бичиг нь байгаа. Харин 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д-д зодуулсныхаа дараа эмнэлэгт үзүүлээгүй. Д- Ц- нар тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2025 оны 07 дугаар сарын 28-ний шөнө Д-, Б та хоёр миний ахыг алсан алуурчид гээд байсан. Тэрнээс болоод намайг зодож цохих болсон байх гэж бодож байна. Би Д.Д- Ц.Ц нартай хувийн таарамжгүй харилцаа болон өс хонзонгийн асуудал байхгүй. Би өмнө тархиндаа бэртэл гэмтэл авч байгаагүй. Гомдол саналтай байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Ц- намайг зодож цохисноос болоод миний тархинд хаван үүссэн байгаа..." гэх мэдүүлэг, /хх-ийн 45-48-р хуудас/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ГОА0725/339 дугаартай “...1 Ц.Ц-ын биед тархины доргилт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хэрэг учрал болон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, хаван гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 61-62-р тал/,
Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 сарын 30-ны өдрийн ХОВ0825/153 дугаартай шинжээч Б.Буянаа, Д.Отгонцэцэг нарын “...2. энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3 Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. 4. Шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 75-77-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг 1-р зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 792,000 төгрөг, хохиролд 779,000 төгрөг, нийт 1,571,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц-ад олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай ургийн овгийн Ц-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Хохирогч Ц.Ц-ын сэтгэцэд учирсан хор уршигт 792,000 төгрөг, хохиролд 779,000 төгрөг нийт 1,571,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц-гаас гаргуулж хохирогч Ц.Ц-ад олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдаж, хэргийн хамт ирсэн Сиди/CD/ 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА