Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/02651

 

 

 

 

 

 

                             

                                       

2023      08        30 

181/ШШ2023/02651

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах, У ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ... овогт ... Б /РД:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК, хариуцагч М.Бд холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Нэхэмжлэгч У ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч М.Бтэй UР/21-08-09/02 дугаартай “Үл хөдпөх хөрөнгө зуучлалын гэрээ” байгуулж, гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Усны гудамж 27 дугаар байр, 98 тоот хаягт байрлах 53.28 мкв талбай бүхий орон сууцыг өөрийн харилцагчид худалдан борлуулахад зуучилсан. Гэвч хариуцагч нь гэрээний 4.2, 4.3 дүгээр зүйлд заасан зуучлалын хөлс болох 5,500,000 төгрөгийг гэрээний 4.4, 4.5 дахь хэсэгт заасан хугацаанд төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Зуучлуулагч буюу хариуцагч нь зуучлалын хөлсийг төлөөгүй тохиолдолд зуучлагч буюу нэхэмжпэгч нь гэрээний 7.2 дахь хэсэгт “Зуучлуулагч нь энэхүү гэрээнд заасан зуучлалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зуучлагчид төлнө” гэж зааснаар зуучлалын хөлс дээр алданги нэмж тооцон нэхэмжлэх эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар хариуцагч М.Бээс зуучлалын хөлс 5,500,000 төгрөг, Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг, гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар алданги 2,750,000 төгрөг буюу Зуучлалын гэрээний үүрэгт нийт 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ дэмжиж байна.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээ байгуулсныг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний нэг хувийг өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй. Бид нар шууд гэрээ байгуулаад гарын үсгээ зураад нэг хувийг нь тамгалаад өөрсдөд нь шууд өгдөг. Зуучлалын гэрээнээс гадуур өөрөө дур мэдэн борлуулж болно. Гэхдээ худалдаж авсан гэрч У.Өлзийдүүрэнг өөрийнхөө найздаа зарсан гэж тайлбарладаг боловч өмнөх шүүх хуралдаан дээр У.Өлзийдүүрэн нь би энэ байрыг авахдаа М.Бийг таньдаг болсон гэж хүлээн мэдүүлсэн. 09 дүгээр сарын 02-ны өдөр зуучлагч н.Янжиндулам нь байрыг У.Өлзийдүүрэн гэдэг гэрчид үзүүлээд бататгаад гарын үсэг, утасны дугаараа бичсэн. Тухайн үед хэдэн төгрөгт байр сонирхож байгааг нь асууж тэмдэглэдэг бөгөөд худалдан авах саналын хуудас бөглүүлдэг. Үүнд 180 сая төгрөгөөс 300 сая төгрөгт байр хайж байгаагаа У.Өлзийдүүрэн гэрч нь өөрөө илэрхийлээд гарын үсэг зурсан байдаг. Үүнээс үзэхэд У.Өлзийдүүрэн зуучлалаар дамжуулж манайд ирсэн. Сүүлд Д.Янжиндулам зуучлагчийн мессенжер чатад үзлэг хийсэн тэмдэглэлд “би чамд итгээд дугаарыг нь өгчих үү” гээд мессеж бичихэд “тэг” гэж У.Өлзийдүүрэн хариулсан. “Чи хамгийн гол нь үзээд таалагдаад авахаар бол надад заавал мэдэгдээрэй, Янжка агентаас дугаарыг нь авлаа гээд яриарай” гэхэд У.Өлзийдүүрэн нь “ок ок” гэж хариу хэлсэн байгаа. 04 цаг 46 минутад “утас нь холбогдож байна уу” гэснээс хойш Д.Янжиндулам ямар ч хариу байхгүйгээр холбоо тасраад авсан эсэх нь мэдэгдэхгүй байж байгаад сүүлд хариуцагч М.Бтэй Д.Янжиндулам зуучлагч таараад худалдсан юм уу гэхэд худалдсан гээд гэрээг нь шалгаад үзэхэд манайхаар зуучлуулж байр хайж байсан хүн нь У.Өлзийдүүрэн гэдэг хүн байсан. Манай зуучлалаар дамжаад У.Өлзийдүүрэн, М.Б хоёр холбогдсон гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж гөнө үү” гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: “Миний бие УЦ94060119 тоот регистрийн дугаартай Мөнхбаяр овогтой Б нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2021 оны 7, 8 дугаар сарын үед “У” ХХК-тай тухайн үед миний өмчлөлд байсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Усны гудамж, 27 дугаар байр, 98 тоот хаягтай 53.28 метр квадрат талбай бүхий орон сууцаа зуучлуулхаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулсан.

Намайг гэрээ байгуулж байх үед зуучлалын гэрээнээс гадуур өөрөө дур мэдэн худалдан борлуулж болно гэж тайлбарлаж гэрээ байгуулсан ба гэрээний нэг хувийг батлуулна хэмээн авч үлдэн, улмаар надад өгөөгүй. Би өөрийн найздаа уг байрыг худалдсан ба “У” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд зуучлуулан энэхүү байраа худалдан борлуулаагүй.

Гэтэл 2022 оны 02 дугаар сарын дунд үед надтай гэрээ байгуулсан агент санаандгүй байдлаар тааралдахдаа намайг байраа худалдсаныг олж мэдсэн ба түүний дараагаар гэрээний зуучлалын хөлсөө төл хэмээн шаардсан болно. Миний хувьд тус байгууллагаар зуучлуулан байраа зараагүй тул гэрээний хөлсийг төлөх боломжгүй юм. Иймд “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 146,950 төгрөг төлсөн баримт, У ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.06.10-ны өдрийн ТЗ601/86 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар, 2021.08.09-ний өдрийн UР/21-08-09/02 дугаартай Үл хөдпөх хөрөнгө зуучлалын гэрээ, Ж.Даваанямд олгосон итгэмжлэл, Б.Уд олгосон итгэмжлэл зэргийг өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022.09.01-ний өдрийн 6/7278 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022.11.15-ны өдрийн 6/9898 тоот албан бичиг, Goo Rara гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас гэрч У.Өлзийдүүрэнгийн Ulziiduuren Ulambayar гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар харилцсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээр У.Өлзийдүүрэг асуусан тэмдэглэл зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Манай компани 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр М.Бтэй UР/21-08-09/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Усны гудамж 27 дугаар байр, 98 тоот хаягт байрлах 53.28 мкв талбай бүхий орон сууцыг өөрийн харилцагчид худалдан борлуулахад зуучилсан, гэвч хариуцагч гэрээний 4.2, 4.3-т заасан зуучлалын хөлс 5,500,000 төгрөгийг, гэрээний 4.4, 4.5-д заасан хугацаанд төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зуучлалын хөлсөн дээр алданги 2,750,000 төгрөгийг нэмж, нийт 8,250,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...У ХХК-тай өөрийн өмчлөлд байсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Усны гудамж, 27 дугаар байр, 98 тоот хаягтай 53.28 мкв талбайтай орон сууцаа зуучлуулахаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулсан, гэрээ байгуулах үед зуучлалын гэрээнээс гадуур өөрөө дур мэдэн худалдан борлуулж болно гэж тайлбарласан тул би өөрийн найздаа байрыг зарсан, “У” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зуучлуулан байраа зараагүй тул гэрээний хөлсийг төлөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

У ХХК, М.Б нар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр UР/21-08-09/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Усны гудамж 27 дугаар байрны 98 тоот хаягт байрлах 53.28 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр худалдан борлуулах эрхийг зуучлуулагч М.Б нь зуучлагч У ХХК-д олгожээ./хх-7-11/

Нэхэмжлэгч У ХХК нь Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, түрээс, Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, Үл хөдлөх хөрөнгийн худалдааны үйл ажиллагааг тус тус явуулдаг, Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 381 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч мөн өдөр ТЗ 601/86 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ түүний хавсралт зэргээр нотлогдож байна./хх-2-6/

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр UР/21-08-09/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасанд хамаарч байна.

Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч У ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр UР/21-08-09/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ-г байгуулсантай маргаагүй, харин гэрээ байгуулах үед зуучлалын гэрээнээс гадуур өөрөө дур мэдэн худалдан борлуулж болно гэж тайлбарласан тул би өөрийн найздаа байрыг зарсан, “У” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зуучлалаар байраа зараагүй тул гэрээний хөлсийг төлөхгүй гэж маргасан.

Хариуцагч ийнхүү маргаж буй тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүхэд бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хуульд зааснаар нотлох ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу -Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргааны зүйл болсон орон сууцны лавлагааг гаргуулсан ба 2022.09.01-ний өдрийн 6/2278 тоот албан бичигт: “...Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Усны гудамж 27 дугаар байрны 98 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх анх иргэн М.Б /УЦ94060119/, Х.Тунгалаг /ХБ51110102/ нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлтийн Ү-2203042283 дугаарт бүртгэгдэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн У.Өлзийдүүрэн /ВЮ93071211/-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна” гэжээ./хх-33/

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022.11.15-ны өдрийн 6/9898 тоот албан бичгээр ... эрхийн улсын бүртгэлийн Ү-2203042283 дугаартай, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Усны гудамж 27 дугаар байрны 98 тоот хаягт байршилтай орон сууцыг М.Б, Х.Тунгалаг нарын өмчлөлөөс иргэн У.Өлзийдүүрэнгийн өмчлөлд шилжүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдах авах гэрээний хуулбарыг хавсралтаар хүргүүлжээ./хх-87-89/

-Гэрч Д.Янжиндуламыг асуулгасан, түүний мэдүүлэгт:...У ХХК-ийг төлөөлж, М.Бтэй 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр UР/21-08-09/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ-г байгуулж, М.Бий хүсэлтийн дагуу түүний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулахаар сар гаран ажилласан, 3-4 хүнд үзүүлсэн, хамгийн сүүлийн харилцагч болох У.Өлзийдүүрэн дүүтэйгээ хамт надтай холбогдсон, би өөрөө үзүүлэх боломж байгаагүй тул харилцагчдаа итгээд чат, мэссэж бичээд чи өөрөө очоод үзчих, авахаар бол заавал надад мэдэгдээрэй, яагаад гэвэл би дунд нь зуучилж өгч байгаа учраас миний ажил үүргийг ойлгоорой гэдэг утгатай чат, мэссэж бичиж үлдээсэн. Би М.Б рүү залгахад утсаа аваагүй, өмнөх өдөр нь ярихад наад хүнээ надруу явуулчихаарай гэсэн. У.Өлзийдүүрэн манай тавьсан зарын дагуу орж ирсэн. Би М.Б, У.Өлзийдүүрэн нар руу залгахад утсаа аваагүй, эмэгтэй дүү рүү нь залгаад ах чинь байраа үзэж байна уу гэж асуухад үзэхээр сая гарсан гэсэн, орой нь залгаж асуухад У.Өлзийдүүрэн энэ байр таалагдсангүй гэж хэлсэн. Яагаад гэсэн чинь жаахан бохир, нохой тэжээдэг юм байна гэсэн. Тэгэхээр нь байрны эзэн М.Бд хэлэхэд, яг авахад нь би цэвэрлэгээ хийлгээд зарна гэсэн. Орой нь М.Б рүү залгахад утсаа аваад энэ жул банди байр авах царайгүй, угаасаа мөнгө байхгүй юм байна гэж хэлсэн боловч энэ хоёр намайг хуураад Худалдах, худалдан авах гэрээг хийгээд, тус байрыг У.Өлзийдүүрэн авчихсан ...гэжээ.

-Гэрч У.Өлзийдүүрэнг асуулгасан, түүний мэдүүлэгт: ...зар дээр 2 зар байсан, 98 тооттой холбогдож чадаагүй, 106 тооттой холбогдож чадаад Д.Янжиндуламтай уулзсан. М.Бийг өмнө нь таньдаг байгаагүй. Тэр байрны хүмүүсээс зарах байр байна уу гэж асуухад М.Б намайг өөрөө олж ирээд ийм байр байгаа шүү гэсэн. М.Бий байрыг 122,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Энхцэцэг гэдэг эмэгтэй дүүтэйгээ цуг очсон. Намайг 98 тоотын байрыг авахад Д.Янжиндулам М.Бтэй холбож өгөөгүй...гэжээ.

 Үзлэг хийсэн тэмдэглэлд: Гэрчээр асуугдсан Д.Янжиндуламын Goo Rara  гэсэн фэйсбүүк хаягнаас гэрч У.Өлзийдүүрэнгийн Ulziiduurem Ulambayr гэсэн хаяг руу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд харилцсан ярианы бичвэрт: “Би чамд итгээд дугаарыг нь өгчих үү” гэхэд “тэгээ” гэсэн, “Чи хамгийн гол нь үзээд таалагдаад авахаар болвол надад заавал мэдэгдээрэй. Янжка агентаас дугаарыг нь авлаа гээд яриарай” гэхэд “Ок2” гэсэн, “86008720 Б” гэхэд, “Утас нь холбогдож байна уу” гэжээ./хх-134-135/

 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т “зуучлуулагч нь Зуучлалын ажлын хөлсийг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн /Монгол Улсын хууль тогтоомжоор ногдуулсан татвар багтсан дүн/-ээс доорх хувь хэмжээгээр тооцож Зуучлагчид төлнө.” 4.3-т “Орон  сууц, ...худалдах 2,2%, 4.5-д Зуучлуулагч болон Худалдан авагч нарын хооронд байгуулагдсан “худалдах, худалдан авах гэрээ”-ний нийт төлбөрийн 30 хувиас багагүй хэмжээний урьдчилгаа төлбөр орж ирснээс хойш ажлын 1 хоногийн дотор энэхүү гэрээний 4.2-т заасан Зуучлалын ажлын хөлсийг төлнө” гэж тус тус заажээ.

Хариуцагч М.Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203042283 дугаартай, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Усны гудамж 27 дугаар байрны 98 тоот хаягт байршилтай орон сууцыг М.Б, Х.Тунгалаг нарын өмчлөлөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдах авах гэрээний дагуу иргэн У.Өлзийдүүрэн /гэрч/-гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд ийнхүү тус орон сууцыг худалдан борлуулах ажиллагаа нь М.Б, У ХХК нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр UР/21-08-09/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ-г байгуулсны үндсэн дээр тухайн компанийн зуучлагч агент албан тушаалтай Д.Янжиндулам /гэрч/ нь зуучлуулагч М.Бээс олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээд У.Өлзийдүүрэнтэй холбож өгөх үйл ажиллагаа хийгдсэнээр маргааны зүйл болсон ...98 тоотын орон сууц худалдан борлогдсон болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгч У ХХК-ийг хариуцагч М.Бтэй байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр UР/21-08-09/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ-ний 4.2, 4.3-т зааж тохиролцсон /250,000,000 х 2.2%/ зуучлалын хөлс 5,500,000 төгрөг, 4.5-д заасан хугацаанд төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон тул гэрээний 7.2-т “Зуучлуулагч нь энэхүү гэрээнд заасан зуучлалын хөлсийг гэрээний 4.5-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5%-тай тэнцэх хэмжээнй алдангийг Зуучлагчид нэмж төлнө” гэсэн заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасныг үндэслэл болгож алдангид 2,750,000 төгрөг нэмж, нийт 8,250,000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч М.Бээс 8,250,000/найман сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хэргийн 38-39 дэх талд авагдсан “CENTURY 21”, “Худалдан авах санал” гэсэн толгойн бичвэр бүхий 2 хуудас баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж заасан шаардлагыг хангаагүй хуулбар хувь байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

Нэхэмжлэгч 8,250,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 146,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хууль 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 243.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Бээс 8,250,000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Бээс 146,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ