Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2023/00876/И |
Дугаар | 182/ШШ2023/02918 |
Огноо | 2023-10-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2023/02918
2023 10 19 182/ШШ2023/02918
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УТ ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 92,897,727 төгрөг гаргуулах тухай хэргийг, хариуцагчийн гаргасан алданги 31,051,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н,
Хариуцагчийн төлөөлөгч Б.А,
Гэрч Б.А, С.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь УТ ХХК-тай 2021.06.02-ны өдөр Батаа материал худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь М250 маркийн бетоныг 170,000 төгрөгөөр тооцож, 740 м.куб бетоныг тээвэрлэлтийн зардал болон бетон шахагч машины зардлыг 12,000 төгрөгөөр тооцож тус бүр 8,880,000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу өөрийн Шонхор нэртэй бетон зуурмагийн үйлдвэрээс хариуцагчийн захиалснаар, 2021.06.05-ны өдөр 22 удаагийн рейсээр 208 м.куб, 2021.08.29-ний өдөр 19 удаагийн рейсээр 171 м.куб, 2021.09.14-ний өдөр 1 удаагийн рейсээр 8 м.куб, 2021.10.04-ний өдөр 15 удаагийн рейсээр 140 м.куб бетон буюу нийт 105,662,000 төгрөгийн үнэ бүхий 527 м.куб бетон зуурмаг, 156 м.куб нэмэлт бодисыг ашиглан, өөрийн бетон шахагч помпоор үйлчлэн тус тус хариуцагчид хүлээлгэн өгсөн. Нэмэлт бодисын хувьд 156 м.куб нь 1,701,818 төгрөг болсон байгаа бөгөөд 10 сард хүйтний улирал эхэлсэн учраас бетон зуурмагийг хөлдөөхгүй байх үүднээс нэмэлт бодисыг зуурмаганд хийдэг юм.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан актуудаар бетон зуурмагийн нийт хэмжээ нь 527 м.куб байгаа. Харин гэрч, байгууллагын нягтлан С.Долгорсүрэнгийн хувийн бүртгэлийн ягаан дэвтэр, түүний тайлбараар 2021.10.04-ний өдөр дахин 16 м.куб бетоныг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч акт үйлдээгүй байдаг юм. Бид нийтдээ 546 м.куб бетоныг хариуцагчид нийлүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй, харин анх нэхэмжлэл гаргасан 535 м.куб бетоны тооцооллоороо нэхэмжилж байгаа. Гэрээнд зааснаар хариуцагч нь 2021.06.03-ны өдөр 43,560,000 төгрөгийг урьдчилгаа болгон манай байгууллагад төлсөн бөгөөд бид нийт нийлүүлсэн 105,662,000 төгрөгөөс урьдчилгаанд авсан 43,560,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан. Ингээд хариуцагч нь үлдэгдэл 62,102,000 төгрөгийг бидэнд төлөх ёстой байтал төлөөгүй, бидний зүгээс төлөхийг утсаар болон амаар удаа дараа шаарддаг боловч 2023 онд төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс бид гэрээнд заасны дагуу хариуцагчаас алданги шаардах эрхтэй бөгөөд энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул 62,102,000 төгрөгийн 50% болох 31,051,000 төгрөг болсон.
Эцэст нь тооцож үзэхэд, бид нийт 546 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн боловч 535 м.кубээр тооцож байгаа. Өөрөөр хэлбэл 535 м.кубыг 170,000 төгрөгөөр тооцоход 90,950,000 төгрөг болсон. Тээвэр болон Бетон шахагч машин тус бол нэгж үнэ нь 12,000 төгрөг. Тэгэхлээр тээврийн хувьд 535 м.кубыг 12,000 төгрөгөөр тооцоход 6,420,000 төгрөг, бетон шахагч машины хувьд мөн адил 535 м.кубыг 12,000 төгрөгөөр тооцоход 6,420,000 төгрөг, нийт 103,790,000 төгрөг. Үүнээс урьдчилгаанд авсан 43,560,000 төгрөгийг хасахад 60,230,000 төгрөг, үүн дээр 156 м.куб бетоны нэмэлт бодис 10,909 төгрөгөөр тооцоход 1,701,818 төгрөг, бүгд 61,931,818 төгрөг нь гэрээний үлдэгдэл төлбөр болж байна. Алданги 2021.10.04-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2023.02.20-ны өдрийг хүртэл тооцоход хоногийн 309,659 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрсэн тул алданги 30,965,909 төгрөг, бүгд 92,897,727 төгрөг болж байна. Иймд тооцооллоо буруу хийсэн байх тул зөвтгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 92,897,727 төгрөг болгон багасгаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 92,897,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т зааснаар гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд манайд нийтдээ 527 м.куб бетон нийлүүлсэн. Харин нэмэлт бодисыг хүлээн зөвшөөрөхгүй, бид гэрээгээр нэмэлт бодис авах талаар огт тохиролцоогүй. Гэрээний 3.5-д зааснаар бид ямар нэгэн байдлаар гэрээ дүгнээгүй, акт үйлдээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Үндсэн төлбөрөөс 31,051,000 төгрөгийг зөвшөөрнө, алдангийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бидний хооронд 2021.06.02-ны өдөр 1 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан бөгөөд нийт 143,560,000 төгрөгийн үнэ бүхий 740 м.куб бетон зуурмаг нийлүүлэх байсан. С ХХК нь 2021.06.05-ны өдөр 22 удаагийн рейсээр 208 м.куб, 2021.08.29-ний өдөр 19 удаагийн рейсээр 171 м.куб, 2021.09.14-ний өдөр 1 удаагийн рейсээр 8 м.куб, 2021.10.04-ний өдөр 15 удаагийн рейсээр 140 м.куб бетон буюу нийт 527 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, үлдэгдэл бетон зуурмагийг нийлүүлэх боломжгүй гэсэн тул гэрээ дуусгавар болсон. Гэрээний 2.6-д зааснаар нэхэмжлэгч тал бетон зуурмагийг хугацаанд нь биелүүлээгүй тул бид алданги шаардах эрхтэй. Алдангийг 2021.07.05-ны өдрөөс 2021.08.29-ний өдрийг хүртэл 58 хоногийн алданги 29,930,320 төгрөг, 2021.08.30-ны өдрөөс 2021.09.14-ний өдрийг хүртэл 15 хоногийн алданги 5,252,550 төгрөг, 2021.09.15-ны өдрөөс 2021.10.04-ний өдрийг хүртэл 20 хоногийн алданги 6,848,200 төгрөг, нийт 42,031,070 төгрөг болсон. Иргэний хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрсэн тул 62,102,000 төгрөгийн 50% буюу 31,051,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ямар шалтгааны улмаас, хэний буруутай үйлдлийн улмаас бетон зуурмаг нийлүүлээгүй юм бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ бетон зуурмагийг яагаад аваад байсан юм бэ, гэрээний харилцаа хэрэгжиж байхад яагаад хугацаандаа нийлүүлэхгүй байна вэ гэдэг шаардлагыг манай байгууллагад огт тавьж байгаагүй. Биднийг хугацаа хэтрүүлсэн гэх баримтгүй. Хэдийгээр гэрээ 1 сарын хугацаатай байсан боловч хариуцагч байгууллагын барилгын ажлын бэлтгэл хангагдаагүй байсан учраас тухай бүр манай байгууллагад захиалгаа өгдөг байсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь бетон зуурмаг хэрэгтэй үедээ захиалгаа тухайн үед инженер байсан Анударьд өгч байсан, Анударь захиалгын дагуу бетон зуурмагийг бэлдэж жолооч нар хариуцагчийн барилгын талбайд хүргэн өгч байсан. Харин хариуцагч захиалага өгөөгүй байхад бид бетон зуурмаг нийлүүлэх ямар ч боломжгүй юм. Тийм учраас бидэнд нэг ч удаа хугацаа хожимдуулсан, хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.06.02-ны өдрийн Бараа материал худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн депозит дансны хуулга, 2021.08.29, 2021.06.04, 2021.06.05, 2021.10.04-ний өдрүүдийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн актууд, нягтлан бодогч С.Долгорсүрэнгийн хувийн бүртгэл гэх ягаан дэвтэр гэсэн баримтуудыг,
6.Хариуцагч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч УТ ХХК-нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 93,153,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн тооцооллыг буруу хийсэн шалтгаанаар шаардлагаа 92,897,727 төгрөг болгон багасгасан болно.
Харин хариуцагч УТ ХХК нь нэхэмжлэгч С ХХК-нд холбогдуулж алданги 31,051,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...бид гэрээний үүргээ биелүүлж, хариуцагчийг захиалга өгсөн үед нь бетон зуурмагийг бэлдэж, нийт 535 м.куб бетоныг, 2021 оны 10 сард 156 м.куб бетонд нэмэлт бодистой барилгын талбайд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй учир гэрээнд заасны дагуу алданги төлөх нэмэлт үүргийг хүлээнэ, иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй...” гэж,
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...бид гэрээний дагуу нийт 527 м.куб бетон зуурмагийг нэхэмжлэгч талаас хүлээн авснаа зөвшөөрнө, харин алданги, нэмэлт бодисыг зөвшөөрөхгүй, нэмэлт бодис авах талаар гэрээнд ямар нэгэн тохиролцоо байхгүй, гэрээ 1 сарын хугацаатай байхад нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлж бетон зуурмагийг нийлүүлж байсан учир бид алдангийг сөргөөр шаардсан...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.
3.Зохигчдын хооронд 2021.06.02-ны өдөр Бараа материал худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХК нь М250 маркийн бетон 740 м.кубыг, нэгж үнийг 170,000 төгрөгөөр тооцон 125,800,000 төгрөг, тээвэр 740 м.кубыг, нэгж үнийг 12,000 төгрөгөөр тооцон 8,880,000 төгрөг, бетон шахагч машин 740 м.кубыг, нэгж үнийг 12,000 төгрөгөөр тооцон 8,880,000 төгрөг, нийт 143,560,000 төгрөгийн үнэ бүхий бетон, тээвэр, бетон шахагч машины үнэ багтсан бетон зуурмагийг 2021.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч УТ ХХК-нд бэлтгэн нийлүүлэх,
хариуцагч УТ ХХК нь худалдан авсан бетоны үнийг нэхэмжлэгч С ХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,5%-иар алданги төлөх үүргийг харилцан хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг онцлогтой.
4.Нэхэмжлэгч С ХХК нь дээрх гэрээний 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч УТ ХХК-иас инженер Б.Анударьтай утсаар холбогдон захиалга өгөх үед нь бетон зуурмагийг бэлтгэж,
2021.06.05-ны өдөр 22 удаагийн рейсээр 208 м.куб,
2021.08.29-ний өдөр 19 удаагийн рейсээр 171 м.куб,
2021.09.14-ний өдөр 1 удаагийн рейсээр 8 м.куб,
2021.10.04-ний өдөр 15 удаагийн рейсээр 156 м.куб бетон буюу нийт 543 м.куб бетон зуурмагийг хариуцагч УТ ХХК-ийн барилгын талбайд өөрдсөө тээвэрлэн, шахагч машиныг ашиглан хүлээлгэн өгсөн байх ба,
хариуцагч УТ ХХК нь мөн хуулийн заалт, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.4-т зааснаар хүлээн авсан 543 м.куб бетон зуурмагийн үнэд нийт 105,342,000 /543 м.куб * 170,000 төг = 92,310,000 төг/ 543 м.куб * 24,000 төг = 13,032,000 төг/ 92,310,000 төг + 13,032,000 төг/ төгрөг төлөхөөс 2021.06.03-ны өдөр урьдчилгаа болгон 43,560,000 төгрөгийг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, үлдэгдэл 61,782,000 /105,342,000 төг - 43,560,000 төг/ төгрөгийг төлөөгүй байна.
Энэ нь гэрч Б.Анударийн шүүх хуралдаанд өгсөн “...би С ХХК-нд 2018 оноос 2022 он хүртэл барилгын инженерээр ажилласан, ... УТ ХХК-ийн талбайн инженер гэх хүн над руу 2 өдрийн өмнө утасдаж захиалга өгөх үед бид бетон зуурмагийг бэлддэг, бид хэлсэн хугацаанд нь барилгын талбайд хүргэж өгдөг, манай зүгээс хугацаа хоцруулсан зүйл байхгүй, ...УТ ХХК нь барилгын талбайдаа бэлтгэлээ хангасан үед бетон зуурмаг авах захиалгаа өгдөг, ...хамгийн сүүлд бетон зуурмаг авах талаар 2021 оны 10 сард захиалга өгсөн, энэ үед манай байгууллага бетон зуурмаганд өвлийн, изконы нэмэлт бодис хийсэн, би тухайн үед өөрөө зуурмагийг тохируулж байсан, ...бетон зуурмагийг жолооч нар хүргэж өгдөг, тэгээд хүлээлгэн өгсөн баримтанд гарын үсэг зуруулдаг, тэр баримтанд хэдий хэмжээний бетон зуурмаг, нэмэлт бодис хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэдэг...” гэх агуулга бүхий мэдүүлэг,
Гэрч С.Долгорсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн “...би С ХХК-нд нярваар ажилладаг, манай зүгээс бетон зуурмаг нийлүүлж чадаагүй, хугацаа алдсан нэг ч тохиолдол байхгүй, ...УТ ХХК нь манай инежнер байсан Анударьтай утсаар холбогдож захиалгаа өгдөг байсан, захиалгын дагуу би бараа материалыг нь бэлдэж өгдөг байсан, ... хамгийн сүүлд 2021.10.04-нд 156 м.кубыг УТ ХХК авсан байна /ягаан дэвтэр харсан/, манай компани 140 м.кубыг өөрсдөө нийлүүлсэн, 16 м.кубыг Конкрете ХХК-иас худалдан авч, тухайн үед нийт 156 м.куб бетон зуурмагийг УТ ХХК-нд хүлээлгэн өгсөн болохоо би өөрийн хувийн дэвтэртээ тэмдэглэсэн байна, энэ үеийн бетон зуурмаганд нэмэлт бодис хэрэглэсэн байгаа, яагаад гэвэл нэмэлт бодисыг хүйтний улиралд бетон зуурмагийг хөлдөөхгүй гэж ашигладаг, ...УТ ХХК нь 2021.10.04-ний өдрөөс хойш манайд огт захиалга өгөөгүй...” гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.
5.Хэдийгээр зохигчид 1 сарын хугацаанд бетон зуурмаг нийлүүлэх, хүлээн авах, хөлс төлөх талаар тохиролцсон байх боловч гэрч Б.Анударь, С.Долгорсүрэн нарын мэдүүлгээр хариуцагч УТ ХХК-ийн барилгын талбайн бэлтгэл ажилтай холбоотойгоор тэдний захиалга өгсөн үед нь нэхэмжлэгч С ХХК нь дээр дурдсан хэмжээний бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлж, хүлээлгэн өгөх үүргээ гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч УТ ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар үлдэгдэл төлбөрийг 2021.07.05-ны өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар, гэрээнд заасан хугацаанд бүрэн биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй, хариуцагч УТ ХХК нь 2021.10.04-ний өдрөөс хойш нэхэмжлэгч С ХХК-нд бетон зуурмаг дахин авах талаар ямар нэгэн захиалга өгөөгүй болох нь тогтоогдсон.
Тодруулбал, нэхэмжлэгч С ХХК нь үлдэгдэл төлбөрөө төлөхийг хариуцагч УТ ХХК-иас утсаар холбогдон удаа дараа шаардсан болохыг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч С ХХК нь бетон зуурмагийг хугацаа хоцроож нийлүүлсэн байдал баримтаар тогтоогдсонгүй. Хэрэв хариуцагч УТ ХХК нь бетон зуурмагийг хугацаа хоцроон нийлүүлж байна гэж үзсэн бол тухайн үедээ бетон зуурмагийг хугацаанд нь биелүүлэхийг нэхэмжлэгч С ХХК-иас шаардах эрхтэй, шаардаж байсан талаар ямар нэгэн бичгийн баримтгүй, харин хариуцагч УТ ХХК нь үлдэгдэл төлбөрийг 2021.07.05-ны өдрийн дотор төлж дуусгах үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
6.Гэрээний 2 дугаар зүйлийн худалдагчийн үүрэг гэсэн хэсгийн 2.6-д “бараа нийлүүлэх хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээт үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцно”, 3 дугаар зүйлийн худалдан авагчийн үүрэг гэсэн хэсгийн 3.5-д “барааг хүлээн авч, гэрээг дүгнэж, актыг 2 тал гарын үсэг зурж баталгаажсаны дараа 3-5 хоногт төлбөр тооцоог бүрэн барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээт үнийн дүнгийн 0,5% алданги тооцно” гэж заасан байна.
Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх учиртай бөгөөд хариуцагч УТ ХХК нь бетон зуурмагийг өөрийн захиалсан хугацаанд хүлээн авсан л бол төлбөр төлөх үүрэгтэй, тэрээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар “...гэрээг дүгнэж, актыг 2 тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй...” гэх үндэслэлээр гэрээний хариуцлага болох алданги төлөх нэмэлт үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Өөрөөр хэлбэл алданги нь зохигчдын хувьд хариуцлагын шинжтэй бөгөөд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа төлөх нэмэлт үүрэг байдаг онцлогтой.
Тиймээс хариуцагч талын гаргасан “...нэхэмжлэгч талаас хүлээн авсан 527 м.куб бетон зуурмагийг хүлээн зөвшөөрнө, харин нэмэлт бодис болон бетон зуурмаг нийлүүлсэн хэмжээг зөвшөөрөхгүй, ...бетон зуурмагийг нийлүүлэхдээ гэрээний хугацаа хэтрүүлсэн, ...манай байгууллагад алданги төлөх үндэслэлтэй...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ. Иймд гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, буруутай тал нь нэхэмжлэгч бус харин хариуцагч болох нь нэгэнт тогтоогдсон тул хариуцагч УТ ХХК нь нэхэмжлэгч С ХХК-нд гэрээний үлдэгдэл төлбөрөөс гадна, нэмэлт үүрэг болох алданги төлөх үүрэгтэй, харин түүнээс алдангид 31,051,000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
7.Нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагч УТ ХХК-иас шаардах эрхтэй, тэрээр 92,897,727 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нийт 546 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн хэдий ч 535 м.кубээр тооцсон, гэрээний үлдэгдэл төлбөр 61,931,818 /535 м.куб * 170,000 төг = 90,950,000 төг/ ...535 м.куб * 24,000 төг = 12,840,000 төг/ ...90,950,000 төг + 12,840,000 = 103,790,000 төг/...103,790,000 төг - 43,560,000 төг/ ...нэмэх нь 156 м.куб бетоны нэмэлт бодис * 10,909 төг = 1,701,818 төг/ төгрөг,
алданги 2021.10.04-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.02.20-ны өдрийг хүртэл тооцоход хоногийн 309,659 төгрөг, энэ нь гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрсэн тул алданги 30,965,909 /61,931,818 төг * 0,5% = 309,659 төг/ төгрөг болсон гэж задлан тайлбарлав.
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч УТ ХХК-нд нийтдээ 546 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн болохыг дээр нэгэнт дүгнэсэн, энэ нь баримтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгч тал шаардлагаа нэмэгдүүлэхгүй, харин 535 м.кубээр тооцож тооцооллоо гаргаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
8.Нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан дээрх тооцооллоос үзвэл, гэрээний үлдэгдэл төлбөр 60,230,000 /535 м.куб * 170,000 төг = 90,950,000 төг/ 535 м.куб * 24,000 төг = 12,840,000 төг/ 90,950,000 төг + 12,840,000 = 103,790,000 төг/ 103,790,000 төг - 43,560,000 төг/ төгрөг,
алданги 2021.10.04-ний өдрөөс 2023.02.20-ны өдрийг хүртэл 504 хоногийн 151,779,600 /60,230,000 * 0,5% = 301,150 төг * 504 хон/ төгрөг. Энэ нь гүйцэтгээгүй үүрэг болох 60,230,000 төгрөгийн 50%-иас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 30,115,000 /60,230,000 төг : 2/ төгрөг,
бүгд 90,345,000 /60,230,000 төг + 30,115,000 төг/ төгрөг болов.
Харин шүүх 2021.10.04-ний өдөр нийлүүлсэн 156 м.куб изконы нэмэлт бодисны 1,701,818 төгрөгийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь гэрч Б.Анударь, С.Долгорсүрэн нар 2021.10.04-ний өдөр нийлүүлсэн 156 м.куб бетон зуурмагт изконы нэмэлт хийсэн, энэ талаар актанд бичигдсэн байх ёстой талаар мэдүүлсэн боловч бетон зуурмаг хүлээлгэн өгсөн 2021.10.04-ний өдрийн баримтуудад изконы нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн талаар ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй, гэрчүүдийн мэдүүлгийг дэмжсэн өөр бусад баримтгүй байна.
Иймд хариуцагч УТ ХХК-иас 90,345,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,552,727 төгрөгийн шаардлагыг, хариуцагч УТ ХХК-ийн гаргасан алданги 31,051,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9.Нэхэмжлэгч С ХХК-ийн 2023.02.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 627,000 төгрөг, хариуцагч УТ ХХК-ийн 2023.07.03-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 313,210 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УТ ХХК-иас 609,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч УТ ХХК-иас 90,345,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,552,727 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн УТ ХХК-ийн гаргасан алданги 31,051,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 627,000 төгрөг, хариуцагч УТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 313,210 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УТ ХХК-иас 609,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА