Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/385

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, О.Т нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

хохирогч Ж.Зын өмгөөлөгч С.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.Б, О.Т,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/200 дугаартай шүүчгийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тийн гомдлыг үндэслэн Б.Б, О.Т нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн Бийн Б, 1988 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

            2. Ц овгийн Оын Т, 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, ... инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

            Б.Б, О.Т нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цогцолборын “...” нэртэй баарны гадаа иргэн Ж.Зыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын камерын бичлэгийг судлахад “...шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Зыг шат руу унагаахад хохирогч хөл нь доголсон байдалтай босож ирээд заамдалцаж байх үед шүүгдэгч О.Т нь хохирогч Ж.Зын куртикний малгайнаас нь зүүн гараараа татаж баруун гараараа нүүрэнд нь цохиж унагаах ба шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Зыг газар унасан байхад нүүр болон гэдэс рүү нь цохиж, шүүгдэгч О.Т нь хохирогч Ж.Зын гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Шүүгдэгч Б.Б, О.Т нар нь энэ хэргийн гэрч Ч.Билгүүнбаяр руу дайрч давшилсан байдлыг гэрч Э.Болортуяа нь тэдний дундуур орж салгаж буй дүрс бичлэг авагджээ. Дээрх үйл баримтаас үзэхэд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цогцолборын “...” баарны гадна болсон байх бөгөөд шүүгдэгч Б.Б, О.Т нар нь хохирогч Ж.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээс гадна бусдыг үл тоомсорлон, олон нийтийн газарт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоох нь зүйтэй. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 460 дугаартай тогтоолд энэ талаар тодорхой заасан байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн захирамжид хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн миний хувьд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй. Хохирогчийн биед учруулсан хохирлыг би учруулаагүй гэдгийг хохирогч болон бусад гэрч нар нотлон мэдүүлдэг. Би тухайн үед үл ойлголцлын улмаас үүссэн хэрүүл маргааныг зохицуулах хохирогч болон тэдний найз нарын зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж зогсоох үйлдэл хийсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд камерын бичлэгийг шинжлэн судлахад тийм зүйл болоогүй. Тухайн камерт дүрслэгдэж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг нарийвчлан тогтоогоогүй байж зөвхөн Б бид хоёрыг буруутгасан өрөөсгөл дүгнэлт гаргалаа. Миний хувьд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах ямар нэгэн санаа, зорилго байгаагүй. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд хэргийг хянаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Ж.Зын өмгөөлөгч С.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 200 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох” гэсэн үндэслэлийг зааж шүүгдэгч Б.Б, О.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2.-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж хуульчилжээ.

Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 460 дугаартай тогтоолд “...анхан шатны шүүх О.Т, Б.Б нарын үйлдэлд бусдыг үл тоомсорлон басамжилж, өөрсдийн хүч чадлыг бусдаас илүү болохыг харуулж, айлган сүрдүүлэх зэргээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн шинж агуулагдсан гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийн шинжийг хангаж байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. ...” гэж дүгнэн тэдгээрт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан ба Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б, О.Т нарыг бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цогцолборын “...” баарны гадна иргэн Ж.Зыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээр хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Тийн “...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах ямар нэгэн санаа, зорилго байгаагүй. ...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/200 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/200 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Б, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.МЯГМАРЖАВ