Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Соёлмаа,

Шүүгдэгч Ш.Айдос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шерушитөлек овогт Шынайн Айдост холбогдох эрүүгийн 1710000000041 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 45-108 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011.07.22-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012.11.16-ны өдрийн 351 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: БЭ85033019 /, Шерушитөлек овогт Шынайн Айдос нь:

- 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 108 тоотод өөрийн эхнэр Ө.Мөлдиртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.Мөлдир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны 16:00 цагийн үед  нөхөр Ш.Айдос над руу залгаад “Хаана явж байна, Юу хийж яваад байгаа юм бэ? Хурдан харьж хоол хий” гэхээр нь би утсаа салгасан. Тэгсэн над руу хэдэн мессеж бичсэн байсан. Би дүүгийн хамт Шархад орж машин үзээд ээж дээрээ очиж хоол идчихээд 17:00 цагийн орчим гэртээ орж ирээд утаснаасаа банкны мессежээ устгаад байж байтал “чи юундаа мессежээ устгаад байгаа юм бэ” гэхээр нь би “банкны мессежээ устгаж байна" гээд усанд орчихоод гараад иртэл “чи яагаад гэртээ орж ирээд усанд ороод байгаа юм, хэнтэй унтаж хэвтэж ирчихээд усанд ороод байгаа юм” гэхээр би “Гадаа халуун байна, хөлс гарчихсан одоо дахиад вагонд сууна. Усанд орохгүй яадаг юм бэ” гээд 20:00 цагт юмаа баглаж боогоод “намайг хүргэж өг” гэсэн чинь машин явахгүй гээд байсан. Тэгэхээр нь “20:00 цаг болсон, одоо машин явна” гэсэн чинь “бензин байхгүй” гэхээр нь “хийгээд өгье” гэсэн “үгүй” гээд байхаар нь миний уур хүрээд “чи одоо яагаад байгаа юм, өглөө зүгээр гарсан биздээ эгч нартайгаа уулзсан юм уу эгч нар чинь хов зөөсөн үү” гэхэд уурлаад “чи гэмгүй хүмүүсийг оролцуулсан, чи өөрөө 10 хоног зугаалсан зугаалга чинь дуусаагүй юу” гэж маргалдаад намайг зодсон. Миний хоёр гарны булчин хэсгээр хөхөрсөн байна. Зүүн талын булчин бага зэрэг хавдсан байна. Одоо толгой эргээд байна. Намайг гараараа булчин хэсэг рүү 4-5 удаа цохьсон, миний зүүн баруун гуя руу 4-5 удаа өшиглөсөн...” гэжээ. / хх 7-8 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9908 дугаартай дүгнэлтэнд:

1. “...Ө.Мөлдир-н биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 11 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Айдос мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс гарах үр дагаварыг ойлгож байгаа. Мөн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, ял шалгах хуудас /хх-21/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-48 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Айдос нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны 108 тоотод өөрийн эхнэр Ө.Мөлдиртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №9908 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Айдос нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Ш.Айдост холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Айдост оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирогч Ө.Мөлдир нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй / хх 48 /  гэснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  1. Шерушитөлек овогт Шынайн Айдосыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шынайн Айдосыг 450 / дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Айдос нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Айдост оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Айдост авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД