Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1391

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00875 дугаар шийдвэртэй Ц.А-гийн нэхэмжлэлтэй Б.Э-ад холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамжийг эцэг Б.Э-ад үлдээх тухай       сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Б.Э-тай 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э.Түвшинтөр төрсөн. Хамт амьдарч байгаад таарч тохирохоо больж 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Өмнө нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар Б.Э-ын оршин суугаа хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл өгөхөд хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг удаа дараа буцаасан тул шүүхэд эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж, хариуцагчийн хаягийг олж тогтоосон.

Б.Э- нь амьдарч байх явцдаа өөр эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэж бидний дунд үл ойлголцол бий болж, хэрүүл маргаан гарч, улмаар биеийн эрх чөлөөнд минь удаа дараа халдаж байсан. Энэ олон жилийг тэвчиж, аль болохоор амьдралаа бүтэн байлгах гэж хичээж, түүний зодолтыг тэвчиж, хүлээцтэй хандаж ирсэн. Хамгийн сүүлд маргалдахдаа 2016 оны 9 дүгээр сард гар хүрсний улмаас би айж, аав ээж дээрээ очсон бөгөөд удалгүй нөхөр Б.Э- аав, ээжтэй минь уулзаж ахиж гар хүрэхгүй гэдгээ амалсан учир би нөхрөө уучлан дахин хамт амьдарсан. 2016 оны 11 дүгээр сард миний үсийг хайчилж, миний гоо сайханд халдаж хүйтэн мэс хүргэсэн, мөн удалгүй дахин биеийн эрх чөлөөнд халдан танхайрч, эдгээр бүх үйлдлээ дахиж намайг хаяж явахгүй байхыг анхааруулж байна гэсэн. Үүний дараа түүний эгч, өмгөөлөгч гэх Б.Чимэдлхам нь “өөрийн байрыг томруулах хүсэлтэй байгаа тул та хоёрын эзэмшлийн байрыг барьцаанд тавих хүсэлтэй байна” гэж хэлсэн, тухайн хүсэлтийг нь би зөвшөөрөөгүйн улмаас хэрүүл маргаан үүсч эгч болох Б.Чимэдлхам нь “хуулийн байгууллага, иргэний бүртгэлд бид нар байхад чи намайг барахгүй, гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх хөрөнгийг чамд өгөхгүй, мөн хүүхдийг чинь ч өгөхгүй, чи зайлаарай” гэх мэтээр зээлийн барьцаанд тавиулаагүй гэдгээр биднийг муудалцуулсан. Эгчид нь байраа барьцаалаагүй гэдгээр нөхөр маань салах санаагаа илэрхийлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Түвшинтөрийг миний асрамжид үлдээж, эцэг Б.Э-аас хүү Э.Түвшинтөрд хүүхдийн тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч тал тайлбартаа: Б.Э- нь дээд боловсролтой, Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт мэргэжилтэй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагаар тус тус суралцаж төгссөн. Б.Э-, Ц.А- нар нь анх 2006 онд танилцаж, 2008 оноос хойш нэг гэрт амьдрах болсон. 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2011 оноос тусдаа гарч тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э.Түвшинтөр төрсөн. 2014 онд 2 талын гэр бүлийн тусламж дэмжлэгээр байртай болсон. Б.Э- нь 2015 оноос “Таванбогд менежмент” ХХК-д ажиллах болсон бөгөөд энэ цагаас эхлэн хоорондоо муудалцдаг болсон. Хамтран амьдрах хугацаандаа зан ааш таарамжгүй болж, таарч тохирохоо больсон.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд Б.Э-ын эгчийн хувиар гэрчлэгчдийн амьдралыг сайн мэднэ. Бид эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд бүгд Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Ц.Аринузаяа, Б.Э- нар нь үе үе хоорондоо маргалддаг тэр бүрт Ц.А- нь Б.Э-ын ах дүү бид нар руу болон Завхан аймагт байдаг ээж аав руу байнга утастаж “муудалцлаа та нар ир, энэ хүнээ ав” гэх мэт гэр бүлийн асуудлаа эвээр шийдвэрлэхийн оронд уурлаж бухимддаг.  Биднийг ч мөн хэл амаар доромжилдог асуудал гарч байсан. Ц.А- нь 2015 оноос хойш орон гэртээ байдаггүй, зан ааш болон гэр бүлийн талаар тогтворгүй, бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэдэг, байнга л салах тухай асуудал гаргаж 2015, 2017 онуудад эвлэрүүлэн зуучлалд болон шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргаж байсан. Тэд 2017 оноос хамтран амьдраагүй. 2017 онд 4 дүгээр сард Б.Э-ын аав нас барсан. Энэ үед эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл гаргаад, сална гэж явж байгаад татгалзаж байсан. Хүү Э.Түвшинтөрийг аавтай нь уулзуулдаггүй, Дарханд өөрийн аав ээж дээрээ байлгадаг, бусадтай хамтран амьдарч саяхан хүүхэд төрүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдлхам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хүү Э.Түвшинтөрийг эцэг Б.Э-ын асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Б.Э- нь дээд боловсролтой, “Таванбогд менежмент” ХХК-д байнгын ажлын байртай, хүүхдээ асрамжилж авч явах чадвартай гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Э-тай амьдрах хугацаанд эхнэр хүний үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн. Би 2009 онд өөрийн сурч байсан компьютер график, программ хангамжийн сургуулиа орхиж 2009 оноос Улсын их дэлгүүрт гоо сайхны тасагт худалдагчаар ажиллаж амьдралаа залгуулах болсон. Миний бие 2008 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн. 2011 онд хүүгээ төрүүлсэн. 2012 онд “Соёмбо даатгал” ХХК-д даатгалын менежерээр ажилладаг байсан. 2015 онд мэргэжил боловсролдоо анхаарч Улаанбаатар их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн ба одоо 4 дүгээр курст суралцдаг. 2015 оноос нөхөр Б.Э- нь зөвхөн өөрийн мэргэжил боловсролд анхаарч хүү бид хоёрт анхаарал халамж тавихгүй байсан тул би хүүгээ өөрийн эцэг, эхэд харуулж сургуульдаа суралцаж байхад хардаж сэтгэл санаа болон бие махбодид удаа дараа халдаж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул 2017 оны 3 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Хүү нь эцгийгээ санахад Б.Э- ирж уулздаггүй болохоор хүүхдээ хүргэж уулзуулдаг байсан. Тэрээр хүүгээ өсгөж хүмүүжүүлэх явцад эцэг хүний үүргээ биелүүлээгүй, санхүүгийн болон ямар нэг тусламж дэмжлэг үзүүлдэггүй байсан. Б.Э- нь цаашид хүүгээ асран хамгаалж, харж хандаж чадахгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Цогбадрахын Ариунзаяа, Баярсайханы Энхмандах нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Түвшинтөрийг эх Ц.А-гийн асрамжид үлдээж, хүүхдийн асрамжийг Б.Э-ад үлдээх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Түвшинтөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Э-аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж,

Хүү Э.Түвшинтөрийг эх Ц.А-гийн асрамжид үлдээсэн нь хүүхдийн эцэг Б.Э-ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Э-аас тэмдэгтийн хураамжид 103 348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 103 348 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдлхам давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангахгүйгээр хууль зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийг байнга харддаг, үүнээс болж гэр бүлийн харилцаа тогтворгүй болсон. нэхэмжлэгч салах өргөдлийг удаа дараа өөрөө санаачлан гаргаж байсан /хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас олон удаа гаргасан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь сүүлийн 5 жил нэг хаяг дээрээ тогтвортой оршин суусан болно. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хавтаст хэргийн 24 дүгээр талын арын хуудсанд авагдсан шуудангийн хаягын лавлагаа дээр хариуцагчийн хаягыг 49-50 гэж буруу бичих зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрөө хүндрүүлсэн. Тодорхой оршин суугаа хаягтай, ажил төрлөө эрхлээд явж байгаа хүнийг зориуд буруутгах агуулгаар олон дахин нэхэмжлэл гаргасан, эрэн сурвалжлуулсан. Албадлагын арга хэмжээ авхуулуулах өөрийн нь сонирхол байсан гэдэг нь илт харагддаг.

Мөн гэр бүл доторх асуудлаа эв зүйгээр шийдвэрлэхийг оролддоггүй, гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байж бусадтай гэр бүлийн харилцаанд орсон зэрэг дутагдалтай талууд нь бодит амьдрал дээр болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байсан тул хариуцагч нэхэмжлэгчээс гэрлэлтээ цуцлуулахыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан талаар нэхэмжлэгч өөрийн гаргасан тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй. Хариуцагч ийм үйлдэл гаргаж байгаагүй.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамж тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг зөрчиж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Тухайлбал,

Шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудас Үндэслэх хэсгийн агуулгад “... Энэ хугацаанд Б.Э- нь хүү Э.Түвшинтөрийг эргэж тойрохгүй, асрамжилж харж хандаагүй байна” гэж шүүгч өрөөсгөл дүгнэсэн нь бодит үнэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбартай зөрчилдөж байна. Өнгөрсөн хугацаанд хариуцагч Б.Э- нь эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Ц.А- нь байнга саад болж хүүхэдтэй нь уулзуулдаггүй, Дархан- Уул аймагт өөрийн эцэг эх дээр байлгах зэрэг саад болдог.

Б.Э- нь хүүхэдтэйгээ уулзахаар Дархан-Уул аймагт очдог байсан. Боломж гарсан тухай бүр хүүхдээ амьжиргааны зардал, хувцас, хичээлийн хэрэгсэл авч өгөх зэргээр үүргээ биелүүлж байсан гэдгийг нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.Энхжаргал нарын мэдүүлгээр нотлогдоно. /хх-ийн ... хуудас, 875 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 3, 6, 12 дугаар хуудаснуудад тусгагдсан/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “зохигчид ... нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох”-р заасныг шүүх зөрчиж хариуцагч Б.Э-ын хувийн байдлыг тогтоосон боловсрол мэдлэг, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлого, амьдралын нөхцөл байдал зэрэг хүүхэд асран хүмүүжүүлэх нөхцөл бололцоотойг нотлон хуульд заасан шаардлага хангасан байдлаар шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хувийн байдлыг тодруулж үндэслэх хэсэгт дурдаж үүнийгээ шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь тус хуулийг зөрчсөн.

Шүүх хүүхдийн саналыг асуухдаа хүүхдэд тавьж буй асуултаа зөв сонгоогүй, хүүхдийг хөтөлж, тулгах байдлаар асуусан. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хүүхэд асуусан тэмдэглэлд “Ээж нь илүү анхаарал тавьдаг учраас ээжтэйгээ үлдье гэж байна уу, Аав нь загнадаг юм уу, Аав нь уулзахаараа дэлгүүрээс гоё юм авч өгдөг үү? яагаад аавтайгаа үлдэхгүй гэж байгаа юм” гэх зэргээр хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон асуултыг тавиагүй байна. Аав хүн хүүхдээ загнадаг бол муу, аав хүн уулзахаараа заавал дэлгүүрээс гоё юм авч өгөх ёстой юм шиг ойлголтыг хүүхдэд төрүүлж, тулгаж хариултыг авсан, хүүхдийн эцэг эхийнхээ аль алийг нь хайртай байх, тэдгээрийн хэнийг нь ч алдахгүй байх хүслийг нэхэмжлэгч талд ашигтайгаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Хүүхдийн асрамжийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг болон Улсын дээд шүүхийн 2007 оны Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх талаарх зөвлөмжид дурдсанаар хүүхдийг өөрийн асрамжид үлдээх шаардлага гаргаж буй нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь дараах байдлыг нотолсон байвал зохих бөгөөд хариуцагч нь хүүхдийн дассан байдал /“аав ээжийг салахад муухай байна, аав ээжийг салалгүй хамт байгаасай гэж хүсэж байна” хүүхэд асуусан тэмдэглэл/, хүүхдээ асрамждаа авсан тохиолдолд нөгөө талтай уулзуулах боломжтой болохоо илэрхийлсэн тайлбар/ №875 хурлын тэмдэглэлийн 15, 19 дүгээр хуудас/, хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой өөрийн ёс суртахуун, хувийн шинж чанар. боловсролыг тодорхойлсон ШУТИС, Удирдлагын академийн дипломын хуулбар, ажлын нөхцөл болон цалин хөлсний талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хувийн байдлыг үнэлсэн. Нэхэмжлэгчийн хувийн байдлыг үнэлэхдээ тухайлбал түүний цалин орлогыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад мөн боловсролын түвшин тодорхойгүй байхад хүүхдийн асрамжийг эхэд нь үлдээж шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өөр гэр бүл, хүүхэдтэйг харгалзан үзээгүй, нэг ам бүлд олон хүн амьдардаг / №875 хурлын тэмдэглэлийн 14 дүгээр хуудас/ зэргийг мөн харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн нь тогтоох хэсгийн 2 дугаар хэсэг болох хүүхдийн асрамж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гараагүй.

Ц.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Үзмээд 6 сарын хугацаатайгаар итгэмжлэл олгосон байдаг. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаан эхэлж, ирцийг танилцуулахад нэхэмжлэгч Ц.А-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үзмээ нар нь тухайн мөчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хоорондоо байгуулж, өмгөөлөгчийн статустайгаар шүүх хуралдаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй, биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэснийг нэхэмжлэгч зөрчиж шүүхэд бичгээр мэдэгдээгүй, шүүх энэхүү алдааг залруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

 Ц.А- С.Үзмээ нарын хооронд байгуулсан гэх хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр оролцох гэрээ нь хэлбэрийн болон хууль зүйн шаардлагад нийцээгүй. Өмгөөлөгч нь хэрэг маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлж оролцохдоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, 24.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байхын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт ”Өмгөөлөгчийн эрх нь эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгээр батлагдана” гэх заалтыг зөрчиж, ийм баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад, мөн түүнийг шалгалгүйгээр өмгөөлөгчийн статустайгаар оролцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Б.Э-ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Ц.А-, Б.Э- нар нь 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд буюу  2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э.Түвшинтөр төрсөн нь гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээгээр, гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9, 51 дүгээр тал/

 

Гэрлэгчид хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт нийцжээ. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Түвшинтөрийг эх Ц.А-гийн асрамжид үлдээж, эцэг Б.Э-аас сар бүр тэтгэлэг гаргуулсан нь зөв болжээ.

 

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дах хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхэд үнэлэлт өгөхөөс гадна 7–оос дээш насны хүүхдийн саналыг харгалзах учиртай. Тухайн эцэг, эхийн хувьд хүүхдэд тавих анхаарал халамж сайн, ахуй амьдрал боломжтой байгаа хэдий ч хүүхдийн насны байдал, түүний саналыг харгалзан эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь тухайн хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эцэг Б.Э- нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд үүнийг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой заасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... хүүхдийн саналыг асуухдаа хүүхдэд тавьж буй асуултаа шүүх зөв сонгоогүй, хүүхдийг хөтөлж, тулгах байдлаар асуусан” гэх боловч шүүхээс уг ажиллагааг гүйцэтгэхдээ хуульд заасан журмын дагуу өмгөөлөгч байлцуулан асуусан /хх-ийн 37-38 дугаар тал/ ба гомдолд дурдсан үндэслэлээр тухайн хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Зохигчид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүй талаарх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үзмээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцуулахаар түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсныг буруутгахгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Хэргийн 78 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар С.Үзмээ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцох эрхтэй болох нь түүний шүүхэд төлөөлөх эрхийн 2863 дугаар үнэмлэхээр тогтоогдсон байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА