| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/254 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
хохирогч Д.Ц,
шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О-д холбогдох 2516000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, ***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ах, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, А овогт С-н О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* багийн нутаг дэвсгэр ******** шатахуун түгээх станцын ард хохирогч Д.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн мөрнөөс нь татаж унагаан зүүн мөр хэсэг рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд зүүн эгмийн далд зөрөөтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.О-н шүүх хуралдаанд өгсөн “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж хэлэх зүйл байхгүй ... Би хохирогчид 900,000 төгрөг төлсөн байгаа ... Эрүүл мэндийн даатгалын санд 3,295,026 төгрөгийг төлөхөөр байгаа ... Одоо хохирогчид 1,100,000 төгрөг төлнө. Миний бие ******** ХХК-д оператор ажилтай. Цалин 2,500,000-3,000,000 төгрөг байдаг. Ажил дээрээ очвол заасан хугацаанд хохирлыг бүрэн төлөх боломжтой байгаа ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Хохирогч Д.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “... Үлдэгдэл 1,100,000 төгрөгөө авах хүсэлттэй байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр ажлын газрын А, Д, эхнэр М-н хамт ******** караоке орсон. Тухайн газарт караокены цаг аваад 0,75 литрийн экс нэртэй архи авсан. Тухайн архийг Д А бид гурав хуваагаад ууж дуусгаад дахиад 0,75 литрийн архи аваад уусан. Би ******** караокеноос гарч байснаа санаж байна. Тэрнээс хойшил үйл явдлыг санахгүй байна. Тэгээд нэг ухаан орсон чинь ********* шатахуун түгээх газрын баруун талд байж байсан. Тэгсэн чинь миний зүүн мөр мах хавчуулагдчихсан юм шиг өвдөөд гар өргөж болохгүй болчихсон байхаар нь нэгдсэн эмнэлэгт очоод үзүүлсэн. Тэгсэн чинь миний зүүн талын эгэм хугарчихсан байсан гэсэн ... Миний биеийн зүүн мөрний эгэм хугарсан. Тухайн гэмтлийг О гэх залуу учруулсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
4. Гэрч З.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... ********* караокеноос гараад бид нар ********* шатахуун түгээх газрын ар талаар гэр лүүгээ харин гээд явж гудамжинд явж байхад танихгүй 2 залуу зөрөх гэж байгаад Д ахыг нэг нь мөрлөөд авсан. Тэгсэн чинь Д ах чи яагаад хүн мөрлөж байгаа юм гээд хэрүүл маргаан болсон. Тухайн О гэх залуу нь Д ахыг заамдаж авч газар унагаасан чинь Ц араас очоод салгах гэж байсан чинь эргэж хараад Ц-н зүүн мөрнөөс нь татаж газарт унагаагаад хөлөөрөө дээрээс нь дэвссэн. Тэгээд тэр залуу нь та нар намайг мэдэх үү намайг сумын заан О гэдэг юм гээд над руу дайраад орилоод байхаар нь би замаар явж байсан машин зогсоогоод тухайн хүмүүсийг салгаад өгөөч гээд тухайн хүн тэр хүмүүсийг салгаад цагдаа дуудсан ... ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
5. Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Бид дөрөв гэр лүүгээ явж байгаад ********* шатахуун түгээх газрын ар талд тамхи татах гээд би тамхи гаргаж ирээд Ц, А нараас гал асуусан чинь хажуугаар өнгөрч явсан залуучууд чамд яахаараа гал өгдөг юм гэхээр нь би чамаас гал асуугаагүй гэсэн чинь намайг мөрлөж, заамдаж аваад газарт унагаасан. Тэгсэн чинь Ц ирээд салгах гэтэл О гэх залуу нь Ц-г цохиж унагаагаад хөлөөрөө зүүн мөр хэсэг рүү өшиглөж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан чинь Ц босож ирээд гар хөдөлж болохгүй байна гээд газарт суусан. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд Ц, М, О нарыг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/
6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГОА0725/400 дугаартай “ ... Б.Ц-н биед зүүн эгмийн далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/
7. Хохирогч Д.Ц-н ***** дугаартай өвчтөний түүхийн хуулбар. /хавтаст хэргийн 11-30 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 3,295,026(гурван сая хоёр зуун ерэн таван мянга хорин зургаа) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бичгээр “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох дүгнэлт гаргуулах шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 3 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 900,000(есөн зуун мянга) төгрөг төлсөн/хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ байна. Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд хохирогчид 1,100,000(нэг сая нэг зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгчид 3,295,026 (гурван сая хоёр зуун ерэн таван мянга хорин зургаа) төгрөг тус тус төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгчээс 1,100,000(нэг сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д, 3,295,026 (гурван сая хоёр зуун ерэн таван мянга хорин зургаа) төгрөгийг гаргуулан “Эрүүл мэндийн даатгалын сан”-д олгохоор шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 750(долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750(долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 750(долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3(гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт С-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д 750(долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О-д оногдуулсан 750(долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3(гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.О-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.О-с 1,100,000(нэг сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д, 3,295,026 (гурван сая хоёр зуун ерэн таван мянга хорин зургаа) төгрөгийг гаргуулан “Эрүүл мэндийн даатгалын сан”-д тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ