| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0088/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/419 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/419
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч *****,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран,
шүүгдэгч О.Д нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 2425000000417 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Д нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** тоот хашааны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч *****тэй “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна, ээжтэй маргалдаж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж, үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** тоотод байх гэртээ болон хашаан дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч *****ийг 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна, ээжтэй маргалдаж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж, үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохиж зодсон,
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “ахынд очиж унтуулаагүй” гэх шалтгаанаар 2 удаа алгадаж, түлхэж унагаан, хэвлий хэсэгт өшиглөж зодсон,
2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “хашхирч хэрүүл маргаан үүсгэсэн” гэсэн шалтгаанаар 1 удаа алгадаж, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлэн зодож байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д, хохирогч ***** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000417 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.Д нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** тоот хашааны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч *****тэй “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаас маргалдаж түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж, үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** тоотод байх гэртээ болон хашаан дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч *****ийг 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчим, 06 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна, ээжийн урдаас хэрүүл хийлээ”, “ахынд очиж унтуулаагүй”, “хашхирч хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаануудаар нийт 3 удаа хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, хоёр гарыг нь базаж, түлхэж газарт унагаан гуя, хэвлий хэсэгт нь тус тус өшиглөсөн, нэг удаа алгадаж, үснээс нь зулгааж, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д-ийн өгсөн: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хоёр хамт амьдарч байгаагүй. Уулзаад ирж, очоод л явж байсан. *************ийн өр хэрээс хэтэрсэн, тэгээд би хоёулаа салъя гэж хэлсэн боловч салахгүй, надаас зууралдсан. 2024 оны 1 дүгээр сард анх танилцсан, хамт ажилладаг байсан. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болон, 06 дугаар сарын 08-ны өдрүүд гар хүрсэн гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *****ийн өгсөн: 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр уулзаагүй. 06 дугаар сарын 08-ны өдөр уулзсан. Миний зээлээс болоод анх хэрүүл, маргаан гарсан. ************* манай гэрийнхэнд намайг өртэй гэдгийг хэлсэн. Агаа ирээд *************ийг 2 удаа цохиод намайг гэр рүү аваад явсан. Нийтдээ намайг 2 удаа зодсон. 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зодсон, 24-ний өдөр зодоогүй. Гомдол гаргах үедээ өөрийгөө ч ойлгоогүй байсан болохоор олон удаа зодсон гэж хэлсэн байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425000000417 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- Аюулын зэргийн үнэлгээ 0 гэх тэмдэглэл /хх-ийн 11-14-р тал/,
- Хохирогч *****ийн өгсөн ...Миний өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед би ганцаараа Говил баг 3-21 тоотод амьдардаг нөхөр ************* дээр очсон. ************* нь гэртээ ээж болон ахынхаа хамт амьдардаг. Тэгээд байж байтал ************* нь хашаанаасаа гарч яваад ахындаа очлоо, тэнд хононо гээд явсан тэгэхээр нь би араас нь дагаад битгий худлаа яриад бай гэж хэлсэн. Тэгтэл тэрээр намайг яваач гээд 1 удаа алгадсан. Тэгээд буцаад гэрийнхээ хашаа руу орсон бөгөөд би дагаад явсан. Хашаан дотор ороод намайг түлхэж газарт унагаасан. Намайг уйлангуут дуугүй бай гээд амыг маань дарсан. Тэгснээ хэвлий рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд ахин алгадаж аваад миний баруун гарыг төмөр поошиг дээр тавиад дээрээс нь гараараа дараад байсан. Намайг явах гэтэл тэрээр байж бай гээд явуулаагүй. Миний хамрын цус арчиж өгөөд надад хандан “би чиний уйлахаас чинь залхаж байна, одоо дахиад ийм үйлдэл гаргахгүй” гээд уучлалт гуйсан. Бид 2 хэсэг алхаж байгаад би таксинд суугаад гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бид хоёр уулзаж хамт байхаар болсон ч тэрээр өвсөнд явлаа гээд уулзаагүй. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өглөө би ************* рүү залгахад “би Улаантолгойгоос гарах гэж байна, гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би ганцаараа тэднийд 14 цаг өнгөрч байхад очиход ************* нь гэртээ гудамжныхаа ахлах ангийн 2 хуурай дүүтэйгээ байсан. Би түүнд хандан эмнэлэг явъя биеэ үзүүлье гэхэд тоохгүй утсаараа оролдоод байсан. Тэгэхээр нь би уурлаж түүн рүү хашгичиж дайрсан бөгөөд галын хайчийг нь аваад хаалга руу шидсэн. Тэгтэл уурлаад намайг сууж байхад шалан дээр хэвтүүлээд толгойгоор маань шалыг 2 удаа мөргүүлсэн, тэгээд 1 удаа алгадсан. Тэгээд миний гар утсыг авч миний фэйсбүүк рүү ороод миний чатыг уншаад оролдоод манай дүүгийн дуут мессежийг надад сонсгохоор нь би болиоч гээд түүнээс гар утсыг булааж авах гэтэл чадаагүй. Тэгээд ************* эгч рүү яриад өг гээд залгуулсан бөгөөд эгч тэгтэл надад хандан “өр ширээ төлөөч ээ, над руу хүн залгаад байна” гэж хэлсэн. Ярьж дууссаны дараа ************* нь уурлаад “танай ах эгч 2 чинь намайг зээл авхуулаад байна гэж ойлгочихлоо” гээд намайг түлхэж гадаа гараад тэрээр ************* эгчтэй утсаар ярьсан. Тэрээр гэрийнхээ хаалгыг гаднаас нь цоожилчихоор нь би цонхоор гарч очсон. Тэгээд байж байтал ************* эгч, Балжиндорж ах нар ирсэн бөгөөд миний хамраас цус гарчихсан байхыг харчхаад яачихсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би *************ийг цохисон гэж хэлсэн бөгөөд ах уурлаад *************ий нүүр рүү цохиж аваад түүнийг суулгаад цагдаагийн гадаа ирсэн. Дээрх 2 үйл явдлыг харсан хүн байхгүй, харин бэр эгч *************, ах Балжиндорж, *************ий ээж ************* нар мэднэ. Үүнээс өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын дундуур *************ий хашаан дотор байхад тэрээр ээжийн урдаас хэрэлдлээ гээд намайг үсдээд гэдэс рүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед ээж нь хажууд байсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 26 бил үү 27-ны өдөр тэдний хашааны гадаа байхад миний нүүр рүү алгадаж аваад гэдэс рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд баруун хөлийн гуя руу 1 удаа өшиглөж, түлхсэн бөгөөд би газарт унахдаа баруун өвдгөө шалбалсан. Тэр оройдоо би тэднийд хоносон. Маргааш өглөө нь миний баруун нүд хөхөрчихсөн байсан. Тухайн үйл явдлыг харсан хүн байхгүй. Харин түүний ээж болон манай бэр ************* нар мэднэ. Мөн 2024 оны 05 дугаар сарын 22 бил үү 23-ны өдөр тэднийд байхад ээж нь согтуу үедээ намайг луйварчин, хулгайч гэж хэл амаар доромжилсон бөгөөд намайг зайлаач, яваад өгөөч гэж хэлсэн. Ээжийнх нь найз Оюунгэрэл эгч ************* рүү дайрсан бөгөөд ээж нь “чамаас болж хэрүүл гарлаа” гээд намайг үсдэж аваад алгадсан. Тухайн үед тэднийх рүү очиж явах замд машин дотор ************* намайг 1 удаа алгадсан, би түүний хоолойг боосон. Машинд болсон явдлыг жолоо барьж явсан ээжийнх нь найз гэх ах харсан. Гэрт нь болсон асуудлыг Оюунгэрэл эгч харсан. Би Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 559 дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан баруун бугалганд цус хуралт гэмтлийг 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр О.Д нь гараараа миний гараас хүчтэй базаж татаж газарт унагаахдаа учруулсан. Тэгж унахдаа би тохойгоороо газарт цохисон бөгөөд зүүн тохойд цус хуралт гэмтэл маань учирсан байх. Мөн тухайн үед миний 2 хөл рүү өшиглөөд байсан бөгөөд зүүн гуянд цус хуралт гэмтлийг учруулсан...Би *************тэй 2023 оны 11 сард анх танилцаж үерхсэн бөгөөд хамт амьдардаг байсан. 2024 оны 03 сарын сүүлээр жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд *************д хэлсэн. Одоо 5 сартай. Бие биенийхээ гэрт очиж хамт амьдарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
- гэрч *************ийн өгсөн: “...************* нь манай нөхрийн төрсөн дүү байгаа юм. Тэрээр Яргуйт баг Толгодын 18-2 тоот хашаанд аавынхаа хамт амьдардаг. Түүний нөхөр ************* нь *************ийг зодож байхыг би нүдээр харж байгаагүй. Харин 2024 оны 05 дугаар сарын сүүлээр *************ийн баруун нүд нь хөхөрчихсөн байсан, би түүнээс яачихсан юм бэ гэхэд *************цохисон гэж хэлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны орой хадам аавынд очиход ************* нь миний нуруу өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм бэ гэтэл “*************намайг өшиглөсөн” гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед *************ийг очиж авах гээд Говил руу *************ий гэрт очсон тэгэхэд зүүн хацар нь хавдчихсан, оймс нь цус болчихсон уйлчихсан байсан. *************сая зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь *************ийг аваад цагдаа дээр ирсэн. Ийм л үйл явдал болсон. ************* нь жирэмсэн, дүү маань өртэй байсан бөгөөд түүнээс болж хэрүүл маргаан болдог юм уу гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
- гэрч *************ийн өгсөн: “...Миний бага хүү О.Д нь Зэвсэгт хүчний 110-р ангид ахлагч цолтой ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд албан томилолтоор ажиллаж байгаад Орхон аймагт гэртээ ирсэн. 2024 оны 01 дүгээр сараас манай хүүг хамт ажилладаг *************тэй яваад уулзаад байгааг хүмүүсээс сонсож эхэлсэн. 2024 оны 02 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын дараа хүү маань гэртээ ирж хоноогүй бөгөөд тухайн үед хүү маань гар утасгүй, миний гар утсаар давхар фэйсбүүк, чат ордог байсан. Тэгтэл *************ээс нэг зочид буудлын зургийг нь явуулаад 404 тоотод байна гэж чат ирүүлсэн байсан. Тэгэхээр нь би тус хаягаар яваад очтол хүү маань *************тэй хамт байсан бөгөөд тэгж л анх биечлэн мэдсэн. Түүнээс хойш би хүүдээ хандан *************ээс боль, ер нь тохирохгүй, бүтэхгүй гэж хэлсэн бөгөөд даанч хүү маань хүлээж аваагүй. Тэгээд байхаар нь би хүүдээ хандан ажлаа битгий тасал, чи гэртээ байгаад ажилдаа яв, гадуур битгий хоно, *************тэйгээ Говилдоо уулзаж бай гэж хэлсэн. Мөн *************т хандан хүүг маань орой битгий дууд, ажилд нь явуулж бай, та хоёрыг хэсэг хугацаанд харъя, гэхдээ би чамайг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээс эхлүүлэн хүү ************* 2 маргалдах болсон бөгөөд ************* нь 2024 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан. Тэгээд ажлаасаа гарснаас хойш хүүг маань байнга дуудаж, тарах болоогүй байна уу гэдэг байсан. Мөн ************* нь бусдад зөндөө өртэй, тэр нь нэхэгдээд байдаг байсан. 2024 оны 05 дугаар сарын эхээр манай гэрт байхад хүү ************* болон ************* нар нь хоорондоо хэрэлдсэн бөгөөд тэгэхэд хүү маань *************ийн гараас татаж 1 удаа алгадсан. Түүнээс өөрөөр цохиж зодохыг нь хараагүй. ************* нь хүүг маань цохиж зодохыг бол мэдэхгүй байна, харин хэрүүлтэй байдаг. *************ийн луйвардаж авсан мөнгөний асуудлаас болж хэрэлддэг, тэрээр манай нөхрийн цалин буугаагүй байна гэж худлаа хэлдэг байсан. Би *************т гар хүрч байгаагүй, харин загнаж хараалын үгээр хэлж байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р тал/,
- гэрч *************гийн өгсөн: ...тэдгээрийг хоорондоо үерхдэг гэж ойлгодог бөгөөд хоорондоо хэрхэн харилцаатай байсныг мэдэхгүй байна. ************* нь манайд ажилладаг байхдаа хүмүүстэй их муухай харьцдаг, хүнтэй хэрэлддэг, хүмүүст их өртэй түүнээс авлагатай хүмүүс мөнгөө авах гэхээр хэл амаар доромжилдог. Дарга ч бай цэрэг ч бай хүнтэй муухай харьцдаг, хэний ч хамаагүй утсыг гуйж аваад *************тэй залгаж ярьдаг байсан. Тэрээр *************ий ажлыг нь хийлгүүлэхгүй таслуулаад тэгээд уйлан дуугараад хоорондоо хэрэлдээд байдаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 559 дугаартай: ...*****ийн биед баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай ...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээнд 16 долоо хоногтой жирэмсэн гэжээ. 2024.4.23-ны өдөр жирэмсний хяналтад авсан картнаас үзэхэд 2024.6.17-ны өдрийн тэмдэглэлд 15-16 долоо хоногтой жирэмсэн гэжээ...*****ийн биед нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 36-37-р талд/,
-Шүүгдэгч О.Дий яллагдагчаар мэдүүлсэн: ...2024 оны 01 дүгээр сарын эхээр *************тэй танилцсан юм. 2024 оны 02 дугаар сарын эхнээс *************ийн хүмүүсээс мөнгө зээлсэн гэхчилэн мөнгөний асуудлууд нь гарч эхэлсэн юм. Тэгэхээр нь би тэгж болохгүй шүү гэж хэлсэн. 2024.06.08-ны өдөр би гэртээ гудамжны хуурай дүү нар болох 14 настай Бямбадаш, Шагай нарын хамт байж байтал ************* гэрт ирсэн бөгөөд эмнэлэг явъя гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл боолтоо солиулъя гэж хэлсэн. Тэгээд би *************т хандан “чи тэр дэлгүүрт тавьсан өрөө өгөөч ээ” гэтэл тэрээр уурлаад “миний асуудал та нарт хамаагүй” гээд галын хайч авч шидээд сандлаар миний хөл руу 2 удаа, бөөр лүү 1 удаа цохисон юм. Тэгэхээр нь би уурлаад түүнийг 2 удаа алгадаж, нуруу руу нь гараараа 2 удаа цохисон. Тухайн үйл явдлыг Бямбадаш харсан...Ингээд байж байтал ************* эгч, нөхөртэйгөө ирсэн бөгөөд тэгээд ************* руу уурлахад ************* нь *************сая намайг зодсон гэж хэлсэн юм. Ингээд цагдаа руу ирсэн юм. Би *************ийн найз залуу бөгөөд хамтран амьдрагч бол биш ээ, түүнийг жирэмсэн гэдгийг би 4 сард мэдсэн. Тэрээр шоучин гадуур хонодог бөгөөд миний хүүхэд гэдэгт эргэлзэж байна. 2024.06.06-ны өдөр 22 цагийн үед манайд ************* нь уйлаад хүрээд ирсэн бөгөөд бид 2 ярилцсан юм. Тэгээд би түүнийг таксинд суулгаад өгье гэхэд тэрээр явахгүй гээд уйлаад орилоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрч түүнийг сууж байхад бөөр хэсэг руу нь 1 удаа өшиглөсөн юм. Энэ үйл явдлыг харсан хүн байхгүй бөгөөд манай хашаанд болсон юм. 2024.05-р сарын сүүлээр би жижүүртэй ажил дээрээ байж байтал манай ажлын газрын нэг хүн надад хандан “танай ************* чинь миний найз охин дээр нэг залуу дагуулж очсон байна” гэж хэлсэн юм. Тэр өдөр ************* ажил дээр ирээд хоёулаа эмнэлэг явъя гээд байсан бөгөөд би түүнд ажлын газрын хүний хэлсэн үгийг хэлээд уурласан юм. Тэгэхэд ************* нь тэр залуугаа манай найз шүү дээ зүгээр ус авхуулсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи гэртээ байна гэж хэлсэн биз дээ, яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэхэд зүгээр найз шүү дээ гэж хэлсэн. ************* тухайн үедээ надад гар утас авчирч өгсөн бөгөөд би тухайн үед утасгүй байсан юм. *************г явсны дараа утсанд “мөнгөө өгөөч” гэж мессеж ирэхээр нь би залгаж ярихад “наад хүүхэн чинь дөнгөж сая гар утас аваад явсан мөнгийг нь өгөөгүй алга болчихлоо” гэж ярьсан. Тэгээд би *************д хандан юун мөнгөний асуудал вэ гэхэд тэрээр та нарт миний асуудал хамаагүй гэхээр нь би ажлынхаа гадаа байхдаа түүнийг 1 удаа алгадсан юм. Тухайн үйл явдлыг харсан хүн байхгүй ээ. *************гийн бусдад өр зээл тавьсан, худлаа хэлж авсан мөнгөний асуудлаас болон надад худлаа ярьдаг асуудлаас нь болж ер нь маргаан гардаг юм. Би дүгнэлттэй танилцсан бөгөөд түүний биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ яг хэзээ учруулснаа санахгүй байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/,
- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 69-76 дахь тал/,
- Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн О.Д нь дахин гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай гэх 25/147 дугаартай тогтоол /2-р хх-ийн 79 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Д нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын *****тоот хашааны гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч *****тэй “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна” гэх шалтгаанаас маргалдаж түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гарыг нь базаж, унагаан гуя хэсэгт нь өшиглөж, үснээс нь зулгааж, гэдэс рүү нь нэг удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын *****тоотод байх гэртээ болон хашаан дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч *****ийг 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчим, 06 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд “бусдад өр тавилаа, өр тавихаа болихгүй байна, ээжийн урдаас хэрүүл хийлээ”, “ахынд очиж унтуулаагүй”, “хашхирч хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаануудаар нийт 3 удаа хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, хоёр гарыг нь базаж, түлхэж газарт унагаан гуя, хэвлий хэсэгт нь тус тус өшиглөсөн, нэг удаа алгадаж, үснээс нь зулгааж, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...ойлгоно” гэж,
5.1.6-д "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ...ойлгоно” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч *****, шүүгдэгч О.Д нар нь 2024 оны 01 дүгээр сард танилцаж, үерхэж, бие биенийхээ гэрээр орж, гарч, нэг гэрт тогтвортойгоор удаан хугацаанд хамтран амьдраагүй боловч гэр бүлийн харилцаатай байсан, хохирогч ***** нь дээрх үйл баримт болох цаг хугацаанд 15-16 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.
“Байнга” зодох гэмт үйлдлийн “байнга” шинжийг гурав болон түүнээс дээш үйлдлээр үйлдэгдсэн байхыг ойлгодог бөгөөд шүүгдэгч О.Д нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчим, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, жирэмсэн *****ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,
мөн 2024 оны 05 дугаар сарын 26-ны орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч *****ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч *****тэй “өр тавьсан гэх шалтгаанаар” маргалдаж, биед нь 2 удаа буюу 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус халдаж зодсон гэж, түүний өмгөөлөгчөөс 2 удаагийн үйлдлээр хохирогчтой маргалдаж хохирогчийн биед халдсан байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй эсрэг байнга үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй шүүгдэгчийг цагаатгуулах байр суурийг илэрхийлж санал, дүгнэлтээ гаргасан.
Шүүхээс прокурорт даалгавар хүргүүлж, нэмэлт ажиллагаа хийлгэх үед хохирогч *****ийн өгсөн мэдүүлэгт : өмнө өгсөн мэдүүлгүүддээ 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр болсон асуудлыг хоёр өөр өдөр болсон мэтээр мэдүүлсэн байсныг 2024 оны 05 дугаар сарын 26, 2024 оны 06 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд буюу нийт 3 удаа шүүгдэгчид зодуулсан талаараа мэдүүлсэн, прокурор 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 331а яллах дүгнэлтдээ шүүгдэгч О.Дийг 3 удаагийн үйлдэлд нь холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хохирогчийн дээрх мэдүүлгийг гэрч *************ийн …2024 оны 05 дугаар сарын сүүлээр *************ийн баруун нүд нь хөхөрсөн байсан түүнээс яасан талаар асуухад *************цохисон гэж хэлсэн…, 2024 оны 06 дугаар сарын 07-ны орой хадам аавынд очиход ************* нь миний нуруу өвдөөд байна гэж хэлсэн тэгэхээр нь яасан юм бэ гэтэл “*************намайг өшиглөсөн” гэж хэлсэн…, 2024 оны 06 дугаар сарын 08-ны 18 цагийн үед *************ийг авч явах ээд очиход зүүн хацар нь хавдчихсан, оймс нь цус болчихсон уйлчихсан байсан бөгөөд бас *************сая зодлоо гэж хэлж байсан… гэх мэдүүлгүүдээр нотолсон байх тул шүүгдэгчийн 2 удаа зодсон гэх мэдүүлэг үндэслэлгүй, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн.
Мөн хохирогч ***** нь шүүхийн хэлэлцүүлэгт …аав минь өнгөрсөн, хүү, бид хоёр айлын хашаанд гэр түрээслэн амьдарч байгаа, одоо О.Д нь хүү, бид хоёрт маш их хэрэгтэй байна…, О.Д намайг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөн 06 дугаар сарын 08-ны өдөр л зодсон, 6 дугаар сарын 06-ны өдөр зодоогүй, би андуурсан байна… гэх мэдүүлэг өгснийг шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, мөн түүний амьдралд хамт байсан аав нь нас барсан, бага насны хүүхэдтэй үлдсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан шүүгдэгчид бага ял оногдуулах буюу хувийн ашиг сонирхлоор мэдүүлгийг өөрчилж өгсөн гэж үзэж, үнэлээгүй болно.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж”, 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж“ гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ө.*************ий энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хохирогч *****ийн эрүүл мэндэд “...баруун бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирчээ.
Шүүгдэгч О.Д, хохирогч ***** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс бөгөөд хохирогч ***** нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь 117,645 төгрөгөөр хохирогч *****т эм тариа авч өгсөн гэж өөрийн интернэт банкны дансны хуулгыг ирүүлсэн бөгөөд хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч О.Дийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,
шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгчөөс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй, гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэйн эсрэг байнга үйлдэх гэмт хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрсөн байр сууринаас оролцож, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага цагаар оногдуулж, оногдуулсан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялд тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох, хохирогч ***** нь шүүгдэгчид 2 удаа зодуулсан тул хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү, хүү бид хоёрт аав нь маш их хэрэгтэй байна гэх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Шүүгдэгч О.Дийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
1 дүгээр хавтаст хэргийн 54-62, 101-108 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 69-76 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн засаг даргын түр орлон гүйцэтгэгч Н.Оюун-Эрдэнийн ам бүлийн тодорхойлолт, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагчийн тодорхойлолт, БГ201825708 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Д нь 21 настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, механик засварчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдох үед Зэвсэгт хүчний 110 дугаар ангид механик засварчнаар ажиллаж байсан, ам бүл 2, эх *************ийг хамт амьжиргааны түвшний босго шугамаас бага орлоготойгоор амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, нэр дээр 19-84 ОРН улсын дугаартай Марк2 загварын тээврийн хэрэгсэлтэй, гэрлэж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Дий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч О.Д нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан ба тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаар 72 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Дд урьд, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх тул, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журам үйлчлэх ба харин, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэх зохицуулалт үйлчлэхгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч О.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс 1 жил 3 сарын хугацаанд гадагш зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд анхааруулав.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг болон хохирогч *****тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ***** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогт *************ийн *************ийг Эрүүгийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж”, 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж“ гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Д-ийг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Д-д Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч О.Д-ий нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ий Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаанд гадагш зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд анхааруулах нь зүйтэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ий цагдан хоригдсон 112 /нэг зуун арван хоёр/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг болон хохирогч *****тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч ***** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ