Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 104 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч М.***********, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.***********д холбогдох эрүүгийн 2425004890107 дугаартай 312/2025/0151/Э индекстэй хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.*********** нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэр “50” дугаартай *********** хажуугийн замд ***********загварын *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа,

Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас  архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд босож чадахгүй уг зам дээр хэвтэж байсан явган зорчигч В.***********ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, 

мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.***********гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425004890107 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.*********** нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн нутаг дэвсгэр “50” дугаартай *********** хажуугийн замд *********** загварын *********** *********** улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа,

Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд босож чадахгүй уг зам дээр хэвтэж байсан явган зорчигч В.***********ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, 

Мөн осол гарсан даруйдаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.***********гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

- хохирогч В.***********ын өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө босоод ...найз *********** болон барилга дээр ажиллаж байсан хүмүүстэй хамт архи уугаад 15:00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явж байгаад *********** багийн 6 дугаар эгнээнд замын хажууд хэвтээд унтаж байхад гэнэт нэг машин дайраад өнгөрөхөөр нь араас нь харахад цагаан өнгөтэй байсан, ...тухайн газартаа босож чадахгүй хэвтэж байгаад босоод *********** дээр хэвтэж байгаад орой гэр рүүгээ явсан. Өглөө нь босоод шээх гэхэд шээж чадахгүй, бие өвдөөд байхаар нь түргэн тусламж дуудаад түргэнээр эмнэлэгт ирээд “давсаг хагарсан байна” гээд яаралтай хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

“...хэрэг учрал болох үед дээшээ хараад унтаагүй хэвтэж байсан, гэхдээ зам дээр хэвтэж байсан нь миний буруу. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явж чадахгүй, зам дээр хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

“...хэрэг учралаас болоод миний сэтгэл санаанд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хор хохирол нэхэмжлэхгүй, шинжээч томилуулахгүй, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийг ***********гаас авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- гэрч П.***********ийн өгсөн: “...хүү В.*********** 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 21.00 цагийн үед гэртээ орж ирээд “ам цангаад байна” гэхээр нь цай, ус уулгатал орон дээрээ хэвтээд өгсөн. Удалгүй “бие өвдөөд байна, намайг цагаан өнгийн машин *********** багийн 3-4-р гудамжны тэнд байхад мөргөчихлөө, миний дээгүүр гараад явчихлаа” гэж хэлсэн. ...шөнө зүгээр унтаад, өглөө нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө “миний шээс гарахгүй байна, бие өвдөөд байна, түргэн дууд” гэхээр нь түргэн дуудсан, эмнэлэг дээр ирээд эмч үзээд “яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гээд хагалгаанд орсон, хагалгаанд орсны дараа “давсаг нь задарчихсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31-32 дахь тал/,

          - гэрч Д.***********ын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн гэр болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай гэх газар байх үед охин *********** гар утсаар залгаад “ааваа би машинтай явж байгаад гудамжинд хэвтэж байсан хүн дайрчихсан, та хүрээд ирээч” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

          - гэрч Б.***********ийн өгсөн: “...М.*********** бид хоёр 2014 онд танилцаад тэрнээс хойш хамт амьдарч байгаад хоёр хүүхэдтэй болсон. 2024 оны 07 дугаар сараас бид хоёр гэр бүлийн маргаанаас болж тусдаа амьдрах болсон, одоо бид хоёр тус тусдаа амьдардаг, хамт амьдрахгүй байгаа. Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд ажил дээрээ байсан, тухайн өдөр бид хоёр хамт байгаагүй болохоор хэрэлдэж, маргасан асуудал байхгүй. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ***********гийн унаж явсан *********** *********** улсын дугаартай цагаан өнгийн “***********” загварын тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний машин байгаа юм, хоёр хүүхэдтэй болохоор хичээл сургуульд нь хүргэж өгч байг гээд эхнэртээ өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

          - М.***********гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, ...замын хажууд хэвтэж байсан хүн хараагүй, хүн дайрсан талаараа мэдээгүй, ...тухайн үед гэр лүүгээ яараад явж байсан учир юу ч мэдээгүй. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 1-154 тоотоос *********** *********** улсын дугаартай “***********” загварын тээврийн хэрэгслээ унаж гараад “Мэнд-Амар” худалдааны төв орж өөрийн бөгжийг ломбардад тавьсан, ломбардаас 300.000 төгрөг аваад дэлгүүрээс идэх юм аваад гэр лүүгээ явсан. ...буцаж гэрээс гараад “Танил” зах дээр очоод аккумлятор авсан, тэндээ солиулж байтал том хүү маань “дүү таталт өгөөд” байна гэж над руу мессенжерээр залгасан, тэгээд би сандраад машинаа унаад гэр лүү явсан, Вансэмбэрүүгийн зам засвартай байсан учир хороолол дундах гэр хорооллын замаар явсан, нэг мэдсэн гэртээ ирсэн. 4 хоногийн дараа манай гэрт цагдаа нар хүрч ирээд надад камерын бичлэг үзүүлсэн, тэр камерын бичлэг дээр би тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хүний дээгүүр гарчихсан байсан. …хохирогчид эмчилгээний зардал 5.000.000 төгрөг өгч хохирол төлбөрийг барагдуулсан, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийг хохироосондоо гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би 6 настай, 10 настай хоёр хүүтэй. Миний 6 настай хүү еплипси g-41 гэсэн оноштой, энэ нь дөрвөн мөчний саажилт гэсэн онош, хүү маань 4 сартай байхдаа тархиндаа бүтэн харвалт өгөөд ийм болсон, одоо бүрэн асаргаанд байдаг, хүү маань татаж унадаг ба бие нь мушгираад нүд нь солийгоод хэл нь амнаасаа цухуйдаг, 3 хоногт нэг удаа, эсхүл өдөр болгон таталт өгөх тохиолдол байдаг. Хамтран амьдрагч маань Өмнөговь аймагт ажилладаг, 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. Бид хоёр сүүлийн жилүүдэд таарамжгүй харилцаатай байгаа, 14 хоног амрах хугацаандаа Улаанбаатар хотод байж байгаад энд ирэхгүй явчихдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127-128, 144-145 дахь тал/,

- иргэн П.***********ийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр миний хүү *********** Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн нутаг дэвсгэрт машинд мөргүүлсэн” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20.52 цагт хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8  дахь тал/,

- 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэрт байрлах “50” дугаартай хүрэн улаан, шар өнгөтэй *********** байх ба түүний хажууд буюу ертөнцийн зүгээр зүүн талд шороон зам байх ба камерын бичлэгийг үндэслэн хохирогч В.***********ын хэвтэж байсан газрыг тогтоож “А” гэж дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг шороон замын нийт урт нь 5.10м, “А” цэгээс шар *********** хүртэл 3.35м, “А” цэгээс баруун тийш хөвөө хүртэл 1.30м, “А” цэгээс зүүн тийш хөвөө хүртэл 3.80м, *********** баруун хойд хэсэгт бетонон хөлтэй цахилгааны модон шон байх бөгөөд уг шонгоос “А” цэг хүртэл урагш өнцөг гарган хэмжихэд 5.50 x 4.75м хэмжээтэй байв.” гэсэн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11, 12 дахь тал/,

- ***********загварын *********** *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13, 14 дэх тал/,

          - Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн камерын хяналтын төв”-ийн “*********** багийн 23-13 урд” гэсэн нэршилтэй хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...хяналтын камерт үзлэг хийж шүүж үзэхэд доороосоо дээшээ чиглэлтэй тээврийн хэрэгслүүд явж байгаад гүүрэн дээгүүр тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байна. Уг дүрс бичлэгт 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 42 минут 48 секундэд тухайн гүүрний баруун талд цагаан өнгийн улбар шар дээвэртэй *********** (***********) байх ба *********** зүүн талд автомашины зорчих хэсэг дээр хэвтэж байх хүн дээр цагаан өнгийн “***********” загварын тээврийн хэрэгсэл зүүн урд дугуй хэсгээрээ дайран гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн маршрутаар хяналтын камерыг шүүж үзэхэд 13 цаг 19 минут 30 секундэд тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шаркрат” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерт *********** *********** улсын дугаартай цагаан өнгийн “***********” загварын тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- “Шаркрат” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, 

          - Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.***********-***********ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаартай “...********************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.*********** нь;

          Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5.а.“тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5.б.“осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 3.5.г. “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг,

В.*********** нь; Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.б. “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх”, 5.1.“Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

М.*********** нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 3.5.а, 3.5.б, 3.5.г заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 44-47 дахь тал/,

          - Шүүх шинжилгээний Ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн дарга, мэдээллийн технологийн мэргэшсэн инженер Д.Мөнхбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0225/200 дугаартай;

          1. Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байх “NVR_ch14­_main_20240907134221_20240907134321(3)” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

          2. Шинжилж буй  “NVR_ch14­_main_20240907134221_20240907134321(3)” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 13:42:51 секундэд дүрслэгдэх цагаан өнгийн суудлын автомашин хяналтын камерын тусгалын зайнд хол дүрслэгдсэн, улсын дугаар хэсэг 4x14 хэмжээст цэгээр дүрслэгдсэн тул тодрохгүй байна.

          3. Шинжилж буй  “NVR_ch14­_main_20240907134221_20240907134321(3)” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 13:42:51 секундэд дүрслэгдэх цагаан өнгийн суудлын автомашин нь өнгө, овор хэмжээ, хажуугийн салхины шилний хэлбэр, хэв зэрэг ерөнхий шинжээрээ шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д гэрэл зургаар авагдсан суудлын автомашинтай ижил байна. Харин тухайн автомашины онцлог, содон шинж тэмдгийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61, 62-64 дэх тал/,

          - Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 806 дугаартай; “…В.***********ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал, баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт, баруун өгзөг, гуя, өвдөг, шагайн үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15, 4.3.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун өгзөг, гуя, өвдөг, шагайн үенд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын хэргийн материалаар хийсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1234 дугаартай; “…806 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. В.***********ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал, баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт, баруун өгзөг, гуя, өвдөг, шагайн үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15, 4.3.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 78-81 дэх тал/,

- хохирогч В.***********ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 86-125 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 171-174 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хяналтын камерын бичлэг зэргийг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч В.***********, гэрч П.***********э, Д.***********, Б.*********** нарын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Нэгдсэн камерын хяналтын төв”-ийн болон “Шаркрат” ХХК-ний хүнсний дэлгүүрийн  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, ахлах мөрдөгч Б.***********-***********ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай магадлагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн дарга, мэдээллийн технологийн мэргэшсэн инженер Д.Мөнхбаатарын ЕГ0225/200 дугаартай дүгнэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 806 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын хэргийн материалаар хийсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1234 дугаартай дүгнэлт, хохирогч В.***********ын өвчний түүхийн хуулбар зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар

Шүүгдэгч М.*********** нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн нутаг дэвсгэр “50” дугаартай *********** хажуугийн замд ***********загварын *********** *********** улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд босож чадахгүй уг зам дээр хэвтэж байсан явган зорчигч В.***********ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, 

Мөн осол гарсан даруйдаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч В.***********ын биед учирсан хүнд гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл буюу зам тээврийн ослын үед хавчигдах, дарагдах, цохигдох байдлаар үүссэн гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч М.***********гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.*********** нь шүүхийн хэлэлцүүлэгт ...тухайн үед нөхөртэйгөө гэр бүлийн маргаантай байсан, тэр өдөр сэтгэл зүйн хувьд хүнд байсан, мөн дээрээс нь хүүхэд маань таталт өгсөн гэх хүүгийнхээ дуудлагаар гэр рүүгээ яарч явсан, манайх руу явдаг төв зам нь засвартай байсан тул гэр хороолол дундах шороон замаар явсан, нэг мэдэхэд л гэртээ ирсэн байсан, хүн дайрснаа мэдээгүй, мэдсэн бол зогсож, эмнэлгийн тусламж үзүүлэх байсан. Дараа нь цагдаа ирээд хяналтын камер үзэхэд ийм асуудал болсон байсан... гэж мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээс үзэхэд дээрх үйл баримт нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 42 минутын орчимд буюу өдрийн цагаар болсон байх бөгөөд тухайн үед үзэгдэх орчин хангалтгүй, хязгаарлагдмал болон харанхуй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хохирогч В.*********** нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас босож чадахгүй уг зам дээр хэвтэж байсан буруутай үйлдэл мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байх хэдий ч шүүгдэгч М.*********** нь тухайн өдөр *********** *********** улсын дугаартай ***********загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий этгээд юм.

Шүүгдэгч М.***********гийн дээрх “хүн дайрснаа мэдээгүй, мэдсэн бол эмнэлгийн тусламж үзүүлэх байсан” гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч М.*********** нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас В.***********ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх ба хохирогч В.*********** нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг шинжлэн судлахад “...*********** багийн 6 дугаар эгнээнд замын хажууд хэвтээд унтаж байхад гэнэт нэг машин дайраад өнгөрөхөөр нь араас нь харахад цагаан өнгөтэй байсан, ...тухайн газартаа босож чадахгүй хэвтэж байгаад босоод *********** дээр хэвтэж байгаад орой гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн камерын хяналтын төв”-ийн “*********** багийн 23-13 урд” гэсэн нэршилтэй хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...хяналтын камерт үзлэг хийж шүүж үзэхэд доороосоо дээшээ чиглэлтэй тээврийн хэрэгслүүд явж байгаад гүүрэн дээгүүр тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байна. Уг дүрс бичлэгт 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 42 минут 48 секундэд тухайн гүүрний баруун талд цагаан өнгийн улбар шар дээвэртэй *********** (***********) байх ба *********** зүүн талд автомашины зорчих хэсэг дээр хэвтэж байх хүн дээр цагаан өнгийн “***********” загварын тээврийн хэрэгсэл зүүн урд дугуй хэсгээрээ дайран гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна гэх тэмдэглэл байх ба шүүгдэгч М.*********** нь хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч М.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж, шүүгдэгч М.***********, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцов.

Шүүгдэгч М.*********** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.***********гийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.***********ын эрүүл мэндэд “Баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт”  бүхий хөнгөн хохирол, Хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал” бүхий амь насанд аюултай хүнд хохирол тус тус учирчээ.

Шүүгдэгч М.*********** нь хохирогч В.***********од 5,000,000 төгрөгийг төлсөн гэж, хохирогч нь эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь талд мэдүүлсэн байна.  

Иймд шүүгдэгч М.***********г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.***********г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч М.***********гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

1 дүгээр хавтаст хэргийн 148, 150-152, 163-164, 167-168, 177-183 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, түрээсийн гэрээ, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Ж.Галмандах, Ж.Галбадрах нарын төрсөний гэрчилгээний хуулбар, Ж.Галмандахын амбулаторын картын хуулбар  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.*********** нь 33 настай, хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 1-154 тоот хаягт амьдардаг, тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхтэй, Санни салонд гоо сайханч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хүү Ж.Галмандах нь эпилепси өвчний учир эмчийн байнгын хяналтад байдаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь Б.Жамъяандоржтой 2014 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа 2 хүүхэдтэй болсон ба одоогоор хамт амьдрахгүй байгаа, ганцаараа өрх толгойлон хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэдий ч хэрэгт хүүхдийн асрамж тогтоолгосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр буюу холбогдох нотлох баримт хангалттай авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч М.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалт, 3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус, хууль бус” үйлдэл нөлөөлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн … бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.*********** нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй,

Харин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох боловч энэ нь шүүхээс зайлшгүй, заавал хэрэглэх зохицуулалт биш юм.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***********д оногдуулсан гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч М.***********гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч В.*********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.*********** нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт ***********ын ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.***********гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.***********д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг /жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаа/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч М.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.***********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч М.*********** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч В.*********** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ