Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2023/00879

 

 

 

 

 

 

 

 

 

                    2023      03        07     

                                182/ШШ2023/00879

 

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0 дугаар хороо, С гудамж, Ц хотхон, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт А-ийн М /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, Э талбай, Э тауэр, 0 давхарт байрлах, У ХХК /РД:5614643, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд И-ГИЙН Б/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний дагуу хугацаанд нь байрыг хүлээлгэн өгөөгүй учраас торгууль 4,625,000 төгрөг, хохирол 9,995,625 төгрөг, нийт 14,580,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч А.М нь хариуцагч У ХХК холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу хугацаанд нь байрыг хүлээлгэн өгөөгүй учраас торгууль 4,625,000 төгрөг, хохирол 9,995,625 төгрөг, нийт 14,580,625 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие У ХХК-тай 2021.10.11-ний өдөр “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус компанийн барьж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Ривер вилла” апартментын “В” блок 13 давхар, 181 тоот, 2 өрөө, 74 м.кв байрыг нийт 185,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох орон сууцны төлбөрийн эхний урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг 2021.10.14-ний өдөр тус компанийн Голомт банкны 1105118416 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 145,000,000 төгрөгийг “Голомт банк” ХХК-тай байгуулсан 2021.11.29-ний өдрийн 000000000000 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан 144,760,000 төгрөг, зөрүү болох 240,000 төгрөгийг өөрийн Голомт банкны дансаар дээр дурдсан тус компанийн дансанд 2021.12.02-ны өдөр шилжүүлж төлж дуусгасан.

Хариуцагч У ХХК нь 2021.10.11-ний өдөр “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасны дагуу 2021 оны 4 дүгээр улиралд  буюу 2021.12.31-ний дотор орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг хугацааг хэтрүүлж 2022.06.30-ны өдөр байр хүлээлцэх актаар байрыг маань хүлээлгэн өгсөн.

Үүний дараа миний бие 2022.07.04-ний өдөр хариуцагчид хандаж дээрх гэрээний 4.2.4-д заасны дагуу худалдагч тал орон сууц ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө гэж заасны дагуу торгуулийн төлбөрөө төлөхийг хүсэж өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, учирсан хохирлыг минь арилгах талаар санаачлагатай арга хэмжээ аваагүй.

            2021.10 сард гэрээ байгуулах үед хариуцагч нь байрыг тань яг гэрээнд заасан хугацаанд оруулна та харин төлбөрөө л яаралтай бүрэн хийж дуусга гэж хэлсний дагуу банкнаас өндөр хүүтэй зээл авахаар гэрээ байгуулж төлбөрийг нь яаралтай шилжүүлсэн боловч гэрээнд заасан хугацаанд хүлээн авч орж чадаагүй, худалдан авсан байраа бүтэн 6 сарын турш зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг нь хүртэж чадахгүй банкинд өндөр хүү төлж хохирсон.

Учир нь байр худалдан авч байгаа хэн бүхний хувьд тухайн байрыг гэрээнд заасан хугацаандаа хүлээн авсан бол түүндээ амьдарч ямар ч хохирол учрахгүй, хий дэмий өндөр хүүг банкинд төлөхгүй байх байсан. Байрны үнийг гэрээ байгуулснаас хойш төлсөн 185,000,000 төгрөгийг ямар ч хүү торгуульгүйгээр хариуцагч компани байр хүлээлгэн өгөх 6 сар гаруй хугацаанд ашигласан, харин миний хувьд тухайн компанийн зарсан байрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй хэрнээ 9,995,625 төгрөгийн хүү төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д “Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол”, 222.3-д “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ”, 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”, 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу дээрх хохирлыг шаардах эрхтэй байна.

Иймд У ХХК-тай байгуулсан 2021.10.11-ний өдрийн №0000000000 дугаар “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хугацаанд нь байрыг хүлээлгэн өгөөгүй торгууль болох 4,625,000 төгрөг, хохирол болох 9,995,625 төгрөг, нийт 14,580,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн А.Мгийн гаргасан нэхэмжлэл нь торгууль болон алдангийг Иргэний хуулийн 222.1, 222.1.1, 222.4, 222.7 заалтуудыг үндэслэсэн байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай яаж уялдаж байгаа, шаардах эрх нь мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна.

Талууд байрыг 2021 оны 4 дүгээр улиралд багтааж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Гэтэл гэрээнд тусгаагүй шалтгаанаар орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон. Энэ нь юу юм бэ гэхээр дотор заслыг хэрхэн хийх вэ, хананы ямар цаас наах вэ гэдгийг захиалагч өөрсдөө захилгын дэвтэр дээр бичиж захиалга өгдөг. Үүнийгээ өгөөгүй байвал байр ашиглалтад орох хугацаа хойшлох тохиолдол байдаг.

Хавтас хэргээс харахаар талуудын хэнээс нь шалтгаалаад байр ашиглалтад орох хугацаа хойшилж байсан бэ гэх нотлох баримт байхгүй. Үүнийгээ нэхэмжлэгч өөрөө нотлох шаардлагатай гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс хугацаа хэтрүүлээд 2022.06.30-ны өдөр хүлээлгэж өгсөн гэдэг дээр маргах зүйл байхгүй. Мөн өдөр байр хүлээлгэж өгсөн акт үйлдсэн. Хохирол гэж хэлээд байгаа 14,580,625 төгрөгийн шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл нь эргэлзээтэй...

Нэхэмжлэлийн үндэслэл нь ойлгомжгүй байна. Үндсэн төлбөрийг төлөөд түүний дагуу зээл аваад хүүг төлж байгаа байж үүнийгээ хохирол гэж байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Манай зүгээс 11 дүгээр сард байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Ипотекийн зээл олгох журам дээр Улсын комисс хүлээн авсан байрыг ипотекийн зээлд хамруулна гэсэн. Нэхэмжлэгч өөрөө ипотекийн зээлд хамрагдана гэж хүсэлт гаргаад түүний дагуу банк нь зээл олгосон.

Тэрнээс биш манайх нэхэмжлэгчийг зээл ав гэж шахсан зүйл байхгүй. Энэ нь сайн дурын үндсэн дээр хийсэн гэрээ. Байрыг хугацаанд хүлээлгэж өгөхөөс үл шалтгаалаад нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөр, хүү төлнө. Энэ нь зээлийн төлөлтийг хохиролд тооцоод хариуцагчаас гаргуулна гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй.

Иргэний хуулийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан...

Нэхэмжлэлийн шаардлагаас харахад Иргэний хуулийн 227.3 дугаар зүйлтэй нийцэхгүй эргэлзээтэй. Нэхэмжлэгч байр хугацаандаа ашиглалтад ороогүй учраас хохирсон гэдэг. Яг хохирсон уу гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн хэдий хугацаанаас хэднийг хүртэл тооцсон нь эргэлзээтэй.

Мөн торгууль гэж байгаа. Иргэний хуулийн 232.5-т үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан.

 Торгууль гэдэг нь нэг удаагийн шинжтэй бөгөөд нэхэмжлэгч 2022.01.02-ны өдрөөс торгуулийг тооцсон гэж хэлсэн. Хугацаа тоолох журам нь Иргэний хуулийн 72 дугаар зүйл дээр байгаа. Тэгэхээр гэрээн дээр 30 хоногийг тооцно. Үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийг тооцохгүй, түүний дараа хоногоос эхлээд үүргийн хариуцлагыг тооцож эхэлнэ гэж заасан байгаа учраас 925,000 төгрөгийг л төлөхөд татгалзах зүйлгүй.

Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2022.01.31-ний өдрөөс эхлэн тооцох ёстой байсан. Тэгэхээр 4,625,000 төгрөг гэдэг нь нийцэхгүй байна. Хугацаа хэднээс тооцсон гэдэг нь тодорхой, үнийн дүнг нэмэхээр зөрүү гарч байсан. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

            3.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2022.11.29-ний өдөр тэмдэгтийн хураамжид 230,853 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4 х/,

            - Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 5 х/,

            - Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 6 х/,

            - 2021.10.11-ний өдрийн №0000000000 тоот “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 7-11 х/,

            - Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 12 х/,

            - 2021.11.29-ний өдрийн 000000000000 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” /хх-ийн 13-16 х/,

            - 000000000000 тоот Орон сууцны зээлийн гэрээний “Эргэн төлөлтийн график” /хх-ийн 17-20 х/,

            - 2021.11.29-ний өдрийн 000000000000 тоот “Ипотекийн гэрээ” /хх-ийн 21-24 х/,

            - Хаан банкны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25 х/,

            - 2021.12.02-ны өдрийн Голомт банкны “Мемориалын баримт” /хх-ийн 26 х/,

            - Голомт банкны дансны хуулга /хх-ийн 27-29 х/,

 

            3.1.Хариуцагч татгалзалтайгаа холбогдуулан 2023.01.10-ны өдрийн 006 тоот Э.С, Э.О, Д.У нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 35 х/,

           

            3.2. Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2023.02.14-ний өдрийн 182/ШЗ2023/02448 дугаартай шүүгчийн захирамжаар,

- 2021.10.11-ний өдөр байгуулсан №0000000000 тоот гэрээний хавсралт болох 2022.06.30-ны өдрийн “Орон сууц хүлээлцсэн акт”-ыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хариуцагч У ХХК-иас гэрээний үүрэг 4,625,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,955,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч А.М нь хариуцагч У ХХК холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу хугацаанд нь байрыг хүлээлгэн өгөөгүй учраас торгууль 4,625,000 төгрөг, хохирол 9,995,625 төгрөг, нийт 14,580,625 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- 2021.10.11-ний өдөр байгуулагдсан 0000000000 дугаартай Орон сууцны барилга, захиалан худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.4--т заасны дагуу орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөхгүй хугацаа 5 сарын хугацаа хэтрүүлсний торгууль 4,625,000 төгрөг,

- Гэрээнд заасан хугацаанд орон сууцандаа орж чадаагүйн улмаас банкны зээлийн хүүнд 9,995,625 төгрөгийг төлж хохирсон гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

- Орон сууцыг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн талаар маргахгүй. Харин торгууль нь нэг удаагийн шинжтэй учраас 925,000 төгрөгийг л төлөхөд татгалзах зүйлгүй,

- Нэхэмжлэгчийн авсан зээлийн хүүнд төлсөн төлбөр нь хариуцагчаас шаардах хохирол биш гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.10.11-ний өдрийн №0000000000 “Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 7-11 х/, 2021.11.29-ний өдрийн 000000000000 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” /хөнгөлөлттэй нөхцөл олгох хамран ажиллах гэрээний хүрээнд/ /хх-ийн 13-16, Эргэн төлөлтийн график /хх-ийн 17-20 х/, 2021.11.29-ний өдрийн 000000000000 дугаартай “Ипотекийн гэрээ” /хх-ийн 21-24 х/, А.Мн Хаан банк дахь “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн  25 х/, 2021.12.02-ны өдрийн Голомт банкны “GВ103638 дугаартай Мемориалын баримт” /хх-ийн 26 х/, Дансны хуулга /хх-ийн 27-29 х/, “Ривер вилла 8-2 байр хүлээлцэх акт /хх-ийн 54 х/, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2021.10.11-ний өдөр 0000000000 дугаартай Орон сууцны барилга, захиалан худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.4-т заасны дагуу орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөхгүй 5 сарын хугацаа хэтрүүлсний торгууль 4,625,000 төгрөг гаргуулах шаардлагын тухай,

а/ Талуудын хооронд 2021.10.11-ний өдөр 0000000000 дугаартай Орон сууцны барилга, захиалан худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, энэхүү гэрээгээр У ХХК нь Х дүүрэг, 0 дугаар хороонд байрлах, River villa апартмент орон сууцны 0 блок 0 давхарын 0 тоот 0 өрөө, 0 м.кв талбайтай, 185,000,000 төгрөгийн орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, захиалагч буюу А.М нь орон сууцны үнэ болох 185,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

б/ Хариуцагч нь гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон нь гэрээнд тусгаагүй шалтгаанаар буюу дотор заслыг хэрхэн хийх, хананы ямар цаас наах вэ гэдгийг захиалагч өөрсдөө захилгын дэвтэр дээр бичиж захиалга өгдөг бөгөөд үүнийгээ өгөөгүй бол байр ашиглалтад орох хугацаа хойшлох тохиолдол гардаг хэдий ч хугацаа хэтрүүлэн орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар маргахгүй. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т зааснаар торгууль нь нэг удаагийн шинжэй тул сар тутам төлөхгүй харин нэг сарын 925,000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

5. Шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэв.

 

а/ Учир нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний  4 дүгээр зүйлийн 4.2.3-т ...гэрээний дагуу орон сууцыг 2021.4 дүгээр улиралд багтаан ... хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ гэж зааснаас үзэхэд гүйцэтгэгч нь орон сууцыг 2021.12.31-ний өдрөөс хэтрүүлэлгүйгээр захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

 

б/ Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.7, 5 дугаар зүйлийн 5.2-д тус тус зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд худалдагч тал нь уг хугацааг 2 удаа шаардлагатай хугацаагаар сунган худалдан авагч талд шинэчилсэн хугацааг мэдэгдэх, мөн ... давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн тохиолдолд гэрээний 4.2.3 дахь заалт үйлчлэхгүй байхаар талууд тохиролцжээ.

 

в/ Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч А.М нь орон сууцны үнэ болох 185,000,000 төгрөгийг 2021.10.14-нд 40,000,000 төгрөг, 2021.12.02-нд 144,760,000 төгрөгөөр тус тус төлсөн. Хариуцагч нь 2022.06.30-нд орон сууцыг “Байр хүлээлцэх акт”-аар хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 25, 26, 54 х/

 

г/ Хариуцагч нь дээрх гэрээ байгуулагдсан, орон сууцны үнэ 185,000,000 төгрөг төлөгдсөн, болон орон сууцыг хугацаа хэтрүүлэн захиалагчид хүлээлгэн өгсөн талаар маргаагүй учраас шүүхээс гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

6. Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.

 

а/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343.4-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуульчилсан.

 

б/ Х дүүрэг, 0 дугаар хороонд байрлах, River villa апартмент орон сууцны 0 блок 0 давхарын 0 тоот 0 өрөө, 0 м.кв талбайтай, 185,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гэрээний 4.2.3-т зааснаар хүлээлгэн өгөх хугацааг 2021.4 дүгээр улирал гэж захиалагчтэй тохиролцсон хугацаандаа ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгч чадаагүй 2022.06.30-ны өдөр орон сууцыг актаар хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.  

 

в/ Орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгч буруугүй гэж үзэх боломжгүй, энэ талаар баримтгүй байх тул хариуцагч У ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэг болон орон сууц захиалгын гэрээний 4.2.4-т зааснаар хугацаа хэтэрсэн сар тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх торгууль төлөх үүрэгтэй байна.

 

г/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байхаар зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги, торгууль аль алийг нь тусгасан байх тул гэрээний дагуу торгууль тооцон хариуцагчаас шаардах нь нэхэмжлэгчийн эрх хэмжээнд хамаардаг.

 

д/ Нэхэмжлэгч А.М нь орон сууцыг хүлээлгэн өгөх өдөр болох 2021.12.31-нээс орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2022.06.30-ны өдөр хүртэлх хугацаанд торгууль тооцож орон сууц захиалгийн гэрээний 4.2.4-т заасан  эхний 30 хоногийг хасч, торгууль 4,625,000 /185,000,000 х 0,5 % = 925,000 х 5 сар = 4,625,000/ төгрөгийг хариуцагч У ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 зааснаар хариуцагч У ХХК-аас 4,625,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Мд олгож шийдвэрлэв.

 

7. Гэрээнд заасан хугацаанд орон сууцандаа орж чадаагүйн улмаас банкны зээлийн хүүнд 9,995,625 төгрөгийг гаргуулах шаардлагын тухай,

а/ Нэхэмжлэгч А.М нь 2021.10.11-ний өдөр 0000000000 дугаартай “Орон сууцны барилга, захиалан худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Х дүүрэг, 0 дугаар хороонд байрлах, River villa апартмент орон сууцны 0 блок 0 давхарын 0 тоот 0 өрөө, 0 м.кв талбайтай, 185,000,000 төгрөгийн орон сууцыг худалдаж авахдаа “Голомт банк” ХХК-тай 2021.11.29-ний өдөр 000000000000 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, 000000000000 дугаартай “Ипотекийн гэрээ”-нүүдийг байгуулж, 144,760,000 төгрөгийн зээл авсан байна.  /хх-ийн 13-16, 21-24 х/,

б/ Нэхэмжлэгч А.М нь хариуцагчийг захиалсан орон сууцыг 2021.12.31-ний дотор хүлээлгэн өгөөгүйгээс орон сууц авах зорилгоор зээлсэн, зээлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй 2021.11.29-ний өдрөөс 2022.06.30-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд 9,995,625 төгрөгийг төлж, орон сууц захиалгын гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 9,995,625 төгрөгийг гаргуулахаар  шаардсан бол хариуцагч У ХХК нь  захиалагчийн авсан зээлийн хүүнд төлсөн хохирлыг хариуцах тухай ямарваа нэгэн  үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй бөгөөд бидний хооронд тийм  хэлцэл хийгдээгүй тул уг  энэхүү хохирол гэх 9,995,625 төгрөгийн шаардлага бидэнд хамаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

7.1. Шүүхээс хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлтэй гэж дүгнэв.

 

а/ Нэхэмжлэгч А.М нь “Голомт банк” ХХК-тай 2021.11.29-ний өдөр 000000000000 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” /хөнгөлөлттэй нөхцөл олгох хамран ажиллах гэрээний хүрээнд/,  000000000000 дугаартай “Ипотекийн гэрээ” тус тус гэрээ байгуулж,  144,760,000 төгрөгийг зээлж авсан байх ба хариуцагч У ХХК-ийг 2022.06.30-ны өдөр захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэл зээлийн хүүнд 9,995,625 төгрөг  төлснийг орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. /хх-ийн 13-16, 21-24 х/, 

 

б/ Учир нь зохигчид хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  бол нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөхөөр тохиролцож, орон сууц захиалгын гэрээний 4.2.4-т ...  орон сууцны ашиглалтад  орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгуулийг захиалагчид төлнө гэж тохиролцжээ.

 

в/ Дээрх  гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд торгууль төлөх тухай заалтаас өөр хариуцлагын талаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан худалдах, худалдан авах гэрээнд тусгаагүй, нэхэмжлэгчийн орон сууц худалдаж авах зориулалтаар Голомт банкнаас 144,760,000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүнд төлбөр төлсөн байдлыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-т заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролд тооцох боломжгүй тул хариуцагч хариуцагч У ХХК-иас орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд  9,995,625 төгрөг  шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч А.Мгийн хариуцагч У ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 9,995,625 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

8. Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч У ХХК-иас 88,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 4,625,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,995,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч У ХХК-иас 88,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,853 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                              

 

ДАРГАЛАГЧ                                             Х.ДАШДЭЧМАА