| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2008029771462 |
| Дугаар | 2021/ДШМ/368 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/368
Э.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Э овгийн Эын Б, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Нийслэлийн 123 дугаар сургуулийн хөгжмийн багш ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:.../;
Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караокены ширээ дээрээс иргэн Б.Оын эзэмшлийн “Google фирм Pixel 2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овогт Эын Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Оад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокены хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Б.Оын хохирлыг барагдуулж гомдолгүй болгосон. Би төрийн албанд ажилладаг. Одоогоор хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ажлаа тогтмол хийж байна. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ба өөрийнхөө гэм бурууг ухаарч, ухамсарлаж байгаа тул надад ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б нь багш мэргэжилтэй, ерөнхий боловсролын сургуульд ажилладаг. Одоо цахимаар хичээл орж байгаа. Өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлдэг. Тэнсэн харгалзах ял нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас илүү хариуцлага шаарддаг. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караокены ширээ дээрээс иргэн Б.Оын эзэмшлийн “Google фирм Pixel 2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Оын “...Баасансүрэн, танихгүй эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй хамт сууж байсан. Тухайн хоёр найзтай нь танилцаад 1 литрийн хэмжээтэй Eden нэртэй архинаас аваад хувааж уугаад сууж байсан. Шөнийн 03 цагийн үед караоке хаах гэхэд тооцоо хийх болж би өөрийн гар утсаа хайхад байгаагүй. Мөн Баасансүрэнтэй хамт сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр найз нь бас байгаагүй. ...Би Баасансүрэнтэй хамт байсан Баяраа гэх залууг сэжиглэж байна. Гомдолтой байна. ...” /хх 9-10/,
гэрч Э.Баярболдын “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 11-02 тоот гэртээ байж байгаад өөрийн “Samsung S-6” загварын гар утсаа эвдээд утасгүй болсон байхад Э.Б хувцасны шүүгээнээс надад хар өнгийн, саарал гэртэй утас гаргаж өгсөн. ...Б ахын надад өгсөн гар утас “Google pixel-2” загварын гар утас байсан. ...” /хх 18/,
гэрч Х.Баасансүрэнгийн “...Нэг сэртэл дэлгүүрийн залуутай үлдчихсэн, дэлгүүрийн залуу гар утсаа алдсан гэж байсан. Харин Янжин, Приустэй залуу хоёр түрүүлээд явсан байсан. Би дэлгүүрийн залуугаас юу болсон талаар асуухад тэр хоёр түрүүлээд явсан. Гар утаснаасаа мөнгө шилжүүлэх гэтэл гар утас байхгүй болсон байна гэж байсан. О хар өнгийн гар утас барьж байсан. Маргааш нь би тэр залуугийн дугаарыг Янжингаас авч залгаад “өчигдөр чи миний хажууд сууж байгаад ширээ дээрээс Оын гар утсыг авсан байна, цагдаа шүүх гэхээсээ өмнө эртхэн өгөөч” гэтэл тэр залуу өөдөөс уурлаад “би Янжингийн утсыг халаасандаа хийгээд өөрт нь өгсөн. Өөр гар утас аваагүй. Цагдаагаа дагуулаад хүрээд ир” гээд байсан. ...” /хх 20/,
гэрч Н.Янжинлхамын “...Маргааш өглөө нь Бы машины хойд суудлын доод талд гар утасны дуу сонсогдоод байсан. ...” /хх 22/,
шүүгдэгч Э.Бы “...Дараа нь ширээ дээр хар өнгийн гар утас үлдчихээр нь аваад пиджакны халаасандаа хийгээд бүжиглэж байгаад Янжиндуламыг “явъя” гэж дуудаад караокеноос гарсан. ...Янжиндулам бид хоёр буудал орж хоноод маргааш нь хамт машиндаа суугаад явж байтал машинд байсан гар утас дугарах шиг болоод цэнэг нь дуусаад унтарсан. Би гэртээ хариад нөгөө гар утсыг хувцас хийдэг шүүгээндээ хийж орхисон. Маргааш нь миний гар утас руу танихгүй дугаар зөндөө залгаад байхаар нь дуудлагыг автал нэг эрэгтэй хүн “гар утсаа авъя” гээд байсан. Тухайн үед тулгамдаад “би аваагүй” гэж хэлсэн. 10 дугаар сарын дундуур манай дүү “гар утас эвдэрчихлээ, шинэ гар утас авна” гэхээр нь би “яах юм бэ” гээд хувцасны шүүгээнээс хар өнгийн гар утсыг гаргаж өгсөн. Би тухайн үед алга болчих байх гээд хямгадаад авсан. Гар утсыг ашиглах, захиран зарцуулах зөвшөөрлийг эзнээс нь аваагүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн хийсэн үйлдлээ хянах чадваргүй байсан. ...” /хх 73-76/ гэх мэдүүлгүүд,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20/115 дугаартай “...Google фирм, Pixel 2 загварын гар утасны үнийг 1.200.000 төгрөгөөр тогтоосон...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24/,
Э.Баярболдоос “Google Pixel-2” загварын гар утсыг хураан авч, хохирогч Б.Оад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх 42-44/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 32-37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бы бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.
Харин шүүгдэгч Э.Бы анх удаа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч Б.Оын эд зүйлийг биетээр буцааж /хх 44/ хохиролгүй болгосон, мөн түүний хувийн байдал болон Нийслэлийн 123 дугаар сургуулийн хөгжмийн багшаар ажилладаг зэргийг харгалзан түүнд заавал ял оногдуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Бы гаргасан “...ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ