Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 146

 

                                                                                                                                                                                                                          

                                                                   

                                                                                                                 

                                                                      

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч П.Энхболд

шүүгдэгч Х.Гантөмөр, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021694 дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, “Шангри ла” зочид буудлын Наадам ресторанд зөөгчийн ажилтай гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131-3 дугаар байр, 35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 68 дугаар байрны 62 тоот буюу эгч Ж.Гэрэлмаагийн орон сууцанд түр амьдарч байгаа гэх,

ял шийтгэл: Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

УШ91062333 дугаарын регистртэй, Монгол овогт Хүрэлшагайн Гантөмөр

 

Шүүгдэгч Х.Гантөмөр 2015 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Урьхан гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан каннабидиол буюу Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 8.2 гр бодисыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 68 дугаар байрны 62 тоотод хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Х.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Цаашид өөртөө анхаарах болно гэв.

Шүүгдэгч Х.Гантөмөрийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 40, 2-р хх-н 133/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 31, 2-р хх-н 81, 107/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-н 80/, хорооны Засаг даргын тодорхойлолт /2-р хх-н 106/,

гэрч Мягмарын Номингийн “... Гантөмөр миний нөхөр” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 172/,

гэрч Энхтөрийн Билгүүний “... Гантөмөртэй мэндийн зөрүүтэй, зүс таних найзууд. Зан байдлын хувьд дажгүй залуу” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 151-152/,

гэрч Жаргалсайханы Мөнх-Очирын “... би Гантөмөртэй сүүлд Дөлбадралаар дамжуулж танилцсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 153-154/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “Х.Гантөмөр нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар ямар нэгэн баримт үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байгаа тул СЭМҮТөвд эмчлүүлэх шаардлагагүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолттой хоёрын ялгааг шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй” гэсэн 781 тоот дүгнэлт /1-р хх-н 235-236/,

 

Х.Гантөмөрт холбогдох эрүүгийн хэргийн; 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоол /2-р хх-н 136-137/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршдог.

Дээрх гэмт хэргийг илрүүлэх, цаашлаад гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нь зөв зүйлчлэн тогтоох нь чухал юм.

Шүүгдэгч Х.Гантөмөрт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр 2015 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Урьхан гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан каннабидиол буюу Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 8.2 гр бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, улмаар 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 68 дугаар байрны 62 тоотод хадгалсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

гэрч Энхтөрийн Билгүүний “... 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад Дөлбадрал над руу залгаад төрсөн өдөр болж байна, хорооллын Tse пабад хүрээд ир гэж 20 цагийн үед надад хэлсэн. Тэгээд би хорооллын Тse пабын үүдэнд очиход Аюуш, Дөлбадрал, Дөлбадралын найз охин Ялгуун, Батцог, Б.Батмонгол, Мөнх-Очир, Мөнхтүшиг нар намайг хүлээгээд зогсож байсан. Бид нар уг пабад орж хүний хоёр, гурван пиво, нэг шил архи уучихаад шөнийн 00 цагийн үед гарсан. Ингээд уг пабын үүдэнд ярьж зогсож байгаад Аюушийн гэрт очихоор болсон. Тухайн үед Аюуш гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд Аюушийнх руу явж байхад Дөлбадралын найз охин харьлаа гээд яваад өгсөн. Аюушийн гэрийн гадаа очоод байрных нь доод талын дэлгүүрээс хоёр том пиво аваад орсон. Аюушийн гэрт ороход Мөнхтүшиг байхгүй байхаар нь Мөнхтүшиг рүү залгасан чинь Гантөмөрийг аваад удахгүй орлоо гэж хэлсэн. Тэгээд бид Аюушийн том өрөөнд тамхи татаад, пиво уугаад сууж байхад Мөнхтүшиг, Гантөмөр нар орж ирсэн. Ууж байсан пивноосоо Гантөмөр, Мөнхтүшиг хоёрт хийж өгөөд юм яриад сууж байхад Гантөмөр ууж байсан ундааныхаа савыг татаж байсан тамхиныхаа цогоор цоолж нүхэлж байснаа халааснаасаа гялгар ууттай юм гаргаж ирээд ундааныхаа савны хажуу тал руу хийгээд байсан. Тухайн үед би юу гэдгийг нь мэдээгүй, нэг мэдсэн ундааны сав нь утаатай болчихсон утааг нь Гантөмөр өөрөө нэг сорчихоод утаатай саваа Дөлбадралд өгсөн чинь Дөлбадрал бас сорсон тэгтэл цагдаа нар ороод ирсэн. Та нар яагаад бусдын амгалан тайван байдал алдагдуулаад шуугилдаад байгаа юм бэ гэснээ та нар юу хэрэглэсэн юм гэж асууснаа Аюушийн том өрөө зурагтны суурийн хажуу талаас Гантөмөрийн халааснаас гаргаж ирсэн гялгар ууттай зүйл болон ундааны савыг олоод энэ юу юм бэ гэж асуухад манай найз нар дугараагүй. Тэгээд бид нарыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэр үед бүгд нилээн согтчихсон байсан болохоор Гантөмөрийн гялгар ууттай зүйлийнхээ талаар хэлсэн талаар сайн мэдэхгүй байна. Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр Энх-Ирээдүй гэдэг байцаагч дээр байхдаа Гантөмөрийн халааснаасаа гаргаж ирсэн зүйлийг өвс гэдгийг мэдсэн. Миний хувьд өвсний талаар ойлголт байхгүй, өвс гэж чухам юу хэлээд байгааг мэдэхгүй, цагдаад байцаагдаж эхэлсэнээс хойш өвс гэдэг ургамал хар тамхины төрөлд багтдаг гэж мэдсэн. Гантөмөрийг өвсөө хаанаас олж авсныг нь сүүлд нь асуусан чинь Дархан явах замд байдаг Урьхан гэх газраас жилийн өмнө бага зэргийг түүгээд хувцасныхаа халаасанд хийгээд мартчихсан байсан гэсэн. Тэгээд тэр өдөр бид нарт сонирхуулахаар авчирсан гэж хэлсэн. Гантөмөр өөрөө ямар ч байсан нэг удаа сорсон. Дараа нь Дөлбадрал сорж байхад цагдаа нар орж ирсэн. Батцог, Аюуш, Батмонгол, Мөнх-Очир Мөнхтүшиг бид нар тэр зүйлийг нь хэрэглээгүй. Мөнхтүшиг яагаад гялгар ууттай зүйлийг таксинаас олсон гэж хэлснийг мэдэхгүй байна. Энэ талаар Мөнхтүшигээс өөрөөс нь асуусан нь дээр байх. Миний сонссоноор Гантөмөр өмнө нь ял шийтгэлтэй байсан, тэгээд Гантөмөрийг хамгаалаад тэгээд хэлсэн гэж сонссон. Би өмнө нь мансууруулах сэтгэцэд нөлөөх бодис болон хар тамхи огт хэрэглэж байгаагүй. Би цагдаад байцаагдахаасаа өмнө нь өвсний талаар ямар нэгэн ойлголтгүй байсан. Хар тамхины төрөлд багтдаг нэг ургамлыг хүмүүс өвс гэж дууддаг юм байна лээ. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй. Тухайн өдөр Дөлбадралын төрсөн өдөр байсан учир би Дөлбадрал дээр очсон. Батцог, Аюуш, Батмонгол, Мөнх-Очир Мөнхтүшиг, Гантөмөр нарыг хаана хэнтэйгээ амьдардаг, амьдрахад шаардлагатай мөнгө хөрөнгөө хэрхэн олдог эсэхийг би мэдэхгүй. Миний бодлоор эцэг, эхээсээ авдаг байх”/1-р хх-н 151-152/ гэсэн,

гэрч Жаргалсайханы Мөнх-Очирийн “... 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим би гэрээсээ гараад Батмонголын гэрт очсон. Тэр өдөр Дөлбадралын төрсөн өдөр байсан болохоор Батмонгол бид хоёр мэнд хүргэхээр залгаж, Дөлбадралд төрсөн өдрийн мэнд хүргээд, төрсөн өдрөө тэмдэглэх юм уу, хаана тэмдэглэх юм бэ гэж асуухад Дөлбадрал хорооллын Tse пабын үүдэнд 20 цагт уулъя гэж хэлсэн. Бид хоёр 19 цаг өнгөрч байхад гараад Tse пабын үүдэнд очиход Дөлбадрал, Дөлбадралын найз охин Ялгуун, Аюуш, Мөнхтүшиг, Билгүүн нар зогсож байсан.  Удалгүй Батцог ирсэн. Тэгээд бид нар уг пабад ороод нэг нэг шил пиво дундаа нэг шил архи хувааж ууцгаасан. Бид нар уух юмаа дуусч байхад паб хаалаа гэхээр нь гарч өөр паб орох уу гэж манай хэдээс хэн нэг нь хэлсэн. Яг хэн хэлснийг нь яг одоо санахгүй байна. Тэгээд пабаас гараад баар орох гэсэн боловч мөнгөний бололцоо муу  байсан болохоор хэн нэгнийдээ очиж пиво уухаар болсон. Тэр үед Аюуш гэртээ ганцаараа байгаа, манайд очих уу гэж хэлсэн. Тэгээд бид нар Аюушийнх руу явахаар болж хоёр хуваагдаж такси бариад Аюушийн гэрийн гадаа очиход Мөнхтүшиг, Дөлбадралын найз охин Ялгуун хоёр байхгүй байхаар нь Дөлбадралаас найз охин чинь явчихсан юм уу гэж асуухад тэгсэн харьлаа гээд явсан гэж хэлсэн. Харин Мөнхтүшиг бид нарт юу ч хэлэлгүй алга болчихсон байхаар нь харьсан юм байх гэж бодсон. Тэгээд бид нар Аюушийн байрных нь доод талын дэлгүүрээс гурван сав “үнээ” буюу 1 литрийн пиво аваад Аюушийн гэрт орж, том өрөөнд нь тойрч суугаад пиво ууцгааж байхад гаднаас Мөнхтүшиг, Гантөмөр нар орж ирсэн. Тэр үед Батцог миний хажууд сууж байгаад найз охин залгаад байна, утсаар яриад ирье гээд 00-н өрөө рүү орсон. Тэгээд бид нар тойруулаад пиво уугаад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирээд, босоод нэг талдаа зогс гэж хэлэхээр нь бид нар нэг талдаа гараад жагсаад зогсцгоосон. Тэгтэл нэг цагдаа та нар юу хэрэглэсэн юм бэ гэж асуухаар нь пиво уусан гэж хэлсэн чинь, пивоноос өөр зүйл юу хэрэглэсэн юм бэ, юу үнэртээд байгаа юм бэ гэж асуухад цаана байсан нэг цагдаа нь Аюушийн том өрөөний зурагтын хажуугаас гялгар уут ундааны сав хоёр гаргаж ирээд энэ юу юм бэ гэж асуусан. Тэр үед би юу болохыг мэдээгүй, манай найзууд ч цагдаагийн асуусан асуултанд хариулаагүй. Тэгээд бид нарыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явсан. Тэнд очоод Аюушийн гэрээс олдсон зүйлийг хар тамхины төрөлд багтдаг өвс гэдэг зүйл болохыг мэдсэн. Мөн тэр өвс гэх зүйлийг Гантөмөр Аюушийнд ирэхдээ авчирсан гэж сонссон. Бид нар өвс хэрэглээгүй пиво л уусан. Гантөмөр Аюушийн гэрээс олдсон өвсийг гэрээсээ авчирсан гэж байсан. Аюушийн гэрт миний санаж байгаагаар өвс хэрэглээгүй. Тухайн үед бид нар нилээн согтчихсон байсан. Бид нар ч Аюушийн гэрт байхдаа пиво уунгаа тамхи татаад байж байсан. Миний санаж байгаагаар өвс хэрэглэх зав болоогүй, тэгээд ч би Гантөмөрөөс хол сууж байсан. 0,5 литрийн багтаамжтай хоосон ундааны сав, гялгар тортой юм, торон дотор байсан зүйлийг нь хараагүй, ямар ч байсан торны ёроолд юм байсан. Надаас Гантөмөр өвс хэрэглэж үзэх үү гэж асуугаагүй, би тухайн үед Гантөмөрийг өвстөй ирсэн гэдгийг ч мэдээгүй, дараа нь цагдаад байцаагдаж байхад Гантөмөр надаас л боллоо, би гэртээ  байсан өвсийг уг нь та нарт сонирхуулах гэж авчирсан юм, шал дэмий авчирлаа, хаячихдаг байж гэж ярьж байсан. Тэр үед л би Аюушийн гэрээс хураагдсан зүйлийг Гантөмөр авчирсан юм байна гэж бодсон. Би Мөнхтүшигийг яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна. Т.Мөнхтүшиг би Гантөмөрийг ажилтай байхад нь дагуулж ирээд хэрэгт холбогдуулчихлаа гээд санаа нь зовоод байгаа бололтой байсан. Миний бодлоор санаа нь зовоод л тэгээд хэлчихсэн байх, бид нар хоорондоо ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Би ямар нэгэн мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэж үзээгүй. Өвсний талаар ямар нэгэн ойлголтгүй байхгүй байсан. Ямар ч байсан цагдаа нарын хэлж байгаагаар хар тамхины төрөлд багтдаг ургамал юм шиг байна лээ. Олон нийтийн мэдээллийн сайтуудаас хар тамхины талаар сонсож байсан, тодорхой сайн ойлголт байхгүй, хүнийг хүчтэй донтуулдаг, нэг орчихвол гарч чаддаггүй, маш их мөнгөөр худалдаж авдаг гэж сонссон” /1-р хх-н 138/ гэсэн,

гэрч Буянтогтохын Батмонголын “... 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад Мөнх-Очир манай гэрт ирсэн. Тэр өдөр Дөлбадралын төрсөн өдөр байсан болохоор бид хоёр Дөлбадралд утсаар мэнд хүргэхэд Дөлбадрал орой 20 цаг гэхэд хорооллын Tse пабад төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа ирээрэй  гэж хэлсэн. Бид хоёр манайд байж байгаад 19 цагийн үед Tse пабын үүдэнд очиход Дөлбадрал, Дөлбадралын найз охин Ялгуун, Мөнхтүшиг, Билгүүн, Аюуш нар зогсож байсан. Бид хоёрын араас Батцог ирсэн. Бид нар уг пабад орж хүн хүний нэг пиво, нэг шил архи захиалж уучихаад пабаас гарахад 00 цаг өнгөрч байсан. Пабаас гараад хайчихаа ярилцаж байгаад баар орох гэсэн боловч мөнгөний боломж тааруу байсан болохоор Аюушийн гэрт очихоор болсон. Тэндээсээ шууд таксинд хоёр хуваагдаж суугаад Аюушийн гэрийн гадаа очсон. Аюушийн гэрт орохоосоо өмнө нь гурван том пиво авсан. Аюушийн гэрт ороход Мөнхтүшиг байхгүй байхаар нь гэртээ харьсан юм байх гэж бодсон. Том өрөөнд нь ороод пиво уугаад сууж байхад гаднаас Мөнхтүшиг, Гантөмөр нар орж ирсэн. Тэр үед нилээн согтчихсон тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь цагдаа нар орж ирээд, босоод зогс гэж хэлэхээр нь бид нар босоод зогссон. Тэр үед нэг цагдаа нь зурагтны тавиурын хажуугаас гялгар ууттай, ундааны сав гаргаж ирээд энэ юу юм бэ гэж асуугаад бид нарыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явсан. Тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй, найзуудыгаа хоорондоо маргалдсан юм байх гэж бодсон. Цагдаагийн хэлтэс дээр очоод байж байхад Аюушийн гэрээс хар тамхины төрөлд багтдаг өвс  гарч ирээд тэгээд бид нарыг авчирсан гэдгийг мэдсэн. Хэд хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадаа байцаагчаа хүлээгээд байж байхад Гантөмөр Дөлбадралын төрсөн өдрөөр Аюушийн гэрт ирэхдээ өвс авчирсан гэдгийг нь Гантөмөрөөс өөрөөс нь сонссон. Бид нараас өвс хаанаас олж авсан, та нар хэрэглэсэн үү гэж асууж байсан. Бид нарын шээсэнд ямар нэгэн тест тавиагүй. Өвс хэрэглээгүй, би тухайн үед их согтчихсон байсан, би гаднаас Мөнхтүшиг, Гантөмөр хоёрыг орж ирснийг санаж байна. Ямар ч байсан тэр хоёр суугаад пиво ууж байсныг санаж байгаа юм. Нэг мэдсэн цагдаа нар орж ирээд зогсчихсон, босоод зогс гэж хэлэхээр нь би босоод зогссон. Яг тэр үед юу болоод байгааг үнэхээр ойлгоогүй. Найзуудыгаа өвс хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. Дараа нь найзуудаасаа өвс хэрэглэсэн юм уу гэж асуухад Гантөмөр, Дөлбадрал нар хэрэглэсэн юм шиг байна лээ. Гантөмөр л нэг тиймэрхүү юм ярьсан. Би сайн ойлгоогүй ямар ч байсан Гантөмөр гэрээсээ өвс авчирсан гэж байсан. Мөнхтүшиг, Гантөмөр нар гаднаас орж ирэхдээ хоосон орж ирсэн. Би Гантөмөрт өвс байгааг мэдээгүй, Гантөмөр өвс байгаа, хэрэглэж үзэх үү гэж хэлээгүй санагдаж байна. Миний хувьд Мөнхтүшиг, Аюушийн гэрээс хураагдсан өвсийг таксинаас олсон гэж хэлээрэй гэж хэлээгүй. Яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна. Би өвс хар тамхины төрөлд багтдаг ургамал гэж сонсож байсан болохоос харж, хэрэглэж байгаагүй. Энэ талаар тодорхой ойлголт байхгүй. Би хар тамхины талаар кинон дээрээс л их олон харж байсан. Тодорхой ойлголт байхгүй. Ямар ч байсан хүнийг донтуулдаг, нэг удаа хэрэглэсэн хүн гарч чаддаггүй гэж сонссон” /1-р хх-н 155-156/ гэсэн,

гэрч Ганхуягийн Батцогийн “... би 25 дугаар эмийн сангийн Pizza hut түргэн хооны газар ажилладаг юм. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа 20 цагийн үед буугаад гэртээ харьсан. Гэртээ байж байхад 23 цагийн үед Дөлбадрал над руу залгаад найзынх нь төрсөн өдөр болж байна, хорооллын Ачлал их дэлгүүрийн хажууд байх Tse пабын үүдэнд уулзая гэж хэлсэн. Гэрээсээ гараад Tse пабын үүдэнд ирэхэд Дөлбадрал, Дөлбадралын найз охин Ялгуун, Мөнхтүшиг, Батмонгол, Аюуш, Билгүүн нар зогсож байсан. Тэгээд бид нар ярилцаж байгаад нэг шил архи, хүний тоогоор пиво захиалсан. Захиалсан юмаа уугаад сууж байхад 00 цаг боллоо паб хаалаа гэж хэлэхээр нь захиалсан юм аа уучихаад гарлаа гэж хэлээд 00 цаг 30 минутанд уг пабаас гарцгаасан. Пабаас гараад хаашаа явахаа ярилцаж байгаад тухайн үед Аюушийн гэрт хүн байхгүй болохоор нь Аюушийн гэрт очихоор болсон. Харин Дөлбадралын найз охин гэртээ харьлаа гээд яваад өгсөн. Аюушийн гэр рүү явах болсон чинь Мөнхтүшиг алга болчихсон байсан. Би тэр үед Мөнхтүшигийг гэр рүүгээ явсан байх гэж бодсон. Аюушийн гэр рүү явж байхдаа бид нар замд таарсан дэлгүүрээс 3 сав пиво аваад Аюушийн гэрт орсон, пиво уугаад сууж байхад Мөнхтүшиг, Гантөмөр хоёр гаднаас орж ирсэн. Тэр хоёртой мэнд мэдчихээд 00-н өрөөнд найз охин Заяатайгаа утсаар ярьчихаад гарч ирэх үед цагдаа ирчихсэн. Манай найзуудыг номхон зогсоочихсон байсан, мөн том өрөө нилээн утаатай болчихсон, их содон юм үнэртэж байсан. Тэр үед том өрөөнд зогсож байсан цагдаа чи хаанаас гарч ирсэн юм бэ гээд манай найзуудын хамгийн доод талд заахаар нь очиж зогсоход, Аюушийн гэрийнх нь том өрөөний зурагтын тавиурын хажууд байсан ундааны савыг заагаад энэ юу юм бэ гэж асууснаа хажууд нь байсан гялгар ууттай дүнсэн тамхи шиг зүйл гаргаж ирсэн. Тэгснээ бүрэлдэхүүн дуудчих гээд хоорондоо яриад байсан. Удалгүй хоёр гурван цагдаа ирээд Аюушийн гэрт үзлэг хийгээд том өрөөний зурагтын хажууд байсан тор болон ундааны савыг хурааж аваад, бид нарыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байр руу явч явсан. Бид нарыг цагдаагийн байранд ирэхэд бараг өглөө болж байсан бөгөөд бид нарын гарын дардасыг авна гээд нэг нэгээр нь өрөөнд оруулж гарын дардсыг авч эхэлсэн. Гарын дардасыг авч дууссаны дараа бид нарыг 1 дэх өдөр ирээрэй гэж хэлээд явуулсан. Би тухайн үед яг юу болоод байгааг ойлгоогүй, дараа нь найзуудаасаа сонсоход Гантөмөрийг өвс авчирсан, тэрийг манай хэд мэдэж байсан юм байна лээ. Би Гантөмөр, Мөнхтүшиг нарыг гаднаас орж ирэхэд мэнд мэдчихээд найз охинтойгоо утсаар ярьж байгаад гарч ирсэн болохоор үнэндээ юу болсныг сайн мэдээгүй байсан юм. Тэгээд 1 дэх өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр найзуудынхаа хамт очиход Мөнхтүшиг би энэ  хэргийг ганцаараа даая гэж хэлээд Энх-Ирээдүй байцаагч руу орсон. Хэсэг хугацааны дараа Мөнхтүшиг гарч ирэхээр нь бид нар зөрөөд Энх-Ирээдүй байцаагчийн өрөөнд ороход та нар явж бай дуудахаар ирээрэй гэж хэлээд бид нараас ямар нэгэн байцаалт мэдүүлэг аваагүй явуулсан. Гантөмөр өвс авчирсан гэдгийг дараа нь найзуудаасаа сонссон. Би бол Гантөмөрийн авчирсан өвснөөс хэрэглээгүй, найзуудыгаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед 00-д утсаар ярьж байсан. 00-н өрөөнөөс гарч ирэхэд ямар ч байсан том өрөө их утаатай, нэг өвөрмөц үнэр үнэртэж байсан. Ямар ч байсан 0.5 литрийн багтаамжтай Хүслийн ундааны сав байсан. Хажуу талдаа цоолж нүхэлсэн байсан байхаа тэрийг сайн санахгүй байна. Харин торон дотроос жижиг гялгар ууттай уутны доод хэсэгт бага зэргийн нунтаг зүйл байсан. Би тэр зүйлийг тухайн үед дүнсэн  тамхи байх гэж бодсон” /1-р хх-н 157-158/ гэсэн,

гэрч Батбаярын Ялгууны “... 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дөлбадралын төрсөн өдөр нь байсан юм. Тэгээд би 25-ны өдөр Дөлбадралтай өдөр уулзаад төрсөн өдрийн мэнд хүргээд хамт нэг газар хоолонд орсон юм. Хоол идээд сууж байхад Дөлбадрал руу найзууд нь залгаад төрсөн өдрийн мэнд хүргээд хаана тэмдэглэх гэж байна даа гэж асуухад нь Дөлбадрал орой 20 цагийн орчимд хорооллын Tse пабын үүдэнд уулзъя гэж хэлсэн. Хоолоо идэж дуусгачихаад бид хоёр хорооллын Tse паб  руу шууд явсан. Тэнд очиход хэрэгт хамт холбогдсон найзууд нь ирсэн. Тэгээд бид уг пабад орж сууж байгаад 00 цагийн үед гарч ирсэн. Пабаас гараад би маргааш чухал ажилтай байсан учир Дөлбадралд харьлаа, чи найзуудтайгаа хамт явж байгаад араас хүрээд ирээрэй гэхэд Дөлбадрал за гэж хэлээд намайг таксинд суулгаж өгсөн. Тэр үед Дөлбадрал найзуудынхаа хамт Аюушийнд очино гээд үлдсэн” /1-р хх-ийн 169-170/ гэсэн,

гэрч Мягмарын Хүдэрхүүгийн “... би Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагаас 26-ны өдрийн өглөөний 09 цагийн хооронд жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 5 дугаар сарын 26-ны 02 цагийн үед жижүүрээс Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5/б байрны 46 тоотод хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна, үзлэг хийж, материалжуулах шаардлагатай байна гэсний дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг ахлан хэргийн газарт очиход үзлэг хийх гэж буй газар нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 5/б байрны 46 тоот байсан. Би уг 48 тоотод үзлэг хийж, хар тамхины төрлийн гялгар ууттай ургамал мэт зүйл болон 0.5 литрийн багтаамжтай, хажуу талд нь түлж цоолсон байдалтай ундааны сав мэт зүйлийг хэргийн газраас хэрэгт ач холбогдолтой гэж үзэн эд мөрийн баримтаар хураан авч материалжуулсан, жижүүрт хүлээлгэн өгсөн. Би үзлэгийн тэмдэглэлээ 48 гэж бичих гэж байгаад 46 гэж бичиж техникийн алдаа гаргасан байна. Хэргийн газарт үзлэг хийж, хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй гялгар ууттай ургамал мэт зүйл байхаар нь түүнийг хураан авсан. Хураан авахдаа ямар нэгэн жин дээр жинлээгүй, тухайн үед хэмжих жин байхгүй байсан юм. Гялгар уутнаас нь гаргаж үзээгүй, гаднаас нь харахад гялгар уутны нэг талын буланд нь хийж, гялгар уутаар нь боосон байдалтай байсан. Тухайн үед хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд дээрх эд зүйлсийг хураан авсан. Би үзлэгийн тэмдэглэлдээ эд мөрийн баримтаар тооцох зорилгоор түр хураан авах гэж бичих гэж байгаад үг үсгийн алдаа гаргасан юм шиг байна. Үзлэгийн тэмдэглэлээ сайтар уншиж нягтлаагүй нь миний буруу. Тухайн үед жижүүрт дуудлага ирэхдээ 44 тоотын оршин суугчаас манай дээд айлын хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага ирээд хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид очиж шалгахад 48 тоотод хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн үйлдлүүдийг таслан зогсоож, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд дээрх хүмүүсийг хүлээлгэн өгч илтгэх хуудас бичиж өгсөн. 48 гэж бичих гэж байгаад 44 гээд анх дуудлага өгсөн хүнийхээ хаягаар бичсэн бололтой. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 5б-48 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн” /3-р хх-н 53/ гэсэн,

шинжээч Батбаярын Ламчины “... би Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Энх-Ирээдүйгийн 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ыг үндэслэн шинжилгээнд ирүүлсэн эд зүйлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэх талаар шинжилгээ явуулсан. Шинжилгээнд “Баянгол дүүргийн 5-р хороо 56 дугаар байрны 46 тоотоос үзлэг хийн хураан авсан цагаан өнгийн гялгар ууттай, дотроо ногоон өнгийн ургамал, тунгалаг өнгийн хуванцар ундааны сав” ирүүлсэн байсныг хүлээн авч шинжилгээ хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрснийг шинжээчийн дүгнэлтэнд тусган эд зүйлийг буцаан хүргүүлсэн. ТНС буюу каннабис, Каннабидиол, Дельта-9 тетрагидроканнабинол нь нэг төрлийн бодис. Зэрлэг олсны ургамал олон улсын нэршил нь каннабис гэдэг. Каннабис ургамлын агууламжид байх Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын жагсаалтанд Дельта-9 тетрагидроканнабинол буюу ТНС гэсэн товлолтой орсон байдаг. Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдэн цаг хадгалагдах ёстой гэсэн албан ёсны тоо баримт байхгүй, тухайн хүний идэж уусан зүйл, унтаж амарч байгаа, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бүрэн боломжтой” /1-р хх-н 175-176/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Харин тунгалаг өнгийн хуванцар савыг бохирлосон хар өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд каннабидиол илэрсэн. Каннабидиол нь мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцэд багтдаг болно” гэсэн 5028 тоот дүгнэлт /1-р хх-н 49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жинг тогтооход 6,7663 грамм байлаа. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн 10148 тоот дүгнэлт /3-р хх-н 55/, уг дүгнэлттэй холбоотой гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-н 56/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт ЭЦГ-ын 5-р хэлтэс гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ -ийн агуулга илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээжээс 0,3399 граммыг авч шинжилгээний дээж бэлтгэсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг нэг төрлийн багажин дээр буюу Agilent 7820A GC / 5977E MSD маркийн хийн хроматографи масс спектрометр багаж ашиглан хийдэг болно” гэсэн 76 тоот дүгнэлт /3-р хх-н 60-61/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 5/, гэрэл зургууд /1-р хх-н 6-9/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 47/, биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 62-65, 110-113/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 66-67, 114-115/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 116-117/, /3-р хх-н 39-50/, шинжилгээнээс буцаж ирсэн шээсний сав устгасан тухай тэмдэглэл /1-р хх-н 118/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Х.Гантөмөрт холбогдох хэргийн үйлдэл холбогдолыг “... бэлтгэсэн” үйлдэл нь хуулийн дагуу, “олж авсан”, “хадгалсан” үйлдлүүд нь хууль бус мэтээр дүгнэн бичжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсгийн диспозиц /заах хэсэг/ хэм хэмжээг агуулгын хувьд буруу бичсэнийг шүүх зөвтгөх боломжтой. Ингэж зөвтгөсөнөөр хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Х.Гантөмөр уг мансууруулах төрлийн бодисыг /ургамлыг/ “борлуулах зорилгогүйгээр” гэхээсээ илүүтэйгээр бусдад хэрэглүүлж, сурталчилж байгаа явдал нь тухайн хорт муу зуршилийг бусдад түгээх гэсэн оролдлого гэж үзэхээр байна.

Энэ байдал нь гэрч Э.Билгүүний “... нэг мэдсэн ундааны сав нь утаатай болчихсон утааг нь Гантөмөр өөрөө нэг сорчихоод утаатай саваа Дөлбадралд өгсөн чинь Дөлбадрал бас сорсон тэгтэл цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэгт тусгагдсан байдаг төдийгүй, нэр бүхий гэрчүүд мөн мэдүүлжээ.

 

Хэдийгээр “зарж борлуулаагүй” боловч бусдыг хорт муу зуршилд уруу татаж байгаа нь тухайн гэмт хэргийн “борлуулсан” шинжинд, үүн дотроо “бэлэглэх” хэлбэрт хамаарна. Үүсэх үр дагавар нь бусдыг мансууруулах бодист дасгах, улмаар хэрэглэгч болох нөхцөлийг бий болгодог.

Гэвч дээрх байдлаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн шүүгдэгч Х.Гантөмөрийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж шүүх үзээд энэ хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “... шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор” шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Гантөмөрт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

 

Шүүгдэгч Х.Гантөмөр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий уутны хамт 5.3 гр гэх ногоон өнгийн ургамал, 0.5 л багтаамжтай, бор өнгийн хуванцар тагтай, савны хүзүүнд 11:05:16, 13:33, L 1 гэсэн бичиглэлийн орчим 1.5х0.5 см харьцаатай цоолж түлсэн байдалтай, мөн савны ёроолоос 7 см өндөрт 0.5 см радиустай цоолж, нүхэлсэн байдалтай хуванцар савыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Х.Гантөмөр урьд өмнө буюу 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байжээ.

Гэвч ялтай байдал нь хуульд зааснаар дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Хүрэлшагайн Гантөмөрийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Х.Гантөмөрийг 3 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Х.Гантөмөрт оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Х.Гантөмөр цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж,

баривчлах ял эдлэх хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Х.Гантөмөр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий уутны хамт 5.3 гр гэх ногоон өнгийн ургамал, 0.5 л багтаамжтай, бор өнгийн хуванцар тагтай, савны хүзүүнд 11:05:16, 13:33, L 1 гэсэн бичиглэлийн орчим 1.5х0.5 см харьцаатай цоолж түлсэн байдалтай, мөн савны ёроолоос 7 см өндөрт 0.5 см радиустай цоолж, нүхэлсэн байдалтай хуванцар савыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Гантөмөрийг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ